| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/03731/И |
| Дугаар | 210/МА2025/00412 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00412
|
|
|
*******ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05115 дугаар шийдвэртэй
*******ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 23,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компаниас ******* ХК-тай 2021 оноос хойш даатгалын гэрээ байгуулан хамтран ажиллаж, 2023 онд байгуулсан ******* дугаартай Даатгалын гэрээ хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэхүү гэрээний хавсралтаар даатгуулагч *******ХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгсэл 2024 оны 01 сарын 07-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хорооны тууш замын төгсгөлийн хэсэгт 250 м-ийн замд мод мөргөсөн зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслийн урд буфер, крыло, урд хаалга болон бусад хэсэгт эвдэрсэн даатгалын тохиолдол бий болсныг Тээврийн цагдаагийн албаны *******дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн үйлдсэн 2024 оны 01 сарын 07-ны өдрийн актаар тогтоосон.
Даатгуулагч дээрх тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээний *******ХХК-аар дүгнэлт гаргуулахад автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 23,720,000 төгрөг гэж үнэлсний дагуу зохих баримтаа бүрдүүлэн ******* ХК-д хүлээлгэн өгсөн ч даатгагчаас гэрээний хавсралтад заасан тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрсөн гэх шалтгаанаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь талууд 2021, 2022 онуудад байгуулсан гэрээндээ тээврийн хэрэгслийн улсын дугаар, автомашины даатгалын үнэлгээ, даатгалын үнэлгээний хураамжийн мэдээллийг агуулсан бөгөөд 2023 онд байгуулсан даатгалын гэрээний хавсралтад тээврийн хэрэгслийн арлын дугаарын мэдээлэл нэмэгдсэн байдаг. Гэвч арлын дугаар буруу бичигдсэн нь даатгагч үүргээсээ татгалзах үндэслэл болохгүй юм.
Бид энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад тус хорооноос ******* ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн ч тус компаниас дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд даатгалын гэрээний үүрэгт 23,720,000 төгрөгийг ******* ХК-аас гаргуулж *******ХК-д олгуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2023 оны 8 сард D232026037 тоот Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг 2021 оноос хойш шинэчилж ирсэн, өмнөх гэрээний хавсралтад уг тээврийн хэрэгсэл даатгуулж байсанд маргаагүй. Гэрээний хавсралтыг даатгуулагчаас нэгдсэн байдлаар гарган өгч гэрээг байгуулахдаа гэрээний хугацаанд даатгалд хамруулах тээврийн хэрэгслийн мэдээлэл бүхий жагсаалт гарган өгөх үүрэгтэй байдаг.
Даатгалын тохиолдлын өргөдлийг судлахад хохирол нэхэмжилсэн тээврийн хэрэгсэл нь даатгалын гэрээний хавсралтад тусгагдаагүй тээврийн хэрэгсэл байсан ба гэрээний хавсралтад бичигдсэн арлын дугаараар нь өөр автомашин болох нь тогтоогдсон тул нөхөн төлбөр шаардах үндэслэлгүй юм. Даатгуулагч нь даатгалын гэрээний 13.4-т зааснаар даатгалын зүйлийн дэлгэрэнгүй жагсаалтыг гэрээнд хавсаргах, мөн гэрээний 13.5.3-т заасны дагуу замын хөдөлгөөнд аюулгүйн дүрмийг биелүүлж замын хөдөлгөөнд оролцох үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон. Иймд даатгагч гэрээний 9.2.2-т зааснаар нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-аас 21,348,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож, нэхэмжлэлээс 2,372,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 264,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
*******ХК-аас ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 04 сарын 27-ны өдөр ******* ТӨҮГ-т шилжүүлсэн, даатгалын гэрээ байгуулах үед тус арлын дугаартай тээврийн хэрэгсэл даатгуулагчийн өмчлөлд бүртгэлгүй байсан нь тогтоогдсон тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан даатгагчийн шийдвэр үндэслэлгүй... гэсэн нь даатгуулагчийн даатгалын гэрээний үүргээ биелүүлээгүй, буруутай үйлдэлд үнэлэлт өгөөгүй, даатгагчийн үүрэг гэж шийдвэрлэсэн. Даатгалын гэрээний 13.4-т Даатгагдсан зүйлсийн талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг гэрээнд хавсаргана гэж, 13.5.3-т Замын хөдөлгөөнд аюулгүйн дүрэм журмыг ёсчлон биелүүлж хөдөлгөөнд оролцох үүргээ даатгуулагч биелүүлээгүй нь тогтоогдсон байдаг. Иймд гэрээний 9.2, 9.2.2-т заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тухай хариуцагчийн татгалзалд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй.
Даатгалын гэрээний 13.6.6-д Даатгалын тохиолдол нь даатгуулагчийн өөрийн буруугаас учирсан тохиолдолд олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагад ногдох дүнг хасаж тооцно" гэж заажээ. Шүүх даатгалын зүйлд учирсан хохирол 23,720,000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагад 2,372,000 төгрөгийг хасч 21,348,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ даатгалын гэрээний дагуу шийдвэр гаргаагүй.
Учир нь зам тээврийн осол тогтоосон актад жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийг тогтоосон. Зам тээврийн ослын газар хийсэн үзлэгийн тэмдэглэлд Суурингийн дотор замд, зохицуулагдаагүй уулзварт, ердийн, уруу асфальт, явган хүний замтай, гадаргуу нь мөстсөн зам дээр 60 км/ц хурдтай явж замын давж ургасан тууш чиглэлд ургуулсан гурван ширхэг модыг хугартал мөргөсөн үйлдэл нь талуудын байгуулсан гэрээний 13.6.10-т зааснаар Илэрхий мэдэгдэж байгаа эрсдэлээс зайлсхийгээгүй тохиолдолд олгохоор тооцсон хохирлыг 50 хувиар нөхөн олгоно гэсэн заалтад хамаарах байтал 10 хувийг хассан нь гэрээний агуулгыг шүүх бүрэн тайлбарлаагүй гэж үзэж байна.
Хальтиргаатай, мөстсөн зам дээр тээврийн хэрэгслийн жолооч нь аюул, эсрдэлээс урьдчилан сэргийлж замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явахыг замын хөдөлгөөний дүрэмд заасан. Гэтэл шүүх гэрээг тайлбарлахдаа зөвхөн нэг талд ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс автомашины арлын дугаар зөрсөн гэж тайлбарладаг ч ийм байх боломжгүй. Гэрээнд автомашины марк, улсын дугаар, тээврийн хэрэгслийн арлын дугаар 2023 оноос бичигдэж эхэлсэн. Гэтэл 2018 онд *******ид шилжсэн автомашины арлын дугаар андуурагдаж бичигдсэн ба ******* ХК мэдэж байсан ч нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүй татгалзсан. Осол болох үед ******* ХХК-ийн ажилтан очиж болсон нөхцөл байдлыг нүдээрээ харсан атлаа ******* гэсэн улсын дугаартай автомашин осолд ороогүй байж нөхөн төлбөр авах гэсэн гэж үндэслэлгүйгээр жилийн хугацаанд манай компанийг хохироосон. *******ХК-аас уг жагсаалтыг гаргаж өгсөн ба хариуцагч тал хянаж үзээд 2 талын эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Зам тээврийн ослын нь хэн нэгэн хүний санаатай үйлдлээр гардаггүй ба уг хэрэгт замын нөхцөл байдлаас болж осол гарсан. Уг жолооч арга хэмжээ авхуулсан буюу хариуцлага хүлээсэн. Мөн учирсан хохирлыг төлж барагдуулсан тул уг үндэслэлээр нөхөн олговрыг багасгах, өгөхөөс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 23,720,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн автомашины арлын дугаар зөрсөн гэх тайлбар гарган маргажээ.
3. Талууд 2021 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан Даатгалын гэрээгээр *******ХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах багц гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хавсралт 1-т даатгалд хамрагдах тээврийн хэрэгслийн улсын дугаар, сери, үнэлгээ, даатгалын үнэлгээний хураамжийн хэмжээг, хавсралт 2-т жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах тээврийн хэрэгслийн улсын дугаар, сери, албан журмын даатгалын хураамжийн хэмжээг тус тус баталсан байна.
Маргааны зүйл болсон буюу даатгалын тохиолдол бий болсон ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь дээрх гэрээний хавсралт 1-ийн 4-т, хавсралт 2-ын 13-т тус тус тусгагдсан бөгөөд талууд 2022, 2023 онуудад тухайн гэрээний хугацааг тухай бүр нэг жилээр сунгаж хамтран ажилласан нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна. Зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан даатгалын гэрээний үүрэг үүссэнийг шүүх зөв тодорхойлжээ.
4. Дээрх гэрээнүүдийн нөхцөлөөр зохигчийн хооронд 2023 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан ******* дугаартай Даатгалын гэрээний хавсралт болох 2023-2024 оны Жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгалын жагсаалт-д ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тусгагдсан, харин арлын дугаарыг ******* гэж зөрүүтэй бүртгэжээ. Арлын ******* дугаартай тээврийн хэрэгсэл нь 02-00 УНҮ улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл бөгөөд *******ХК-ийн өмчлөлөөс 2018 оны 04 сарын 27-ны өдөр ******* ТӨҮГ-ын өмчлөлд шилжиж, тус бааз албаны хэрэгцээнд ашиглаж байгаа тухай 2024 оны ******* тоот тодорхойлолтод дурджээ.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн тус ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч даатгалын гэрээний хугацаанд буюу 2024 оны 01 сарын 07-ны өдөр уг тээврийн хэрэгслийг даатгалын тохиолдол үүссэн. Уг ослын улмаас тус тээврийн хэрэгсэлд 23,720,000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний *******ХХК-ийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн ******* тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар тогтоогдсон үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.
Иймээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирч, даатгалын тохиолдол бий болсон байхад даатгагч нь даатгалын гэрээний дагуу даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр хэлэлцэн тохирсон нөхөн төлбөрийг төлөхөөс үндэслэлгүй татгалзсан гэж дүгнэж, хариуцагч ******* ХК-аас 21,348,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
5. Хариуцагчийн давж заалдах гомдлын тухай:
Анхан шатны шүүх даатгалын гэрээний зүйл болохгүй ******* арлын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж гомдолдоо дурджээ. Нэхэмжлэгчийн өмчлөлийн бөгөөд даатгалын гэрээний зүйл болсон ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлд даатгалын тохиолдол үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, даатгалын гэрээнд уг тээврийн хэрэгслийн арлын дугаарыг буруу бичсэн нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй тухай, мөн энэ талаархи Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны ******* тоот албан бичигт дурдсан нь үндэслэлтэйг анхан шатны шүүх зөв тогтоож, дүгнэсэн нь үндэслэлтэй болсныг магадлалын өмнөх хэсэгт дүгнэснийг энд давтахгүй.
Мөн даатгуулагч даатгалын гэрээний 13.4, 13.5.3-т үүргээ биелүүлээгүй, даатгагч мөн гэрээний 9.2, 9.2.2-т зааснаар нөхөн төлбөрийг олгохоос татгалзсаныг шүүх дүгнээгүй гэжээ. Даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчийн гэм буруу нөлөөлсөн эсэхэд анхан шатны шүүх зохих дүгнэлт өгсөн буюу даатгалын гэрээний 13.5.3-т заасан үүргийг даатгуулагч зөрчсөн нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүйг дүгнэж, харин мөн гэрээний 13.6.6-д зааснаар даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг талууд 10 хувь гэж тохиролцсоныг үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээнээс 2,372,000 төгрөгийг хасч тооцсон байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Харин даатгалын тохиолдол бий болоход даатгагдсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөнийг тогтоосон Зам тээврийн осол дээр тогтоосон акт нь даатгалын гэрээний 13.6.10-т заасан нөхцөлд хамааруулан тодорхойлоогүй байхын зэрэгцээ хариуцагч энэ талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж татгалзаагүй, зохигч анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй баримтын талаар давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй учир энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ