Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00403

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/00468 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,450,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 5,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр 1,450,000 төгрөгийн шаардлагаас татгалзж, зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Зохигч 2024 оны 09 сарын 16-ны өдөр байгуулсан Цахим зээлийн гэрээгээр, зээлдүүлэгч нь 5,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцож, зээлийг egeree цахим баримт бичгийн нэгдсэн системээр дамжуулан байгуулсан байна. Нэхэмжлэгч цахимаар байгуулсан зээлийн гэрээг үндэслэн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг зөв дүгнэж, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн мөнгөн төлбөрийг гаргуулсан нь үндэслэлтэй.

4. Талууд зээлийн гэрээг цахим хэлбэрээр байгуулсан талаар маргаагүй боловч хариуцагч өөрийн гарын үсгийг тоон гарын үсэг ашиглан гэрээнд гарын үсэг зураагүй учир уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ. Шүүхээс E-geree цахим сайтад 2025 оны 01 сарын 27-ны өдөр үзлэг хийж, зохигчийн хооронд байгуулсан цахим зээлийн гэрээнд хариуцагчийн гарын үсэг хэрхэн зурагдсаныг бэхжүүлэн авснаас үзвэл хариуцагч нь цаасан баримтад гарын үсгээ зурж түүнийг нэхэмжлэгчид цахимаар илгээсэн нь Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн буюу ...цахим баримт бичиг үйлдэж бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан гэж үзнэ. Иймд шүүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг толгоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

5. Хариуцагч нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийг төлж, зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ. Зээлдэгч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй. Талууд зээлийн хүүг 10 хувь байхаар тохиролцсон нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс 2024.01.18-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь байхаар тогтоосонтой нийцэхгүй, талууд уг тогтоол хүчинтэй хугацаанд гэрээ байгуулсан байх тул зээлийн хүүг энэ хэмжээгээр багасган тооцож, хариуцагчаас зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 225,000 төгрөг, нийт 5,225,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар энэ гэрээний хувьд анз хэрэглэхийг хориглосон зохицуулалттай тул нэхэмжлэгч анз шаардах эрхгүй тул нэхэмжлэлээс 450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/00468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч *******оос 5,225,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ