Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04676

 

 

2016 оны 7 сарын 21 өдөр

 

 

Дугаар 102/ШШ2015/04676

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 30 дугаар байр, 7 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Болдын Түвшинтөгс /РД:ЧР87110101/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг, Үндсэн хуулийн гудамж-24, 307 тоот, Атмор ХХК-ийн байранд байрлах Монгол Дайвин ХХК /РД:2791617/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Монгол Дайвин ХХК-д 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Инновацийн албанд инженерээр ажилд орсон. Компанийн 10 жилийн ойг тохиолдуулан 5.000.000 төгрөгөөр шагнах тухай тушаал гарч, надад олны өмнө өргөмжлөл, тууз гардуулсан. Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Шагналын 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай тушаалаар Б.Түвшинтөгст авто машины урьдчилгаа 5.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Төсвийн хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс манай компани санхүүгийн хямралд орсон. Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Түвшинтөгс нь хариуцагч Монгол Дайвин ХХК-д холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.000 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Түвшинтөгсийн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Монгол Дайвин ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.000 төгрөгийн 50 хувь буюу 47.500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 47.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Түвшинтөгст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ