Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 45

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Г.Б, О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б, О.Э нарт холбогдох 1930000160037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,малчин ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Дөрвөлж хотхоны 3-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэлгүй Г.Б.

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Ухаа овоо” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй О.Э.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч О.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7  дугаар багт  үйл ажиллагаа явуулах “Энхжин” зоогийн газрын гадаа  2018 оны 12  дугаар  сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Г.Бг зодож,  эрүүл мэндэд нь  “зүүн нүдний алиманд цусан хураа, дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,  

Яллагдагч Г.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт  үйл ажиллагаа явуулах “Энхжин” зоогийн газрын гадаа  2018 оны 12  дугаар  сарын 21-нээс 22-нд шилжих шөнө О.Эын эхнэр Г.Быг зодож,  эрүүл мэндэд нь  “доод үүдэн 2 шүдний эмтрэл, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, хамарт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018.12.21-нд “Энхжин” ресторанд малчдын шинэ жилийн арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнээс гарч байхдаа Этай маргаж муудсан. Архи ууснаас болсон. Хоорондоо жаахан үг сөргөлдөөд маргасан. Эын эхнэр Б нь бидний маргааны дундуур орж ирсэн. Намайг машинд суугаад хөдөлж байхад Б ахтайгаа нийлээд надаас тавихгүй, зуураад байсан. Тэгэхээр нь өөдөөс нь хөлөөрөө жийгээд машины хаалгаа хаасан.Бын үүдэн 2 шүдийг гэмтээсэн. Би тухайн үедээ гэмтэл учруулсан гэдгээ мэдээгүй. Маргааш нь Э над руу утсаар яриад ийм зүйл болсон гэж хэлсэн. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн.бид эвлэрсэн...гэв.

 

- Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018.12.21-нд малчдын шинэ жилд орсон. 23 цаг өнгөрөөгөөд шинэ жилийн арга хэмжээ тарахын алдад хувцасны өлгүүрээс  хувцсаа аваад байж байтал Баярхүү “говийн жаахан банди надтай мэндэлсэнгүй” гэхээр нь архи уусан байсан учраас үг даалгүй Баярхүүгийн араас нь татаад мэндлэх албагүй гэсэн. Тэгээд араас нь татаж, зууралдаад гадаа гараад нүд рүү цохиж, хувцсыг нь урсан. Энэ хэрэг архи ууж, бие биенийхээ үгийг даахгүй байдлаас болсон. Тэр үед буруугаар ойлгоод жаахан маргасан.Хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа зүйлгүй. Гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч Г.Бгийн: Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой эхнэр Б.Багийн хамт Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Энхжин” ресторанд болсон малчдын шинэ жилийн баярын арга хэмжээнд орж шөнө 00 цаг өнгөрөөгөөд үйл ажиллагаа дуусч би хувцасны өлгүүрт байж байтал миний зүс таних Э гэдэг залуутай тааралдсан бөгөөд би тухайн үед Эыг “говийн жоохон Баяраа” ахтайгаа ирж мэнд мэдэхгүй юм уу гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед Баяраа надад ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд би куртикээ өмсөөд гарах гэж байтал Э нь миний куртикны малгайнаас татаж  “өөрөө хэн гэж хаанахын алдарт вэ” гэхээр нь би эргэж хараад баруун гарынхаа шуу хэсгээр Эыг цохиж тавиулж гадагш гарсан юм. Гэтэл миний араас Э нь дахиж миний хувцаснаас татаж чангааж байгаад миний зүүн нүд рүү цохисон. Үүнээс бол миний зүүн нүд хавдсан. Тухайн үед манай эгч Наранцэцэг болон саахалт айлын эгч Отгонцэцэг нар бид хоёрыг салгаж байтал Эын эхнэр Б.Б гэх эмэгтэй голоор орж ирж нөхрөө өмөөрч надтай маргалдаж байгаад миний зүүн хацар болон чихний ар хэсэгт маажиж надад хохирол учруулсан. Тэгээд Сэргэлэнбаатарын машинд суучихаад байж байхад араас Б нөхөртэйгээ ирж хэрүүл хийгээд өөдөөс самардаад байсан. Би машины хаалга хаах гээд Б.Бын өөдөөс өшиглөж байж арай гэж тэр хэдээс салж явцгаасан. Би Б.Бад гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Б.Бад эмчилгээний зардал гэж 800.000 төгрөг өгсөн. Би О.Э, Б.Б нартай эвлэрсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/

 

- Яллагдагч О.Эын: Би эхнэр Б.Бын хамт Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчдын шинэ жилийн баярын арга хэмжээнд 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой Энхжин зоогийн газарт орсон. Тус үйл ажиллагаа 23 цаг өнгөрөөгөөд дууссан бөгөөд би үүдний хувцас авах өрөөнөөс куртикээ авч өмсөж байтал миний зүс таних Г.Б гэгч нь намайг “говийн жоохон Баяраа ирж мэндэлсэнгүй” гэж надад хэлсэн.Зарим болсон асуудлыг санахгүй байна. Би согтуудаа Баярхүүд “би мэндлэх албагүй” гэж хэлсэн юм. Үүнээс болж бид хоёр хоорондоо зууралдсан муудалцсан зодолдсон. Мөн гадаа гараад хоорондоо зууралдаж харилцан бие биетэйгээ зодолдсон. Тухайн үед манай эхнэр Б.Б араас гарч ирээд Г.Б бид хоёрын голоор орж ирж бид хоёр салахдаа Г.Б гэгчид уруул шүд рүүгээ цохиулж шүдэндээ гэмтэл авсан байсан. Би Г.Бд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо эвлэрсэн,  хэвийн харилцаатай байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/

 

- Хохирогч Г.Бгийн:  Би эхнэр Б.Багийн хамт 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Энхжин” ресторанд болсон малчдын шинэ жилийн баярын арга хэмжээнд орж шөнө 00 цаг өнгөрөөгөөд үйл ажиллагаа дууссан юм. Тэгээд би хувцасны өлгүүрт миний зүс таних Э гэдэг залуутай тааралдаж би тухайн үед Эыг “говийн жоохон Баяраа ахтайгаа ирж мэнд мэдэхгүй юм уу гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд би куртикээ өмсөөд яг гарах гэж байтал Э нь миний куртканий малгайнаас татаж өөрөө хэн гэж хаанахын алдарт вэ гэхээр нь би эргэж хараад баруун гарынхаа шуу хэсгээр Эыг цохиж тавиулж гадагш гарсан юм. Гэтэл миний араас дахиж ирээд миний хувцаснаас татаж чангааж байгаад миний зүүн нүд рүү цохисон. Тухайн үед манай эгч Наранцэцэг болон саахалт айлын эгч Отгонцэцэг нар бид хоёрыг салгаж байтал Эын эхнэр Б гэх эмэгтэй голоор орж ирээд нөхрөө өмөөрч надтай маргалдаж байгаад миний зүүн хацар болон чихний ар хэсэгт маажсан. Тэгээд Отгонцэцэг эгчийн хүүхдийнх нь машинд суучихаад байж байхад араас Б ах дүү нартайгаа ирж хэрүүл хийгээд өөдөөс самардаад байсан. Би машины хаалга хаах гээд өөдөөс нь түлхээд байсан. Машины жолооч хөдөлж арай гэж тэр хэдээс салж явцгаасан. Миний зүүн нүдэнд учирсан гэмтлийг Э нь “Энхжин” зоогийн газарт байхад нэг удаа, мөн гадаа гарч ирээд надтай зууралдаж байхдаа мөн зүүн нүд  рүү цохиж гэмтэл учруулсан. Надад гаргах санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,

 

- Хохирогч Б.Бын: 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчдын шинэ жилийн баярын арга хэмжээ Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах “Энхжин” зоогийн газарт болж шөнө 00 цаг өнгөрөөгөөд үйл ажиллагаа тарцгаасан юм. Тэгээд гадагш гартал манай нөхөр О.Э нь танихгүй хүнтэй зууралдаж байсан. Тэгэхээр нь би болиулах зорилгоор голоор нь ортол тэр таних ах миний нүүр рүү гараараа нэг удаа цохиж миний хамарт гэмтэл учруулсан. Дараа нь дотор сууж байхад нь манай нөхөр Г.Бтэй зууралдаад байхаар нь би мөн салгах гэтэл Г.Б нь миний нүүр рүү өшиглөж үүдэн доод шүдэнд гэмтэл учруулсан. Г.Б нь надад миний хохирол гэж 1.000.000 төгрөг өгсөн. Одоо миний хохирлыг барагдуулсан болохоор надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,

 

- Гэрч Г.Сын: 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой Г.Б нь Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчдын шинэ жилийн баярын арга хэмжээнд орно гээд орой нь надаар “Энхжин” зоогийн газарт хүргүүлсэн юм.Орой тараад намайг дуудна ирж аваарай гэж байсан юм. Тэгээд 00 цагийн орчим над руу тарчихлаа хүрээд ир гэж залгахаар нь би “Энхжин” зоогийн газрын гадаа өөрийнхөө приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод би гадаа ирчихлээ гээд хэлсэн. Удалгүй Г.Б миний машин руу ирж байтал араас нь 2 эрэгтэй хүн гүйж гарч ирээд зууралдаж эхэлсэн. Би шууд явж очоод салгаж Г.Бг машиныхаа хойд талд суулгаад явах гэтэл Г.Бгийн сууж байсан талын хаалгыг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн чагталж явуулахгүй байсан. Тухайн үед Г.Б нь тэр хоёр хүнтэй маргалдаад байсан. Би Г.Бг аваад явж байхад зүүн нүд, зүүн хацар нь хөхөрч бага зэрэг хавдсан байсан. Мөн бага зэрэг маажсан ором байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтэнд: 1.Г.Бгийн биед зүүн нүдний алиманд цусан хураа, дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 20/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 30 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Бын биед доод үүдэн 2 шүдний эмтрэл, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 25/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 8/173 дугаартай тодорхойлолт /хх-50/

 

-Г.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51/

 

-Г.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 8/188 дугаартай тодорхойлолт /хх-59/

 

-О.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-60/

 

-О.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/

 

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-70-71/

 

- Хохирогч Б.Бад Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл/хх-63/, 

 

- Хохирогч Г.Бд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл/хх-64/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 26 дугаартай санал /хх-72/

 

-Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 26а  дугаартай санал /хх-73/  зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 12  дугаар  сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7  дугаар багт  үйл ажиллагаа явуулах “Энхжин” зоогийн газрын гадаа Г.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан  зодож, түүний эрүүл мэндэд   “зүүн нүдний алиманд цусан хураа, дээд зовхинд цус хуралт ” бүхий хөнгөн хохирол,  

шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт  үйл ажиллагаа явуулах “Энхжин” зоогийн газрын гадаа  2018 оны 12  дугаар  сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд О.Эын эхнэр Г.Быг нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь  “доод үүдэн 2 шүдний эмтрэл, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, хамарт сорви гэмтэл ” бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус учруулсан болох нь Г.Б, О.Э нарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Б, Б.Б, гэрч Г.С нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29, 30 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

        Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч О.Э, Г.Б,  нар согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо зодолдож, О.Э нь Г.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Г.Б нь тэдгээрийн зодооныг хорьж, салгасан О.Эын эхнэр Б.Бын нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдоно.

Тэдгээр нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсаны улмаас үл ялих зүйлээр шалтаглан бусдыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн байна. 

Шүүгдэгч Г.Б, О.Э нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Б хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, тэрээр хохирогч Б.Бын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн,  хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Б, О.Э нарын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Г.Б, О.Э нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч Г.Б, О.Э нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд тэдгээрт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Б, О.Э нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Г.Б, О. Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг, О.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Шүүхийн шатанд ялтан Г.Б, О.Э нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б, О.Э нар дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ялтан Г.Б, О.Э нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б хохирогч Б.Бын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Б, Г.Б нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН