Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00424

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00172 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 43,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний барааг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээ байгуулж дэлгүүрийн барааг тоолон өгч тооллогын дүн барааны тоо баримтыг *******ийн ******* и-мэйл хаягаар илгээж баримтжуулсан. Зээлийн гэрээнд заасан хуваарь ёсоор ******* нь эхний нэг сар төлөхгүй, дараа сараас эхлэн зээлийн нийт дүнг тав хуваан төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

1.2 Хариуцагч эхний төлөлт хийх хуваарьт хугацаандаа төлбөрийг төлөөгүй тул түүнтэй утсаар холбогдон шаардахад түр хүлээж бай гэх тайлбарыг өгсөн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийг төлөөгүй бөгөөд шаардахад ...та хэд хоног хүлээж байгаач гэдэг тайлбарыг өгсөн. Ингээд дахин нэг сар хүлээсэн боловч зээлийг төлөөгүй.

Иймд *******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч *******ээс 43,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 375,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 00 минутад хянан хэлэлцсэн байна. Тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хариуцагч *******ээс олгосон итгэмжлэлийн дагуу эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан.

4.2 Хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний /*******/ утасны дугаар бичигдсэн. Мөн Хэнтий аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн баримтад миний албан ёсны мэйл хаяг бичигдсэн байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй.

Тус хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шилжиж ирсэн цагаас хойш хэргийн материалтай нэмж танилцах, шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт гаргаж өгөх, дансны хуулгыг гаргуулах зэрэг ажиллагаанд оролцохоор төлөвлөж байсан боловч шүүхээс мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг товлон шийдвэрлэсэн.

Иймд миний хуульд заасан эрхийг хангах боломжийг олгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 ******* гэх утасны дугаар нь ондо буюу миний утасны дугаар байсан. Шүүх хуралдаан болох өдөр шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү залгаад шүүх хуралдаанд ирэх үү гэж асуухад очиж чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан учраас шүүх хуралдаан үргэлжилсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй.

3. Хэргийн 45 дугаар талд хариуцагч *******ээс *******д олгосон нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах, хэрэгтэй танилцах, шүүх хуралдаанд оролцох, хүсэлт гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдлэн үүрэг хүлээх итгэмжлэл авагдсан байна. /хх 45/

3.1 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн дугаарт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн ******* гэх дугаарт тус тус мэдэгдсэн гэж тэмдэглэсэн байна. /хх 93/

3.2 Хэрэгт авагдсан итгэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утасны дугаар ******* гэж тэмдэглэгдсэн. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* гэх утасны дугаар нь ондо буюу миний утасны дугаар байсан гэх тайлбарыг гаргасан байна. Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдэх учиртай. Гэтэл шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

4. Улмаар шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/02985 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна гэж үзэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хангана.

5. Иймд дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт тус тус заасан шүүх хуралдаанд оролцох, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн үндэслэлд хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН