| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0088/э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 84
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бд холбогдох 1930000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн харьяат, 1993 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав эмээгийн хамт Баруун-Урт сум 4 дүгээр баг Төмөртэйн 20-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр автозам дээр согтуу явахад нь зам тавьж өгөх талаар шаардлага тавьсан Д.Нтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөмсгөнд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цусан хураа, дух, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “13 дугаар дэлгүүр”-ийн тэнд согтуу явж байгаад 6072 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Наранбаатар гэж ахад зам тавьж өгөөгүй байдлаас болж маргасан... гэв.
- Яллагдагч Ц.Бгийн: Би 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим “Смайл” зоогийн газарт танил ах Түвшинбаяр ахтай хамт хоол идэнгээ 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архи хувааж уугаад 16 цаг өнгөрөөж тэндээсээ гарч яваад гэр рүүгээ явж гэртээ байж байтал Б.А гэдэг манай найз над руу утсаар ярьж намайг дуудахаар нь “Н” супермаркетийн гадаа тааралдаж тэндээ бид хоёр Төмөртэй хороолол буюу 13 дугаар дэлгүүрээс хойш байдаг Тогоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ айлд 0.75 литрийн ерөөл архи хувааж уусан. Тэгээд би архиндаа согтож тасарсан байсан. Нэг мэдсэн чинь би гэр хорооллын гудамжинд шороон зам дээр машинтай хүнтэй маргалдаж зогсож байсан. Гэтэл тэр танихгүй ах машиныхаа цонхоор миний хамар руу гараараа цохисон. Үүнээс болж би зөрүүлээд тэр ахыг машиндаа сууж байхад нь гараараа нэг удаа баруун талын хөмсөг орчим хэсэгт цохисон. Мөн машиных нь борооны хаалтыг хагалсан. Би гэр хорооллын замаар явган явж байсан юм. Гэтэл машинтай хүн намайг замаар гарахыг шаардсан юм шиг байгаа юм. Би Д.Н ахын машины борооны хаалтыг нь шинээр нь 45.000 төгрөгөөр авч өгсөн. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-20-22/
- Хохирогч Д.Нын: Би 2019 оны 04 дүгээр сарын 24-ний орой 18 цагийн орчим засварын газраас өөрийн аавынхаа гэр рүү өөрийнхөө 60-72 СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Баруун-Урт сумын 4 дүгээр баг 13 дугаар дэлгүүрийн хойд зам дээр согтуу үл таних залуутай таарсан, тэр залууг замаас гарах талаар шаардлага тавьтал над руу ирээд надтай маргалдаж байгаад гэнэт л намайг цохиод авсан. Үүнээс болж би хөмсгөндөө 5 оёдол хийлгэсэн. Мөн миний тээврийн хэрэгслийн борооны усны хамгаалалт хагарсан. Би өөрийнхөө 10 настай охинтой хамт явж байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Надад учирсан гэмтэл эдгэрч байгаа. Хийлгэсэн оёдлоо өчигдөр авахуулсан. Миний машины броооны усны хамгаалалт хэдэн төгрөгний үнэтэй талаар сайн мэдэхгүй байна. Шинээр 4 ширхэг хос нь 40.000-50.000 төгрөг байдаг байх. Ц.Б нь миний машины борооны хаалтыг шинээр авч өгсөн. Надад өөр нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн. Шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-5-7/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-11/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дугаартай дүгнэлтэнд: 1. Д.Нын биед зүүн хөмсгөнд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цусан хураа, дух, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. 3. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлээр зүйлээр үүсгэгдэх боломжтой. 4. Зүүн хөмсгөнд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цусан хураа нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл нь тус бүрдээ 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 12 /
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4/233 дугаартай тодорхойлолт /хх-23/
-Ц.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-24/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоол /хх-26-32/
-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол.№14 /хх-42/
- Ц.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 05 дүгээр сарын 08-ны өдрийн 45 дугаартай санал /хх-43/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний оройн 18.00 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 4 дүгээр багийн нутаг 13 дугаар дэлгүүрийн хойд талын автозам дээр явахдаа зам тавьж өгөх талаар шаардлага тавьсан иргэн Д.Нтай маргалдан, түүний машины борооны усны хамгаалалтыг хагалан, улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн хөмсгөнд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цусан хураа, дух, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Ц.Бгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Н нарын мэдүүлгүүд, 2019.04.24-ний Яаралтай тусламжийн хуудас Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ зам чөлөөлөх тавьж өгөх шаардлага тавьсан иргэн Д.Нтай маргалдан, машиных нь борооны усны хамгаалалтыг хагалан, түүний нүүрэнд тус газар цохиж зодсон үйл баримт тогтоогдоно.
Энэ нь хохирогч Д.Нын “ Би 2019 оны 04 дүгээр сарын 24-ний орой 18 цагийн орчим өөрийнхөө 60-72 СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Баруун-Урт сумын 4 дүгээр баг 13 дугаар дэлгүүрийн хойд зам дээр согтуу үл таних залуутай таарсан.Тэр залууг замаас гарах талаар шаардлага тавьтал над руу ирээд надтай маргалдаж байгаад гэнэт л намайг цохиод авсан. Үүнээс болж би хөмсгөндөө 5 оёдол хийлгэсэн. Мөн миний тээврийн хэрэгслийн борооны усны хамгаалалт хагарсан “ гэх,
шүүгдэгч Ц.Бгийн “ Би 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим “Смайл” зоогийн газарт танил ах Түвшинбаяр ахтай хамт хоол идэнгээ 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архи, 16 цагийн үед Б.А гэдэг найзтайгаа 13 дугаар дэлгүүрээс хойш байдаг Тогоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ айлд 0.75 литрийн ерөөл архи хувааж уусан. Тэгээд би архиндаа согтож тасарсан байсан. Нэг мэдсэн чинь би гэр хорооллын гудамжинд шороон зам дээр машинтай хүнтэй маргалдаж зогсож байсан. Гэтэл тэр танихгүй ах машиныхаа цонхоор миний хамар руу гараараа цохисон. Үүнээс болж би зөрүүлээд тэр ахыг машиндаа сууж байхад нь гараараа нэг удаа баруун талын хөмсөг орчим хэсэгт цохисон. Мөн машиных нь борооны хаалтыг хагалсан. Би гэр хорооллын замаар явган явж байсан юм. Гэтэл машинтай хүн намайг замаар гарахыг шаардсан юм шиг байгаа юм “ гэх,
шинжээчийн 229 дугаартай “Д.Нын зүүн хөмсгөнд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цусан хураа, дух, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” дүгнэлт зэргээр хэрэгт хөтөлбөргүй нотлогджээ.
Ц.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ц.Бгийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нт хөнгөн хохирол учирсан боловч тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй талаараа “ Ц.Б нь миний машины борооны хаалтыг шинээр авч өгсөн. Надад өөр нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн“ гэж хэрэгт мэдүүлжээ.
Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Ц.Бгийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Ц.Бгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц.Бд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ц.Б нь эцэг, эмээ нарын хамт амьдардаг, ажил төрөл эрхэлдэггүй зэрэг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтооно.
Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан Ц.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Б дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ялтан Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН