Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00388

 

 

******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05061 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ад холбогдох,

 

37,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ****** нь иргэн *******аас Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод засвар хийж байсан. Гэтэл ******* гэх хүн ирээд уг байрнаас хөөн, наад засвараа зогсоо гэж шаардсан. Би *******тай холбогдож уг асуудлыг шийдэж өгөхийг хүссэн боловч уг байр нь *******ийн гомдлоор иргэн н.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр шилжүүлэх боломжгүй болж өр төлбөрийн асуудал үүссэн. Улмаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн төлбөрөөс ******* нь бага багаар төлсөөр 37,700,000 төгрөг үлдсэн байгаа. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ****** 2014 оны намар маргаан бүхий орон сууцыг надаас худалдаж авсан ба тухайн үед байр миний өмчлөлд байсан боловч надад зарсан миний өмнөх өмчлөгч н.*******эд байраа буцааж өгөх болсон учир ****** бидний наймаа буцсан байдаг. Тухайн үед миний бие ******ын хүргэн дүү н.*******тэй уран зураач *******ын амины орон сууцны ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд тус орон сууцны зардлыг бид хамтарч гарган, ажлыг миний бие гүйцэтгэсэн. Нийт ажлын хөлсөнд 60 гаруй уран зургийг 60 орчим сая төгрөгөөр үнэлж өгсөн ба уран зургуудыг н.******* авсан. Үүний дараа н.*******, ****** бид 3 уулзаж, дээрх орон сууцыг барихад надаас гарсан зардал болох 30 гаруй сая төгрөгийг н.******* миний өмнөөс ******т өгөхөөр болж үүнийг ****** зөвшөөрч, бид асуудлаа шийдсэн. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан, хариуцагч *******аас 35,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан анх удаа 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр товлон зарлагдсан бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгч авах байр сууриа илэрхийлсэн боловч авч хэлэлцэхгүйгээр шүүх хурлыг явуулж шүүхийн шийдвэр гаргасан. Гэвч энэ тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй бөгөөд шийдвэрт намайг өөрийн татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь тус хэрэгт хамаарахгүй буюу ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаарахаар байна гэж дүгнэсэн. Ингэхдээ нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үүрэг, нэмэлт үүрэг шаардаагүй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар шаардсан гэж дүгнэсэн. Иргэний хуульд зааснаар хуулийг хэрэглэхдээ үгийн шууд утгыг анхаарах бөгөөд хуулийг Улсын Дээд шүүхээс албан ёсоор тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж хэрэглэхийг хориглодог. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалтыг үзвэл гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Талуудын хоорондох маргааны зүйл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардлага юм. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээ, энэ гэрээний дагуу төлсөн төлбөр юм. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тухай ойлголт нь гэрээний үр дүнд үүсдэг үр дагавар бөгөөд гэрээний эрх зүйн харилцаанаас тусдаа ойлголт биш юм. Гэвч анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн харилцаа биш хэмээн дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд тулгуурлаж явагдах талаар хуульчилсан байдаг ч тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан үүний эсрэг явагдсан. Миний бие анх удаа шүүх хуралд оролцож үзсэн бөгөөд ямар процесс ажиллагаа болоод байгааг ойлгоогүй бөгөөд шүүгч миний эрх үүргийг хуульд зааснаар тодорхой, ойлгомжтой тайлбарлаж өгөөгүй бөгөөд та гарч бай гэсэн, гараад ороод ирсэн чинь 35,000,000 төгрөг гаргуулахаар боллоо гэж хэлсэн. Гэвч шүүхийн шийдвэр авсан хойно өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад эрх, үүргийг чинь тайлбарлаж өгөх ёстойгоос гадна болж буй процесс ажиллагааг ойлгосон эсэхийг чинь бататгаж лавлах үүрэгтэй гэж хэлсэн. Түүнчлэн миний бие хариу тайлбарт дурдагдсан ажиллагааг хийлгүүлж өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах хүсэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хуралдааныг нээхдээ зохигчийн эрх үүргийг тайлбарлаж, хүсэлт байгаа эсэхийг тодорхой асуусан. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбар өгч, гүтгэлгийн чанартай мэтгэлцэж, шүүх хуралдаан дуусах гэж байхад өмгөөлөгчтэй оролцохоо хэлдэг. Өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй, танилцуулагдаагүй, хэрэгт нотлох баримтаар авагдсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу хуулийн дагуу үүсэх үүрэг болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үүргийг шаардаж байгаа. Хуулийн үндсэн дээр үүсэх үүргийн хувьд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ. Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн. Шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмын эсрэг явагдсан гэх гомдлын хувьд, шүүхээс шүүх хуралдааны дэг, эрх, үүрэг, мэтгэлцэх зарчим, дарааллыг тодорхой тайлбарласан. Шүүх хуралдааны бүх үйл явцад дуу, дүрсний бичлэг хийгдсэн тул уг бичлэгт бичигдэж нотлох баримтаар үлдсэн. Хурлын явцыг бүхэлд нь бичиж байгаа гэдгийг анхааруулж байсан. Гомдол гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зугтсан ойлголт гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******ад холбогдуулан гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болон засварын зардалд нийт 37,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна. Харин нэхэмжлэлийн зарим шаардлага буюу засварын зардалтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******тай 2014 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч ****** нь үнийг төлж, өмчлөх эрхийг шилүүлэн авахаар харилцан тохиролцсон ба гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсч, талууд гэрээнээс татгалзан гэрээний гүцэтгэлийг харилцан буцаасан болох нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 85,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн ба үүнээс 50,000,000 төгрөгийг буцаан авсан талаар зохигч хэн аль нь тайлбарлажээ. /хх-ийн 1, 4, 16-р тал/

 

5. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******аас гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу орон сууцны үнэд төлсөн төлбөрийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, уг орон сууцанд засвар хийсэн гэх зардалд 2,700,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч ******* нь гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдлийг түүний өмнөөс н.******* гэх хүн төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэл үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ. /хх-ийн 17-р тал/.

 

6. 2014 онд талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч ****** нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн төлсөн 85,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг харилцан буцаах үүрэг үүсчээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэж, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тус тус заасан.

Талууд гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, хуулийн дагуу харилцан буцаах харилцаа болж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, харилцан буцаах харилцаа нь хоёр талын харилцаа биш бөгөөд талууд гэрээний үүргээс чөлөөлөгдөнө.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байх тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр хариуцагч *******ыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болжээ. /хх-ийн 6-9-р тал/

Иймд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар гаргасан хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрөө н.*******ээр төлүүлэхээр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******аас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 35,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

7. Засварын зардал 2,700,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч ****** нь худалдан авсан орон сууцандаа засвар хийж байсан талаар тайлбарлаж, уг засварын зардал гэх 2,700,000 төгрөгийг хариуцагч *******аас шаардсан байна. Анхан шатны шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний буруу дүгнэлт хийснийг залруулна. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх засварын зардлаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцон шаардсан байхад анхан шатны шүүх нэрлэгдээгүй гэрээ, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн буруу дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь хэдийгээр хохирол шаардах эрхтэй хэдий ч 2,700,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцаж баримтад гарын үсэг зурсан байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг тайлбарлан өгч, ойлгосон эсэхийг асуухад оролцогчид ойлгосон гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагч Байхгүй гэж хариулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгажээ. /хх-ийн 13, 24/

Хариуцагч ******* нь хэдийгээр шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн боловч хүсэлт хэлэлцэх шат өнгөрсөн үндэслэлээр шүүх хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ