Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/0103

 

Г.С-ын нэхэмжлэлтэй,

Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Х.Батсүрэн

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      М.Батсуурь

                                        П.Соёл-Эрдэнэ 

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0527 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0497 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч Г.С-оос Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 21,929,373 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Нэхэмжлэгч Г.С нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан шүүгчийн өндөр насны тэтгэврийн нэг удаагийн тэтгэмж болох 100,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

2.1.Өмнө нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0041 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байна.

2.2.Энэхүү шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/150 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0041 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид дутуу олгосон тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасан байна.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний бие хуульд заасны дагуу төрөөс авах ёстой нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ бүрэн авч чадахгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйн улмаас хохирч байна. ... Нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байхад тэтгэмжийн зөрүү олгохгүй өндөр настан намайг хохироож байна” гэжээ.

4.Хариуцагчаас “... шийдвэрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.С-ын данс руу 38,550,627 төгрөгийг шилжүүлэн олгосон” гэж маргаж байна.

 Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0527 дугаар шийдвэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46.2, 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1, 103.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 21,929,373 төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0497 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч-ээс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/0021, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2024/0053 дугаар тогтоолд шүүгчийг тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийг албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцон олгохоор дүгнэсэн.

7.2.Дээрх аргачлалын дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Г.С-ын авч байсан албан тушаалын үндсэн цалин, онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн дүнг оруулан тооцоход 1 сарын дундаж цалин 3,870,850.83 мөнгө гарч байгаа бөгөөд үүнийг 36 сарын хугацаагаар тооцоход 139,350,630 төгрөгийг тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжид олгохоор тооцоо гарсан байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0041 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/150 дугаар магадлалыг үндэслэн 38,550,627 төгрөг олгож, нэхэмжлэгч Г.С-т нийт 139,350,630 төгрөг буюу тэтгэвэрт гаргахад олгох тэтгэмжийг бүрэн олгоод байна.

7.3.Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь дээр дурдсан үндэслэл, дүгнэлтийн дагуу хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны байх зарчимд нийцээгүй байх тул гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Нэхэмжлэгч Г.С нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.

11.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан шүүгчийн өндөр насны тэтгэврийн нэг удаагийн тэтгэмж болох 100,800,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Г.С нь дутуу тэтгэмжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

12.Шүүхийн ерөнхий зөвлөл Г.С-ын нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд нэхэмжлэгч Г.С т 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 38,550,627 төгрөгийг шилжүүлсэн байна.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн сарын дундаж цалингийн хэмжээг хэрхэн тооцох тухай байна.

13.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тусгажээ. Тус зүйлд заасан “дундаж цалин”-ийн бүрэлдэхүүн нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэх талаар Ж.Д ба ШЕЗ, УДШ (Захиргааны хэргийн танхим) 2024.02.19, ХТ-21 тогтоолд тухайлан дүгнэсэн байна.

14.Харин, “дундаж цалин”-г тооцох хугацааны талаар О.Н ба ШЕЗ, УДШ, (Захиргааны хэргийн танхим) 2024.05.06, ХТ-53 тогтоол нь “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам нь энэ тохиолдолд төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ болох бөгөөд уг журмын 2.1-д төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо сүүлийн 3 жилийн цалингийн дунджаар сарын дундаж цалин-г тооцохоор тогтоосныг энэ тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг хэрэглэж сүүлийн 3 жилээс цалингийн дунджийг тооцох талаар дүгнэжээ.

15.Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтын хүрээнд батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримталж дундаж цалин хөлсийг сүүлийн гурван сараас тооцож зөрүүг олгохоор байна гэж дүгнэсэн нь дээрх тогтоолын дүгнэлтээс зөрүүтэй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

16.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгчийн төрийн алба хаахтай холбоотой Монгол Улсын шүүхийн тухай хуульд тухайлан зохицуулаагүй харилцаанд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэнэ. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын “3 жилийн дундаж”-аар тооцох зохицуулалт нь шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой харилцаанд хэрэглэгдэхээр байна.

17.Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын агуулга, үйлчлэх хүрээ нь шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах харилцаатай хамааралгүй болох нь журмын 2.3-т зохицуулсан харилцаанаас тодорхой харагдаж байна.

18.Иймд “дундаж цалин”-г сүүлийн гурван сараас тооцох үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0527 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0497 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ын “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 21,929,373 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              М.БАТСУУРЬ

          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                          Ц.ЦОГТ