| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2023/03289/И |
| Дугаар | 210/МА2025/00426 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00426
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05011 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учруулсан хохиролд 22,932,271 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0778 дугаар шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөж хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн.
1.2 Дээрх шийдвэрийг биелүүлж *******г 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/506 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8,812,551 төгрөгийг олгосон.
1.3 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2107 дугаар шийдвэрээр *******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 14,119,720 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг үндэслээд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/82 дугаар тушаалын дагуу *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 14,119,720 төгрөгийг олгосон.
Иймд *******оос төрд учирсан хохиролд нийт 22,932,271 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Хариуцагч ******* Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэрийг эцэслэн гаргах үүрэг хүлээсэн этгээд байсан тул ажилтныг томилох, чөлөөлөх тушаалыг гаргаж байсан. Ийнхүү гаргасан тушаал эрх зүйн хувьд алдаатай болсныг шүүх тогтоож, ажлаас халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, нөхөн олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь *******ийг хууль бусаар санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэх үндэслэл болохгүй буюу шалтгаант холбоо байхгүй.
2.2 ******* *******гийн гомдлыг хэлэлцээд, хариуцагчийг хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл буюу шийдвэр гаргасан гэж үзээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх буюу 93.7 хувь нь *******г ажлаас халсан шийдвэрийг ******* зөв гэж үзсэнээс хойш хугацаанд хамаарахаар байна. Мөн Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хууль /1990 он/-ийн 133 дугаар зүйлийг хэм хэмжээний системийн хүрээнд авч үзвэл хариуцагч нь гэм буруутай тохиолдолд нэг сарын дундаж цалин хөлстэй дүйцэхүйц хэмжээтэй байхаар байна. Төрийн албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь төр өөрөө хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болж байна.
2.3 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт мөн хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хуульд гэм буруугийн бүх хэлбэрийг заагаагүй гагцхүү шууд санаатай, илтэд болгоомжгүй хоёрын аль нэгийн тухайд гэм хорын хариуцан арилгах тухай агуулгатай байна. Нэхэмжлэгч хуульд заасан аль хэлбэрт хамаарна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй.
2.4 Түүнчлэн, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх үедээ гаргасан. Тухайн хэргийн хувьд ажилтан тухайн актын улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзээд, Төрийн албаны төв байгууллагад гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гаргахад ******* нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэдэг хариуг өгсөн. Тухайн үед ажлаас халах тухай шийдвэр буруу байна гэдгийг тогтоогоод залруулсан бол хохирлын хэмжээ нэмэгдэхгүй байх боломжтой байсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар Монгол Улсын Их хурлын тогтоолоор *******ийн үйл ажиллагааны дүрэм батлагдсан бөгөөд уг дүрмийн 3.1.3, 4.2-т Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан маргааныг хянан шийдвэрлэх, зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байхаар заасан. Энэ нь ******* хуралдаанаараа аливаа асуудлыг шийдвэрлэх гэж ойлгох ба 6 дугаар зүйлд Зөвлөлийн дарга бүрэн эрхийг тусгахдаа шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой шууд бүрэн эрхийг олгоогүй байна.
Иймд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй буюу итгэмжлэлийн бүрэн эрх эрхийн доголдолтой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 8,812,551 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн улсын төсвийн ******* тоот дансанд оруулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,119,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 155,951 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 С.Хувьзаяа нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/506 дугаар тушаалаар эгүүлэн томилогдсон бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02107 дугаар шийдвэр гарч, уг шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалыг үндэслэн 14,119,720 төгрөгийг иргэнд олгосон.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор *******ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дээрх хугацаанаас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаа нь хариуцагч *******ид хамааралтай байхад анхан шатны шүүхээс шалтгаант холбоо тогтоогдохгүй гэх үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж буруу шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны төрд учруулсан хохирлыг хариуцан арилгаж, өөрийн гаргасан тушаалын эрх зүйн үр дагаврыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж үзэхээр байна.
4.2 Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 ******* ажлаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор чөлөөлөгдсөн. Шалтгаант нөхцөл тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа ажилтны зөвхөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдэд хариуцагчийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм буруутай болохыг ямар ч эргэлзээгүй шууд тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн захиргааны актаа хууль бус болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан боловч түүний эцэст учрах хохирлыг гаргуулахгүй урьдчилан сэргийлж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандсан буюу болгоомжгүй гэм буруугийн талаар ч дүгнэлт өгөөгүй юм.
6.2 Хариуцагч ******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэрийг эцэслэн гаргах үүрэг хүлээсэн этгээд байсан тул ажилтныг томилох, чөлөөлөх тушаалыг гаргасан. Ийнхүү гаргасан тушаал эрх зүйн хувьд алдаатай болсон гэж шүүх үзэж, ажлаас халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, нөхөх олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь *******ийг хууль бусаар санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэх үндэслэл болохгүй буюу шалтгаант холбоо байхгүй юм. Мөн хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй тушаал болон тушаал гаргах ёсгүй байхад тушаал гаргасан хууль бус үйлдэл хоёрыг зайлшгүй зааглан ялгах шаардлагатай.
******* нь *******г ажлаас халахдаа илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй болох нь авч хэрэгжүүлсэн хяналт шалгалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох нэгжүүдийн санал, дүгнэлт, түүнчлэн тушаалыг гомдлоор хянасан *******ийн шийдвэр зэргээс тодорхой харагдана. *******гийн хууль бус үйл ажиллагааны талаар нэр бүхий иргэдээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газарт удаа дараа гомдол гаргасан байдаг.
6.3 Хариуцагчийн хувьд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн нэмэлт тайлбарын хамт *******ийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 612 дугаар бүхий албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
6.4 Илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй болохыг ******* тогтоосон. ******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг эс зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *******д гомдол гаргасан. ******* уг гомдлыг хэлэлцээд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 612 дугаар бүхий албан бичгээр хариу өгсөн. Уг албан бичгээс үзвэл нэхэмжлэгч ******* хариуцагчийг хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл буюу шийдвэр гаргасан гэж үзээгүй байна.
6.5 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирол нэхэмжилж байгаа бол дээр дурдсанчлан гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэлээ тодорхой гаргахын зэрэгцээ тухайн захиргааны акт гарахад олон этгээдийн оролцоо байсан бол хариуцагчид ногдох хохирлын хэмжээг зөв тодорхойлох ёстой. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн учруулсан эд хөрөнгийн хохирлыг хэрхэн тооцох талаар тухайлан заагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийг дээрх зарчмын дагуу нөхөн хэрэглэхээр байна.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага буюу хохирлыг хариуцахын тулд түүний гэм буруутай үйлдэл ба хохирлын хооронд шалтгаант холбоо байх учиртай, хохирол буюу үр дагавар гарсан хэдий ч гэм буруутай үйлдэл байхгүй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 497.2, 498.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө. Эдгээрээс нэгтгэн авч үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдахын тулд хариуцагчийн шууд санаатай, өөрөөр хэлбэл, *******г үндэслэлгүйгээр дур зоргоор халсан байх, илтэд болгоомжгүй буюу *******г ажлаас халах процессыг зохих журмын дагуу явуулаагүй эс үйлдэхүй байх зэрэг болно.
6.6 Мөн Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 133 дугаар зүйлийг хэм хэмжээний системийн хүрээнд авч үзвэл хариуцагч нь гэм буруутай тохиолдолд нэг сарын дундаж цалин хөлстэй дүйцэхүйц хэмжээтэй байхаар байна. Төрийн албан хаагчийн үйлдэл нь төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүднээс хийгдсэн хувийн эрх зүйн хүрээнд явуулсан үйл ажиллагаа биш тул төрд хариуцуулах гол зорилго агуулагддаг. Түүнчлэн ажилтны үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг ажил олгогч хүртдэг учраас эрсдэлийг хариуцах ёстой гэсэн үзэл баримтлал Иргэний хуулийн 498 дугаар зүйлд тусгалаа олсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нэгэнт тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. *******д удаа дараа сахилгын шийтгэл оногдуулсан байсан ч тухай бүрд нь төрийн албан хаагчийн хувьд сахилгын шийтгэлийг хүлээж авч байсан. Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэдээс гомдол гаргаж байсан боловч ажлын хэсэг гаргаж газар дээр нь шалгасан. Шалгасан ажлын үр дүнд шийдвэрийг гаргасан. Энэ тушаалыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон нь өөрөө илт болгоомжгүй байсныг нотолж байна. *******өөс хүргүүлсэн албан бичиг нь эцсийн шатны шийдвэр биш.
7.2 Шүүхийн шийдвэрээр нотлогдоод, ажиллаагүй хугацааны цалин хөлсөө аваад байгаа нь өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал нь буруутай гэдгийг илтгэж байна. *******ийн дотоод, гадаадад төлөөлөх эрхийг 5 гишүүн нууцаар санал хураагаад нэг гишүүнийг *******ийн даргаар сонгоод *******ийг төлөөлөх бүрэн эрхийг өгдөг. Нэхэмжлэлийг заавал хамтын шийдвэрийн үндсэн дээр буюу шүүхэд нэхэмжлэл гаргая гэж 5 гишүүн хуралдаанаар хэлэлцэж тогтоох шаардлагагүй.
7.3 ******* зөрчил гаргах болгондоо сахилгын шийтгэлийг тухай бүрд нь авч байсан нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга өөрийн гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг хариуцаж, төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан төрд учирсан гэм хорын хохиролд 22,932,271 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар тушаалаар *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8,812,551 төгрөг олгосон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу мөн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалаар *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 14,119,720 төгрөгийг олгосон. Иймд *******оос төрд учирсан хохиролд нийт 22,932,271 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.1 Хариуцагч ...******* хууль бусаар санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй буюу итгэмжлэлийн бүрэн эрх эрхийн доголдолтой гэх үндэслэлээр татгалзан маргажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.1 Хариуцагч ******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар *******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. /1хх 64/
4.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0778 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, *******г Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. /1хх 10-19/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1хх 20-24/
4.3 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар *******д 8,812,551 төгрөг олгосон. /1хх 7-9/
4.4 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02107 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******гийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 14,119,720 төгрөгийг гаргуулан *******д олгож шийдвэрлэсэн. /1хх 115-120/
4.5 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалаар 14,119,720 төгрөгийг *******д олгосон.
4.6 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаар тогтоолоор өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан *******ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Д.Дэлгэрсайханыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар түр томилжээ. /1хх 121-122/
5. Анхан шатны шүүх ******* нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5.1 Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, мөн зүйлийн 50.2 дахь хэсэгт төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ******* нь төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн хохирлыг арилгасан албан байгууллага нь гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байгаа тохиолдолд ******* уг байгууллагыг төлөөлөн объектив эрхийн хүрээнд шууд шүүхэд нэхэмжлэл гаргах, гэм хорын хохирол шаардах хууль зүйн боломж нь хязгаарлагдана.
5.2 Харин *******ийн субьектив эрх нь зөрчигдөөгүй тул шууд шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, субьектив эрх нь зөрчигдсөн буюу нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газар нь гэм хорыг буруутай этгээдээс шаардахаас зайлсхийсэн, түүнд нэхэмжлэл гаргах талаар сануулсан атал нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон, тухайн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан зэрэг нэхэмжлэл гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн, энэ нь тогтоогдсон нөхцөлд ******* нь хуульд зааснаар төрийн ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл гаргах боломжтой.
5.3 Гэтэл *******өөс Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт уг хохирлыг барагдуулахыг шаардах талаар мэдэгдэж байсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул ******* нь шууд шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул талуудын шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******ид холбогдох, төрд учирсан гэм хорын хохиролд 22,932,271 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас төлсөн 155,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.БАЯСГАЛАН