Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 94

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч У.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.От холбогдох 1930000060081 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 1 дүгээр багийн харьяат,1985 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, ам бүл 3, Баруун-Урт сумын 1 дүгээр багийн грийн таун хотхоны  ... т оршин суух хаягтай,  аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд лабораторийн химийн инженер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  У.О

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч У.О нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Д ХХК-д аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас олгодог “ хөрс, ус, агаарын шинжилгээг хийсэн “ мэтээр 2018/01 дугаартай баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч У.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай байгууллагын өндөр настайн Т гуай манай ажил дээр ирээд “манайх охин, хүргэн хоёр ферм ажиллуулж байгаа. Охины ажиллуулж байгаа ферм дээр агаар, хөрсний шинжилгээ хийлгэ гээд байгаа юм гэхээр нь би энэ шинжилгээг хийхгүй байгаа гэхэд ахтайгаа олон жил хамт ажилласан юм чинь энэ асуудлыг зохицуулаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж үгүй гэж хэлэх вэ гээд агаар, хөрсний дээжинд нь шинжилгээ хийгээд, салбарын эрхлэгч байхгүй болохоор нь өөрөө тамга  дараад өгсөн. Би хүнд тусалъя гэж бодоод ийм хэрэгт орсон. Энэ шинжилгээг хийж өгснийхөө төлөө би мөнгө төгрөг аваагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

- Яллагдагч У.Оын: 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ байхад манай байгууллагын өндөр настан буюу Дарьганга сумын цаг уурт усны техникчээр ажиллаж  байсан  У.Т гуай ирээд манай охин, хүргэн 2 фермер ажиллуулдаг юм. Мэргэжлийн хяналтын газраас ус, агаар, хөрсний шинжилгээ хийлгэ гэсэн байна. Ахыг нь энэ байгууллагад олон жил ажилласан учраас очоод уулзаад шинжилгээг авахуулаад ир гэж хэлсэн. Манай охин танай байгууллагаар ирээд даргатай чинь уулзаж чадаагүй юм байна. Мэргэжлийн хяналтын газраас маргааш, нөгөөдрөөс шалгалт орно гэнэ, ахдаа шинжилгээг хийж тус болооч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би инженер хийж байгаа, та даргыг хүлээж байгаад хийлгэчих гэж хэлсэн чинь яаралтай шалгуулах юм байна. Заавал өнөө маргаашгүй шинжилгээ хийлгэх ёстой гэнэ. Даргыг хүлээх боломжгүй, ах нь ирэхээр нь уулзаад хэлчихнэ гэхээр нь “би та бид 2 олон жил цуг ажилласан, би танд үгүй гэж хэлж чадахгүй юм байна, Би танд хийгээд өгье” гэсэн. Тэгээд би 14.00 цагт ажлынхаа хөтөлбөрт агаарын сорьцоо авчихаад ажил руугаа явж байтал Т гуай ярихаар нь би та хүрээд ир, хоёулаа агаарын шинжилгээ авахаар явъя гээд бид 2 ферм рүү нь явсан. Тэнд очоод агаарын шинжилгээг авчихаад, урд талаас нь хөрсний шинжилгээг авсан. Хөрсний шинжилгээ УБ хот руу явдаг гэж Т гуайд хэлсэн, Энд бол би 3-4 үзүүлэлтээр энгийн хөрсний шинжилгээ хийнэ гэж хэлэхэд тэрийгээ гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дотор 2 шинжилгээг гаргаж өгсөн. Би гадны байгууллагын шинжилгээнд оролцдоггүй юм. Дарга байх үеийн сорилын дүнгийн маягт миний компьютер дээр байсан болохоор би шинжилгээний сорьцын дүнг хэвлэж өгсөн. Хүчингүй болсон гэж мэдээгүй юм. Лабораторийн эрхлэгчтэй би хамт суудаг юм. Сургалтанд явахдаа надад түлхүүрээ үлдээсэн. Лабораторийн эрхлэгч гэсэн тамга нь ширээнд нь байсан. Хөрс агаарын шинжилгээний сорьцын дүн дээр би гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж өгсөн юм. Миний гаргасан шинжилгээний дүнг лабораторийн эрхлэгч баталгаажуулах ёстой. Яаралтай гэж Т гуай хэлэхээр нь би гарын үсэг зураад өгсөн. Миний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,/хх-ийн 44-47/ 

 

- Иргэний нэхэмжлэгч Э.Угийн: Баруун-Урт сумын 8 дугаар багт мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “Д” ХХК-д зөрчил дутагдлыг арилгуулах талаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17-06-017/200 дугаартай улсын байцаагч нарын хамтарсан хугацаатай албан шаардлага өгсөн. Албан шаардлагын хариу болгож 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18/02 дугаартай албан бичгээр хавсралтын хамтаар хариу ирүүлсэн. Албан бичигтэй танилцахад Сүхбаатар аймгийн Ус цаг уурын албаны  Байгаль орчны шинжилгээний лабораторийн сорилтын дүн гэсэн бланк дээр 2018.11.29-ний өдрийн 2018/01 гэсэн дугаартай хөрсний шинжилгээ, 2018.12.01-ний өдрийн 2018/01 дугаартай агаарын шинжилгээний сорилтын дүнгийн хуулбарыг хавсаргаж ирүүлсэн байсан. Манай байгууллага 2018 оны 11 дүгээр сард "Д' ХХК-ны агаарын шинжилгээг Ус цаг уурын лабораториор хийлгэсэн байдаг. Тус агаарын сорилтын дүн дээр 2018/27 гэсэн дугаартай шинжилгээний хариу явуулсан байсан. Иймээс “Д” ХХК-ны сорилтын дүн хуурамч байх магадлал төрсөн. Ер нь бол 11 дүгээр  сарын сүүлээр газар хөлдсөн байдаг учраас хөрсний дээжийг тэр бүр авахгүй. Зайлшгүй тохиолдолд авдаг. Тиймээс Ус цаг уур, орчны шинжилгээний газарт манай газраас үнэн зөв эсэх талаарх лавлагааг гаргаж ирнэ үү гэсэн албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Ус цаг уур: орчны шинжилгээний газраас 2018.12.10-ны өдрийн 270 дугаартай албан бичгээр хариу ирсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

 

        - Гэрч Б.Эийн: “ Д” ХХК-ыг анх 2007 онд манай нөхөр Б байгуулсан юм.  Үйл ажиллагаагаа өргөжүүлээд 2018 оны 10 дугаар сарын 31-нд мал махны үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны үйл ажиллагаагаа явуулсан. 2018  оны 10 дугаар сарын 10-ны өдөр Уугантуяа байцаагч ирээд манай ахын байрыг лацдаад явсан. 10  дугаар сарын 14-нд манай шинэ байрыг лацдаад, материал бүрдүүлсний дараа барилга дээр дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ гаргаж өгөөд 2018  оны  11 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн. Энэ хугацаанд хугацаатай албан бичиг өгсөн байсан. Бүх албан бичгийн заалт бүрээр материал бүрдүүлж өгсен боловч дахин 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос 2018 оны 12 дугаар сарын 07-ны хооронд 1 сарын хугацаатай дахин албан бичиг өгсөн. Уг албан бичгийг Байгаль орчин, Ус цаг уур орчны шинжилгээний газруудаас албан бичиг авч өгсөн. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хөрс, агаарын шинжилгээ хийлгэ гэсний дагуу 2018/01 дугаартай шинжилгээг химийн техникч Оаар хийлгэж Мэргэжлийн хяналтын газарт өгсөн...гэх мэдүүлэг /хх-33-34/

 

          - Гэрч Б.Тын: Миний бие Ус цаг уур, орчны шинжилгээний газрын өндөр настан юм, Манай хүү Б “Д” ХХК-ны захирал юм. Тэгсэн манай хүү Мэргэжлийн хяналтын газраас хөрс, агаарын шинжилгээг гаргаж өг гэсэн шаардлага тавьсан байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нар нь байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би очоод нэг уулзаад ирье гээд очиход инженер О ажил дээрээ сууж байсан. От учир байдлаа хэлж хөрс, агаарын шинжилгээг хийж өгөхийг гуйсан юм. Тэгсэн О намайг таньдаг болохоор үгүй гэж хэлээгүй. Зөвшөөрөөд бид 2 хүүгийнхээ мал мах нядалгааны цэг рүү очиж агаар соруулж, хөрсний дээж авсан. Ингээд удалгүй шинжилгээний хариуг авсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35/

 

- Сүхбаатар аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний албаны “Байгаль орчны шинжилгээний лабораторийн сорилтын дүн. № 2018/01  /хх-16, 17/

 

- Сүхбаатар аймгийн Ус, цаг уур, орчны Шинжилгээний төвийн 2018.12.14-ний 270 дугаартай албан бичиг /хх-13/

 

- Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018.12.19-ний өдрийн 348 дугаартай албан бичиг /хх-11/

 

- Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018.12.10-ны өдрийн 337 дугаартай албан бичиг /хх-12/

 

- Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018.11.07-ны өдрийн 17-06-017/200 дугаартай албан шаардлага /хх-20/

 

- Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/16 тоот тушаал /хх-26/

 

- Д ХХК-ны 2018.12.04-ний өдрийн 18/02 дугаартай албан бичиг /хх-15/

- Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2019.03.27-ны өдрийн 61 дугаартай албан бичиг /хх-51/

 

- Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын 2012 оны 03 сарын 02-ны өдрийн Б-15 тоот “ У.Оыг ажилд авах тухай “ тушаал /хх-52/

 

- Лабораторийн орчны чанарын ерөнхий технологич инженерийн ажлын байрны тодорхойлолт /хх-53-54/

 

- У.Оын инженерийн сертификат /хх-55/

 

- У.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-66-67/ зэрэг баримтууд болно. 

 

 

Шүүгдэгч У.О нь Сүхбаатар аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн лабораторийн химийн инженерээр ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2018/01 дугаартай “ Хөрсний дээж, агаарын “ сорилын дүнгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Д ХХК-д олгосон   болох нь шүүгдэгч У.Оын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Э.У, гэрч Б.Э, Б.Т нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг Ус, цаг уур орчны шинжилгээний албаны 2018/01 дугаартай “ Байгаль орчны шинжилгээний лабораторийн сорилтын дүн ”, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018.12.10-ний өдрийн 337 дугаартай албан бичиг, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018.12.19-ны өдрийн 348 дугаартай албан бичиг, Сүхбаатар аймгийн Ус, цаг уур, Орчны Шинжилгээний төвийн 2018.12.14-ний 270 дугаартай албан бичиг, Д ХХК-ны 2018.12.04-ний өдрийн 18/02 дугаартай албан бичиг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018.11.07-ны өдрийн 17-06-017/200 тоот албан шаардлага, Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын 2012 оны 03 сарын 02-ны өдрийн Б-15 тоот “ У.Оыг ажилд авах тухай “ тушаал, Лабораторийн орчны чанарын ерөнхий технологич инженерийн ажлын байрны тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Ус, цаг уур, Орчны Шинжилгээний төвийн 2019.03.27-ны 61 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Хэрэгт авагдсан баримтыг үндэслэвэл, шүүгдэгч У.О нь урьдын танил, хувийн харьцааг үндэслэн өөрийн байгууллагад ажиллаж байсан өндөр настан У.Тын гуйлтаар түүний хамаарал бүхий “ Д “ ХХК-нд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад шаардагдах тухайн байгууллагаас олгодог хөрс, агаарын шинжилгээний сорилтын баримт бичгийг хуурамчаар хийж өгсөн үйл баримт тогтоогдоно.

Энэ нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Угийн “ Баруун-Урт сумын 8 дугаар багт мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “Д” ХХК-д зөрчил дутагдлыг арилгуулах талаар улсын байцаагч нарын хамтарсан хугацаатай албан шаардлага өгсөн. Албан шаардлагын хариу болгож 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18/02 дугаартай албан бичгээр хавсралтын хамтаар хариу ирүүлсэн. Албан бичигтэй танилцахад Сүхбаатар аймгийн Ус цаг уурын албаны  Байгаль орчны шинжилгээний лабораторийн сорилтын дүн гэсэн бланк дээр 2018.11.29-ний өдрийн 2018/01 гэсэн дугаартай хөрсний шинжилгээ, 2018.12.01-ний өдрийн 2018/01 дугаартай агаарын шинжилгээний сорилтын дүнгийн хуулбарыг хавсаргаж ирүүлсэн байсан. Манай байгууллага 2018 оны 11 дүгээр сард "Д' ХХК-ны агаарын шинжилгээг Ус цаг уурын лабораториор хийлгэсэн байдаг. Тус агаарын сорилтын дүн дээр 2018/27 гэсэн дугаартай шинжилгээний хариу явуулсан байсан. Иймээс “Д” ХХК-ны сорилтын дүн хуурамч байх магадлал төрсөн. Ер нь бол 11 дүгээр  сарын сүүлээр газар хөлдсөн байдаг учраас хөрсний дээжийг тэр бүр авахгүй. Зайлшгүй тохиолдолд авдаг. Тиймээс Ус цаг уур, орчны шинжилгээний газарт манай газраас үнэн зөв эсэх талаарх лавлагааг гаргаж ирнэ үү гэсэн албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Ус цаг уур: орчны шинжилгээний газраас 2018.12.10-ны өдрийн 270 дугаартай албан бичгээр хариу ирсэн ” гэх, 

        гэрч Б.Эийн “ Д” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 31-нд мал махны үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны үйл ажиллагаагаа явуулсан. 2018  оны 10 дугаар сарын 10-ны өдөр Уугантуяа байцаагч ирээд манай байрыг лацдаад 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос 2018 оны 12 дугаар сарын 07-ны хооронд 1 сарын хугацаатай албан бичиг өгсөн. Уг албан бичгээр Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хөрс, агаарын шинжилгээ хийлгэ гэсний дагуу 2018/01 дугаартай шинжилгээг химийн техникч Оаар хийлгэж Мэргэжлийн хяналтын газарт өгсөн...гэх,

          гэрч Б.Тын “ Миний бие Ус цаг уур, орчны шинжилгээний газрын өндөр настан юм, Манай хүү Б “Д” ХХК-ны захирал юм. Тэгсэн манай хүү Мэргэжлийн хяналтын газраас хөрс, агаарын шинжилгээг гаргаж өг гэсэн шаардлага тавьсан байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нар нь байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би очоод нэг уулзаад ирье гээд очиход инженер О ажил дээрээ сууж байсан. От учир байдлаа хэлж хөрс, агаарын шинжилгээг хийж өгөхийг гуйсан юм. Тэгсэн О намайг таньдаг болохоор үгүй гэж хэлээгүй. Зөвшөөрөөд бид 2 хүүгийнхээ мал мах нядалгааны цэг рүү очиж агаар соруулж, хөрсний дээж авсан. Ингээд удалгүй шинжилгээний хариуг авсан гэж байсан “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөтөлбөргүй нотлогдсон байна.

 

У.О гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрбээр албан үүргийн хувьд холбогдох эрх олгосон баримтыг үйлдэх эрхгүй гэдгээ буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа урьдын танил харьцаанд үндэслэн бусдын гуйлтаар тухайн байгууллагаас олгох баримт бичгийг хуурамчаар үйлдэж нийтийн албан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулжээ. 

 

Шүүгдэгч У.Оын аж ахуйн үйл ажиллагаа явуулахад шаардагдах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хуурамч баримт бичиг үйлдэх  гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Гэмт хэргийн улмаас бусдад эдийн хохирол учраагүй бөгөөд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хохиролгүй талаараа ” Мэргэжлийн хяналтын газарт энэ асуудлаас болж учирсан хохирол байхгүй “/хх- 25/ гэж хэрэгт мэдүүлжээ. 

 

У.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч У.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, уг хэрэг үйлдэгдэхэд бусдын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгох ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч У. Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “ Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг,.. хуурамчаар үйлдсэн “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан У.От шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан У.О дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ялтан У.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Э.У нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН