Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 27

 

 

Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар, иргэний хариуцагч Ц.Ш, түүний өмгөөлөгч Л.Батжав, иргэний хариуцагч Б.Оэ, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү, иргэний хариуцагч Т.А-гийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, иргэний хариуцагч М.А, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээр магадлалтай, Ц.Д-д холбогдох 1926000780119 тоот эрүүгийн хэргийг иргэний хариуцагч Б.Оэ, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү, иргэний хариуцагч Ц.Ш, түүний өмгөөлөгч Л.Батжав, Ц.Хонгорзул нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ц.Д.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 2019 оны 01 сарын 31-ний өдрийн хооронд “мөнгө зээлж өдөрт нь, өндөр хүүтэй эргүүлж өгнө” гэж хуурч С.Маас 5,336,000 төгрөг, Ц.Бээс 5,440,000 төгрөг, С.Боос 22,223,300 төгрөг, А.Доос 5,366,000 төгрөг, Б.Маас 1,750,000, Б.Жаас 10,000,000 төгрөг, Б.Гос 15,740,000 төгрөг, Ш.Ггээс 24,950,000 төгрөг, Б.Таас 11,850,000 төгрөг, Б.Эаас 11,090,000 төгрөг, Б.Боос 12,850,000 төгрөг, Х.Лоос 11,300,000 төгрөг, Л.Таас 7,900,000 төгрөг, Ц.Ааас 5,700,000 төгрөг, Э.Шаас 23,800,000 төгрөг, Л.Оаас 8,530,000 төгрөг, О.Оээс 6,920,000 төгрөг, Г.Гаас 14,038,500 төгрөг, Т.Дгээс 10,478,000 төгрөг, А.Мгаас 1,640,000 төгрөг, Ж.Сос 4,277,000 төгрөг, Н.Өаас 9,928,500 төгрөг, Д.Дгээс 15,255,700 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 246,363,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дыг 3 жил, 2 capын хугацаагаар хорих ялаар шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т.Агаас 5,500,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Тд, 5,500,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бод, иргэний хариуцагч Б.Оээс 6,350,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Тд, 7,350,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бод, 5,336,000 төгрөг гаргуулж хохирогч С.Мд, 5,440,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бэд, 5,160,000 төгрөг гаргуулж хохирогч А.Дт, 1,750,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мт, 10,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Жд, 8,530,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Оад, 5,700,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ат, 7,900,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Тад, иргэний хариуцагч Ц.Шоос 26,087,500 төгрөг гаргуулж хохирогч С.Бт, 15,657,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гд, 23,850,000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Гд, 10,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эт, 11,300,000 төгрөг гаргуулж хохирогч С.Лид, 23,800,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Шт, 2,440,000 төгрөг гаргуулж хохирогч О.От, 14,038,500 төгрөг гаргуулж хохирогч Г.Гт, 10,478,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Дд, 1,640,000 төгрөг гаргуулж хохирогч А.Мд, 15,255,700 төгрөг гаргуулж хохирогч Д.Дд, 10,071,500 төгрөг гаргуулж хохирогч Н.Өад, 5,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.Нт, 700,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Бд, 6,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Лхамсүрэнд тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Дгээс гаргасан 32,280,000 төгрөгийн нэхэмжлэлээс 21,802,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Оээс 223,000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Шоос 32,386,800 төгрөг, иргэний хариуцагч М.Аоос 19,412,600 төгрөг, иргэний хариуцагч Б.Лгээс 500,000 төгрөг, иргэний хариуцагч С.Паас 200,000 төгрөг, иргэний хариуцагч Л.Ггээс 800,000 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Наас 120,000 төгрөг, иргэний хариуцагч Л.Дгаас 20,000 төгрөг, иргэний хариуцагч Г.Таас 10,000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Ц.Ш болон иргэний хариуцагч Б.Оэ, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч Б.Оэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх, “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаар шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл мөрдөн байцаалтын явцад цугларсан анхан шатны нотлох баримтын хүрээнд аудитын дүгнэлт гаргуулаагүй, “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн шинжээчид зөвхөн Ц.Дын Хаан банкны 5561124227, 5561240629 тоот дансанд үзлэг хийж, хэрэгт хамааралтай бусад этгээдийн дансны хуулганд үзлэг хийлгүй орхигдуулсан. “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2019 оны 87 дугаар шинжээчийн дүгнэлт нь аудитын цогц дүгнэлт биш, зөвхөн Ц.Дын дансанд үзлэг хийсэн дансны дүгнэлт байдаг. /Хавсралт-2 ...Ц.Дын дансны хуулгаар гарсан гүйлгээний түүвэр/ Энэ тухай тус компанийн салбарын захирал Д.Дашзэвэг цагдаад гаргасан тайлбартаа “Ц.Дтай харьцсан бүх данс хоорондын орлого, зарлагын гүйлгээгээр өгсөн авсан мөнгөний зөрүүг тооцон гаргалаа” хэмээн тодорхой бичсэн байгаа. /3-р хх 185 хуудас/ Мөрдөгч “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн дүгнэлтийг танилцуулах үед “Анхан шатны нотлох баримтад үндэслээгүй, илт нэг талыг барьсан дансны дүгнэлт” гэж үзэн иргэний хариуцагчаар татсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, гарын үсэг зурахаас татгалзсан. /3-р хх 177 хуудас/

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хяналгүй зөвхөн “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн дансны дүгнэлтийг үндэслэн Ц.Дын данснаас Б.Оийн данс руу орсон орлогын дүнгийн зөрүү 63,945,000 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон. /3-р хх 189 дүгээр хуудас/ Гэтэл Б.Оэ энэ мөнгийг төлөх нь үнэн зөв эсэх, үнэхээр иргэний хариуцагч мөн эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх, аудитын компанийн гаргасан дансны дүгнэлтээр иргэний хариуцагчаар тогтоох үндэслэлтэй эсэх зэрэг асуудлуудыг “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн шинжээчдээс эцсийн байдлаар асууж тодруулалгүй, шалгаж тогтоолгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсний улмаас шүүгдэгч болон хохирогчдод давуу талтай, миний хувьд иргэний хариуцагчаар тогтоогдох үндэслэл бий болсон.

“Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн шинжээчид Ц.Дын Хаан банкны 5561124227, 5561240619 тоот данс болон миний 5540326066, 5560185178 тоот данс хоорондын орлого, зарлагын гүйлгээний зөрүүг тооцон дүгнэхдээ анхан шатны нотлох баримтад үндэслээгүйн /3хх-189/ улмаас дараах хоёр хөдөлшгүй нотлох баримттай тооцоог орхигдуулсан. Үүнд, Ц.Дын Хаан банкны 5561124227, 5561240629 тоот данснаас Б.Оэ миний эзэмшлийн 5540326066, 5560185178 тоот данс хоорондын дансны орлогын гүйлгээний дунд бараа материалын орлогын гүйлгээ болох 34,428,000 төгрөгийг хасаагүй. Тус орлогын гүйлгээ нь Хаан банкны дансны хуулга болон орлогын гүйлгээний утгаар нотлогддог.  /7-р хх 201-203/ Мөн Д нь анхан шатны шүүх хурлын үеэр Б.Оийн барааг зарж өгдөг байсан хэмээн мэдүүлдэг. Ц.Д нь Б.Оэ миний Хаан банкны 5540326066 тоот данс бүхий картыг ашиглан АТМ-аас 39,306,500 төгрөг бэлнээр авсныг орхигдуулсан. Иймд “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар 17-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дансны дүгнэлтээр гарсан 63,945,000 төгрөгөөс дээрх мөнгийг нотлох баримтад үндэслэн хасч өгнө үү.

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Б энд С аудит” ХХК-ийг шинжээчээр томилон Б.Оэ миний Хаан банкны 5540326066 тоот дансанд үзлэг хийлгэн дүгнэлт гаргуулсан. /4-р хх 28/ “Б энд С аудит” ХХК-ийн шинжээч хавтаст хэргийн хүрээнд цугларсан анхан шатны нотлох баримтыг үндэслэн дансны дүгнэлт гаргасан байдаг. /4-р хх 31-191/ Уг дүгнэлтэд “1. Б.Оийн харилцах данснаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ц.Дын АТМ-аас авсан бэлэн мөнгөний тооцоо 26,726,500 төгрөг Ц.Даас авах” гэж /4-р хх-190/, “2. Ц.Дын дансаар дамжуулаагүй зээлдэгчийн дансанд Б.Оийн данснаас гүйлгээ хийж зээлүүлсэн зээлийн орлого, зарлагын тооцоо 44,131,776 зөрүүг Ц.Даас авах” гэж /4-р хх 191/, “3. Б.Оийн Хаан банкны 5540326066 данс, Ц.Дын Хаан банкны 5561240629 дансны орлого, зарлагын тооцоо 4,485,000 төгрөг Ц.Даас авах” гэж /4-р хх 187/ тус тус дүгнэсэн тул Б.Оэ миний эзэмшлийн 5540326066, 5560185178 тоот данс, Ц.Дын Хаан банкны 5561124227, 5561240629 тоот данс хоорондын орлого, зарлагын мөнгөн дүнгийн зөрүүгээс дээрх 75,343,276 төгрөгийг хасч тооцохоор байна.

“Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК болон “Б энд С аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийн мөнгөн дүн хоорондоо маш их зөрүүтэй байхад бусдын эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг нягтлалгүй зөвхөн Ц.Дын дансанд үзлэг хийсэн “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн дансны дүгнэлтээр иргэний хариуцагч гэж шүүхийн тогтоол, магадлал гаргасан нь илт нэг талыг барьж, бодит үйл баримтыг тусгалгүй шүүгдэгч болон хохирогчдын эрх ашгийн төлөө шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Хэрэгт хайхрамжгүй хандаж, хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг үндэслэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлж, бусдын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа учир шүүхийн тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК болон “Б энд С аудит” ХХК-ийн шинжээчдийн дансны дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгааг харгалзан үзэж мэргэжлийн шүүх шинжилгээний байгууллагаар анхан шатны нотлох баримтад үндэслэн эцсийн байдлаар дахин дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай.

Мөн “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн шинжээчдийг анхан шатны шүүх хуралд оруулаагүй нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, миний хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Энэ хэрэгт иргэний хариуцагч биш, харин ч энэ хугацаанд нэр хүнд, сэтгэл санаа, санхүү, эрүүл мэндээрээ хохирсон хохирогч тул шүүх шударга ёсны зарчмыг баримтлан гомдлыг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч Б.Оийн өмгөөлөгч Р.Шүрхүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний 2022/ДШМ/61 дүгээр магадлалаар иргэний хариуцагч Б.Оэд гэм хорын хохирол хариуцуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүхээс Ц.Дыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай”-д тооцож шийдвэрлэсэн. Гэтэл, Б.Оэ нь Ц.Дтай нэг айлын бэрүүдийн хувьд “Мөнгийг чинь өсгөж өгнө” гэсэнд нь итгэж өөрийн картаа ашиглуулан их хэмжээний мөнгө шилжүүлэн өгсөн. Энэ байдлаараа Б.Оэ Ц.Дын хохирогч болсон. Гэтэл шүүх иргэний хариуцагчаар тооцож нэр бүхий 10 хүнд 63,945,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөнд... учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байдаг. Дээр дурдсан хүмүүсээс нэг нь ч Б.Оэтэй уулзаж, мөнгө авч, өгч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд эдгээр хүмүүстэй Б.Оэ ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр холбогдоогүй, шалтгаант холбоогүй байна. Ц.Д нь Б.Оээс залилж авсан мөнгөөрөө тэдгээр хүмүүст хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ гэм буруутайд тооцогдсон тул үүний улмаас учруулсан хохирлыг Ц.Д хариуцах байтал огт хамааралгүй Б.Оээс хохирогч нарт 63,945,000 төгрөг гаргуулж хуулийг буруу хэрэглэсэн. Иймд Б.Оээс гаргуулсан мөнгийг Ц.Даас гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч Ц.Ш, түүний өмгөөлөгч Л.Батжав нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Л.Батжав шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ц.Дд холбогдох 1926000780119 дугаартай эрүүгийн хэрэгт Ц.Шыг иргэний хариуцагчаар татаж нийт 208,705,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 43/1731 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу гэх хавтаст хэргээс Ц.Дын Хаан банк дахь 5561124227 тоот харилцах дансны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх бүх орлого, зарлагын гүйлгээг түүвэрлэн харилцагч бүрийн шилжүүлэн өгсөн болон данс руу нь шилжүүлсэн мөнгөн дүн, өгсөн авсан мөнгөний зөрүү зэрэг Дтай харьцсан 153 дансны 6,763,918,500 төгрөгийн гүйлгээ, 295 дансны 6,747,279,200 төгрөгийн зарлагын гүйлгээг “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК шалгаж 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 87 дугаартай албан бичгээр хэрэгт өгсөн баримт дээр тулгуурлан шийдвэрлэсэн байна. Тус компанийн шалгалтын дүнгээр Ц.Ш, Ш.Б нарын хамтран эзэмшлийн Хаан банкны 5540450389 дугаарын дансаар Ц.Дын данс руу 1,862,245,000 төгрөг орж, 2,066,140,000 төгрөг буцаж шилжиж, улмаар 203,895,000 төгрөгийн зөрүү буюу Ц.Ш нь Ц.Дд өглөгтэй гэж, харин Ц.Шын Хаан банкны 5561213684 дугаарын дансаар 182,920,000 төгрөг орж, 187,730,000 төгрөг буцаж шилжиж улмаар 4,810,000 төгрөгийн зөрүү буюу Ц.Даас авлагатай гэж гарчээ.

Нэгд: Энэ нь зөвхөн Ц.Дын 5561124227 тоот дансанд орж, гарсан гүйлгээний дүнгээр баталгаажуулсан дүн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Ц.Д нь залилан мэхлэх үйлдэлдээ зөвхөн Хаан банкны 5561124227 тоот дансыг бус өөрийн Хаан банкны 5561240629 тоот дансыг ашиглаж байсан. Түүнчлэн иргэний хариуцагч Ц.Ш нь охин Ш.Бтэйгээ хамтран эзэмшдэг Хаан банкны 5540450389 тоот данс, Ц.Шын өөрийн эзэмшлийн Хаан банкны 5561213684 тоот дансыг давхар шалгаагүй нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт үндэслэлгүй мөнгө төлөх үүрэг ногдоход хүргэжээ. Эдгээр дансыг шалгаж үзсэн бол Ц.Дын данс руу 2,286,760,000 төгрөгийн орлого орж, 2,267,150,000 төгрөгийн зарлага гарч, зөрүү 19,610,000 төгрөг болж байгааг үнэн зөвөөр тогтоох байсан. Энэ нь ганц Ц.Дын дансыг шалгаж, иргэний хариуцагч Ц.Шын 2 дансыг шалгаагүйтэй холбоотой. Иймээс “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-д хандан дансны гүйлгээг давхар шалгуулж уг дүнг гаргуулсан бөгөөд тус компаниас 2022 оны 12 сарын 11-ний өдрийн 144 тоот албан бичгээр “...2019 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр манай “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбар нь зөвхөн Ц.Дын Хаан банкны дансны хуулгаар орлого, зарлагын гүйлгээг түүвэрлэж зөрүүг тооцож өгсөн. Зөвхөн бидний гаргаж өгсөн нэг хүний дансны орлого, зарлагын зөрүүгээр хүмүүсийн буруу зөвийг шийдэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Ул үндэстэй үнэн зөв шийдвэр гаргахын тулд Ц.Дтай тухайн хугацаанд харьцаж байсан бүх хүмүүсийн дансыг шалгах шаардлагатай” гэж, 5 хавсралт бүхий зөрүүг тооцсон баримтын хамт өгсөн болно. /Үүнийг хавсаргаж өгөв/

Хоёрт: 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд /4-р хх 235/ Ц.Д нь “...Шын охин Бгийн 5540450389 гэсэн данснаас өөрийн эзэмшлийн данс руу орж, гарсан зөрүү 203,895,000 төгрөг байгаа. Үүнийг шалгуулах хүсэлтэй” гэсэн байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” гэснийг зөрчиж хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

Гуравт: ... виза картыг нь ашиглан бэлнээр авсан мөнгөн дүн болон бусад байдлаар өгсөн мөнгийг тооцон гаргаж, шалгаагүй. Уг мөнгөнөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дгийн 12,320,000 төгрөгийн авлагад Дгийн дүү Янжмаагийн 5564104648 тоот дансанд 10,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дгийн дүү Баасандуламын 5561194422 тоот дансанд 700,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 260,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, үлдэгдэл 60,000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Ц.Ш нь Ц.Дд виза картуудаа өгөхөөс өмнө 5540450389 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,970,861,4 төгрөг байсан. Ц.Шын 5561213684 дугаарын дансанд 4,600,988 төгрөг байсан боловч ATM-аас Ц.Д нь 22,750,000 төгрөг гаргаж авсныг шалгаагүй. /Хүснэгт хавсаргав/. Мөн Ц.Шын Хас банкны 5002205514 тоот дансаар Ц.Д 2,000,000 төгрөг бэлнээр авхуулсан. Уг мөнгөн дүнгүүдээр Ц.Ш нь өглөгтэй, иргэний хариуцагч биш харин 17,460,000 төгрөгийн авлагатай хохирсон гэдгийг огт шалгаагүй. /7-р хх 59-106/

Дөрөвт: Уг хэрэгт Ц.Ш нь 208,705,000 төгрөгийн хохирлыг хариуцах болсон ганц үндэслэл нь “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-аас Ц.Дын дансыг шалгасан тухай 2019 оны 87 тоот албан бичиг юм. Гэтэл 12 хавтаст хэрэгтэй танилцахад “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ДШМ/61 дүгээр магадлалын иргэний хариуцагч Ц.Шын төлөх үнийн дүнтэй хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Иргэний хариуцагч Ц.Шын өмгөөлөгч Ц.Хонгорзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч Ц.Ш-оор 208,705,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирогч нарын мэдүүлгээр Ц.Д болон иргэний хариуцагч Т.А нарын дансанд мөнгөө шилжүүлсэн, тэднээс хохирлоо гаргуулах саналтай байгаагаа хэлдэг. Эдгээр мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр няцааж байгаа, ямар үндэслэлээр Ц.Шоос гаргуулахаар шийдвэрлэснээ шийтгэх тогтоол, шүүхийн магадлалд дүгнээгүй. Зөвхөн шүүгдэгч Ц.Дын дансанд аудитын дүгнэлт хийгдсэн бөгөөд хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой цуглуулж бэхжүүлээгүй. Иргэний хариуцагч нарын дансанд аудитын дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьсан нотлох баримтаар шийдвэрлэсэн нь иргэний хариуцагч Ц.Шыг бусдад үндэслэлгүйгээр хохирол төлбөр төлөхөд хүргэж байна. Ц.Дын дансанд аудит хийлгэхдээ “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийг шинжээчээр томилох тогтоолгүй, шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Ц.Шын дансанд аудитын дүгнэлт хийлгүй, дансны хуулгыг ч үзээгүй тул бид Ц.Шын дансанд аудитын дүгнэлт хийлгэхэд Ц.Д нь Ц.Шын данснаас бусад хүмүүс рүү мөнгө шилжүүлж гаргасан нь тодорхой харагддаг. Иймд хяналтын шатны шүүх Ц.Шын бусдад төлөх төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч Ч.Алдар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ц.Ш, Т.А, Б.Оэ нар Ц.Дыг ажилтнаар авч ажиллуулсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэх, аудитын дүгнэлт бодитой эсэх асуудал давж заалдах шатны шүүхэд яригдсан ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг үндэслээд хэргийг анхан шатны шүүхэд буцаасныг дурдах нь зүйтэй. Ц.Ш, Б.Оэ нар гэнэт иргэний хариуцагчаар татагдсан зүйл байхгүй. Учир нь тэд өдрийн зээлээр мөнгө хүүлдэг байсан бөгөөд зээлдэгчид өдрийн хүүг Ц.Дд өгдөг байсан. Хэрэв 3 хоногийн дараа мөнгөө өгвөл 2 хоногийн хүүг Ц.Даас шаардаж авдаг байснаас Ц.Д өөрөө орох оронгүй, машингүй болж ял эдэлж байна. Өнөөдөр 25 хохирогч биш зөвхөн иргэний хариуцагч нар гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх. Хохирогч нар тухайн үеийн бодит байдлыг мэдэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба энэ нөхцөл байдлыг ойлгож байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Иргэний хариуцагч Т.А-гийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан эрх, үүргийн хүрээнд өмгөөлөгчөөр ажиллаж байна. Анхан болон заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Учир нь хяналтын журмаар гаргасан гомдолд хэрэгт авагдаагүй баримтуудыг дурдсан байна. Энэ хэргийг 3 жилийн хугацаанд мөрдөн шалгах явцад гомдолд дурдсан баримтуудыг шинжлэн судлуулах боломж байсан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх асуудал яригдаагүй гэв.

 

Иргэний хариуцагч М.А хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ц.Д нь миний итгэлийг олж, хуурч мэхлэн надаас мөнгө авсан. Би түүнд мөнгө өгөхийн тулд бусдаас зээл авч хохирсон. Ц.Д надаар дамжуулж зээлж авсан мөнгөө төлөөгүйн улмаас “Транскапитал” ББСБ, хувь хүнээс хүүтэй мөнгө, Төрийн банкнаас цалингийн зээл авч Ц.Дд өгч байсан. Тухайн үед өгч байсан бүх мөнгийг өөрөө төлж барагдуулсаар явна. Миний хувьд маш их хохирсон. Т.Д нь надаар дамжуулан Ц.Дд мөнгө өгсөн. Мөн Ц.Д, Т.Д нар хамтарч бусдад зээлж хохироож ажилласан байдаг. Тэр мөнгийг хүртэл Т.Д авч намайг хохироосон. Дээрх мөнгөнүүдийг би Т.Д, Ц.Д нарын өмнөөс төлж хохирсоор байгаа. “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ц.Д нь миний дансаар мөнгөн дүнг гаргасан. Гэтэл миний хувьд 19,412,600 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн зүйлгүй. Тухайн мөнгийг Ц.Д авсан ба хувьдаа 2-3 данс ашигладаг байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх үнэн шударгаар хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, шударгаар ажиллаагүйд туйлын гомдолтой байна. Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн шийдвэрийг хүлээн авч чадахгүй. Өнөөдрийг хүртэл цагдаа, шүүхийн байгууллагад итгэж найдаж ирсэн. Миний хувьд хохирогч байтал иргэний хариуцагч болж байгаад туйлын гомдолтой байна. Эрхээ хамгаалуулах гээд өмгөөлөгч авсан боловч туслаагүй. Иймд миний өмгөөлөгчид итгэх итгэл найдвар үгүй болсон. Миний эрхийг хамгаалж үнэн шударгаар хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Д нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар өндөр хүү өдөрт нь өгөхөөр амлаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан нийт 24 хохирогчид 248,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хариуцагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс “Шүүх дансыг бүрэн шалгаагүй дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, хохирсон хүмүүсийг иргэний хариуцагчаар татаж төлбөр хариуцуулсан” гэсэн агуулга бүхий гомдлууд гаргажээ. Шүүгдэгч Ц.Д иргэний хариуцагч нарт өндөр хүү амлаж өөрсдөөс нь болон бусдаас мөнгө авхуулж, заримынх нь картыг ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Иргэний хариуцагчаар татагдсан иргэд нь Ц.Дтай хамтарч залилсан үйлдэл тогтоогдоогүй, худал ярьж байгааг мэдээгүй нь тэдний өөрсдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас ашиг олсон иргэний хариуцагч нар нь хохирогчдод төлбөрийг төлөх үүрэгтэй. Харин иргэний хариуцагч Ц.Ш нь өөрийн болон охин Ш.Бгийн картыг Ц.Дд өгч ашиглуулсны төлөө ашиг олсон, хувь хүртсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул Ц.Шоос төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний хариуцагч Ц.Шоос гаргуулж шийдвэрлэсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулсан өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагч Б.Оэ, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү, иргэний хариуцагч Ц.Ш, түүний өмгөөлөгч Л.Батжав, Ц.Хонгорзул нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Дд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд “мөнгө зээлдүүлсэн тохиолдолд өдөрт нь, өндөр хүүтэй эргүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар  С.Маас 5,336,000 төгрөг, Ц.Бээс 5,440,000 төгрөг, С.Боос 22,223,300 төгрөг, А.Доос 5,366,000 төгрөг, Б.Маас 1,750,000, Б.Жаас 10,000,000 төгрөг, Б.Гос 15,740,000 төгрөг, Ш.Ггээс 24,950,000 төгрөг, Б.Таас 11,850,000 төгрөг, Б.Эаас 11,090,000 төгрөг, Б.Боос 12,850,000 төгрөг, Х.Лоос 11,300,000 төгрөг, Л.Таас 7,900,000 төгрөг, Ц.Ааас 5,700,000 төгрөг, Э.Шаас 23,800,000 төгрөг, Л.Оаас 8,530,000 төгрөг, О.Оээс 6,920,000 төгрөг, Г.Гаас 14,038,500 төгрөг, Т.Дгээс 10,478,000 төгрөг, А.Мгаас 1,640,000 төгрөг, Ж.Сос 4,277,000 төгрөг, Н.Өаас 9,928,500 төгрөг, Д.Дгээс 15,255,700 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 246,363,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Дын үйлдлийг  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан 3 жил 2 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Дын “мөнгө зээлж, өдрөөр, өндөр хүү тооцож өгнө” гэсэн худал амлалтад хохирогч нар хууртан мөнгөө шилжүүлэн өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдлийн үр дүнд иргэний хариуцагчид их хэмжээний ашиг хүртсэн болох нь хохирогч, гэрч, иргэний хариуцагчдын мэдүүлэг, хохирогчдын дансны гүйлгээний хуулга болон шүүгдэгч Ц.Дтай харьцсан бүх данс хоорондын орлого, зарлагын гүйлгээг тулгаж зөрүүг тооцсон “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн тайлан зэргээр тогтоогджээ.

Тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан хүмүүс залилах гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргээс эд хөрөнгийн ашиг хүртсэн байх тул үндэслэлгүйгээр олсон орлогыг хохиролд тооцон нөхөн төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тус хуулиар хамгаалагдсан эрх ашигт учирсан үр дагавар бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болж хуульчлагдсан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үүсгэгдсэн байх гэсэн хоёр үндсэн шинжийг агуулдаг.

Гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч хуульд заасан үндэслэлээр гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг иргэний хариуцагч гэж үзэх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн өмгөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухайн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн дадлага, туршлага бүхий этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахаар хуульчилсан. Хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хууль хэрэглэхээс бусад бүх асуудлаар шинжилгээ хийлгэж болох боловч тусгай мэдлэгийн хүрээнд бус, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой нөхцөлд шинжилгээ хийх шаардлагагүй. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээ, хохирлын тооцоо, нас тогтоосон байдал зэрэг нь шинжээчийн дүгнэлтийн шинж чанарыг агуулдаггүй онцлогтой. 

“Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК нь шүүгдэгч Ц.Дын эзэмшлийн Хаан банкны 5561124227 тоот дансны 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацааны орлого, зарлага бүрийг тулган, зөрүүг тооцож гаргасныг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.  

Энэхүү тооцооллыг хийсэн арга, аргачлал, ашигласан баримт зэрэг нь санхүүгийн тусгай мэдлэг шаардахгүй, энгийн ухамсарт үйл ажиллагааны үр дүн учраас мөрдөгч, мэргэжлийн байгууллагатай хамтран гаргасан хохирлын тооцоо нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Тус тайланд Ц.Дын 5561124227, 55613400629, Ш.Бгийн 5540450389, Б.Оийн 5540326066, Ц.Шын 5561213884, М.Аын 5549023405 тоот данснуудтай хийсэн гүйлгээнүүд бүрэн хамрагдсан байна. /3-р хх 186, 187, 189, 192, 194, 208, 209, 211/    

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” тухай мөрдөгчийн тогтоолын дагуу иргэний хариуцагч Б.Оийн дансыг шалгасан “Б энд С аудит” ХХК-ийн дүгнэлтээс үзэхэд тооцоолол хийсэн арга нь өмнөх “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-тай ижил байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд “... Б.Оийн шалгагдсан хугацааны хуулгаас харахад иргэн Ц.Дын 5561124227 тоот дансанд 815435,0 мянган төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, Ц.Дын данснаас 894170,0 мянган төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. Мөн Ц.Дын 5561240629 тоот дансаар 14655,0 мянган төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж 10170,0 мянган төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна...” гэжээ.

“Б энд С аудит” ХХК-ийн дүгнэснээр иргэний хариуцагч Б.Оийн данснаас Ц.Дын дансанд нийт 830,090,000 төгрөгийн зарлага хийгдэж, 904,340,000 төгрөгийн орлого орсон ба үүний зөрүү 74,250,000 төгрөг болсноос гадна тооцоолол хийхдээ бэлэн мөнгөний зарлага болон Ц.Дын дансаар дамжуулалгүй бусдад зээл нэрээр шилжүүлсэн мөнгө зэргийг оруулан тооцсон байх тул хохирлын хэмжээг өөрчлөх үндэслэл бүхий баримт биш байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон хэмжээ хязгаарын дотор шүүгдэгч Ц.Дын гэм буруу, учруулсан хохирлын асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул “Шинжээчийн дүгнэлт дутуу, зөрүүтэй, шинжээчийг шүүх хуралдаанд оруулан мэтгэлцэх боломжоор шүүх хангаагүй, шинжилгээ хийх журмыг зөрчсөн, гэмт хэрэгт холбогдолгүй этгээдээс хохирол гаргуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн агуулга бүхий иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.  

Харин анхан шатны шүүх иргэний хариуцагчдын дансанд үлдсэн орлогыг улсын төсөвт шилжүүлсэн шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний энэ алдааг хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан магадлах үүргийн дагуу залруулаагүй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хэрэглэхээр хуульчилснаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон, эсхүл гэмт хэргийн хохиролтой тэнцэх хөрөнгө, орлогыг хураах гэсэн хоёр өөр зорилгод үндэслэсэн юм. Үүнтэй уялдан мөн зүйлийн 3 дахь хэсгээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох тухай зохицуулсан тул гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогод хамааралтай гэж ойлгоно.  

Иргэний хариуцагч нь гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмнө хариуцан арилгах үүрэг бүхий этгээд учир түүний хүлээх хариуцлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр хязгаарлагдана.

Гэтэл шүүхүүд иргэний хариуцагчаар гэмт хэргийн улмаас хохирлыг төлүүлээд зогсохгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн тодорхой хэмжээний мөнгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэж хөрөнгө, орлого хураах дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгох замаар хууль хэрэглээний алдааг залруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хариуцагч Б.Оэ, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү, иргэний хариуцагч Ц.Ш, түүний өмгөөлөгч Л.Батжав, Ц.Хонгорзул нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

     М.ПҮРЭВСҮРЭН

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

     Б.ЦОГТ