Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00389

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 21 210/МА2025/00389

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын

09-ний өдрийн 102/ШШ2024/05746 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

68,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Үнэгүй.мн дээр байр зарна гэсэн зарын дагуу *******тай холбогдож хэд хэдэн байрнаас сонгож Хан-Уул дүүрэг, Ханбогд хороолол, ******* байр 20 тоот байрыг 159,050,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлөөд нүүж орсон. Үлдэгдэл төлбөрөө хувааж төлөхөөр тохиролцож *******гийн Хаан банк дахь 5113079681 тоот данс руу нийт 124,500,000 төгрөг шилжүүлсэн. *******гаас орон сууц захиалгын гэрээгээ авъя гэж хоёр удаа нотариатын газар очоод дуудсан боловч ирээгүй. Гэтэл 2023 оны 11 дүгээр сард *******ХК-иас байр чөлөөлөх мэдэгдэл, хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарын хамт ирсэн. *******гийн ах *******ХК-д ажилладаг бөгөөд миний шилжүүлсэн мөнгөнөөс 56,000,000 төгрөг нь *******ХК-ийн данс руу шилжсэн гэх баримтыг надад үзүүлсэн. Бусад мөнгийг ******* нь хувийн хэрэгцээнд зарцуулсан байсныг *******гийн дансны хуулгаас харсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг *******ХК-ийн орон сууцыг чөлөөл гэж, *******ХК-иас дансанд нь *******-20 тоот гэсэн утгаар орсон 56,000,000 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс *******ХК нь 40,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдэх 16,000,000 төгрөгийг байр чөлөөлөхөөр шилжүүлнэ гэсэн. Орон сууцны үнэд шилжүүлсэн 124,500,000 төгрөгнөөс 56,000,000 төгрөгийг *******ХК төлөх шийдвэртэй тул үлдэх 68,500,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр *******ид Хан богд хороолол ******* байрны 20 тоот 79 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 1,950,000 төгрөг, нийт байрны үнийг 154,050,000 төгрөгөөр тохиролцон худалдаж, урьдчилгаа мөнгө 10,000,000 төгрөгийг бэлнээр, 30,000,000 төгрөгийг дансаар авсан. Тухайн үед манай ах ******* нь *******ХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд ахынхаа ажилд тусалж Ханбогд хорооллын ******* байрны 20 тоот байрыг захиалгын гэрээгээр худалдсан юм. Тухайн байрны үнэд 124,500,000 төгрөг миний дансанд шилжиж орсонд маргахгүй. Мөнгөнөөс ах руугаа 96,200,000 төгрөг, *******ХК-ийн данс руу 33,000,000 төгрөг шилжүүлсэн. *******ХК нь байраа яагаад шилжүүлээгүйг нь мэдэхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч *******гаас 68,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 500,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Тухайн үед миний ах ******* нь *******ХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан ба би ахдаа энэ компанийн байрнуудыг борлуулах ажилд нь тусалж байсан юм. Ингээд маргаан бүхий байрыг *******ид зарахаар тохиролцон нийт 12 удаагийн гүйлгээгээр миний Хаан банкны 5113079681 тоот дансанд *******ээс 124,500,000 төгрөг орж ирсэн нь үнэн. Үүнээс Хаан банк дахь ах *******ын 5007681134 тоот данс руу 7 удаагийн гүйлгээгээр нийт 96,602,000 төгрөг шилжүүлсэн, Хаан банк дахь *******ХК-ийн 5030406941 тоот дансруу 4 удаагийн гүйлгээгээр 33,000,000 төгрөг шилжүүлсэн /дансны хуулга, баримтууд хэрэгт хавсаргагдсан/. Өөрөөр хэлбэл, би *******ийн шилжүүлсэн байрны мөнгөнөөс хувьдаа авч хэрэглэсэн зүйл байхгүй, байр зарж байгаа албан тушаалтан, компани руу нь шилжүүлсэн байхад намайг хариуцагч гэж үзэн надаас 68,500,000 төгрөг гаргуулахаар шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бөгөөд давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 68,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгтээ шаардах эрхийн талаар нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг баримтлаагүй байгааг залруулна.

 

4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* нь орон сууц худалдан авах зорилгоор түүнд шилжүүлсэн 124,500,000 төгрөгийн 68,500,000 төгрөгийг хувьдаа хэрэглэж, нэхэмжлэгчийг хохироосон тул буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шилжүүлсэн 124,500,000 төгрөгийг *******ХК болон тус компанийн ажилтан буюу өөрийн ах *******ын дансанд шилжүүлсэн тул зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.

 

5. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч ******* нь 2020 онд *******гаас Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, ******* дугаар байр, 20 тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцож, түүнд нийт 124,500,000 төгрөгийг шилжүүлэн орон сууцыг эзэмшиж байжээ. /хх-ийн 51-66/

 

Гэвч *******ХК нь уг орон сууцыг нэхэмжлэгч ******* буюу *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж, улмаар Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01086 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, ******* дугаар байр 20 тоот орон сууцыг хариуцагч ******* нь жижиг хэмжээний засварыг хийж 2023 оны 05 дугаар сарын 31-ний дотор бүрэн чөлөөлж өгөх, нэхэмжлэгч *******ХК нь 56,000,000 төгрөгийг түлхүүр хүлээлгэн өгөх акт үйлдсэн өдөр *******т шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 112-113/

 

6. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сард өөрийн овог, нэрийг Баямөнхийн Сэсээр байсныг Оюуны Есүч болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан овог, нэр өөрчилсөн лавлагаагаар тогтоогдсон. /хх-ийн 6/

 

7. *******ХК нь дээрх орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүртгүүлсэн байх бөгөөд хариуцагч ******* нь худалдан борлуулах эрх бүхий этгээд биш тул зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. /хх-ийн 126/

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 68,500,000 төгрөг шаардсан ба зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй ч нэхэмжлэгч нь хуулийн дагуу үүсэх үүргийн дагуу шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх, эд хөрөнгө олсон, хадгалсан явдал нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх нөхцлүүд бүрдсэн байх шаардлагатай.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн шилжүүлсэн 124,500,000 төгрөгийг *******ХК болон түүний ажилтан *******д шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж, холбогдох дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байх боловч энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй буюу уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид бүрэн төлөөгүй байх тул тэрээр 68,500,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас түүнд шилжүүлсэн 124,500,000 төгрөгөөс *******ХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу авсан 56,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 68,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй тул хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/05746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 ... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 500,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ