Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0132/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                       Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                          Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч                                                Э.З нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-д холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1973 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ян шин” ХХК-д ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 12 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 5 дугаар хэсэг, Хужирбулангийн 1000-78 тоотод түр оршин суудаг улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Э.З /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Э.Зт нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” баарны хашаанд байрлах монгол гэрт тус баарны галч Ч.Мөнхбаатарыг галаа түлсэнгүй гэх шалтгаанаар түүнийг үснээс нь зулгааж, хөлөөрөө толгой руу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Зт нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” баарны хашаанд байрлах монгол гэрт тус баарны галч Ч.Мөнхбаатарыг галаа түлсэнгүй гэх шалтгаанаар түүнийг үснээс нь зулгааж, хөлөөрөө толгой руу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Ч.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой би гэртээ хэвтэж байсан. Тухайн өдөр цагаан сарын шинийн гуравны өдөр байсан. 18-19 цагийн үед байх гаднаас Э.З гэх хүн орж ирсэн. Э.Зыг зүс таньдаг юм. Э.З манайд орж ирээд намайг заамдаж аваад орон дээрээс босгосон. Би түлхсэн боловч дийлээгүй. Э.З миний толгойтой үснээс барьж аваад намайг доош нь тонгойлгож байгаад хөлөөрөө өшиглөсөн. ...Би Гранд баарны уурын зуухыг ганцаараа галладаг байсан. ...Эрлэнээ Э.З хоёр ирж халаалтын шугамыг шалгасан. Халаалт муу байна галаа сайн түл гэхээр нь би галлаж чадахгүй юм байна гэж хэлээд гэртээ орж ирээд хэвтэж байсан юм. ...тэгээд намайг зодсон. ...миний хоёр гар, дух, чих, шанаа, толгойн дагз хэсэгт үсэн дотор шалбарч зулгарсан шарх үүссэн. Э.З намайг хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/, 

Гэрч Х.Энх-Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай галч Мөнхбаатар Гранл баарны хашаанд гэрт амьдардаг байсан юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 07-ны орой гэрт нь ороод галчид та галаа түлээч гэж хэлэхэд согтуу байсан. Тэгээд надад танай ах чинь намайг зодсон, би гал түлэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №70 дугаартай шинжээчийн: “...Ч.Мөнхбаатарын биед дагзны үстэй хэсгийн хуйханд шарх, дух, зүүн шанаа, чихний дэлбэн, эрүүний баруун булан, зүүн бугалга, шуу, эрхий хуруу, дунд хуруу, баруун шуу, бугуйнд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зүүн дунд хурууны 1-р үенд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,

Э.З-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.З-ын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Зтод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Э.З-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Мөнхбаатар нь “...Би Э.З-той сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 64 дүгээр талд өгсөн байх тул шүүгдэгч Э.Зтыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Э.З-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Э.Зт нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э.Зтод оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-т нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Зтод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА