Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 81

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох 1930001080089 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн харьяат, 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1,  Халзан сумын 2 дугаар баг, Хол худаг гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 842000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Т.Э. 

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Э нь Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Иын эзэмшлийн тээврийн хэрэгслээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр  Хаан банкны виза картыг хулгайлан түүний эзэмшлийн данснаас нь виза картаар нь 889.600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Иын Хаан банкны виза картыг машинаас нь авч яваад, өглөө нь аймагт ирсэн.

Мөнгөний хэрэг гараад авсан. Одоо аймгийн төвд амьдарч байгаа. Хувьдаа цөөхөн хэдэн мал байгаа. Хохирлыг ямаагаа самнаад мөнгийг нь өгсөн. Иын 889,600 төгрөгийг хулгайлснаа зөвшөөрч байна. Миний буруу...гэв.

 

- Яллагдагч Т.Эгийн: Би Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн Хол худаг гэх газар мал маллан ганцаараа амьдардаг юм. 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой гэрээсээ баруун хойно байдаг Иынд очиж тэндээ хоносон. Маргааш өглөө унтаж байгаад сэрэхэд И, эхнэртэйгээ байхгүй байсан. Гадагшаа гараад харахад худаг дээрээ байхаар нь машинд нь виза карт байж магадгүй гэж бодоод орсон. Тэгээд жолоочийн талын саравчийг буулгаад үзэхэд бичиг баримттай хавтас байсан. Хавтсан дотор ногоон өнгийн виза карт байхаар нь нууц дугаарыг мэддэг болохоор аваад гэррүүгээ мотоцикльтойгоо явсан. Гэртээ байж байгаад үдийн хойно аймгийн төвд ирээд мотоциклийн дугуй 80.000 төгрөгөөр, 4 амортизатор 140.000 төгрөгөөр, 90 амперын аккумлятор 130.000 төгрөгөөр авсан. ДДИШ-ээ 10.000 төгрөгөөр сунгуулсан. Гутлын улаа 50.000 төгрөгөөр засуулсан. Бэлнээр 200.000 төгрөг авсан. Бусад мөнгийг нь бага сага зүйлд зарцуулаад дуусгасан. Тэгээд архи ууж яваад хуурай дүү Э буюу Ууганаагийнд очиж 1 шил архи уусан. Надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор авсан.  Мөн аймгаас баруун тийш байдаг Гынд очиж 1 жил архи уусан. Сүүлд цагдаад баригдаад картыг өгсөн. Мөн 890.000 төгрөг бэлнээр Ит өгч уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

- Хохирогч Ц.Иын: Манайх Халзан сумын 1 дүгээр багийн нутаг Өндөр худаг гэдэг газар нутагладаг юм. Би 2019 оны 03 дугаар сарын 02-нд Баруун- Урт суманд ирээд гандан хийдээр орж засал хийлгэж, ном уншуулчихаад ХААН банкны АТМ орж бэлэн мөнгө авах гээд машины бичиг баримтын завсар байсан ХААН банкны виза картаа үзтэл алга болсон байсан. ингээд удалгүй 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд нийтдээ 890.000 төгрөгийн зарлага хийгдсэн мэдээллүүд гар утсанд ирсэн. Э надад учруулсан 890.000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. Би Баруун-Урт суманд байхдаа 02 дугаар сарын 20-ны орчим Эг дэлгүүр явуулж машины сэлбэг авахуулахаар картаа өгч нууц үгээ хэлж байсан. Тэрнээс өөр миний картны нууц үгийг мэдэх хүн байхгүй. Би өөрийнхөө эзэмшлийн 12-24 СҮА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээс виза картаа алдсан юм. Миний хохирлыг барагдуулсан учир санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

- Ц.Иын Хаан банкны дансны хуулга  /хх-20/

 

- Хаан банкны Сүхбаатар салбарын 2019.04.19-ний өдрийн 67 дугаартай тодорхойлолт /хх-31/

 

- Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019.04.01-ний өдрийн 15/51 дугаартай тодорхойлолт /хх-24/,

 

- Т.Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/

 

- Т.Эгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/,

 

-  Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 23/ зэрэг баримтууд болно. 

 

 

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр багийн нутаг Өндөр худаг гэх газарт нутаглах иргэн Ц.Иын эзэмшлийн 12-24 улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээс түүний Хаан банкны виза картыг авч данснаас нь  2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-ний хооронд 11 удаагийн гүйлгээгээр нийт 889.600 төгрөгийг хулгайлсан болох нь шүүгдэгч Т.Эгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Иын мэдүүлэг, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны Сүхбаатар салбарын 2019.04.19-ний өдрийн 67 дугаартай тодорхойлолт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Т.Э нь хохирогч Ц.Иын Хаан банкны виза картыг машинаас нь хулгайлан авч, Баруун- Урт суманд ирж 11 удаагийн гүйлгээгээр нийт 889.600 төгрөгийг авсан үйл баримт  тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Т.Эгийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Иын Хаан банкны виза картыг машинаас нь авч яваад, өглөө нь аймагт ирсэн. Мөнгөний хэрэг гараад авсан. Хохирлын 890.000 төгрөгийг ямаагаа самнаад мөнгийг нь бэлнээр Ит өгч уучлалт гуйсан ” гэх, 

хохирогч Ц.Иын “ Би 2019 оны 03 дугаар сарын 02-нд Баруун- Урт суманд ирээд гандан хийдээр орж засал хийлгэж, ном уншуулчихаад ХААН банкны АТМ орж бэлэн мөнгө авах гээд машины бичиг баримтын завсар байсан ХААН банкны виза картаа үзтэл алга болсон байсан. Ингээд удалгүй 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд нийтдээ 890.000 төгрөгийн зарлага хийгдсэн мэдээллүүд гар утсанд ирсэн. Э надад учруулсан 890.000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. Би Баруун-Урт суманд байхдаа 02 дугаар сарын 20-ны орчим Эг дэлгүүр явуулж машины сэлбэг авахуулахаар картаа өгч нууц үгээ хэлж байсан. Тэрнээс өөр миний картны нууц үгийг мэдэх хүн байхгүй. Би өөрийнхөө эзэмшлийн 12-24 СҮА улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслээс виза картаа алдсан юм ”  гэх мэдүүлгүүд, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр хэрэгт хангалттай нотлогдоно.

 

Т.Э гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Ц.Иын виза картнаас мөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. 

 

Шүүгдэгч Т.Эгийн бусдын виза картнаас мөнгө авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ит 889.600 төгрөг, виза карт нөхөн авсан 5000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт “Миний хохирлыг барагдуулсан учир, миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх- 07/ гэж мэдүүлжээ. 

        Т.Эгийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Т.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогчийн виза картаар өмнө нь гүйлгээ хийж байсан, виза картын дугаарыг мэддэг байсан нь тухайн гэмт хэрэг үйлдэх шалтаг нөхцөл болсон, мөн хохирогчтой найз нөхдийн холбоотой гэх түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эг хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.  

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ит учирсан эдийн хохиролд 894.600 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж з  алдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН