Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 97

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ат холбогдох 1930001730098 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймаг Асгат сумын  3 дугаар багийн нутаг Их уул гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 215 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Э.А, 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч Э.А нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг “Ар шанд” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Д.Эы 1 тооны морийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.432.500 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                      

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч  Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Эы 1 тооны адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Хамт явж байсан Б, таксины жолооч хоёрт өөрийнхөө адууг гэж хэлээд махласан. өмнө нь хулгайн гэмт хэргээр тэнсэгдэж байсан.2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос такси хөлсөлж явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч Э.Аын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд адуу хулгайлсан нь үнэн. Тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгай хийхээр болсон. Бийн хүүхдийн бие нь муу, эмчилгээ хийлгэхээр болоод мөнгө хэрэгтэй байна гэхээр нь хамт Сүхбаатар аймаг явъя, би адуунаасаа 1 морь хийе гээд дагуулаад явсан. Хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Мөн жолоочид худлаа хэлээд аваад явсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлоо барагдуулна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 42-43/, 

 

         - Хохирогч Д.Эы: Манайх Сүхбаатар аймгийн Асгат сумын 3-р баг “Ар шанд” гэх газар мал маллан амьдардаг. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрийн гадаа манай адуу байсан ба ойролцоогоор 19.00 цагийн үед ар луугаа орсон юм. Тэр шөнө манай 2 нохой гэрээсээ хойшоо хуцаад байсан ба тухайн үедээ анзаараагүй хоносон. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 09.00 цаг өнгөрөөгөөд адуу усандаа ирэхгүй болохоор нь 14.00 цаг хүртэл харсан боловч ирээгүй. Ингээд адуугаа хайгаад хойшоо явтал гэрээс хойш ойролцоогоор 7 км-т байдаг манай өвөлжөөний урдхан талд адуу байхаар нь тойроод бүртгэхэд 8 настай, зөв талын ташаан дээрээ хас тамгатай хонгор морь байхгүй байсан. Тэгэхээр нь ойролцоо бэлчээрээр нь хайгаад өвөлжөөн дээр ирэхэд блокон хашааны хойно гэдсийг нь гаргаад 4 шийрийг нь хаясан, мөн контейнерын ард толгойг нь хаяад шийрийг нь эвхээд тавьсан байсан. Тэр үед ойролцоогоор 17.00 цаг өнгөрч байсан ба цагдаад дуудлага өгсөн. Миний хонгор морь уурганы номхон, тарга хүчээр сайн байсан. Миний хохирлыг Аын ээж нь барагдуулсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9,11/,

 

- Гэрч Л.Хын: Би “Симан” ХХК-д таксины жолооч ажилтай. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 57 минутанд 88173038 гэсэн дугаараас залгаад “таниар 10-аад хоногийн өмнө таксинд үйлчлүүлсэн хүүхэн, залуу 2 байна. Та санаж байна уу, Сүхбаатараас ирсэн” гэж ярьсан. Тэгээд би таниад “таньж байна” гээд ярьсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй нь утсаар “Сүхбаатараас очиж мал хийж ирэх хэрэгтэй байна, охин маань хотод Эх нялхаст хэвтэж байгаа, бид 2 мөнгөгүй болсон. Танд 350.000 төгрөг өгье, та яваад өгөх үү” гэж ярихаар нь би зөвшөөрөөд хотоос 16.00 цаг өнгөрч байхад Сүхбаатар аймаг руу хамт гарсан. Замдаа Хэнтий аймгийн төв дээрээс 2 ширхэг балиус хутга нөхөр нь худалдаж авсан. 22.00 цаг өнгөрч байхад Сүхбаатар аймгийн төв дээр очсон. Аймгийн төвөөс шөнөдөө гараад Асгат сум руу явсан. Суман дээр очоод 1 айлын гадаа очиж зогсоод “Энд зогсож бай, би эмээгийнх руу ороод гараад ирье” гэсэн. Тэр айлаас гарч ирэхдээ уяа, шуудай, хулдаас зэргийг авч гарч ирсэн. Тэгээд тэр залуу манай өвөлжөө рүү явъя гээд 10 орчим километр сумаас баруун тийшээ явсан. Би тухайн үед яг хаашаа явж байгаа зүг чигээ алдсан байсан. Шөнө төөрөөд хээр хоносон. Маргааш өглөө нь гэгээ ороод бид 3 цаашаа яваад нэг эзэнгүй өвөлжөөн дээр ирсэн. Тэр өвөлжөөний хажуухан талд бэлчээрт адуу байсан. Тэр адууг манай адуу гэж надад хэлээд тууж ирээд өвөлжөө рүү оруулж хашиж байгаад 1 адуу барьж авч үлдээд бусдыг нь хөөж гаргасан. Тэр адууг тэр өвөлжөөн дээр нядлаад ачаад аймгийн төв бойн дээр тушаасан. Тухайн үед тэр эмэгтэй, эрэгтэй хоёрыг адуу янзалж байхад надад сэжиг төрөөд “Та нар эзэнгүй өвөлжөөнөөс адуу нядлаад ченжүүдэд бичиг баримтгүй өгч болж байгаа юм уу, ахыгаа асуудалд орооцолдуулж байгаа юм биш биз, ах нь амьдрах гэж яваа хүн шүү” гэж хэлэхэд тэр 2 надад “санаа зоволтгүй ахаа, манай мал” гэж хэлсэн. Ингээд бойн дээр адуугаа тушаагаад мөнгөө аваад шууд хот руу тэр өдрөө гараад 17.00 цагийн орчимд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

- Гэрч О.Бийн: Манай нөхөр А бид хоёр 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой “Тэнгэр” худалдааны төвөөс “Сансар” үйлчилгээний төв рүү хүргүүлэхээр такси барьж улмаар таксины жолоочтой танилцаж, таксины жолооч хэрэг гарвал залгаарай гээд дугаараа бид хоёрт өгч хүргэж өгсөн. Манай охин Эгийн бие муу байсан болохоор 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр А “ Сүхбаатар аймаг явж хяналтандаа орж цааш Асгат сумаас өөрийн адуунаасаа нэг адуу махалж мөнгөтэй болж ирнэ “ гээд таксины жолооч руу ярьж хөлсөнд нь 380.000 төгрөг өгөхөөр болж 14.00 цагийн үед бид 3 таксины жолоочийн Соната-7 маркийн улбар шар өнгийн 33-21 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сүхбаатар аймаг гарч орой 23.00 цагийн үед Сүхбаатар аймагт ирж Асгат сум руу гарсан. Асгат суманд 00.00 цагийн орчим очиж Анхаа эмээгийнхээ гэр рүү ороод гарч ирэхдээ урт уяа, 25 кг-ын гурилын уут авч гарч ирээд хөдөө явна гээд Асгат сумаас баруун хойд зүгт 10 км орчим яваад төөрч, хөдөө машиндаа хоносон. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 07.00 цагийн орчим босож цааш 7 км орчим яваад айлын өвөлжөөн дээр байх блокон хашаан дээр ирж хашааны хажуу талд байсан адууг А тууж ирээд уг хашаанд оруулж нэг адуу барьж аваад бусдыг гаргасан. Уг адууг хашааны хойд талд янзалж, арьс, шир, гэдэс, толгойг тэнд нь хаяж, махыг таксины ар хэсэгт хийж Сүхбаатар аймаг руу хөдөлсөн. Өглөө 08 цаг 50 минутад аймгийн баруун урд захад үйл ажиллагаа явуулж байх бойны газарт очиж адууны махаа хиллэхэд 191 кг болсон. Уг газар махаа 1.331.000 төгрөгөөр өгч тэндээсээ хөдөлж аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж А хяналтандаа орчихоод бид нар Улаанбаатар хот руу 11.00 цагийн үед гарч орой 18.00 цагийн үед ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

- Гэрч Л.Мын: Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг 20 минутанд гэрээсээ гарч ирэхэд манай дүү болох Л.Мө 191 кг адууны мах авсан, холбогдох хүний нэр, утас, Хаан банкны данс, мөнгөн дүнг бичсэн цаас өгөхөөр нь миний бие 09 цаг 40 минутанд 1.337.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

 - Гэрч Л.Мөнын: Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг 40 минутанд ажлын байранд байж байхад үл таних эрэгтэй хүн орж ирээд адууны мах авах уу гэхээр нь авна  гэж хэлээд мах хиллэж авдаг газар руу явуулсан. Гэтэл 09 цаг 05 минутанд уг залуу эхнэр бололтой хүнтэй хамт орж ирээд махаа өгчихсөн, тооцоогоо хийх үү гэхээр нь би нэр, утас, дансны дугаар малын имийг бичиж аваад эгч Мөнх-Ундрахад өгсөн. Тэгээд манай эгч тооцоог хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, /

 

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 3-7, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ

 

-  “А” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 72/

 

- “ А ”  ХХК-ны №1000105 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 73-74/

 

- 33-21 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77/

-Хохирогч Д.Эы Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 78/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малын үнэлгээ /хх-ийн 68/ 

 

- Э.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/

 

-  Сүхбаатар аймгийн Асгат сумын 3-р багийн Засаг даргын 2019 оны 05 сарын 08-ны өдрийн А/44 дугаартай тодорхойлолт /хх-ийн 71/

 

-  Э.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг баримтууд болно.

 

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-63/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний 35 дугаартай “ Сэжигтнийг баривчлах тухай”  шүүгчийн захирамж /хх-ийн 28-29/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай “ шүүгчийн захирамж /хх-ийн 31-32/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 69-70/ зэргийг шинжлэн судлав. 

 

 

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөөний 07 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ар шанд” гэх газраас бусдын эзэмшлийн Соната 7 маркын 33-21  УБХ улсын дугаартай машиныг ашиглан иргэн Д.Эы зөв талын ташаан дээр хас тамгатай, цагаан хонгор зүсмийн 8 настай морийг хулгайлж 1.432.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Аын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Э, гэрч Л.Х, О.Б, Л.М, Л.Мөн нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт, “ А ” ХХК-ны №1000105 дугаартай үнэлгээний тайлан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзлээ.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Э.А нь зарж борлуулан, ашиг олох зорилгоор Улаанбаатар хотоос такси хөлсөлж Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ар шанд” гэх газар ирж иргэн Д.Эы бэлчээрт байсан адуунаас 1 тооны адуу хулгайлан бусдад зарж борлуулсан үйл баримт тогтоогдоно.

Энэ нь тухайн хэрэг үйлдэгдэхэд хамт явсан гэрч Л.Хын “ 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 57 минутанд 88173038 гэсэн дугаараас залгаад “ таниар 10-аад хоногийн өмнө таксинд үйлчлүүлсэн хүүхэн, залуу 2 байна. Сүхбаатараас очиж мал хийж ирэх хэрэгтэй байна, танд 350.000 төгрөг өгье “ гэж ярихаар нь би зөвшөөрч Сүхбаатар аймаг руу хамт гарсан. Замдаа Хэнтий аймгийн төв дээрээс 2 ширхэг балиус хутга нөхөр нь худалдаж авсан. Асгат сум руу явахдаа төөрөөд хээр хоносон. Маргааш өглөө нь цаашаа яваад нэг эзэнгүй өвөлжөөн дээр ирэхэд өвөлжөөний хажуухан талд бэлчээрт адуу байсан. Тэр адууг манай адуу гэж надад хэлээд тууж өвөлжөө рүү оруулж хашиж 1 адуу барьж авч бусдыг нь хөөж гаргасан. Адууг  өвөлжөөн дээр нядлаад ачаад аймгийн төвд бойнд тушаасан. Адуу янзалж байхад надад сэжиг төрөөд “Та нар эзэнгүй өвөлжөөнөөс адуу нядлаад ченжүүдэд бичиг баримтгүй өгч болж байгаа юм уу, ахыгаа асуудалд орооцолдуулж байгаа юм биш биз, ах нь амьдрах гэж яваа хүн шүү” гэж хэлэхэд “санаа зоволтгүй ахаа, манай мал” гэж хэлсэн “ гэх,  

гэрч О.Бийн “ Манай охин Эгийн бие муу байсан болохоор манай нөхөр А “ Сүхбаатар аймаг явж хяналтандаа орж, Асгат сумаас өөрийн адуунаасаа нэг адуу махалж ирнэ “ гээд таксины жолооч руу ярьж хөлсөнд нь 380.000 төгрөг өгөхөөр болж Соната-7 маркийн улбар шар өнгийн 33-21 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сүхбаатар аймаг гарсан. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 07.00 цагийн орчим босож цааш 7 км орчим яваад айлын өвөлжөөн дээр ирж хашааны хажуу талд байсан адууг А тууж ирээд нэг адуу барьсан. Уг адууг хашааны хойд талд янзалж, арьс, шир, гэдэс, толгойг тэнд нь хаяж, махыг таксины ар хэсэгт хийж Сүхбаатар аймгийн баруун урд захад байх бойны газарт очиж 191 кг махыг 1.331.000 төгрөгөөр өгсөн “ гэх,

 хохирогч Д.Эы: 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19.00 цагийн үед манай адуу ар луугаа орсон. Тэр шөнө манай 2 нохой гэрээсээ хойшоо хуцаад байсан, тухайн үедээ анзаараагүй хоносон. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 09.00 цаг өнгөрөөгөөд адуу усандаа ирэхгүй болохоор нь 14.00 цаг хүртэл харсан боловч ирээгүй. Адуугаа хайгаад хойшоо явтал гэрээс хойш ойролцоогоор 7 км-т байдаг манай өвөлжөөний урдхан талд адуу байхаар нь бүртгэхэд 8 настай, зөв талын ташаан дээрээ хас тамгатай хонгор морь байхгүй байсан. Ойролцоо бэлчээрээр нь хайгаад өвөлжөөн дээр ирэхэд блокон хашааны хойно гэдсийг нь гаргаад 4 шийрийг нь хаясан, мөн контейнерын ард толгойг нь хаяад шийрийг нь эвхээд тавьсан байсан..” гэх,

гэрч Л.Мын ” 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг 20 минутанд ирэхэд манай дүү болох Л.Мө 191 кг адууны мах авсан, холбогдох хүний нэр, утас, Хаан банкны данс, мөнгөн дүнг бичсэн цаас өгөхөөр нь миний бие 09 цаг 40 минутанд 1.337.000 төгрөг шилжүүлсэн “гэх, 

гэрч Л.Мөнын “2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг 40 минутанд ажлын байранд байж байхад үл таних эрэгтэй хүн орж ирээд адууны мах авах уу гэхээр нь авна  гэж хэлээд мах хиллэж авдаг газар руу явуулсан. 09 цаг 05 минутанд уг залуу эхнэр бололтой хүнтэй хамт орж ирээд махаа өгчихсөн, тооцоогоо хийх үү гэхээр нь би нэр, утас, дансны дугаар малын имийг бичиж аваад эгч Мөнх-Ундрахад өгсөн. Тэгээд манай эгч тооцоог хийсэн “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Э.А гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, зарж борлуулан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. 

 

Шүүгдэгч Э.Аын бусдын 1 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эд учирсан 1.432.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.А нөхөн төлсөн буюу морины хохиролд унагатай гүү өгч хохирлыг барагдуулжээ.  

 

Э.Аын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т хүндрүүлэх нөхцөл байдлууд болно. 

Учир нь шүүгдэгч Э.Аыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 215 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь холбогдох шийтгэх тогтоолоор тогтоогдоно.

 

  Иймд Э.Аын тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хуурч өөр орон нутагт авчран мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө нь тухайн төрлийн гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ. 

 

Э.А нь дээрх 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “  Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна“ гэсний дагуу ял оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Э.А мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Д.Хын 3321 УБХ улсын дугаартай Соната 7 маркийн машиныг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүнээс дээрх тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо. Уг тээврийн хэрэгслийг “ А ” ХХК-ны №1000105 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 73-74/-д 8.500.000 төгрөгөөр үнэлжээ. 

 

Иймд шүүх энэ талаар гаргаж буй өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь Э.Аын эзэмшлийнх биш учраас 8.500.000 төгрөгийг түүнээс гаргуулах боломжгүй “ гэх хүсэлтийг шүүх үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Учир нь хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Э.А нь биеэр шууд явж очих, авч явах боломжгүй эд хөрөнгөд хүрэх, зарж борлуулах, зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Д.Хын 3321 УБХ улсын дугаартай Соната 7 маркийн машиныг хөлслөн, өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэн хулгайлах үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь хэрэгт хангалттай нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно “ гэж заасан нь Э.Аын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарах бөгөөд түүнээс дээрх тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”  Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна ” гэх  зохицуулалтанд нийцнэ. 

 

Шүүгдэгч Э.Аын сэжигтнээр баривчлагдсан болон яллагдагчаар цагдан хоригдсон нийт 38 хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Аыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Э.Аыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.4-т заасныг журамлан дээрх хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг мөн хугацааны хорих ялаар тооцож, уг хорих ялд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ат оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан ялтан Э.Аын цагдан хоригдсон нийт 38 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Ялтан Э.Ат шүүхийн шатанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Э.Ааас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 33-21 УБХ улсын дугаартай Соната-7 маркийн машины үнэд 8.500.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН