| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/03878/И |
| Дугаар | 102/ШШ2016/04755 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/04755
2016 оны 07 сарын 28 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04755
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамж, 42 тоот хаягт оршин суух, Халзан овогт Дамбын Оюунбат /РД:ЧБ64011016/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 21 дүгээр гудамж, 578 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 10 дугаар байр, 44 тоот хаягт түр оршин суух, Боржигон овогт Доржготовын Батсүрэн /РД:ЧИ71112301/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.505.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунбат, хариуцагч Д.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.100.000 төгрөгийг хариуцагч Д.Батсүрэнд 30 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 3,4 сар болж байхад хариуцагч нь зээлээ төлж барагдуулаагүй байна. Нийт 210.000 төгрөг төлсөн. Үүний 110.000 төгрөг нь хүүнд, 100.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Иймээс үндсэн зээл 1.000.000 төгрөг алданги нь 505.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 39.050 төгрөг нийт 1.544.030 төгрөгийг хариуцагч Д.Батсүрэнгээс гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Д.Батсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчээс өмнө авсан зээлийн үлдэгдэл 400.000 төгрөг дээр нэмж 500.000 төгрөг гэх мэт нэмж зээлж, нийт 1100,000 төгрөгийг зээлсэн. Энэ зээлээсээ 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 45.000, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 44.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 133.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 30.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15.000 төгрөг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 25.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 44.000 төгрөг, 15.000 төгрөгийн чихэр, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 30.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 40.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 20.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 44.000 төгрөг төлсөн байна. Эдгээр мөнгөнүүдийг өгсөн тухай өөрийн хувийн дэвтэртээ бичиж авснаас өөр баримт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Оюунбатад төлсөн мөнгөнүүдээ хасаж бодуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбат нь хариуцагч Д.Батсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.505.000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлсөн гэж эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 30 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, өдөр бүр 44.000 төгрөгөөр төлөхөөр 1.100.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2-т гэрээний хугацаанд хүү, мөн гэрээний 2.3-т хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Д.Оюунбат нь зээлийн гэрээний дагуу 1.100.000 төгрөгийг гэрээ байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д.Батсүрэнд бэлнээр өгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна. Энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдлоо.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдүүлсэн 1.100.000 төгрөгийн хүүнд /нэг сарын 1.100.000 төгрөг х 10%/ 110.000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дуусахад зээлдэгч Д.Батсүрэнд нь үндсэн зээл 1.100.000 төгрөг, 30 хоногийн зээлийн хүү 1100.000 төгрөг, нийт 2.110.000 төгрөгийг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь 210.000 төгрөгийн төлөлт хийж, үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу алданги тохирсон тул нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алдангид 505.000 төгрөг, нийт 1.505.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцох заалтыг баримтлан анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлээгүй, алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлж тооцсон байна.
Хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлийг зээлийн гэрээний төлбөрийг хэсэгчилэн төлсөн одоо төлбөл зохих төлбөр нь 400.000 төгрөг гэж маргаж, төлснөө бүртгэсэн тэмдэглэл гэж дэвтрийн хуудас гаргаж өгсөн нь хүлээлгэж өгсөн, хүлээн авсан гарын үсэг байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, уг дэвтэрт бичсэн хариуцагчийн төлсөн дүн нь өөрийнх нь төлсөн гэх дүнтэй зөрүүтэй байх тул хариуцагчийн 400.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцож, 505.000 төгрөг нэхэмжилж байгаа нь анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцээгүй, улмаар хариуцагчийн өрх толгойлсон, лангуугаа хураалгасан гэх хувийн байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгахад нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэж, алдангид 100.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Иймд хариуцагч Д.Батсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 100.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оюунбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 405.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Батсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 1.100.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оюунбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 405.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ