| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 184/2024/09022/И |
| Дугаар | 210/МА2025/00453 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00453
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00614 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
10,774,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *****6 дугаар зүйлийн *****6.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****д холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзсан үндэслэлээр түрээсийн төлбөр 8,300,000 төгрөг, сүүний үнэ 2,024,000 төгрөг, цахилгаан тоолуурын үнэ 450,000 төгрөг, нийт 10,774,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ***** нь түрээсийн төлбөр 8,300,000 төгрөгийг буцааж төлнө, сүү, цахилгаан тоолуурыг аваагүй гэж хариу тайлбар шүүхэд өгсөн.
3. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ***** нь *****тэй түүний өмчлөлийн ***** дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт 11 гудамж, 7, ***** тоот хаягт байрлах мах, сүү боловсруулах үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг сарын 8,300,000 төгрөгөөр түрээслэхээр амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн зүйлийг хүлээн авч 1 сарын төлбөрийг төлжээ.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, харилцан тохиролцохгүйгээр түрээсийн зүйлийг буцааж эзэмшилдээ авсны улмаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон байна.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж алдаатай дүгнэснийг залруулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт бичгээр байгуулаагүй тохиолдолд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг заасан бөгөөд энэ шаардлагыг зохигчийн байгуулсан гэрээ хангаагүй.
Иймд зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус. Харин түрээсийн зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө болох талаар хэрэгт баримт авагдаагүй тохиолдолд түрээсийн гэрээг бүртгүүлэх байсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх нь хангалттай байжээ.
3.2. Харин хүчин төгөлдөр бус гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн түрээсийн төлбөр 8,300,000 төгрөгийг буцааж гаргуулахаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй тул хэвээр үлдээнэ. Харин дээрх хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлахдаа техникийн алдаа гаргасан байгааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулна.
4. Анхан шатны шүүх гэрч *****, ***** нарын мэдүүлэг, зарлагын баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд хариуцагч түрээсийн зүйлийг өөрийн эзэмшилд буцааж авах үед тухайн барилгад нэхэмжлэгчийн эзэмшлийн 2,024,000 төгрөгийн үнэ бүхий сүү, 450,000 төгрөгийн үнэ бүхий цахилгааны тоолуур үлдсэн үйл баримтыг зөв тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйлс нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсны үр дагавар болох гэрээний дагуу хүлээж авсан зүйлсийг харилцан буцааж өгөх үүрэгт хамаарахгүй юм.
Иймд өмчийн эрх зүйн харилцаанаас үүсэх шаардах эрхийг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байснаас үүсэх үр дагаварт хамааруулж буруу дүгнэснийг залруулна.
4.1. Учир нь түрээсийн зүйлд үлдсэн сүү, цахилгаан тоолуурын талаар зохигч нь аливаа үүргийн харилцааны хүрээнд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй.
Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч байсан. Гэвч хариуцагч түрээсийн зүйлийг буцааж эзэмшилдээ авахдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн сүү, цахилгаан тоолуурыг өөрийн эзэмшилд мөн авсан.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж буй хариуцагчийн эзэмшил нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны биш бөгөөд шударга бус юм.
4.2. Хэдийгээр хариуцагч нь сүү, цахилгаан тоолуурыг хүлээн аваагүй, сүүг манай эхнэр мэднэ гэж маргаж буй боловч түүний өмчлөлийн зүйл болох барилгад эдгээр хөдлөх эд хөрөнгө үлдсэн үйл баримт тогтоогдсон тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн эзэмшилд буй сүү, цахилгаан тоолуурыг нэхэмжлэгчид буцааж өгөх боломжтой байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, бусдын шаардлагаар тухайн хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцааж өгөхөөс татгалзсан гэж дүгнэх баримтгүй.
4.3. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг буцааж өгөөгүй, тухайн эд хөрөнгө нь одоо бодитоор байгаа эсэхийг нотлоогүй тул түүнээс сүүний үнэ 2,024,000 төгрөг, цахилгаан тоолуурын үнэ 450,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн зарим эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *****7 дугаар зүйлийн *****7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00614 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 492.1 гэснийг 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *****2 дугаар зүйлийн *****2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ