Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04723

 

2016 оны 07 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04723

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 32 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ХГ61070552, 54 настай, эмэгтэй, Төөхөр овогт Тамирын Цолмонгийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 55 нас хүрч байгаа юм. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хайгаад олоогүй. Нийгмийн даатгалын газарт хандахад Азийн Буддистуудын Энхтайвны бага хурал төрийн бус шашны байгууллагад Зүүн өмнөд Ази хариуцсан референтээр 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны хавар хүртэл ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байсан тул шүүхийн журмаар тогтоолгохыг зөвлөсөн. Иймээс намайг Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын Удирдах төвд Зүүн өмнөд Азийг хариуцсан референтээр 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны хавар хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Цолмон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд амьдардаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажлаас гарсан тушаал нь архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа нь нэхэмжлэгчид ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.

Нэхэмжлэгч Т.Цолмон нь 1984 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын Удирдах төвд Зүүн Өмнөд Ази хариуцсан реферэнтээр ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгчийн тайлбар, Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын тодорхойлолт, Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай Т.Цолмонг ажилд томилсон шийдвэр, Т.Цолмонгийн 1989 оны ээлжийн амралтын хуудас, гэрч Д.Туулын Би 1984 оны 11 дүгээр сард Азийн Буддистуудын Энхтайвны Бага хуралд ажилд орсон. Т.Цолмон нь намайг ажилд орохоос 2 сарын өмнө ажилд орсон байсан. Т.Цолмонтой 1989 он хүртэл хамт ажилласан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Амгалангийн Би Т.Цолмонтой Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын Удирдах төвд 1984-1989 он хүртэл хамт ажиллаж байсан. Т.Цолмон нь Зүүн Өмнөд Ази хариуцсан реферэнт хийдэг байсан гэсэн мэдүүлэг, гэрч нарын Азийн Буддистуудын Энх тайвны Бага хуралд ажиллаж байсан баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж, нэхэмжлэгч Т.Цолмонг 1984 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын Удирдах төвд Зүүн Өмнөд Ази хариуцсан реферэнтээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Төөхөр овогт Тамирын Цолмонг 1984 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын Удирдах төвд Зүүн Өмнөд Ази хариуцсан реферэнтээр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.МӨНХЦЭЦЭГ