| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/05781/И |
| Дугаар | 210/МА2025/00399 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00399
|
|
|
******* ХХК-ийн
Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/05706 дугаар шийдвэртэй
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг, зардалд 17,837,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани *******тай 2020 оны 10 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй. ******* зээлийн гэрээний үүрэгт нийт 6,198,308 төгрөг төлснийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгасан. Иймд 2024 оны 09 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,000,000 төгрөг, зээлийн хүү 11,515,934 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,303,186 төгрөг, нийт 17,819,120 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээ байгуулж, надад 3,960,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээний үүрэгт 6,198,308 төгрөгийг төлснөөс гэрээний хугацаа дууссаны дараа 3,000,000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасах учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь уг төлбөрийг үндсэн зээлээс хасаагүй байна. Мөн зээлийн хүү хэт өндөр байгааг багасгуулах хүсэлттэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 2,025,692 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,910,761.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,065 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47,361 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн боловч гэрээний зүйл болох 4,000,000 төгрөгийн зээлийн хүүг огт тооцолгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш гүйцэтгэвэл зохих үүргийг зөв тооцож чадаагүй, алдаатай шийдвэр гаргасан.
1. Хариуцагчийг 2023 оны 10 сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусахад үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл үндсэн зээлд 4,000,000 төгрөг, зээлийн хүүнд 8,151,481.61 төгрөг буюу нийт 12,151,481.61 төгрөгийг төлөх байсан ч хариуцагчаас төлсөн 3,740,708 төгрөг төлснийг зээлийн гэрээний 2.2.4, 5.2-т зааснаар тооцоход нэмэгдүүлсэн хүүд 902,400 төгрөг, үндсэн хүүд 2,804,600 төгрөг тус тус төлөгдөж, үндсэн зээлээс төлөгдөөгүй болно.
Дээрхээс дүгнэхэд зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээлд 4,000,000 төгрөг, зээлийн хүүд 8,832,733,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,766,546,70 төгрөг, нийт 14,599,280 төгрөг байсан нь маргааны гол үндэслэл болж, мөн хариуцагч гэрээний дагуу сар бүр төлөх үүргийн хэмжээ, үүргээ зөрчсөнөөс зээлийн төлбөр, тооцоолол өөрчлөгдсөн байдал, мөн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл төлөгдөх дарааллыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй.
2. Хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойш 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс 2024оны 01 сарын 30-ны өдрийн хугацаанд нийт 3,500,000 төгрөг төлсөн тул 2024 оны 09 сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг тооцоход, 2023оны 10 сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл 25 хоног хугацаа хэтрүүлсний хүү 266,666.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,333.3 төгрөгийг нэмж тооцоход үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 9,099,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819,880 төгрөг болж, 100,000 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцоход 14,819,280 төгрөг болсон. Мөн 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 сарын 13-ны өдөр хүртэлх 3 хоногийн хүү 32,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,400 төгрөгийг нэмэхэд үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 9,131,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,726,280 төгрөг болж байгаа, нэмж 150,000 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцоход 14,707,680 төгрөг болсон. Мөн 2023 оны 11 сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 17 хоногийн хүү 181,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,266.7 төгрөгийг нэмж тооцоход үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 9,312,733.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612,546.7 төгрөг болсон тооцоо гарч, нэмж төлсөн 250,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнээс хасахад 14,675,280 төгрөг болно. Мөн 2023 оны 11 сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 сарын 19-ний өдөр хүртэл 50 хоногийн хүү 533,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,666.7 төгрөгийг нэмэхэд үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 9,846,066.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,469,213.3 төгрөгийн тооцоо гарч, үүнээс 2,000,000 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлээс 1,469,213.3 төгрөгийг хасч, үлдэх 530,786.7 төгрөгийг үндсэн хүү 9,846,066.7 төгрөгөөс тус тус хасч тооцвол 13,315,280 төгрөг болж байгаа. Мөн 2024 оны 01 сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл 11 хоногийн хүү 117,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,466.7 төгрөгийг нэмж тооцоход үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 9,432,613.3 төгрөг нэмэгдүүлсэн хүү 23,466.7 төгрөг болж 1,000,000 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлээс 23,466.7 төгрөгийг хасч, үлдэх 976,533.3 төгрөгийг үндсэн хүү 9,432,613.3 төгрөгөөс тус тус хасахад 12,456,080 төгрөг болж байна. Мөн 2024 оны 01 сарын 30-ны өдрөөс нэмэмжлэл гаргах өдөр хүртэл /2024 оны 09 сарын 03/ 217 хоногийн хүү 2,314,666.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 462,933.3 төгрөгийг нэмж тооцвол үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 10,770,746.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 462,933.3 төгрөг буюу нийт 15,233,680 төгрөгийг хариуцагч төлөх нь тодорхой болж байна.
Гэтэл анхан шатны шүүх нь зээлдэгчийн гэрээний хугацаанд 2,698,308 төгрөг төлж, хугацаа дууссанаас хойш 3,500,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг тогтоож, хариуцагчийн төлсөн зээлийн төлбөрөөс 3,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөгөөс зээлийн гэрээнд заасан 36 сар, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 44 сарын зээлийн хүүд 3,520,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 704,000 төгрөгөөр тооцон хариуцагч нийт 3,198,308 төгрөг төлснийг хасч, үлдэгдэл 1,025,692 төгрөг болон үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, нийт 2,025,692 төгрөгийг гаргуулсан. Энэ нь шүүх зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөгдвөл зохих зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг барьсан үндэслэл муутай шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 6,198,308 төгрөгийг төлсөнд талууд маргадаггүй. Дээрх мөнгөний 3,740,708 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллыг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар гүйцэтгэсэн нь зөв болсон. Нэхэмжлэгч нь хариуцагч зээлээ төлөхгүй 3 жилийн хугацаа өнгөрснийг мэдсээр байж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь үндэслэлгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлж байгааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 09 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,000,000 төгрөг, үндсэн хүү 11,515,934 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,303,186 төгрөг, нийт 17,819,120 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч 6,198,308 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 3,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаагүй гэж тайлбарлан маргажээ.
3. ******* ХХК, ******* нарын хооронд 2020 оны 10 сарын 20-ны өдөр байгуулагдсан ******* зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК 4,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүү, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* зээлийг ашиглаж, гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.
Зохигч зээлийн гэрээ байгуулж, хариуцагч зээлийг ашигласан үйл баримтад мараагүй бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсаныг зөв тодорхойлж, дүгнэсэн байна.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон хариуцагчийн төлбөл зохих зээлийн зээл, хүүгийн тооцооллоос үзвэл хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацааны эцэст үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүүнд 8,151,481 төгрөг, нийт 12,151,481 төгрөгийг төлөхөөр байжээ. Хариуцагч гэрээний хугацаанд 2,698,308 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Талууд зээл төлөх дарааллыг гэрээний 5.2-т нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тохиролцсон боловч гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн төлбөрийн хувьд гэрээгээр тохиролцсон дарааллыг баримтлах эсэх талаар зохигч маргасан ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан. Гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд төлөгдсөн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн алийг эхний ээлжид төлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд гэрээний нөхцөл болон тухайн харилцааг зохицуулсан энэ хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтална. Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Харин шүүх тооцооллын алдаа гаргасныг залруулна.
5. Зээлийн гэрээний 1.7, 5.1-д заасны дагуу хариуцагч үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцжээ. Хариуцагч гэрээний хугацаанд 2,698,308 төгрөг төлснийг төлбөл зохих үндсэн хүү 8,151,481 төгрөгөөс хасч, гэрээний хугацааны эцэст төлөгдөөгүй хүү 5,453,173 төгрөгийн 20 хувиар тооцогдох 1,090,634 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт /4,000,000+5,453,173+1,090,634/ 10,543,807 төгрөгийн зээлийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч 2024 оны 01 сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үндсэн болон нэмэгдүүлсэн хүүд хуваарилан төлүүлсэн нь хуульд нийцэхгүй тул үндсэн зээлээс хасч тооцно. Зээлийн гэрээний хугацаа дууссан 2023 оны 10 сарын 20-ны өдрөөс энэ өдөр хүртэлх 3 сарын хугацаанд 960,000 төгрөгийн үндсэн, 192,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг тооцогдсоноор хариуцагч 2024 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар /10,543,807+1,152,000-2,000,000/ 9,695,807 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэгтэй байна. Мөн хариуцагч 2024 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг төлснийг үндсэн зээл 2,000,000 төгрөгөөс хасч, энэ хугацаанд тооцогдох 10 хоногийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 74,666 төгрөгийг нэмж тооцоход хариуацгчийн төлөх дүн /9,695,807+74,666-1,000,000/ 8,770,473 төгрөг байна.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Иймээс 2024 оны 09 сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 сарын 28-ны өдөр хүртэлх 55 хоногийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү /146,333+29,333/ 175,999 төгрөгийг гэрээнд зааснаар нэмж тооцон хариуцагч *******аас 8,946,472 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч зээл олгосны шимтгэлийг зээлийн гэрээний 1.4-т зааснаар суутгаж, хариуцагчид 3,960,000 төгрөгийн зээлийг бодитой олгосныг анхан шатны шүүх талууд гэрээгээр тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, мөн нэхэмжлэгчийн нотариатын зардалд төлсөн 18,500 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй байна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэг, зардалд 8,964,972 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,872,648 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/05706 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...2,025,692 төгрөг... гэснийг 8,964,972 төгрөг гэж, ...15,910,761 төгрөг... гэснийг 8,872,648 төгрөг гэж тус тус өөрчилж,
2 дахь заалтын ...47,361 төгрөг... гэснийг 158,390 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,504 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ