| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0073/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 73
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Гт холбогдох 1930001370077 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 2 дугаар цэцэрлэгт дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Т.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Ахмадын ордон”-ы урд талын засмал зам дээр иргэн Д.Быг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндийн цус хуралт, хамрын ясны зөрүү багатай хугарал, хамрын таславчийн баруун тийш муруйлт, баруун нүдний эргэн тойрны цус хуралт, алимны цусан хураа бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би аймгийн Нийтийн бүжгийн тэргүүн, Б нь манай гишүүн юм. Бид 2 ажил мэргэжлийн онцлогоос болж муудалцсан. Тухайн бүжиг болдог өдөр би Дорнод аймгаас хөгжимчин авчирсан байсан.Тэр хөгжимчид архи уулгаад алга болчихсон. Бгийнд байсан юм билээ.Тэгээд маргалдаад цохилцсон. Хохирогчийн эмчилгээний зардалд 243.000 төгрөг өгсөн, өмнө нь 50.000 төгрөг өгсөн. Би уучлалт гуйсан бид 2 одоо эвлэрсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу... гэв.
- Яллагдагч Т.Гийн: 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 19 цагт Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын зааланд нийтийн бүжгийг зохион байгуулж орой 21 цагийн орчим дуусч тарцгаасан бөгөөд Б.Н, А хоёрын хамт 48 айлын орон сууц руу явж байгаад “Ахмадын ордон”-ы урд танил Д.Бтай тааралдсан.Тухайн үед Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба миний таньдаг Мө гэх эмэгтэй, мөн өөр 3 танихгүй эмэгтэй хүнтэй явж байсан. Тэгээд би Д.Бтай уулзаж “Та бүжиг болж байхад чинь зар тараахгүй яасан юм бэ ” гэтэл “май янхануудаа” гээд над руу хоёр гараараа дунд хуруугаа гаргахаар нь би хоёр гарнаас нь бариад автал миний зүүн гуя руу хоёр удаа өшиглөхөөр нь би цааш нь түлхсэн юм. Гэтэл дахиж над руу дайраад байхаар нь би Д.Б ахыг 1-2 удаа адилхан цохилцоод буцаад салцгаасан. Хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгаад хоёр тийш болж явцгаасан. Д.Бы биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Д.Б нь надаас эмчилгээний мөнгө гэж 3.600.000 төгрөг нэхэмжилсэн. Д.Б нь эмчилгээндээ зарцуулсан баримттай мөнгөнд хохирлыг нь бүрэн барагдуулна... гэх мэдүүлэг /хх-34-35/,
- Хохирогч Д.Бы: Би 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой Баруун-Урт сумын 1 дүгээр баг 60 айлд байдаг найз Ооёобаатарын гэрээр орж 1 шил архи хувааж уучихаад орой 21 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ явж байх замдаа “Ахмадын ордон”-ны урд талын зам дээр М, Мө, Ц гэдэг бүжгэнд явдаг 3 эмэгтэйтэй тааралдаж уулзаад зогсож байтал хажуугаар явж байсан миний зүс таних Г гэх залуу ирээд “Та бүжиг болох гэж байхад хүмүүсийг ирүүлсэнгүй ” гэж хэлсэн. Тэр бүжгэнд хөгжим тоглох ёстой байсан Баатарсүх нь манай гэрт байсан бөгөөд үнэ хөлсөндөө тохирсонгүй гээд тоглохоо больсон юм. Би тухайн үед “би хүмүүсийг тараагаагүй” гэдгээ хэлсэн. Гэтэл Т.Г нь над руу гараараа далайхад хажууд байсан Н голоор ороод намайг тэврээд автал Т.Г нь миний нүүр рүү 3 удаа цохисон. Тэгээд шууд яваад өгсөн. Хажууд М, Мө, Ц нар байсан. Би тэндээсээ шууд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тухайн үед хамраас цуг гараад, дотор муухайраад байсан болохоор би их удаан явж эмнэлэг дээр 22 цаг 20 минутын орчимд очсон. Замдаа хэн нэгэнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Би Т.Гт зодуулснаас болж эрүүл мэнддээ хохирол авсан. Би Улаанбаатар хот руу 300.000 төгрөгтэй явж эмчилгээ шинжилгээ хийлгээд дууссан. Хоёр нүд болон хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Дээрх эмчилгээний зардал мөнгийг Т.Гоос нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-12-15/,
- Гэрч Х.Мийн: 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой дуучин Чийн тоглолтыг Мө, Ц гэдэг хоёр найзтайгаа үзээд орой 21 цаг 30 минутын орчим “Ахмадын ордоны” зам дээр такси барих гээд зогсож байтал Д.Б ахтай тааралдсан. Тухайн үед Д.Б халамцуухан байсан. Б ахтай юм яриад зогсож байтал Т.Г нь Н, өөр нэрийг нь мэдэхгүй хоёр эмэгтэй хүнтэй ирсэн. Т.Г нь Д.Бд хандаж “та яагаад бүжиг тараагаад новшроод байгаа юм” гээд нэг мөр рүү гараараа түлхээд авахаар нь би хоёр гараараа холдуултал буцаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Би эмэгтэй хүн болохоор эрэгтэй хүмүүсийн гарт нь өртөж магадгүй гээд дахиж тэр хоёрт ойртоогүй. Тухайн үед Т.Гтой хамт явж байсан Н нь холдуулж байсан. Сүүлд Д.Б ах “Наа чи яагаад намайг барьж байгаад цохиулж байгаа юм бэ” гэж байсан. Анх надтай тааралдахдаа нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй зүгээр байсан. Харин Т.Гтой зодолдоод салсны дараа харахад Д.Бы баруун нүд нь бүлтийгээд хавдчихсан ойр орчим хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд Д.Б ах нүд чинэрээд байна эмнэлэг явлаа гээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-20/,
- Гэрч Ц.Мөийн: 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30-40 минутын орчим М, Ц хоёр найзынхаа хамт “Жаахан шарга” театр дээр тоглолт үзээд явж байгаад Д.Бтай ахмадын ордоны урд зам дээр тааралдсан.Тухайн үед Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой явж байсан. Тэгээд уулзаад зогсож байтал баруун талаас буюу Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас манай хамаатан Т.Г, Н өөр миний танихгүй нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Тэр хэд бид хэд рүү ирж уулзсан. Би тухайн үед жаахан зайтай утсаар яриад явж байсан юм. Гэтэл гэнэт л Д.Б, Т.Гт хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Би юунаас болж хоорондоо зодолдсон, хэн нь хэнийгээ зодож цохисон талаар би хараагүй. Хажууд нь байсан Н гэх эмэгтэй салгаж байсан. Тэр хэд салаад хоёр тийш болоод яваад өгсөн. Д.Бы баруун талынх нь нүд хавдаж хөхөрсөн байсан. Тэндээсээ Д.Б нь эмнэлэг явлаа гээд ганцаараа яваад өгсөн. Би тухайн үед хажууд нь байгаагүй зайтай утсаар ярьж байсан болохоор юунаас болж хоорондоо маргалдаж зодолдсон талаар би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-19/
- Гэрч Б.Нын : 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын зааланд нийтийн бүжиг 19 цагт эхэлж 21 цагийн орчим тарсан юм. Бүжиг тараад Т.Г, А бид гурав ахмад хорооны урд явж байгаад Б ахтай таарсан. Тухайн үед Б нь Мө, /өөр нэрийг нь санахгүй байна/ нэг эмэгтэй хүнтэй явж байсан. Гэтэл Т.Г нь Б ах явж байна гээд түрүүлж очоод уулзаж юм ярьж байгаад хоорондоо маргалдаж муудаж зодолдоод эхлэхээр нь би салгаад Т.Гийг аваад явсан. Юунаас болж маргалдаж муудсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед шөнийн 21 цагийн өнгөрч байсан болохоор гадаа харанхуй байсан. Тийм болохоор би Д.Б ахад ямар хохирол учирсан талаар би хараагүй. Ямар ч байсан Д.Б ахтай Т.Г нь зодолдоод байсан...гэх мэдүүлэг /хх-17/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай дүгнэлтэнд: Д.Бы биед тархи доргилт, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндийн цус хуралт, хамрын ясны зөрүү багатай хугарал, хамрын таславчийн баруун тийш муруйлт, баруун нүдний эргэн тойрны цус хуралт, алимны цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 24/
-Яаралтай тусламжийн хуудас №2148 /хх-22/
-IT med эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн КТГ-ийн шинжилгээний хариу /хх-23/
-Хохирогч Д.Бы эмчилгээний зардал болон бусад зардлын жагсаалт /хх-6-10/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 6/117 дугаартай тодорхойлолт /хх-36/
- Т.Гийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-37/
- Т.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-40-41/
- Хохирогч Д.Бы Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-47/
- Т.Гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-48/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дугаартай санал /хх-49/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Ахмадын ордон”-ы урд талын засмал зам дээр иргэн Д.Быг гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь “ тархи доргилт, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндийн цус хуралт, хамрын ясны зөрүү багатай хугарал, хамрын таславчийн баруун тийш муруйлт, баруун нүдний эргэн тойрны цус хуралт, алимны цусан хураа “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Т.Гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Б, гэрч Х.М, Ц.Мө, Б.Н нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Т.Г нь “ хөгжимчинг архи уулгаж, бүжиг явуулсангүй ” гэх буюу ажил төрлийн асуудал, хоорондын үл ойлголцлоос шалтаглан Д.Бтай маргалдан зодолдож Т.Г нь Д.Бы нүүрэн тус газар гараараа цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох ба энэ нь тухайн хэрэг гарах үед байсан гэрч Х.Мийн “ Т.Г нь Д.Бд хандаж “ та яагаад бүжиг тараагаад новшроод байгаа юм” гээд нэг мөр рүү гараараа түлхээд авахаар нь би хоёр гараараа холдуултал буцаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Т.Гтой зодолдоод салсны дараа харахад Д.Бы баруун нүд бүлтийгээд хавдчихсан ойр орчим хэсгээс цус гарч байсан “ гэх,
гэрч Ц.Мөийн “ Тухайн үед Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой явж байсан. Гэтэл гэнэт Д.Б, Т.Гт хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Би юунаас болж хоорондоо зодолдсон, хэн нь хэнийгээ зодож цохисон талаар би хараагүй ” гэх,
гэрч Б.Нын “ Т.Г нь Б ах явж байна гээд түрүүлж очоод уулзаж юм ярьж байгаад хоорондоо маргалдаж муудаж зодолдоод эхлэхээр нь би салгаад Т.Гийг аваад явсан “ гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.
Т.Г нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Т.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Т.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 243.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, “ гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхэд татгалзах зүйлгүй “ гэсэн хүсэлтийг тус аймгийн Прокурорын газарт гаргажээ /хх- 47/.
Шүүгдэгч Т.Гийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Т.Гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцжээ.
Тухайлбал, шүүгдэгч Т.Гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхэд татгалзах зүйлгүй“ гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Т.Гт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх тус аймгийн Баруун- Урт сумын 2 дугаар цэцэрлэгийн 2019.04.26-ны өдрийн 10 тоот албан бичгээр ирүүлсэн шүүгдэгч Т.Гийн цалингийн тодорхойлолт, түүний өмгөөлөгчийн “ Г нь сард 630.000 гаруй төгрөгийн зээл төлдөг. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 500.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү “ гэх хүсэлт зэргийг үндэслэн түүнд оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хугацаа тогтоож, хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Т.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Т.Гт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Гт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцон таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ялтан Т.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН