Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00467

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/00409 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* СӨХ-нд холбогдох,

6,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** СӨХ-нд холбогдуулан 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд цалин дутуу олгосон үндэслэлээр 6,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч цалингийн аливаа өр төлбөр байхгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ***** СӨХ-д ***** нь 800,000 төгрөгийн цалин хөлстэйгөөр үйлчлэгчээр ажиллахаар харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээ авагдсан.

Энэхүү хөдөлмөрийн харилцаанд үндэслэн нэхэмжлэгч нь дутуу авсан цалин хөлсөө хариуцагчаас шаардаж нэхэмжлэл гаргасан.

 

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154, 158 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааны талаар эрх нь зөрчигдсөн этгээд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд хугацааны хязгаарлалтыг тавьсан тул энэ талаар зохигч маргасан эсэхээс үл хамааран шүүх дүгнэлт өгнө.

 

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах ёстой болохыг заасан.

Нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн банкны дансны хуулгаар тэрээр 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч байгууллагаас цалин авсан болох нь тогтоогдож байх тул энэ өдрийг нэхэмжлэгчийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж тооцно.

 

3.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлжээ.

Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгчид хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар урьдчилан мэдэгдэх, энэ талаарх баримт гаргаж өгөх боломж олгоогүй гэж анхан шатны шүүхийг буруутгахгүй.

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан болохыг дурдвал зохино.

 

3.5. Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцэж байна.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн дээрх зохицуулалтыг баримтлаагүй байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

3.6. Нэгэнт нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул гэрчийн мэдүүлэг авхуулах тухай гомдлыг хангахгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/00409 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 154 дүгээр зүйлийн 154.2.2 гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ