| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0085/э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 82
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ат холбогдох 1930000000108 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, 1977 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баруун-Урт сумын 9 дүгээр баг, .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих, мөн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой Баруун-Урт сумын 9 дүгээр баг .. тоотод архи уусан үедээ хамтран амьдрагч Б.Оээс мөнгө нэхэхэд өгөхгүй гэснээс болж түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь “ баруун хөлийн өвдөг, гуя хэсгийн олон тооны зүсэгдсэн шарх баруун гуяны хэсгийн цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр гэртээ хоёр ахтай архи уусан. Манай эхнэр намайг хүнтэй хардаж гэрээ шатаана гэсэн. Би согтуу байсан учраас юу болсныг мэдэхгүй байгаа. Унтаж байтал цагдаа ирээд барьж авсан. Дөлгүү болтлоо архи уусан тул хутгаар биеийг нь зүссэн байна. Миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга мөн.Гэмшиж байна...гэв.
- Яллагдагч Ц.Аын: Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нийтэд тустай ажил хийж байгаад өдөр 13 цаг өнгөрөөгөөд аймгийн төвөөр явж байгаад Эрдэнэбаяр гэдэг ахтай тааралдаж, 0,5 литрийн ерөөл архийг 3 дугаар бүрэн дунд сургуулийн хойд талд хувааж уугаад гэррүүгээ явж байгаад зүс таних Галаа Х хоёртой тааралдаж 0,75 литрийн ерөөл архи авч гэртээ очоод хувааж уугаад 18 цагийн орчим тэр хоёр явсан. Гэтэл надтай хамтран амьдардаг Б.О нь намайг Ганцэцэг гэдэг хүүхэнтэй хардаж сэрдээд долир сохор гэр орныг чинь шатаана гээд намайг доромжлоод байсан. Тэгээд би уурлаад хоолны шүүгээнд байсан хутга авч байсан. Нэг мэдсэн чинь миний зүүн гарын чигчий хуруу зүсэгдчихсэн орон дээрээ ганцаараа унтаж байсан. Тэгээд цагдаа нар ирж намайг сэрээсэн бөгөөд намайг сэрэхэд миний хажууд манай хутга цус болчихсон байсан. Би Б.От гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-25-27/,
- Хохирогч Б.Оийн: Би 2018 оны өвлөөс эхэлж Ц.А гэдэг хүнтэй Баруун-Урт сумын 9 дүгээр баг, .. тоотод хамтран амьдарч эхэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой А нь миний танихгүй 2 эрэгтэй хүнтэй хамт орж ирээд 2 шил архи хувааж уусан. Тэр хоёр 18 цагийн орчим буцаад яваад өгсөн. Гэтэл Ц.А нь тэр хоёр хүнтэй хардаж сэрдээд надтай маргалдаж байгаад гэрт байдаг хоолны шүүгээнээс хутга авч миний өгзөг болон гуя хэсгээр хутгаар хатгаж надад хохирол учруулсан. Тэгээд намайг явуулахгүй байхаар нь арай гэж гэрээс зугатаж гарч хажуу айлдаа мэдэгдэж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирж намайг эмнэлэг дээр хүргэж өгч тусламж үзүүлсэн. Миний баруун талын өгзөг болон гуя хэсэгт хэд хэдэн удаа хутгаар хатгасан. А намайг хамт архи уусан хүмүүстэйгээ хардаж үүнээс болж бид хоорондоо маргалдаж муудсан. Надад учирсан гэмтлүүд эдгэж байгаа. Би өдөр бүр боолт хийлгэж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хутга барьж надад гэмтэл учруулсанд гомдолтой байна. Би шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-9-10/
- Гэрч П.Гийн: Би уг орой цэцэрлэгийн хоёр хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байтал 21 цаг өнгөрөөгөөд манай нохой хуцаад байхаар нь би надтай хүн уулзах гэж байгаа юм байх гэж бодоод гараад очтол манай хажуу айл болох Атай хамтран амьдардаг Б.О байсан бөгөөд “ахаа А хутгаар миний өгзөг, гуя руу хутгалчихлаа” гээд надад харуулж байсан. Тэгээд намайг эмнэлэг дуудаад өг гэсэн. Би цагдаад дуудлага өгөөд гэррүү нь яваад очтол Ц.А нь гэрээ дотор талаас нь түгжээд нээж өгөхгүй байсан. Удалгүй цагдаа ирж хаалгыг нь нээж дотогш ортол гэрийн зүүн орон дээр нь хар иштэй хутга байсан. Тэгээд Ц.А, Б.О нарыг аваад явсан. Маргааш өглөө нь хашааны үүдэнд Б.Оийн зогсож байсан газарт цус дуссан байсан...гэх мэдүүлэг /хх-14/
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг/хх- 02- 03/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол.2019.04.23./хх-04/
- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганы схем зураг /хх-5-6/
- Яаралтай тусламжийн хуудас.2019.04.23. /хх-17/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 224 дугаартай дүгнэлтэнд: Б.Оийн биед баруун хөлийн өвдөг, гуяны хэсгийн олон тооны зүсэгдсэн шарх, баруун гуяны хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэжээ /хх-ийн 6/
- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/236 дугаартай тодорхойлолт /хх-28/
- Ц.Аын Иргэний үнэмлэхийн лавлаганы хуулбар /хх-30/
- Ц.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх- 34- 39/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх- 40- 42/,
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/470 дугаартай албан бичиг/хх- 45/,
- Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай санал. № 03 /хх- 46/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/22 дугаартай “ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солиулах тухай ” Прокурорын дүгнэлт/хх- 56/,
- Хохирогч Б.От хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 51/,
- Ц.Ат хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 52/,
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 05 дугаар сарын 09-нийы өдрийн 46 дугаартай санал /хх-58/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 21.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг .. тоот дахь гэртээ архи уусан үедээ хамтран амьдрагч Б.Оийг бусадтай хардаж маргаан үүсгэн, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь “ баруун хөлийн өвдөг, гуя хэсгийн олон тооны зүсэгдсэн шарх баруун гуяны хэсгийн цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Ц.Аын хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.О, гэрч П.Г нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганы схем зураг, Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 224 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Ц.А нь тухайн орой гэртээ согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ хардалт, гэр бүлийн маргааны улмаас хамтран амьдрагч Б.Оийг хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдоно.
Энэ нь шүүгдэгч Ц.Аын “ Тэр өдөр гэртээ хоёр ахтай архи уусан. Манай эхнэр намайг хүнтэй хардаж гэрээ шатаана гэсэн. Би согтуу байсан учраас юу болсныг мэдэхгүй байгаа. Унтаж байтал цагдаа ирээд барьж авсан. Дөлгүү болтлоо архи уусан тул хутгаар биеийг нь зүссэн байна“ гэх,
хохирогч Б.Оийн “2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой А нь танихгүй 2 эрэгтэй хүнтэй хамт орж ирээд 2 шил архи хувааж уусан. Тэр хоёр 18 цагийн орчимд яваад өгсөн. Гэтэл Ц.А нь тэр хоёр хүнтэй хардаж сэрдээд надтай маргалдаж байгаад гэрт байдаг хоолны шүүгээнээс хутга авч миний өгзөг болон гуя хэсгээр хутгаар хатгаж надад хохирол учруулсан. Тэгээд намайг явуулахгүй байхаар нь арай гэж гэрээс зугатаж гарч хажуу айлдаа мэдэгдэж дуудлага өгсөн “ гэх,
гэрч П.Гийн “21 цаг өнгөрөөгөөд манай нохой хуцаад байхаар нь би надтай хүн уулзах гэж байгаа юм байх гэж бодоод гараад очтол манай хажуу айл болох Атай хамтран амьдардаг Б.О “ахаа А хутгаар миний өгзөг, гуя руу хутгалчихлаа” гээд надад харуулж байсан. Намайг эмнэлэг дуудаад өг гэсэн. Удалгүй цагдаа ирж хаалгыг нь нээж дотогш ортол гэрийн зүүн орон дээр нь хар иштэй хутга байсан. Тэгээд Ц.А, Б.О нарыг аваад явсан. Маргааш өглөө нь хашааны үүдэнд Б.Оийн зогсож байсан газарт цус дуссан байсан “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.
Ц.А нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хутга нь бусдын эрүүл мэндэд гэмтэл, хохирол учруулж болох зүйл гэдгийг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн өвдөг, гуянд хутгалж эрүүл мэндэд нь зориуд хохирол, хор уршиг учруулсан байна.
Шүүгдэгч Ц.Аын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.От хөнгөн хохирол учирсан, тэрээр хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй болно.
Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Ц.Аын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан, “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Ц.Аын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц.Ат холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин Ц.А Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас 170 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/470 дугаартай албан бичиг, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай санал, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/22 дугаартай “ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солиулах тухай” прокурорын дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Ат энэ тогтоолоор оногдуулах 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 170 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг 12 см, ажлын хэсэг 13.5 см урт, нийт 25.5 см урттай, “СТАЙНЛЕСС СТЕЛЛ” гэсэн бичигтэй хутгыг устгахаар тогтооно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 300 /гурван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 476 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан Ц.Ат таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.А шүүхээс оногдуулсан дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг 12 см, ажлын хэсэг 13.5 см урт, нийт 25.5 см урттай, “СТАЙНЛЕСС СТЕЛЛ” гэсэн бичигтэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Ялтан Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН