| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0062/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/59 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/59
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-д овгийн А-н Б-т холбогдох эрүүгийн 1917000840050 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 11-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ш-д овгийн А-н Б /РД:ЗЮ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5-37 тоотод оршин суух М.Б-н гэрт байхдаа иргэн А.М-н өмчлөлийн 645.126 төгрөгтэй Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” нэртэй дэлгүүрийн пос машинд 3 удаагийн үйлдлээр 78 000 төгрөг, “Дугуй” нэртэй дэлгүүрийн пос машинд 1 удаагийн үйлдлээр 29 700 төгрөг, Хаан банкны төвд байрлах бэлэн мөнгөний машинд 2 удаагийн үйлдлээр 350 000 төгрөг тус тус уншуулан авч, нийт 6 удаагийн үйлдлээр 457 800 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байр 37 тоотод оршин суух иргэн М.Б-н гэрт байхдаа хохирогч А.М-н өмчлөлийн 645.126 төгрөгтэй Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” нэртэй дэлгүүрийн пос машинд 3 удаагийн үйлдлээр 78 000 төгрөг, “Дугуй” нэртэй дэлгүүрийн пос машинд 1 удаагийн үйлдлээр 29 700 төгрөг, Хаан банкны төвд байрлах бэлэн мөнгөний машинд 2 удаагийн үйлдлээр 350 000 төгрөг тус тус уншуулан авч, нийт 6 удаагийн үйлдлээр 457 800 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хонхорын 5-р байранд Б-нд өглөөгүүр Б-н хамт ороход Б, О, Ш, М нар байсан шиг санагдаж байна. Яг хэн хэн байсныг би сайн санахгүй байна. Би тэднийд орохдоо согтуу орсон. Урд өдөр нь уусан архи гараагүй байсан. Ер нь өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар бүгдийг нь ярьсан байгаа. Түүн дээр нэмж ярих зүйл байхгүй. Би А.М-н картыг өөрт нь хэлэхгүй авч гарч дур мэдэн гүйлгээ хийж 400 000 гаран төгрөг үрсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Надад М картаа өгөхдөө картныхаа нууц дугаарыг л хэлсэн. Дотор нь хэдэн төгрөг байгааг бол би мэдээгүй. М-н картыг унтаж байхад нь халааснаас нь хэлэлгүй авчихсан юм. Би М-н Хаан банкны картыг авч гараад 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 13 цаг 59 минутад BAYALAG DELG-ээс 52 000 төгрөг, 14 цаг 01 минутад BAYALAG DELG-ээс 23 100 төгрөг, 14 цаг 17 минутад 3000 төгрөгөөр гүйлгээ хийж архи, тамхи, ус, ундаа зэрэг зүйлүүдийг авснаа хүлээн зөвшөөрч байна. М-н Хаанбанкны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дансны хуулгыг харахаар цаг минутаар нь сайн санаад байна. Бас хонхорын Хаан банкны АТМ-ээс М-н картыг 2 уншуулж нийт 350 000 төгрөгийг авсан. Сүмбэр сумын 3-р баг Дугуй дэлгүүрээс 29 700 төгрөгөөр гүйлгээ хийж архи, ундаа авсан. 0.75 литрийн Соёрхол архи авсан шиг санагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
1.3. Хохирогч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 04 дүгээр сарын 12-нд би Сүмбэр-алт зочид буудалд найзуудтайгаа архи ууж хоночихоод 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 10 цаг 13 минутад 42 500 төгрөгөөр картаа уншуулж тооцоог нь хийчихээд гарсан. Би Хаанбанкнаас авсан дансны хуулгаа харахад цаг минут нь тодорхой харагдаж байна. Өглөө буудлаасаа гарахаасаа өмнө 1 шил архи 2-лаа хуваагаад уучихсан халамцуу гарсан. Бас болсон үйл явдлуудаа нарийн сайн санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар тэндээс гараад найз О-нд орсон. Орохдоо 0.75 литрийн 1 шил Соёрхол нэртэй архитай орсон. Тэгээд бид хоёр тэднийхээс гараад Б-д орж тухайн архийг хувааж уусан. Тухайн 1 шил архийг би яг аль дэлгүүрээс авснаа санахгүй байна, дансны хуулган дээр 2019.04.13-ны 10:30 цагт 20.950 төгрөгөөр уншуулж авсан байна. Гүйлгээ утга нь “TRF=001611166692-949618XXXXXX4372-DELGEREKH S” гэсэн байна. Тэгэхээр төмөр замын Дэлгэрэх дэлгүүрээс уншуулж архи авсан юм шиг байна. Тэгээд Б-нд ороход Б, Ш 2 байсан. Тэгээд бид 2 тэднийд ороод авч орсон архиа задлаад хуваагаад уугаад сууж байхад Б, Б хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд Б орж ирээд надаас тамхи гуйхаар нь би өөрийнхөө Хаанбанкны ногоон өнгийн виза картаа Б өгөөд чи дэлгүүр ороод 1 шил архи, 1 хайрцаг тамхи аваад ир гэж хэлээд картныхаа нууц дугаарыг хэлж өгөөд явуулсан. Миний картны нууц дугаар 0608 гэсэн тоо байдаг. Тэгээд Б дэлгүүр яваад 1 шил Соёрхол нэртэй 1 литр 750 граммын савлагаатай архи авчирсан. Тэр нь болохоор дансны хуулган дээр 58 600 төгрөгөөр 12 цаг 07 минутад гүйлгээ хийсэн нь харагдаж байна. Тэгээд Б-г архи авчирсны дараа би өөрийнхөө картыг түүнээс эргүүлээд аваад өмднийхөө халаасанд хийсэн. Архи ууж байхдаа Б бид хоёр дэмбээдэж байснаа санаад байгаа юм. Тэгээд л ер нь согтоод ухаанаа алдсан. Цааш нь юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Тасраад унтаад өгсөн байсан. Унтаж байгаад сэрэхэд 15 цаг өнгөрч байсан байх, гэхдээ цаг хараагүй болохоор яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Сэрэхэд Б-д Б, Б хоёр байсан. Бусад нь байхгүй байсан. Сэрээд өмдний баруун халаасанд байсан цалингийн картаа үзэхэд карт байхгүй байсан. Тэгэхээр нь картаа гэрт байсан хүмүүсээс асуухад Б-г аваад гарсан гэж Б хэлсэн. Тэгэхээр нь би Б-с гараад хонхорын байрны дундуур болон дэлгүүрүүдээр хайхад Б олдоогүй. Тэгэхээр нь би буцаад Б-д ороход Б надад таны картыг Б авч яваад Хаанбанкны АТМ-с дөнгөж сая мөнгө уншуулж аваад одоо энэ хэрэггүй гэж хэлээд голоор нь хугалаад хаячихаад таксины зогсоол дээрээс таксинд суугаад явчихсан гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Б-г хайгаад олоогүй. Б надад Б-г яг хэдэн төгрөг авсныг нь бол хараагүй гэж хэлсэн. Уг нь миний гар утсанд Хаанбанкны дансны орлого, зарлагын мэдээлэл ирдэг боловч би тэр өдөр утсаа гэртээ унтраагаад орхичихсон байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө би Хаанбанк орж дансны мэдээллээ үзэхэд миний дансны үлдэгдэл 186 676 99 төгрөг үлдсэн байсан. Уг нь бол миний картанд нийт 705 626. 99 төгрөг байсан юм. Би өргөдөл гаргахдаа дансны мэдээллээ хараагүй байхдаа биччихээд 10 гаран хоногийн дараа цагдаад авчирч өгсөн бөгөөд 705 000 төгрөг гэсэн мөнгөн дүнгээ солилгүй өргөдлөө өгсөн. Тэр өдөр хонхорын 4-р байрны гадаа Б-тай таарсан. Тэгээд би түүнд чи миний картыг яагаад аваад явчихваа 705 000 төгрөг байсан шүү гэж хэлэхэд Мягаа ахаа тийм их мөнгө аваагүй 300 000 төгрөг л авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд чи нэгэнт миний картыг зөвшөөрөлгүй авч яваад уншуулаад мөнгө төгрөг үрчихсэн байна. Би сар бүрийн 20-ны өдөр банкинд төлдөг учраас түүний наад үрсэн мөнгөө өгч намайг хохиролгүй болгож өг, чи 519 000 төгрөг үсрэн гэж хэлсэн. Тэгэхэд Б надад болноо болно. Би Баянтал явж ажил хийж ирээд таны мөнгийг өгчихье гэж хэлсэн боловч хугацаандаа мөнгөө өгөөгүй учраас би цагдаад хандсан юм. Б миний данснаас 519 000 төгрөгийг авсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр банкнаас авсан хуулгаа аваад ирсэн байна. Үүнээс үзэхэд дансны үлдэгдэл 186 626 99 төгрөг байсан байна. Тэгэхээр би анх Б-д ороод картаа Б өгч явуулахад 58 600 төгрөгөөр архи, тамхи, ундаа авсан. Тэгэхээр 705 676 төгрөгнөөс архи тамхи авсан. 58 600 төгрөг хасагдаад үлдсэн мөнгөнөөс Б 460 400 төгрөгийг миний зөвшөөрөлгүй картыг халааснаас авч яваад ашигласан байна. Би түүнээс 460 400 төгрөгөө гаргуулаад авчихвал гомдол санал гэх зүйл байхгүй. Мөн дээрээс нь тэр миний Хаанбанкны виза картыг хаясан гэснийг Б хэлсэн учраас би шинээр Хаанбанкинд карт 10 000 төгрөгөөр захиалж авсан. Энэ мөнгөө бас нэмж нэхэмжилнэ. Тэгэхээр нийт 407 400 төгрөгийг нэхэмжилнэ.
Б-с картаа асуухад юу гэж одоо байхав дээ гэж хэлсэн. Хаана байгаа талаар нь хэлэхгүй байсан. Карт авч явж мөнгө үрснээ хүлээн зөвшөөрч байсан. Б бид хоёр нэг нутгийн хүн байгаа юм. Чойрт ирээд нэг нэгнээ мэддэг болсон. Өмнө нь хамт ууж идээд явдаг л байсан. Итгээд картаа өгөөд нууц дугаарыг нь хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
А.Б бид хоёр нэг нэгээ танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Хааяа хамт архи уудаг, нэг их дотно найз нөхөд биш. Садан төрлийн холбоогүй. Бид хоёрын хувьд урьдны таагүй харилцаатай зүйл огт байхгүй. Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б картаа өгч архинд гаргахдаа нууц дугаараа хэлсэн. Харин дотор нь хэдэн төгрөг байгаа талаар түүнд хэлээгүй. Тэр хэдэн төгрөгтэй байсныг ч мэдээгүй байсан. Би түүнд мөнгө төгрөг өгөх, авах талаар юу ч ярилцаагүй. А.Б хохирлын мөнгөнөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байгаа. Уг нь хугацаа байсан. Төлөх талаар надтай нэг ч ирж уулзаагүй. Нэг удаа ирж уулзахдаа би ял авах нь тодорхой болчихсон юм байна л гэж хэлж байсан. Мөнгө төгрөг төлөх талаар юу ч яриагүй байгаа. Б миний картыг миний халааснаас надад хэлэлгүйгээр авч яваад 457 800 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Мөн карт шинээр авахуулахад зарцуулсан 10 000 төгрөгөө нэхэмжилнэ. Хохирлын мөнгө болох 467 800 төлж барагдуулвал гомдолгүй, төлж барагдуулахгүй бо гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
1.4. Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад манай гэрт өглөөгүүр яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна, О орж ирсэн байсан шиг санагдаад байна. Би урд өдөр нь архи уучихсан байсан, өглөө шартаад байхаар нь 100 граммын Ерөөл нэртэй архи нэгийг ганцаараа уучихсан байсан. Түүнийгээ уугаад согтчихсон байсан. О бид хоёр нэг байранд байдаг болохоор хааяа хааяа орж ирж л байдаг.
Б байсан үгүйг мэдэхгүй байна. Б гэж би танихгүй. Би архи уугаад согтчихсон байсан болохоор тухайн өдрийн үйл явдлыг санахгүй байна. яг хэн, хэн манайд байсан, хэн ямар архи авчирсан талаар юу ч санахгүй байна. Би өөрөө уушигны өвчнөөр группт байдаг хүн болохоор бие өвдөхөөр жижиг шилтэй архи аваад уучихдаг, уусан архиндаа амархан согтдог хүн байгаа юм. Тэр өдөр болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан О орж ирж байсныг санаж байна. Бусдыг нь мэдэхгүй байна. Согтоод унтаж байгаад орой нь сэрэхэд би гэртээ ганцаараа унтаж байсан. Манай гэрт хэн ч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
1.5. Гэрч Д.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 04 дүгээр сарын 13-ны өглөөгүүр 10 цагийн үед л байх хонхорын 5-р байранд Б ахынд ороход Б ах ганцаараа халамцуу сууж байсан. Би тэднийд орохооосоо өмнө шараа тайлаад 1 шил архи уучихсан бас нилээн халамцуу орсон. Гэрт нь ороод унтах санаатай хэвтэж байтал гаднаас О, М хоёр 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи бариад ороод ирсэн. Тэгээд түүнийг задлахаар нь дээрээс нь ганц хоёр татаад сууж байтал Б нэг танихгүй залуугийн хамт орж ирээд тэр архинаас уулцсан. Тэгээд архи дуусах гэж байхад М Б картаа өгөөд архинд явуулсан. Б яваад 1 шил 1.750 литрийн Соёрхол архи авчраад түүнийг хувааж ууцгаасан. Би тэр архинаас дээрээс нь ганц хоёр татчихаад согтоод унтаад өгсөн. Нэг сэрэхэд Б, О, танихгүй залуу 3 архи уугаад сууж байсан. Б ах, М 2 унтаж байсан. Тэгээд архинаас нь нэг татчихаад гэртээ харихаар гараад явсан. Тэр хэд Б ахынд үлдсэн. Б М-н картыг авч яваад эргүүлж авчирч өгсөн талаар нь би сайн мэдэхгүй байна. Буцаагаад авсан үгүйг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
1.6. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би одоо он, сар, өдрөө санахгүй байна. 2019.04.12 билүү 13-ны үед өглөөгүүр гэртээ ганцаараа байж байтал М манайд ганцаараа нилээн халамцуу 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архитай орж ирсэн. Орж ирээд гаръя ганц юм ууя гэхээр нь би Б ах шартаж үхэх гэж байгаа байх 2-лаа Б ахынд оръё гээд түүнийг дагуулж гараад Б-нд орсон. Тэднийд ороход Б, Ш 2 байж байсан. Тэгээд архиа задлаад хуваагаад уугаад сууж байхад Ш ууж байсан архинаас 2,3 татчихаад байж байхад дахиад гаднаас Б, Б хоёр орж ирсэн. Тэгээд бид 6 архиа хувааж уугаад дуусах үед М Б-д ногоон өнгийн Хаанбанкны виза картаа өгөөд архинд явуулсан. Тэгээд тэр ганцаараа яваад орж ирэхдээ 1 шил 1 литр 750 граммын савлагаатай Соёрхол архи аваад орж ирээд түүнийг задлаад ууцгааж байхад М, Ш, Б 3 тасраад унтаад өгсөн. Би ч бас нилээн согтоод гэртээ харьж унтахаар гараад явсан. Хэдэн цагийн үед гарч явснаа санахгүй байна. Намайг гарахад тэднийд Б, Б 2 үлдсэн архийг уугаад нөгөө 2 нь унтаад үлдсэн байхаа, сайн санахгүй байна. Ш надаас арай өмнө гараад явсан.
Б ямар ч байсан виза картаа өгөөд явуулж байсныг нь бол би санаад байна. Харин эргүүлж өгсөн үгүйг нь мэдэхгүй байна. Б дахиж М-н картыг авч дэлгүүр гарсан үгүйг санахгүй байна. Би ер нь нилээн согтсон байсан, зарим зүйлийг нь санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
1.7. Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос А гэдэг найз дээрээ Чойрт ирээд 2 хоног архи уусан. Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө Б-тай хонхорын 5-р байрны гадаа тааралдаад зогсож байхад тэр надад 2-лаа ийшээ айлд оръё гээд 5-р байрны 3-р орцонд Бэхбат гэдэг айлд дагуулж орсон. Тэднийд ороход танихгүй 4 ах архи уугаад сууж байсан. Тэгээд бид 2 бас тэр архинаас нь уулцсан. Архи дуусах гэж байхад М гэх ах нь Б-т өөрийнхөө ногоон өнгийн Хаанбанкны виза картыг өгөөд дэлгүүр ороод архи аваад ир гээд явуулсан. Тэр удалгүй дэлгүүр ороод 1 шил том шилтэй Соёрхол нэртэй архи авчраад бид нар хуваагаад ууцгаасан. Дэлгүүрээс ирээд Б М-д картыг нь эргүүлээд өгсөн. Тэгээд архиа уугаад сууж байхад М, Б хоёр хоорондоо дэмбээдээд байсан. Том шилтэй архийг хуваагаад уугаад сууж байхад архи ууж байсан хүмүүсийн 3 нь согтоод унтаад өгсөн. О, Б бид 3-г архи уугаад сууж байхад Ш сэрээд архинаас ганц хоёр татчихаад гараад яваад өгсөн. Түүний араас удалгүй О гараад явсан. Тэгээд Б бид хоёр үлдээд үлдсэн архийг ууж дуусгасан. Тэгэхэд Б М-н өмдний халааснаас түүнийг унтаж байхад нь Хаанбанкны виза картыг авчихаар нь би түүнээс яах гэж байгаа юм бэ гэхэд би мэдэж байна гээд аваад гараад явсан. Тэгээд би тэр айлд үлдээд унтах гээд хэвтэж байтал Б гаднаас дахиад нэг том шилтэй Соёрхол нэртэй архи бариад ороод ирсэн. Тэгээд бид хоёр тэр архийг задлаад дээрээс нь ганц хоёр татаад сууж байтал хоёулаа гаръя гээд Б намайг дагуулаад гарсан. Нөгөө хүмүүс унтаад үлдсэн. Тэгээд Б бид хоёр тэднийхээс гараад шууд Хаанбанк ороод АТМ-д Мягмарсүрэнгийн картыг уншуулаад 200 000 төгрөг авсан. Би түүнийг хажууд нь хараад зогсож байсан. Тэр бэлэн мөнгөө өөрөө аваад халаасандаа хийгээд гарсан. Яах гэж байгаа талаар түүнээс асуухад юу ч дуугарахгүй байсан. Тэгээд Хаанбанкнаас гараад тэр баруун тийшээ ганцаараа алхаад явчихсан. Намайг наанаа байж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би хонхорын 3-р байрны таксины зогсоол дээр байж байхад 30-40 минут болоод эргээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь яваад очиход дахиад хонхорын Хаанбанк руу ороод М-н картыг уншуулаад 150 000 төгрөг аваад гараад таксины зогсоолын тэнд зогсож байгаад нөгөө картыг нь одоо энэ хэрэггүй болчихсон юм чинь гэж хэлээд голоор нь хугалж хаячихаад таксинд суугаад яваад өгсөн. Тэр надад хаачих гэж байгаа талаараа юу ч хэлээгүй. Мөнгөөр яах гэж байгаагаа ч хэлээгүй. Би тэгээд эргээд 5 дугаар байранд Б гэх айлд ороход М унтаж байгаад сэрсэн. Тэгээд тэр надаас Хаанбанкны картаа асуухаар нь би Б-г авч яваад мөнгө уншуулж яваад хугалж хаясан талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
1.8. Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Сүмбэр сумын 3 дугаар баг, Хонхорын 5-р байрны хажуугийн Б хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дэлгүүртээ сууж байхад 14 цагийн үед Б орж ирээд 52000 төгрөгөнд архи болон ойр зуурын хэрэгцээний зүйлүүд авсан. Одоо яг юу юу авсан байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан хамгийн үнэтэй нь 38 000 төгрөгийн 1.750 граммын Соёрхол архи авсан. Тэр өдөр манай дэлгүүрт 3 удаа гүйлгээ хийсэн байсан. Банкны дансны хуулганаас харахад 2019.04.13-ны өдөр 13:59, 14:01, 14:14 цагт 3 удаа карт уншуулж нийт 78 100 төгрөгөөр гүйлгээ хийсэн байсан. Хамгийн сүүлд 3000 төгрөгөөр сүү авсан. Энэ 3 гүйлгээг Батбаяр хийсэн. Ногоон өнгийн 0608 гэсэн нууц дугаартай байсан шиг санагдаж байна. Хэний карт гэдгийг нь би мэдээгүй. Өөр энэ талаар надад хэлж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
1.9. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Хана хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Уг дэлгүүрийн касснаас болохоор Оцол гурван сансар нэртэй дэлгүүр байдаг. Картаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээний утга дээр нь “OTSOL GURWAN SANSAR” гэж гарч ирдэг. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11:24 минутад манай дэлгүүрээс 1800 төгрөгөөр гүйлгээ хийсэн гэж байна. Ямар хүн юу авсан талаар ёстой санахгүй байна. Тухайн үед би л худалдагчаар ажиллаж байсан. Өөр энэ талаар мэдэж ярих зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
1.10. Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Сүмбэр сумын 3 дугаар баг, Гэзэгт ЗБН ХХК-ийн Дугуй дэлгүүрт 2018 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл кассаар ажиллаж байна. 2019 оны 04 сарын 13-ны өдөр би дэлгүүртээ ажиллаж байсан байхаа одоо бас сайн санахгүй байна. Манай дэлгүүрт Хасбанкны хас машин байдаг. Картаар гүйлгээ хийсэн тохиолдолд “DUGUI 4SUMBER” гэсэн утга дээр гардаг. Би Батбаяр гэх хүнийг огт танихгүй, 2019 оны 04 сарын 13-ны өдөр би л кассан дээр гарч байсан. Олон хүн архи авдаг болохоор 29700 төгрөгөөр хэн юу авсныг бол огт санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
1.11. Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 28 дугаар хуудас/
1.12. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
1.13. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэ тогтоох комиссын шийдвэр /хх-ийн 51 дүгээр хуудас/,
1.14. Хохирогч А.М-н цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокуророос шүүгдэгч А.Б-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй боловч уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч А.М нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийн ХААН банкны виза картны нууц дугаарыг бусдад хэлж картаа өгч явуулснаас гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
1981 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Эхээс 8-лаа, айлын 5 дахь хүүхэд. Сүмбэр сумын 1-р жилийг 1999 онд төгссөн. 1999-2000 онд Төв аймгийн Алтанбулаг сум зэвсэгт хүчний 119-р ангид цэргийн алба хаасан. Ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Сүмбэр сумын 3 дугаар баг, 3-8 тоотод амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхэдгүй, аав, ээжийн тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
2.2. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б бид хоёр олон жил найзалж нөхөрлөж байна. Хүн чанар сайтай, тусархуу зантай хүн байгаа юм. Архи уух нь уудаг, уучихаад янз бүрийн муухай зангүй. Миний хувьд согтуудаа л ийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Бусдаар эрүүлдээ бол хүний юм дураараа авах хүн бишээ... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
2.3. Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
А.Б бид 2 найзалж нөхөрлөөд 5 орчим жил болж байна. Би Шивээговь суманд байдаг болохоор сүүлийн жил нэг их уулзалдсангүй. Хүнд их тусархуу, цагаахан сэтгэлтэй хүн байгаа юм. Хар ажил төрөлд их сайн. Архи уух нь уудаг, гэхдээ тохируулж хэрэглэдэг. Амьдрал ахуйн талаар нь бол сайн мэдэхгүй байна. Гэр орноор нь очиж байгаагүй. Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/
2.5. Хохирол төлөх баталгаа /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдлээ.
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдлаа.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-с 457 800 /дөрвөн зуун тавин долоо мянга найман зуу/ төгрөгийг хохирогч А.М-нд олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш-д овогт А-н Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-д овогт А-н Б-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-с 457 800 /дөрвөн зуун тавин долоо мянга найман зуу/ төгрөгийг хохирогч А.М-нд олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
8. Шүүгдэгч А.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ