| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0084/э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 83
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Хохирогч Б.Г,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Б, Ө.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ө.Н нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн 1830002970221 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Төгс цэлмүүн констракшн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цэргийн 181 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б.Б
Хоёр. Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цайрт минерал” ХХК-д үйлдвэрийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 706 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ө.Н
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” амралтын газарт иргэн Б.Гийн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн үрэвсэл, эмгэгшил, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, салстын доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Ө.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” амралтын газарт иргэн Б.Гийг хамар орчимд нь өшиглөж эрүүл мэндэд нь “хамрын баруун хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Н” амралтын газарт хохирогч Гийг өшиглөж, хамарт нь хөнгөн хохирол учруулсан. Хамгийн сүүлд баруун талаас нь нэг өшиглөсөн. Г гараараа нүүрээ дараад доошоо хараад хэвтэж байсан. Тухайн үед согтуу байсан. Тэнд байсан хүмүүс бүгд согтоод муудсан байсан. Хохирогчийн хохиролд 2,000,000 төгрөг өгсөн, одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гийг танихгүй,тухайн өдөр л таарсан Өөрийн үйлдэлдээ харамсаж байна...гэв.
- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 28-нд Тийн хуримд орохоор Улаанбаатар хотоос ирсэн. Хурим шөнийн 12 цагт дууссан. Хурим тараад “Н” амралтын газарт очиж, араас ирэх хүмүүсийг хүлээгээд сууж байхад Г гаднаас орж ирээд архи байна уу? гэж асууж маргаан эхэлсэн. Би өмнө нь Гтай Улаанбаатар хотод нэг удаа уулзаж байсан учраас Гийг одоо больчих гэж хэлсэн. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас халамцуу байсан. Гтай маргаан үүсгэж, Гийг би нэг удаа цохиход Тө боль гээд, Х Гийг гадагшаа авч гарсан. Тэгээд араас нь гартал О Гийн дээр нь суугаад цохиод байсан. Оыг салгахад Н хажуугаас нь ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь боль гээд дотогшоо аваад орсон. Хувцсаа аваад гарч ирэхэд Г Х хоёр гадаа сууж байсан. Тэгсэн Н очоод дахиад өшиглөсөн. Б.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.Г гаднаас орж ирж архи нэхсэнээс маргаан болсон. Тухайн үеийн асуудлыг мэдэж байгаа, миний согтолт гайгүй байсан. Хохирогчид 11,000,000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа. Энэ хохирлыг төлнө. Миний хүлээцгүй зангаас болж энэ хэрэг гарсан. Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Гаас уучлаарай гэж гуйж байна...гэв.
-Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хамартаа учирсан гэмтлээ “Э” эмнэлэгт үзүүлэхэд яс нь цууралттай байна гэсэн. Онц эмчилгээ бол бичиж өгөөгүй. Одоо оройдоо унтахад хамар хуурайшдаг. Хамартаа дусаагуур, цацлаг хийсэн. Н эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн, гомдолгүй. Б эмчилгээний зардалд 11,000,000 төгрөг өгсөн. Баримтыг би өөрөө бичиж өгсөн, гомдолгүй.Миний зүүн нүд харахгүй байгаа. Баруун нүд муу харж байгаа. Энэтхэг улс руу эмчилгээ хийлгэх бичиг явуулсан. Энэ бичгийн хариу ирэхгүй удаж байна. Өнөөдрийн хувьд ямар нэгэн нэхэмжлэх зардал байхгүй байна. Нүд бол хос эрхтэн. Тиймээс нэн түрүүнд хамгаалж явах ёстой. Миний хувьд нэг нүд сохорч, нөгөө нүдний хараа багасаж, холын зүйл харахад хязгаарлагдмал болж байна. Гэхдээ цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөөр шүүхийн тогтоолд тусгуулах саналтай байна...гэв.
- Яллагдагч Б.Бын: Манай багийн найз Тийн хурим 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баруун-Урт суманд болсон юм. Хуриманд найзуудын хамт орж шөнө 00 цаг 30 минутын үед тарсан. Тухайн үед Тэ “Н” гэдэг амралтын газар байр сав бэлдчихсэн байгаа та нар очоод байж бай араас чинь ууж идэх юм аваад очъё гэхээр нь “Н" нэртэй амралтын газар луу Тө, О, Н болон Тийн ажлын хүн гэх Х, мөн хурим хөтөлсөн Ууганбаяр Эрдэнийн эмэгтэй дүү гэх Дуламсүрэн нарын хамт очсон. Бид нар очсоноос хойш бүгдээрээ 2 цаг орчим хүлээгээд хоорондоо юм ярьж зарим нэгэн хүн нь орон дээр хэвтээд байж байтал гаднаас Б.Г нь орж ирээд Н, Тө нар луу архи хийж өг гэх мэтээр дээрэнгүй байдлаар хэлэхээр нь би “архи байхгүй араас ирж байгаа суугаад хүлээж бай” гэх мэтээр хэлж байснаа дээгүүрээ өмсөж явсан куртикээ тайлаад архи хийж өг гээд байхад гэж хэлэхээр нь би хэвтэж байснаа өндийж ирээд “Б.Гаа чи хуриман дээр хүртэл хүнтэй маргаж муудаад байсан, одоо наад зангаа болио, хуримын хүмүүс ирээгүй байна” гэж хэлсэн чинь “чи битгий олон юм хуцаад бай” гэхээр нь би орноосоо босоод очсон чинь Тө, Н нарын голоор орж ирээд над руу дайрхаар нь цээж рүү нь гараараа нэг удаа цохисон чинь хойшоо болж байсан. Толгой тархи руу бол хүрээгүй юм. Тэгтэл Г нь солгой буюу зүүн гараараа миний зүүн нүдний дээд хэсэг хөмсөгний орчим цохисон чинь Тө нь Гийг тэврээд автал үүдний хаалганы орчимд Төийг түлхсэн тавиулаад Тө ор луу хойш унасан. Энэ үед Х нь чи боль гэж хорьсон чинь гичий янхан гэх мэтээр хэлээд байсан. Тө нь чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэж хэлээд Гийг зуурч аваад хаалгаар гадагш гарсан. Энэ үед Х гэх эмэгтэй энэ 2 хоорондоо муудаа л биз та нар хэрэггүй гэсэн. Тухайн үед хаалга онгорхой байсан бөгөөд хаалгаар харсан чинь Тө нь газар уначихсан Г дээрээс нь гараараа цохиж байсан харагдсан. Энэ үед О нь энэ арай дэндэнээ гэж хэлээд хаалгаар шууд гараад Гийг тэвэрч аваад цааш түлхсэн чинь Г нь зүлгэн дээр газар унасан. О нь энэ үед чи тавилдаа гэж байсан. Б.Г нь Оын хувцаснаас зуурчихсан байсан юм. Энэ үед би Оыг салгаж хойш татаж байтал хажуунаас Н орж ирээд шууд Гийн нүүр лүү нь өшиглөсөн. Ингээд Ныг салгасан бөгөөд буцаж байшин руу ороод буцаад гарах үед Н нь дахин Гийн нүүр лүү нь өшиглөж чи манай нутагт ирээд дошин дээр хуцахгүй шүү гэж хэлж байсан. Д.О бид хоёр Ө.Нд хандаж “чи хэвтэж байгаа хүний нүүр лүү өшиглөж болохгүй, хүн алчихвал яах юм” гэж хэлсэн. Тэгээд бид нар байшин руу буцаж орж хувцаснуудаа аваад машиндаа сууж аймаг дээр ирсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн-108-109/,
- Яллагдагч Ө.Нын: 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр миний багийн найз Тийн хурим “К” ресторанд болж найзуудын хамт уригдаж очсон юм. Хурим найрын үйл ажиллагаа шөнийн 00 цагийн орчимд өндөрлөж найзууд болох О, Б, Тө нар болон Тийн ажлын хүн гэх Х, мөн дүү нь гэх эмэгтэй, хурим хөтөлсөн танихгүй залуу нарын хамт Баруун-Урт сумын “Н” гэх амралтын газар 00 цаг 30 минутын орчим очиж байшин хөлсөлж аваад тэндээ бүгдээрээ юм ярьж сууж байтал гаднаас Б.Г гэх залуу орж ирээд “Өө архиа ууя, архи хийчих” гэхээр нь Б “чи харж байгаа биз дээ, ширээн дээр юм байхгүй байгаа биз дээ” гэж хэлээд танихгүй залуутай Б нь маргалдаж байгаад орон дээрээс босч ирээд Б.Г гэдэг залуугийн нүүр рүү нь нэг удаа цохиход Б.Г нь Бтай барьцалдаад авахад Тө мөн босч ирэхэд Б.Г нь Төийн цээж рүү нь гараараа түлхэхэд Тө арагшаа ор луу налж унаад эргэж босч ирээд Б.Гтай зууралдаж байтал О нь Б.Гийг байшингаас чирээд гаргасан. Араас нь Тө, дараа нь Б.Б, дараа нь би байшингаас гарцгаасан. Тухайн үед намайг харахад Б.Гийг О нь араас нь тэвэрч аваад газар унагаж байсан. Тэгээд Б.Г нь газар дөрвөн хөллөөд нүүрээ дараад хэвтсэн. Мөн О ар нуруу руу нь өшиглөж байсан. Тэр үед Х гэх эмэгтэй тэр хэдийг боль гээд түлхэж болиулж байсан. Тэр хооронд нь би Б.Гийн нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд О, Тө, Б бид нар буцаж байшин руу орж хувцсаа аваад буцаад шууд гарч аймагт ирсэн. Байшин дотор байхад Б.Б нь Б.Гийн нүүр рүү нэг удаа цохисон.
Яг хаана нь цохисон талаар би мэдэхгүй байна. Тэгээд Тө, О хоёртой
зууралдаж гадаа гарсан. Намайг байшингаас гарч харахад Б.Г нь нүүрээ хоёр гараараа дарчихсан гарынх нь салаагаар цус гарч байсан. Хаанаас нь цус гарч байсан талаар би мэдэхгүй. Би Б.Гийн толгой нь баруун урд зүг чиглэлтэй байж байхад нь би баруун урд талаас нь өшиглөсөн. Б.Г нь гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Харин Б.Б бид нар тийм ч их согтуу байгаагүй. Болсон асуудлын талаар сайн санаж байна. Би Б.Гийн хамрын баруун хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /хх-ийн-121-123/
- Гэрч Б.Хын: Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт Тэ гэх хүний хуриманд ажлын залуу болох Гийн хамт ирсэн юм. 18 цагт хурим болж шөнийн 00 цаг өнгөрч байхад тарсан. Хурим тараад Б гэх залуугийн машинд суугаад нийтдээ 5-6 орчим хүн Баруун-Урт сумын төвөөс зүүн хойд зүгт байрлах “Н” нэртэй газар очиж модоор барьсан байшинд очиж хуучилж суусан юм. Уг байранд Б, Н, Тө, О болон Тийн төрсөн дүү гэх эмэгтэй нарын хамт шөнийн 00 цаг 30 орчим минутын үед очсон. Араас хуриманд оролцсон хүмүүс ирж дахин найр хийх ёстой байсан юм. Харин ирэх ёстой байсан хүмүүс ирэхгүй нилээн болсон. Тэгж байтал Улаанбаатар хотоос надтай хамт ирсэн Г нь ганцаараа гаднаас орж ирээд архи нэг тулгаад ууя гэж хэлсэн чинь Б нь Гт хандаж “чамд өгөх архи алга, чи юу гээд байгаа гуйлгачин бэ” гэх мэтээр хэлсэн чинь Г нь зөрүүлээд “чи намайг хаана гуйлгачин байхыг харсан юм” гэж хэлсэн чинь Б нь орон дээр хэвтэж байснаа босч ирээд Гийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохисон. Яг нүүрнийх нь аль хэсэгт цохисныг мэдэхгүй байна. Тэгсэн чинь Г нь арагшаа 2-3 удаа ухарч алхаж байгаад зогссон. Тэгтэл хажуу талаас нь өндөр нуруутай бор царайтай Тө гэх залуу Гийн хувцаснаас нь барьж зууралдаад авахаар нь би голоор нь орж Гийг өөрийнхөө зүүн гар талдаа гаргаж салгасан чинь Б, О, Тө, Н нар нь нийлээд Гийг зодох гэхээр нь “та нар боль, хүний газар энэ хүн явж байна, ямар муухай хүмүүс вэ” гэж би хэлээд маргаад байж байтал Тө нь миний араар орж ирээд Гийг татаад зууралдаад байшингаас гарсан. Тэгтэл Б, О, Н нар нь байшингаас гарах гэхээр нь би хаалган дээр тэгнэж хааж зогсоод “гаргахгүй, та нар нийлж хүн битгий зод, та нар нийлээд зодвол хүн алчихна, зодолдвол энэ 2 хоорондоо зодолд” гэж хэлсэн чинь улаан өнгийн пүүз өмссөн, хүзүүндээ мөнгөн гинж зүүсэн залуу намайг огцом татаад орон дээр унагасан. Би босоод араас нь гарсан чинь дөрвүүлээ нийлчихсэн Гийг өшиглөж зодож байсан. Дөрвүүлээ гэдэг нь Б, О, Тө, Н нарыг хэлж байгаа юм. Энэ үед Г доош хараад гараараа нүүрээ дарчихсан 2 өвдгөөрөө өвдгөлчихсөн байсан. Ингээд би “та нар боль” гээд түлхэхийг нь түлхээд татахыг нь татаад сүүлдээ дийлэхгүй байхаар нь “та нар наад хүнээ наанаа зодоод алчих, би өдий наслахдаа 4-5 залуу согтуу ганц эрэгтэй хүнийг зодож байхыг үзээгүй. Та нар ямар хогийн эрчүүд вэ” гэж хэлсэн чинь Б нь надад хандаж “чи тэгвэл энэ хүнээ аваад яв” гэж хэлээд зодохоо болиод буцаад байшин руугаа орж байсан. Би Гийн хажууд явган суугаад “гайгүй юу, яаж байна” гэх мэтээр яриад байж байтал Б, О, Тө, Н нарын улаан өнгийн өмд өмссөн Н гэх залуу нь буцаж ирээд Гийн толгой руу өшиглөсөн. Энэ үед Г нь хойд зүгт толгой нь чигтэй бие болон нүүр нь доошоо харсан байдалтай байхад Н нь толгойны зүүн талаас нь өшиглөсөн. Энэ үед тас гэсэн чимээ гарч байсан. Энэ үед нь би “та нар одоо болиоч ээ, одоо болно ш дээ” гэж хэлсэн. Тэд нар байрлуугаа ороод хаалгаа хаачихсан би Гийн хажууд байж байсаар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
- Гэрч Г.Төийн: Манай найз Тэ нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хурим хийсэн юм. Ингээд хуриманд найзууд болох Б, Н, О нарын хамт орсон юм. Хурим 00 цаг 30 орчим минутын үед тараад шууд “Н” нэртэй амралтын газар луу Б, Н, О болон Тийн ажлын хүн болох Хын хамт очиж “Н” амралтын газрын амралтын модон байшинд очиж хоорондоо юм яриад сууж байсан. Бид нар багцаагаар 2 цаг хүлээж сууж байтал шөнийн 02 цаг өнгөрч байх үед зодуулсан Г гэх залуу ганцаараа орж ирээд “архи байна уу, архи ууя” гэхээр нь хариуд нь “архи байхгүй байна” гэж би хэлсэн чинь “та нар архи хармаллаа” гэж хэлээд ам муруйсан чинь Б хэвтэж байсан орноосоо босч ирээд Гийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Яг хаана нь цохисныг үнэндээ мэдэхгүй байна. Тэгтэл бид нартай хамт байсан Х гэх эмэгтэй дундуур нь ороод салгасан чинь Г нь Хыг “гичий, нохой” гэх мэтээр хэлээд байхаар нь Гийн хувцаснаас нь зуурч аваад байшингаас авч гараад зууралдаад байж байгаад цохих гэж байгаад газар унасан. Энэ үед Б, Н, О нар гарч ирээд Гийг О нь газар унагаагаад гэдэс орчимд нь өшиглөөд байсан. Учир зүггүй голдоо хийгээд балбаж жанчаад байсан зүйл байхгүй. Ингээд бид нар больсон. Бид нар байшин руу буцаж орж гадуур хувцас эд зүйлээ аваад буцаж гарсан чинь Г нь доошоо харчихсан хэвтэж байсан. Энэ үед Н нь Гийн толгой руу нь өшиглөж байсан. Толгойны аль хэсэгт өшиглөснийг нь мэдэхгүй байна. Хажууд Х гэх эмэгтэй сууж байсан. Уг эмэгтэй бол Гтай Улаанбаатар хотод нэг газар ажилладаг юм шиг байна лээ. Тий хуриман дээр явж байсан. Байшин дотор Б, Гийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Өөр хэн нэгэн хүн цохиогүй. Би байшингаас авч гардаг учир нь байшингаас хөөж гаргаж байгаа санаа юм. Тэрнээс биш зодох гэж гадагш гаргаагүй. Энэ үед бид 2 зодолдох зүйл болоогүй. Зууралдаад л байсан. Намайг цохиогүй, би ч цохиж амжаагүй. Ямар ч байсан Г нь газар уначихсан байсан бөгөөд цээж, гэдэс орчим нь хөлөөрөө өшиглөж байсан. Яг хэн хэн хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Миний хувьд хуримын найран дээр архи их уусан. Харин Б, Н, О нарын согтолт арай бага байсан. Хуримнаас гараад нэмж архи огт уугаагүй” гэх мэдүүлэг /хх-44/
- Гэрч Д.Оын : Манай найз Тэ нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хурим хийсэн юм. Ингээд хуриманд найзууд болох Б, Н, Тө нарын хамт орсон юм. Хурим 00 цаг 30 орчим минутын үед тараад шууд “Н” нэртэй амралтын газар луу Б, Н, Тө болон Тийн ажлын хүн болох Хын хамт очиж “Н” амралтын газрын амралтын модон байшинд очиж хоорондоо юм ярьж сууж байсан. Энэ үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Бид нар шөнийн 2 цаг 30 минут хүртэл хүлээж сууж байтал гаднаас Тийн хуриманд оролцож байсан Г гэх залуу ганцаараа нилээн согтуу байдалтай орж ирээд “архи байна уу, архи ууя, архиа аягалж өг” гэсэн чинь Б нь Гтай маргаад эхэлсэн. Миний хувьд өөр зүйл яриад сууж байсан учраас юунаас болж маргасныг нь анзаараагүй юм. Сүүлдээ Тө нь маргаад байсан. Тэгтэл Б нь орноос босч ирээд Гийг гараараа нүүр лүү нь цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй юм. Б Гийг цохисны дараа тэнд сууж байсан хүмүүс бүгд босч ирээд Х нь дундуур нь ороод салгасан. Тө нь Г руу очсон чинь Г нь Төийг цааш түлхсэн чинь Тө согтуу байсан учир ор луу ойчиж өгөөд байсан. Тө нь босч ирээд Гийг аваад байшингаас гарсан чинь Х гэх эмэгтэй байшинд байгаа хүмүүсийг гаргахгүй хориод хаалган дээр зогсож байсан. Хаалгаар гадагш харсан чинь Тө нь газар хэвтчихсэн Г дээрээс нь өшиглөж байхаар нь байшингаас гарч Гийг цааш түлхсэн чинь Г газар унасан. Унах үедээ миний өмсөж явсан куртикнээс зуурчихаад тавихгүй байсан. Г нь доошоо хараад хэвтчихсэн 2 гараараа нүүрээ дарчихсан байсан. Энэ үедээ миний хувьд нуруу руу нь өшиглөсөн. Б, Н нар хөл нуруу руу нь өшиглөж байсан. Хажуунаас Х нь түлхэж холдуулж байсан. Ингээд бид нар буцаад байшин руугаа ороод буцаад гарах үед Н нь баруун зүгээс Г руу очиж толгой руу нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед Гийн толгой нь хойд зүг чигтэй бие, нүүр нь дээшээ харчихсан газар хэвтэж байхад нь толгойны баруун талаас нь өшиглөсөн. Тухайн үед Н улаан хүрэн өнгийн хослолтой явж байсан. Нд хандаж “чи яаж байгаа юм, хэвтэж байгаа хүнийг өшиглөлөө” гэж хэлж загнаж байсан. Ингээд л шууд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45/
- Гэрч Б.Дгийн :2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хамаатны ах Тэ, Бтай гэр бүл болж хурим найр хийсэн. Уг арга хэмжээнд би уригдаж очсон юм. 17:00 цагт найрын арга хэмжээ “К таун” гэх газарт болсон. 00:00 цагт үйл ажиллагаа дуусаад Тийн найзууд нь үргэлжлүүлж баярлацгаахаар “Н” гээд амралтын газарт очсон. “К таун”-д болсон арга хэмжээнээс гараад бүх хүмүүс яваад Тэ ахын найзууд үлдсэн байсан ба намайг хүргэж өг гээд 1 машинд суулгасан. Тэ ах “манай найзууд “Н” гээд газар руу очно, чи цуг очиж бай, би араас нь очоод чамайг аваад гэрт чинь хүргэж өгнө” гэж хэлээд 1 машинд суулгасан. Тэр машинд 4 эрэгтэй, надтай нийлээд 2 эмэгтэй, нийт 6 хүн суусан. “Н” гээд амралтын газар нь аймгийн төвөөс нэлээн зайтай байсан. Тэр амралтын газарт очоод байшинд орцгоосон. Би Тэ ахыг хүлээгээд сууж байхад нөгөө хүмүүс хоорондоо юм яриад сууж байсан. Тэр үед одоо зодуулсан гээд байгаа залуу орж ирсэн. Тэр залуу нэлээн согтуу байсан ба “архи байна уу” гээд доромжилсон үг хэлсэн. Цуг байсан хүмүүс тэр доромжилсон үгэнд нь их уурлаагүй. Гаднаас орж ирсэн согтуу залуу бор царайтай ахтай маргасан. Юу гэж маргасан талаар мэдэхгүй, гэнэт хоорондоо барьцалдсан. Согтуу залуу бор царайтай ахыг хана руу шахаад хоорондоо түлхэлцсэн. Надтай цуг очсон эмэгтэй босоод согтуу залууг боль гэж тайвшруулах гэж оролдсон. Тэгэхэд согтуу залуу тэр эмэгтэйг түлхсэн. Орон дээр хэвтэж байсан Баттай нэртэй залуу босоод “чи эмэгтэй хүнийг ингээд байхдаа яадаг юм бэ” гээд нөгөө согтуу залуутай барьцалдсан. Цуг байсан 3 залуу тэр согтуу залуутай барьцалдаад байрнаас цуг гараад явсан. Нөгөө эмэгтэй ч гэсэн дагаад гарсан. Найрны хөтлөгч залуу согтуу байсан ба бид 2 байшинд үлдсэн. Бид 2 хэсэг хугацааны дараа байшингаас гарахад тэр залуучууд аль хэдийн зодолдсон байсан. Намайг гарахад явахаар болоод цуг очсон залуучууд намайг машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Нөгөө эмэгтэй согтуу залуутай цуг үлдсэн. Би тэр эмэгтэйгээс “эгчээ зүгээр үү” гэж асуухад “зодчихлоо” гэж хэлж байсан. Г байшинд орж ирэхдээ зодуулсан байдал харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
- Гэрч Б.Уын: Б.Б ах Б.Гт хандаж “энд ямар ч архи алга байна. Бид нар хүмүүс хүлээж байна. Чи байраа андуурсан байна” гэж тайлбар хийгээд байсан. Б.Г нь Б.Быг “би чамайг таньж байна” гээд зандарсан үг аястай яриад байсан. Б.Б ах орны дэргэд зогсож байхад Б.Г агсараад Б.Б ахын нүүр рүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл Г.Тө, Б.Гийг болиоч гээд араас нь татаад үүд рүү аваачсан. Б.Гийн ажлын газрын гэх эмэгтэй Б.Г дээр очоод “чи согтсон байна шүү дээ, одоо болиоч ээ, танихгүй хүмүүстэй юм яриад байх юм” гээд ойртож очиход нь түүнийг хараагаад түлхсэн. Гэтэл Тө “чи эмэгтэй хүнийг болиоч” гээд Б.Гийн араас татахад Б.Г эргэж хараад Г.Төийг түлхэхэд орон дээр унаад байрны хананд толгойн ар хэсгээрээ мөргөсөн. Г.Тө босч ирээд Б.Гийг түлхээд хаалгаар гаргасан. Араас нь ажлын газрынх нь эмэгтэй дагаад гарсан. Мөн О, Н нар гарсан. Би орон дээр хэвтэж байсан бөгөөд босоод гутлаа өмсөөд мөн араас нь гарсан. Б.Б бас гарсан. Гадаа гарахад явган хүний замын наад талд О, Б.Гийг 2-3 удаа гэдсэн тус газар нь гараараа цохисон ба дөрвөн хөллөөд газар эвхрээд унасан. Гтай хамт ажилладаг гэх хүүхэн нь Г дээр очсон мөн Б, Огийн дэргэд очоод болиулж байсан. Тэгж байх үед л Н, Б.Гийг дөрвөн хөллөөд газар байж байхад нь нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс болиулаад байшин руу орж хувцас зэрэг зүйлээ аваад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 529 дугаартай дүгнэлтэнд: Б.Гийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн үрэвсэл, эмгэгшил, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, салстын доорх цус харвалт, хамрын баруун хананы цөмөрсөн хугарал, хамрын баруун таславчийн муруйлт бүхий гэмтлүүд учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Гийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн үрэвсэл, эмгэгшил, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, салстын доорх цус харвалт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хамрын баруун хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт 65 хувь тогтонги нөлөөлнө. Б.Гийн зүүн нүд рүү цохих үед Б.Гийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн үрэвсэл, эмгэгшил, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн цус харвалт, салстын доорх цус харвалт бүхий гэмтлүүд нь үүсэх боломжтой. Б.Гийн толгой руу хөлөөрөө өшиглөх үед зүүн нүдэнд гэмтэл үүсэх боломжгүй гэжээ...” /хх-ийн 53-55/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 177 дугаартай дүгнэлтэнд: “... 1.Б.Гийн биед гэмтлийн гаралтай харааны мэдрэл үрэвсэл, эмгэгшил, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын доорх цус харвалт, хамар ясны баруун хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтлүүд учирчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Б.Гийн зүүн нүдрүү гараар цохих үед дээрх гэмтлүүд учрах боломжтой. 4.Толгойн нүүрний хэсэг рүү өшиглөх үед дээрх нүдний гэмтлүүд нь үүсэх боломжтой. 5. Шинжээч эмч цагдаагийн дэслэгч А.Болор-Эрдэнийн 20189.10.19-ний өдрийн 529 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 80-82/
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний 395 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-90/
-Яаралтай тусламжийн хуудас /2018.09.29/ /хх-ийн 56/
-Рефлекс мэдрэлийн эмнэлгийн шинжилгээний хариу /хх-ийн 58-60/
-Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн эмч Нямсүрэнгийн зөвлөгөө, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 61/
-Сондра нүдний эмнэлгийн үзлэгийн карт /хх-ийн 62-67/
-Мөнгөн гүүр эмнэлгийн Компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 68/
-Люксмед эмнэлгийн Тархины тодосгогчгүй MRI шинжилгээний хариу /хх-69/
-Рефлекс мэдрэлийн эмнэлгийн шинжилгээний хариу /хх-ийн 70/
-Чунг анг Их сургуулийн эмнэлгийн эмчийн магадалгаа, эмчилгээний төлбөр /хх-ийн 71-72/
-Хохирогч Б.Гийн эмчилгээний зардал болон бусад зардлын жагсаалт /хх-13-16, 20-29/
- Ө.Нын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-123/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 2/794 тоот тодорхойлолт /хх-124/
-Ө.Нын цалингийн тодорхойлолт /хх-ийн 125/
-Ө.Нын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-126/
-Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.01.25-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт /хх-129/
-Б.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-130/
- Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134/
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-137-139/
-1678 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-140/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-143-144/
-Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-145/
-Хохирогч Б.Гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-146/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-168-169/
-Баянзүрх дүүргийн 19 дугаар хорооны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-170/
- Хохирогч Б.Гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-171/
-Ө.Наас хохирогч Б.Гт 2.000.000 төгрөг төлсөн Хаан банкны баримт /хх-172/
-Б.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-174/
-Ө.Нын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-175/
- Төгс цэлмүүн констракш ХХК-ны 2019.04.22-ны өдрийн 19/21 тоот тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” амралтын газарт согтуурсан үедээ иргэн Б.Гтай маргалдан түүний зүүн нүдэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “ зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн үрэвсэл, эмгэгшил, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, салстын доорх цус харвалт ” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ө.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” амралтын газарт иргэн Б.Гийн хамарт өшиглөж эрүүл мэндэд нь “хамрын баруун хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б, Ө.Н нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Г, гэрч нарын Б.Х, Г.Тө, Д.О, Б.Д, Б.У нарын мэдүүлгүүд, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 529 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 177, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 395 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, “Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютерт томографийн оношлогоо, Люкс мед эмнэлгийн эмч Б.Алтанчимэгийн дүгнэлт, “ Рефлекс “ мэдрэлийн эмнэлгийн харааны дуудлагат потенциал шинжилгээ, БНСУ-ын Чунг- Анг их сургуулийн эмнэлгийн магадлагаа, эмчилгээний төлбөр, мөнгөний баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзлээ.
Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.Б, Ө.Н нарыг “Н” амралтын газарт байхад иргэн Б.Г нь гэрт орж ирэн архи нэхэж маргаан үүсгэснээс шүүгдэгч Б.Б нь түүний нүдэн тус газарт гараараа цохисон, гэрээс гарсаны дараа шүүгдэгч Ө.Н нь хохирогч Б.Гийн хамар тус газарт өшиглөж эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдоно.
Энэ нь хохирогч Б.Гийн “ Би тухайн үед болсон асуудлын талаар сайн мэдэж байна. Б намайг гуйлгачин гэхээр нь би уурлаж би яахаараа гуйлгачин болдог юм гэтэл орон дээрээсээ босч ирээд миний нүдрүү шууд цохисон. Тэгээд миний нүд юм харахгүй болсон. Б миний нүдрүү гараараа цохисоны улмаас би хараагүй болсон. Н намайг газар хэвтэж байхад миний хамарруу өшиглөсөн...” гэх/ хх- 35/,
шүүгдэгч Ө.Нын “Г гараараа нүүрээ дараад доошоо хараад хэвтэж байхад баруун талаас нь нэг өшиглөсөн. Гийг өшиглөж хамарт нь хөнгөн хохирол учруулсан...гэх,
шүүгдэгч Б.Бын “ Г гаднаас орж ирээд архи байна уу? гэж асууж маргаан эхэлсэн. Гтай маргаан үүсгэж би нэг удаа цохиход Тө боль гээд, Х Гийг гадагшаа авч гарсан. Оыг салгахад Н хажуугаас нь ирээд өшиглөсөн.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх,
гэрч Б.Хын “ хотоос надтай хамт ирсэн Г нь гаднаас орж ирээд архи нэг тулгаад ууя гэж хэлсэн чинь Б нь Гт хандаж “чамд өгөх архи алга, чи юу гээд байгаа гуйлгачин бэ” гэх мэтээр хэлсэн чинь Г нь зөрүүлээд “чи намайг хаана гуйлгачин байхыг харсан юм” гэж хэлсэн чинь Б нь орон дээр хэвтэж байснаа босч ирээд Гийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохисон. Яг нүүрнийх нь аль хэсэгт цохисныг мэдэхгүй байна. Тө нь миний араар орж ирээд Гийг татаад зууралдаад байшингаас гарсан. Б, О, Тө, Н нар дөрвүүлээ нийлчихсэн Гийг өшиглөж зодож байсан. Энэ үед Г доош хараад гараараа нүүрээ дарчихсан 2 өвдгөөрөө өвдгөлчихсөн байсан. Н гэх залуу нь буцаж ирээд Гийн толгойны зүүн талаас нь өшиглөсөн. Энэ үед тас гэсэн чимээ гарч байсан ” гэх,
гэрч Г.Төийн ” шөнийн 02 цаг өнгөрч байх үед Г гэх залуу орж ирээд “архи байна уу, архи ууя” гэхээр нь хариуд нь “архи байхгүй байна” гэж би хэлсэн чинь “та нар архи хармаллаа” гэж хэлээд ам муруйсан чинь Б хэвтэж байсан орноосоо босч ирээд Гийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Яг хаана нь цохисныг үнэндээ мэдэхгүй байна. Г нь доошоо харчихсан хэвтэж байсан. Энэ үед Н нь Гийн толгой руу нь өшиглөж байсан. Толгойны аль хэсэгт өшиглөснийг нь мэдэхгүй байна. Байшин дотор Б, Гийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Өөр хэн нэгэн хүн цохиогүй...” гэх,
гэрч Д.Оын “ Г гэх залуу нилээн согтуу байдалтай орж ирээд “архи байна уу, архи ууя, архиа аягалаж өг” гэсэн чинь Б нь Гтай маргаад эхэлсэн. Сүүлдээ Тө нь маргаад байсан. Тэгтэл Б нь орноос босч ирээд Гийг гараараа нүүр лүү нь цохисон. Хаалгаар гадагш харсан чинь Тө нь газар хэвтчихсэн Г дээрээс нь өшиглөж байхаар нь байшингаас гарч Гийг цааш түлхсэн чинь Г газар унасан. Г нь доошоо хараад хэвтчихсэн 2 гараараа нүүрээ дарчихсан байсан. Н нь баруун зүгээс Г руу очиж толгой руу нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед Гийн толгой нь хойд зүг чигтэй бие, нүүр нь дээшээ харчихсан газар хэвтэж байхад нь толгойны баруун талаас нь өшиглөсөн...” гэх,
гэрч Б.Дгийн “ Тэр залуу нэлээн согтуу байсан ба “архи байна уу” гээд доромжилсон үг хэлсэн. Гаднаас орж ирсэн согтуу залуу бор царайтай ахтай маргасан. Надтай цуг очсон эмэгтэй босоод согтуу залууг боль гэж тайвшруулах гэж оролдсон. Тэгэхэд согтуу залуу тэр эмэгтэйг түлхсэн. Орон дээр хэвтэж байсан Баттай нэртэй залуу босоод “чи эмэгтэй хүнийг ингээд байхдаа яадаг юм бэ” гээд нөгөө согтуу залуутай барьцалдсан ” гэх,
гэрч Б.Уын “ Б.Б ах Б.Гт хандаж “энд ямар ч архи алга байна. Бид нар хүмүүс хүлээж байна. Чи байраа андуурсан байна” гэж тайлбар хийгээд байсан. Б.Г нь Б.Быг “би чамайг таньж байна” гээд зандарсан үг аястай яриад байсан. Б.Б ах орны дэргэд зогсож байхад Б.Г агсараад Б.Б ахын нүүр рүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Гадаа гарахад явган хүний замын наад талд О, Б.Гийг 2-3 удаа гэдсэн тус газар нь гараараа цохисон ба дөрвөн хөллөөд газар эвхрээд унасан. Тэгж байх үед л Н, Б.Гийг дөрвөн хөллөөд газар байж байхад нь нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.
Б.Б, Ө.Н нар гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэдгээр нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол, хор уршиг учруулсан байна.
Шүүгдэгч Б.Бын хохирогч Б.Гийн зүүн нүдэн тус газарт цохиж хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн, шүүгдэгч Ө.Нын, хохирогч Б.Гийн хамарт өшиглөж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд шүүгдэгч нарт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Нын үйлдлээс хохирогч Б.Гт хөнгөн хохирол учирсан, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлжээ.
Шүүгдэгч Б.Бын үйлдлээс хохирогч Б.Гт хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогчийн БНСУ-д явж эмчлүүлсэн эмчилгээ, замын зардал болон бусад зардалд 11.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх бодит төлбөргүй болно.
Харин шүүх хохирогч Б.Гийн шүүх хуралдаанд гаргасан ” цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний шүүхийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгуулах тухай “ хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Б.Бын үйлдлээс хохирогчийн зүүн нүд хараагүй болсон, энэ гэмтэл нь баруун нүдэнд нөлөөлж байгаа, эмчилгээ шаардлагатай, “ Энэтхэг улсад шинжилгээ, эмчилгээний баримтыг явуулсан, хариу ирээгүй байгаа” гэх түүний тайлбар зэргийг үндэслэвэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдъя.
Б.Б, Ө.Н нарын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Б нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тухайн гэмт хэрэг нь хохирогчийн согтуурсан зүй бус үйлдлээс эхлэлтэй зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ө.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000/ арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ныг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Ялтан Б.Б, Ө.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б, Ө.Н нар дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.Б, Ө.Н нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б хохирогч Б.Гийн эмчилгээний зардалд 11.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ө.Н хохирогч Б.Гийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч Б.Г гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г өөрт учирсан хүнд хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН