Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 93

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч С.Сугар,

Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ут холбогдох 1930000000114 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Баруун-Урт сумын 4 дүгээр багийн харьяат, 1969 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жимс ногоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 8-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэлгүй, Н.У. 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баруун-Урт сумын 6 дугаар баг, Далангийн задгай тоотод оршин суух Т.Б гэх айлд Х.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр өшиглөж эрүүл мэндэд нь “доод уруулын гадна болон дотор хэсгийн няцарсан шарх” бүхий  хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай найз Ц.Б шартаж үхлээ гэж ирээд бид хоёр 0,5 литрийн нэг шил хувааж уучхаад гэрээсээ гарсан. Би айлд орсноо санахгүй байгаа. Ц.Бгийнд Х.Б байсныг мэдээгүй. Гэрээр дүүрэн хүмүүс байсан гэж надад хэлсэн. Өглөө нь Х.Б та миний уруул руу өшиглөчихсөн гээд надад болсон явдлын талаар хэлсэн. Би юу болсныг мэдэхгүй байна. Эгчийгээ уучлаарай гэхэд хоёулаа цайръя, та надад 100.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би эгчид нь өгөх мөнгө байхгүй. Хүүхдийнхээ мөнгөөр цайрчихъя, эгч нь нээрэн чамайг өшиглөсөн юм уу? гэхэд хамт архи уусан хүмүүсээ бүгдийг нь цуглуулаад татвар гэж ав гээд надаас 300.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь эгчид нь мөнгө байхгүй. Цагдаад хэлсэн бол авдаг арга хэмжээгээ авах байлгүй дээ гэж хэлсэн. Яагаад өшиглөснөө санахгүй байна. Архи уусан нь миний буруу. Би эм, тарианы мөнгө гээд 60.000 төгрөг өгсөн. Ц.Б 0,75 литрийн архи аваад өгчих,уруулаа шавших гээд байгаа юм гэхээр нь архи авч өгсөн. Архины мөнгөтэй нийлээд 80.000 төгрөг өгсөн. Одоо надаас нэхэмжилсэн зүйл байхгүй...гэв.

 

- Яллагдагч Н.Уийн: Би өдрийн 10 цагийн орчим гэртээ байж байтал манай арын эгнээнд байдаг Ц.Б гэдэг эмэгтэй “шартаж үхлээ” гээд манай гэрт орж ирсэн. Тэгээд манай бэр Б.Бээр нэг шил архи авхуулаад тэрийгээ надтай хувааж уусан. Тухайн үед манай найз Ю.У ирж бид гурав дахин нэг шил архи авч гурвуулаа хувааж уусан бөгөөд би архиндаа согтож, тасарсан байсан. Нэг мэдсэн чинь би Ц.Бтой хамт гэрт нь очсон байсан. Удалгүй намайг манай бэр Б.Б гэрт хүргэж өгсөн гэсэн. Би өөрөө энэ талаар огт мэдэхгүй байна. Х.Бгийн биед доод уруулын гадна болон дотор хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.  Ц.Б, Ц.Бо нар намайг Х.Б гэдэг хүнийг өшиглөж уруулыг нь язалсан гэж байсан. Би урьд өмнө нь Х.Бг харж байгаагүй танихгүй хүн. Би болсон асуудлын талаар огт санахгүй байгаа тийм болохоор их хэмжээний согтуу байсан. Надаас 300.000 төгрөг нэхэмжилсэн. Би өөрөө ажил хийдэггүй, тэтгэвэрт ороогүй болохоор мөнгө олдохгүй байна. Боломж олдвол барагдуулна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

 

- Хохирогч Х.Бгийн: Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймагт ирээд байсан. Манай хамаатны дүү Ц.Бо надруу согтуу утсаар яриад Ц.Б гэдэг айлд байна намайг ирээд ав гэсэн. Би Б гэдэг айл руу 16-17 цагийн орчим очтол тэнд Б, Ц.Бо болон У нар нь архи уусан байдал байсан. Намайг анх гэр рүү ороход У нь пизда минь хэн бэ гэсэн бөгөөд би согтуу ээж шигээ хүнтэй юм яриад яахав гэж бодоод дуугараагүй. Тэгээд би пийшингийн хойд талд газар суугаад тамхи татаад сууж байгаад тамхины үнсээ үнсний саванд хийх гээд тонгойтол гэнэт У гэх эмэгтэй миний уруул руу өшиглөж уруул язалсан. У гэх эмэгтэйтэй маргалдаж муудсан зүйл огт байхгүй. Гэнэт л намайг өшиглөсөн. Тухайн үед хажууд манай хамаатны дүү Б, гэрийн эзэн Б нар байсан. Би доод урууландаа 5 оёдол хийлгэсэн. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Хийлгэсэн оёдлоо авахуулсан. Би Н.Уээс 300.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгө бол миний эмчилгээний зардал мөнгөтэй холбоо юм. Анх эмнэлэгт 30.000 төгрөгөөр оёдол хийлгэсэн, эмч тариа болон тос авч түрхэхэд 150.000 төгрөг болсон. Мөн эмнэлэгт очиж үзүүлэх болгондоо 4.000 төгрөгөөр таксинд сууж байсан. Боломжоороо надад миний хохирлыг барагдуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 /

 

- Гэрч Ц.Боийн: Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой Б гэдэг найзынхаа гэрт хоносон юм. Өглөө нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагийн орчим Б нь гэртээ байж байтал У гэх эмэгтэй өөр танихгүй эгчтэй орж ирээд буцаад Бг аваад гарсан. Буцаад 10 цагийн орчим тэр гурав согтуу орж ирсэн. Өдөр хэдэн цагийн орчим гэдгийг нь мэдэхгүй байна. Манай хамаатны ах Х.Б нь гаднаас эрүүл орж ирээд суугаад тамхи татаад сууж байхад У гэх эмэгтэй босч очоод гэнэт л Х.Б ахын уруул руу хөлөөрөө өшиглөж уруулыг нь язалсан. Маргалдаж муудсан зүйл байхгүй. Сууж байгаад босоод явах гэж байгаа юм байх гэж бодтол гэнэт л өшиглөсөн. У нь гаднаас орж ирэхдээ нэлээн согтуу орж ирсэн. Харин Х.Б нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

- Гэмтлийн эмч У.Бямбаагийн үзлэгийн тэмдэглэл  /хх-ийн 11/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай дүгнэлтэнд: 1. Х.Бгийн биед доод уруулын гадна болон дотор хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл  тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл  мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 12/

 

-  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/283 дугаартай тодорхойлолт /хх-23/

 

- Н.Уийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-24/

 

- Н.Уийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/

 

- Хохирогч Х.Бд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 29/,

 

- Яллагдагч Н.Ут хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 30/,

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай санал /хх-35/,

 

- Сүхбаатар аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/222 тоот албан бичиг,

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. 2019.05.24./ Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг/  зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Далангийн задгай тоотод оршин суух Т.Б гэх айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Х.Бгийн нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “доод уруулын гадна болон дотор хэсгийн няцарсан шарх” бүхий  хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Уийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Х.Б, гэрч Ц.Бо нарын мэдүүлгүүд, Гэмтлийн эмч У.Бямбаагийн үзлэгийн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

        Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Н.У нь архи ууж согтуурсан үедээ тухайн айлд орж ирсэн иргэн Х.Бг ямар ч шалтаг шалтгаангүйгээр хөлөөрөө өшиглөн зодсон үйл баримт тогтоогдох ба энэ нь хохирогч Х.Бгийн “ Би пийшингийн хойд талд газар суугаад тамхи татаад сууж байгаад тамхины үнсээ үнсний саванд хийх гээд тонгойтол гэнэт У гэх эмэгтэй миний уруул руу өшиглөж уруул язалсан...” гэх, гэрч Ц.Боийн “...Манай хамаатны ах Х.Б гаднаас эрүүл орж ирээд тамхи татаад сууж байхад У гэх эмэгтэй босож очоод гэнэт л Х.Б ахын уруул руу хөлөөрөө өшиглөж уруулыг нь язалсан. Маргалдаж муудсан зүйл байхгүй. Сууж байгаад босоод явах гэж байгаа юм байх гэж бодтол гэнэт л өшиглөсөн...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

Н.У нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ямар ч шалтгаангүйгээр хохирогчийг өшиглөж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч Н.Уийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Н.У хохирогчид учруулсан хохирол,эмчилгээний зардалд 80.000 төгрөг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Н.Уийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Н.Уийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч Н.Уийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд Н.Ут холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Н.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаагаар 168.03 оноотой харьцангуй бага хэрэглээтэй түвшний буюу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хамаардаг болох нь Сүхбаатар аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/222 тоот тодорхойлолтоор нотлогдох тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно“ гэж заасны дагуу түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Н.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Н.Ут оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 50.000 төгрөгөөр тооцож 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан Н.Ут таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.У дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Ялтан Н.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б  нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН