Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0059

 

О.Б, Ц.О нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 824 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Б нарын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 824 дүгээр шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” № 09/1801 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч О.Б, Ц.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь анх удаа сугалаагаар байр хожиж орон байртай болсон. Банк болон бусад хүмүүсээс зээл авч 17 сая төгрөгийн орлогын албан татвар төлсөн. Ийнхүү анх удаа орон сууцтай болсон тул 30.0 сая төгрөгийн орлогын 40 хувь буюу 12.0 сая төгрөгний татвар нь хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. Би иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүн бүр үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэсний дагуу шударгаар олж авсан бөгөөд татварын хуульд заасны дагуу татвараа шударгаар төлсөн. Татварын хуульд “Тайлант онд орлого олж татвар төлсөн иргэн бүр татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх эрхтэй” гэсний дагуу иргэн миний бие ч татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Т” ХХК нь татвар суутгагчийн хувьд орлогын албан татварын тайландаа уг орон сууцыг хэрхэн бусдад шилжүүлсэн гэж тусгасан талаарх нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бодитой шийдвэр гарах үндэслэл болсонгүй. Учир нь уг орон сууц сугалаагаар үнэгүйгээр биш, худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрх нь шилжсэн баримт шүүхэд ирсэн. Уг гэрээгээр 100.0 мянган төгрөгний татвар төлсөн. Эд хөрөнгийн улсын бүртгэлээр энэ нь нотлогдож байна. Уг баримтыг гаргуулсны дараа хэргийг бодитой шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Нэхэмжлэгч О.Б, Ц.О нар нь Татварын ерөнхий газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09/1801 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Ц.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч О.Б-ийн тухайд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болохыг анхаараагүй нь буруу байна.

          Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна: 8.1.8 “төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого”, 22 дугаар зүйлийн 22.1.3-т “төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Энэ хуулийн дараахь зүйл, заалтад дурдсан орлогод дор дурдсан хувь, хэмжээгээр тооцож албан татварыг тусгайлан ногдуулна: 23.2.3 “энэ хуулийн 22.1.3-т заасан орлогын дүнд 40 хувиар” гэж заасан тул нэхэмжлэгч Ц.О-ын “Т к” ХХК-с зохион байгуулсан “Голден пойнт” урамшуулалт хөтөлбөрийн супер азтанаар шалгарч авсан 1 өрөө орон сууц нь албан татвар ногдох орлогод хамаарах ба уг орлогын дүнд 40 хувиар татвар ногдуулсан нь хуульд нийцжээ.

Харин Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 16 дугаар зүйлд тодорхойлсон албан татвараас чөлөөлөх орлогод дээрх сугалаагаар хожсон орон сууц хамаарахгүй. Тодруулбал,

Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого” гэж заасны гол урьдач нөхцөл нь 1/ Амьдран суух зориулалтаар анх удаа байх, 2/ Өөрөө шинээр бий болгож барьсан юмуу худалдаж авсан байх шаардлага тавигдсан гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтын гол үзэл баримтлал нь иргэдээ орон байртай болоход төрөөс дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн нийгмийн бодлогыг хангаж хувь хүний өөрийн орлогын тодорхой хувийг албан татвараас чөлөөлөх агуулгыг илэрхийлсэн гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч Ц.О-ын сугалаагаар хожсон орон сууц нь хувь хүний өөрийн орлогод хамаарч анх удаа амьдран суух зориулалттай байх шаардлагыг хангаж болох ч тухайн орон сууцыг барих, худалдаж авахад зарцуулсан орлого гэж үзэхгүй.  

         Нөгөөтэйгүүр, хувь хүнд аз таарч сугалаагаар хожсон эд зүйл нь тухайн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой болон өөрийн эзэмшил, өмчлөлд байх эд хөрөнгөтэй холбоотойгоор олсон орлого биш учраас ногдох албан татварын хэмжээ нь өндөр байдаг бөгөөд татвараа төлөөд үлдсэн нь хувь хүний цэвэр орлого болно.

         Иймд хувь хүний орлогын албан татварт төлсөн 17,0 сая төгрөгийг орон сууц худалдан авахад зарцуулсан орлого гэж үзэхгүй, 30,0 сая төгрөгийн 40 хувиар тооцон 12 сая төгрөгийн татвар нь хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөнө гэж ойлгох боломжгүй тул нэхэмжлэгчийн “татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

         Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.О нь “Т к” ХХК-с зохион байгуулсан хөтөлбөрийн супер азтанаар шалгарч сугалаагаар орон сууц хожсон нь тодорхой нотлогдсон учраас худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан үйл баримт, уг орон сууцыг бусдад шилжүүлснээ “Т к” ХХК албан татварын тайландаа хэрхэн тусгасан зэрэг нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

         Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөх үндэслэл нь шалтгаант холбоо бүхий этгээд эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч О.Б нь дээрх орон сууцыг сугалаагаар хожоогүй, татвар төлөгч нь биш, уг орон сууцны хууль ёсны эзэмшигч биш тул Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09/1801 дугаар албан бичиг О.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр О.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч Ц.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 824 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” № 09/1801 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг, нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                                         Э.Лхагвасүрэн    

     ШҮҮГЧ                                                                         О.НОМУУЛИН