| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0115/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0115/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-д холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, Дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газарт жолооч ажилтай, ам бүл 5, Эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн 3 дугаар баг тээвэрчид 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух хаягтай боловч одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр 3 дугаар гудамжны 04 тоотод оршин суудаг, Урьд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Улсаас авсан гавъяа шагналгүй, Т.Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 1 дүгээр гудамжинд Д.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Алтангэрэлийн өгсөн:.. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн”... Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн булгийн 01-14 тоотын гадаа үл таних хүнд зодуулсан. Намайг зодсон хүнийг Батсайхан гэдэг юм байна лээ. Би эхлээд гудамжаар явж байтал гэнэт харанхуйнд намайг нэг хүн барьж авахаар би зөрүүлээд бариад авсан.Тэгтэл цаанаас нь миний танил Үүлэнсолонго гарч ирээд тэр хүнээс намайг салгах гээд араас татаад холдуудах гэтэл Батсайхан миний нүүрэн тус газарт 2,3 цохиод авсан. Тэгээд Үүлэнсолонго намайг салгасан.Би зодуулсан өдрөө аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан...Би эмчилгээний зардалд 400.000 төгрөг нэхэмжилж байна. өөр ямар нэгэн зардал нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуу/
Гэрчээр Т.Бы өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Хэрлэн сумын 2 дугаар багийн Булгийн 01-14 тоотод байдаг найз Үүлэнсолонгынд орж хоол идээд гэрээс нь гараад хашааны гадаа бие засаад зогсож байтал, нэг согтуу хүн баруун талаас алнаа гээд муусайн юмнуудыг гээд явж байсан.Тэгээд миний араар гарахдаа намайг түлхсэн.Тэгээд эргээд хартал нүүрэнд маань гараараа нэг удаа цохихоор нь барьцалдаад авсан.Тэгээд намайг доороо хийгээд дарахаар нь би арай гэж дээр нь гараад дарж дээрээс нь гараараа 2,3 удаа цохисон юм.Тэгээд бид хоёр маргаад байх үед Үүлэнсолонго гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан... гэх мэдүүлэг,/хх-ийн 10 хуудас/
Гэрч Р.Үүлэнсолонгын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн”...Манай найз Төмөрийн Батсайхан архи уучихсан нилээн халамцуу орж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрээс гадаад ...манай хашааны урд талд хүмүүс хоорондоо хэрэлдээд байхаар нь очиж харахад 2 хүн хоорондоо хэрэлдэж бие биенээ заамдаад байж байсан. Тэгээд сайн харсан чинь манай хөрш Алтангэрэл ах, Батсайхантай байж байса...Алтангэрэл ах энэ хүн намайг зодсон гэж Батсайханыг хэлж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 11 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй №496 дугаартай” дүгнэлтэнд: Б.Алтангэрэлийн биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун гайморын хөндий цус хуралдалт, зүүн нүдний доод зовхи шарх, дух, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар жрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 24-26 хуу/
Т.Бы иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 36 хуу/
Т.Бы ял шалгах хуудас /хх-ийн 39 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-57 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Б нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 1 дүгээр гудамжинд хохирогч Д.Алтангэрэлтэй маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун гайморын хөндий цус хуралдалт, зүүн нүдний доод зовхи шарх, дух, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Аймгийн Прокурорын газраас Т.Бы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч Т.Б нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 56, 57, 58, 59 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Алтангэрэл гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 59 хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 57 хуу/ байх тул Т.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т. Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ