Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00425

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/00336 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 1,843,953 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 1,843,953 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл-ээр Хан-Уул дүүргийн ******* хороо, *******ны уулзвараас баруун тийш 20 метрын зайд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө *******ын жолоодон явсан Тоyota Alphard маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* нь ******* улсын дугаартай, Тоyota prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна. /хх 42-45/

 

3.1 Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Шийтгэлийн хуудас-аар ******* Замын хөдөлгөөний дүрмийн 10.4, 1.3-т заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан шийтгэл түүнд оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж, түүнийг 100,000 төгрөгөөр торгож шийтгэжээ.

 

4. Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

4.1 Иймд анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон ачигч машины төлбөр 95,000 төгрөг, Дельта авто сервист засуулахад гарсан зардал 360,000 төгрөг, үнэлгээний ажилтны хөлс 10,000 төгрөг, эд анги оношилсон төлбөр 38,000 төгрөг, гидр шингэн 10,000 төгрөг, дуут дохио 40,000 төгрөг, их гэрлийн ламп 50,000 төгрөг, дохионы гэрэл болон подвар ламп нийт 18,000 төгрөг, нотариатын зардал 29,000 төгрөг, нэхэмжлэлийн төлбөр 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцжээ. Талууд үүнд гомдол гаргаагүй.

 

5. Харин нэхэмжлэгч нь олох байсан орлого 13 өдрийн 1,300,000 төгрөгийг гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчаас болж шинэ жилийн орчим орлоготой үеэр 16 хоног ажилгүй байсан мөнгөө нэхэмжилсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/00336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 44,453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

М.БАЯСГАЛАН