Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00255

 

 *******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/03701 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 11 тоот Орон сууц захиалах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.  Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Хан-Уул дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны *******давхрын 302 тоот 2 өрөө 42.23 м.кв талбай бүхий орон сууцыг 109,798,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 109,798,000 төгрөгийг ******* ХХК-д бүрэн төлсөн. Үүний дагуу орон сууц захиалах гэрээг хариуцагч *******ХХК-тай 2021 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан. Энэ гэрээгээр хариуцагч нь орон сууцыг 2022 оны 1-р улиралд багтаан барьж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл 2021 оны 11 сард ******* дугаараас *******ХХК-ийн захирал ******* гэх хүн ...маргааш ирж гэрээгээ цуцлаарай, манай төслийн цонх хийж байгаа компани ажлаа дуусгалгүй алга болсон... гэсэн агуулга бүхий мессеж ирүүлсэн. Миний бие дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Орон сууц захиалах гэрээг байгуулахад хариуцагч нь ******* ХХК-тай холбоотой гэрээнээс татгалзах, цуцлах тухай ямар нэгэн нөхцөлийн талаар надад мэдэгдэж байгаагүй, энэ тухай гэрээнд ямар нэгэн заалт, нөхцөл байхгүй. Мөн миний бие орон сууц захиалах гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээний 2.1-т зааснаар төлбөрөө 100 хувь гүйцэтгэсэн. Дээрх хоёр байгууллагын хоорондын маргаанд миний бие ямар нэгэн байдлаар хамааралгүй, маргаж буй цонхны ажилтай холбоотой үүргийг хариуцагчийн өмнө хүлээгээгүй болно.

Иймд, Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* давхрын 302 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь ******* ХХК-тай 2021 оны 08 сарын 23-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа 88,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн данс руу хийгээд үлдэгдэл 109,000,000 төгрөгт тооцон 2 өрөө байр өгөхөөр тохиролцсон. ******* ХХК-ийн захирал ******* надтай гэрээ хийгээд, сүүлд ******* нь 2021 оны 09 сарын 19-ний өдөр ирээд бартерын гэрээг ******* руу шилжүүлэх гэсэн юм гэхэд нь шилжүүлж болно гэсэн. ******* нь надаас бартерын гэрээнд байр авах гэж байгаа юм уу, би нэр дээрээ шилжүүлж авах гэж байгаа гэж хэлэхэд би тэгээ, бартерын гэрээний ажил нь дуусаад улсын комисс хүлээж авсны дараа ордер нэр нь шилжинэ шүү гэж хэлсэн. Тухайн үед манай байрны цонх нь хийгдэж байсан. ******* ХХК нь манайтай байгуулсан гэрээний ажлыг дуусгаад улсын комисст хүлээлгэж өгөөд ажил хүлээлцэх акт үйлдсэний дараа ордер нь гарна шүү гэдгийг хэлээд явуулсан. Ажил гүйцэтгэх гэрээнд хоёр талын аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан байдаг. Анх ******* ХХК-тай байгуулсан 198,000,000 төгрөгийн гэрээ дүгнэгдээгүй, ажлаа хаяад явсан учраас цуцалсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Бартер нь 100 хувь төлөгдсөнийг нотлох хэрэгтэй. Юу ч биелэгдээгүй үлдсэн ажлаа өөр компаниар хийлгүүлээд давхар бөөн зардал гаргасан. Хариуцагч компаниас ******* ад мөнгөө өг гэж нэг ч удаа хэлж байгаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ...*******ХХК нь 2021 оны 08 сарын 23-ны өдөр ******* ХХК-тай Ривер гарден хотхоны вакум цонх, балконы ажил гүйцэтгэх 08/23 тоот гэрээг байгуулахдаа 109,789,000 төгрөгийн 32.23 м.кв 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон. Тухайн үед өөрийгөө ******* ХХК-ийн захирал гэж танилцуулсан ******* нь тухайн ажлын чанарын доголдолтой 40 хувийг хийгээд үлдсэн хувийг хийгээгүй байхдаа ******* ыг дагуулж ирэн орон сууц захиалах гэрээг хийсэн. Цаашаа ******* , ******* нарын хооронд ямар гэрээ байсныг мэдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* ХХК-ийн захирал ******* болж таарсан. Тухайн гэрээг байгуулчхаад 2 хоногийн дараа ажлаа хаяад явсан. Энэ нь хэрэгт авагдсан ******* нарын мэдүүлгээр тогтоогддог. ******* ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан *******гийн гарын үсгийг хуурамчаар зурж, бараа материал нийлүүлэх гэрээг хууран мэхэлж хийсэн.

Иймд *******ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 11 дугаартай Орон сууц захиалах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг Өөрт чинь өгөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсний дагуу миний бие 2021 оны 09 сарын 21-ний өдөр Орон сууц захиалах гэрээ-г *******ХХК-тай байгуулсан. Уг гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох ямар ч үндэслэлгүй. *******ХХК, ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 23-ны өдрийн Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний нийт дүн 198,000,000 төгрөг ба үүнээс 109,798,000 төгрөгийг бартераар, 88,200,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байна. *******ХХК нь энэ үнийн дүн бүхий ажлыг хийсэн гэж үзэж, өөрсдөө хүлээн зөвшөөрч, ******* надтай Орон сууц захиалах гэрээ-г байгуулсан гэж ойлгож байна. Дуусаагүй ажил үлдсэн эсэх, хоёр компаниудын хооронд асуудал үүссэн эсэхийг би мэдэхгүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ыг Хан-Уул дүүргийн *******хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны үйлчилгээний орон сууцны барилгын 3 давхрын 302 тоот, 42.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчдөгчөөр тогтоож, тус орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч *******ХХК-д даалгаж, хариуцагч *******ХХК-ийн гаргасан орон сууц захиалах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлт тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,140 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,940 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 777,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6.  Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх ******* ХХК-ийг ******* тай Иргэний хуулийн 243 зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ******* ХХК-ийн захирал *******гийн нэрийг барьж гэрээ байгуулсан ******* гэгч нь ******* тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд ******* нь 2021 оны 09 сарын 21-ний өдөр *******ын Голомт банкны ******* тоот дансанд 60,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д нэхэмжлэгч ******* нь 109,798,000 төгрөгийг ******* ХХК-д бус ******* ХХК-д төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

6.2. Түүнчлэн ******* нь ******* ХХК-ийн захирал *******гийн нэрийг барьж Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ биелүүлээгүйн улмаас Орон сууц захиалах гэрээ цуцлагдах болсныг мэдсэн атлаа *******ХХК-ийг хохирч байгааг мэдсээр байж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан *******т гомдлын шаардлага гаргаагүй нь хууль зүйн үндэслэлгүй.

6.3. Анхан шатны шүүхэд ******* ХХК-аас ажиллагааны хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч нэг ч хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн шүүхийн шийдвэр сонсгохдоо хууль зүйн үндэслэлийг дурдаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр хурал болсноос хойш 2 сарын дараа бичгийн хэлбэрт бууж талуудад гардуулагдсан.

6.4. ******* ХХК-д ******* ХХК-ийн захирал ******* мэтээр өөрийгөө танилцуулж Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан ******* гэгч этгээдийн хууль бус үйлдэл болох бусдын хуулийн этгээдийн нэрийг барьж бусдыг хуурч мэхлэн, хуурамчаар бусдын гарын үсгийг нь дуурайлган зурсан этгээдийн талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан.

6.5. Манай компани хожим нь ******* ХХК-ийн захирал ******* гэж худал хэлж гэрээ байгуулсан ******* цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ өөрийгөө ******* ХХК-ийн захирал огт биш ******* ХХК-ийн захирал *******гийн гарын үсгийг дуурайлган зурж *******ХХК-тай гэрээ байгуулсан талаарх үйл баримт 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 1996 дугаар прокурорын тогтоолд тусгагдсан ч шүүх үүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ гарын үсэг хуурамчаар зурсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй, ажиллагааны хүсэлт гаргаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

6.6.  "*******" ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 08\23 дугаар "Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх" гэрээ цуцлагдсан тухай ******* ад мэдэгдсэн болно.

6.7.  Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан гэрээнд зааснаар *******ХХК-д орон сууцны үнэ 109,798,000 төгрөгийг төлөөгүй тул ******* ХХК нь *******-ын өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээхгүй. ******* ыг шүүх өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* нь "*******" ХХК-д орон сууцны үнэ 109,798,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг "*******" ХХК зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс ******* ХХК-ийг ажлаа хийж гүйцэтгээгүй гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ******* ХХК нь хийх ёстой ажлаа орхиж явсан учраас ******* ХХК-аар тухайн ажлыг гүйцэтгүүлсэн. ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд 2022 оны 09 сарын 30-ны өдөр 09/30 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ******* ХХК-ийн үлдэгдэл ажлыг 20,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд маргаан үүсэж, 198,000,000 төгрөгийн ажлыг хийх ёстой байхад 178,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж, 20,000,000 төгрөгийн ажлыг дутуу үлдээсэн. Гэвч тухайн 178,000,000 төгрөгийн ажилд *******-ын худалдаж авсан орон сууцны төлбөр 109,000,000 төгрөг багтсан. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж, ******* ХХК өөрийн хийж гүйцэтгэх ёстой байсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн ******* ХХК-иудын гэрээний гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг уг маргаанаас тусдаа гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 11 дугаартай орон сууц захиалах гэрээний 2.1-д цонхны бартер 100 хувь төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хариуцагчийн зүгээс талууд хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль нөхцөлөөр хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргаснаа тодорхойлоогүй учраас хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны *******давхрын 302 тоот хаягт байршилтай 42.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 11 тоот Орон сууц захиалах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.  ******* ХХК, ******* ХХК-иуд 2021 оны 08 сарын 23-ны өдөр 08/23 тоот Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 699 м.кв цонх, 299 м.кв тагтны хаалт үйлдвэрлэж, угсарч, суулгах ажлыг хийж гүйцэтгэх, ******* ХХК нь ажлын хөлс 198,000,000 төгрөг төлөх, үүнээс 109,798,000 төгрөгийг ******* хотхоны 42.23 м.кв орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцсон;

3.2.  Улмаар, ******* ХХК, ******* нар 2021 оны 09 сарын 21-ний өдөр 11 тоот Орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны ******* давхрын 302 тоот хаягт байршилтай 42.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 1-р улиралд багтаан *******-ын өмчлөлд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон.

4. Дээрхээс үзвэл ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, ******* ХХК, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан, худалдан авах гэрээний харилцаа тус тус үүссэн гэж дүгнэхээр байна.

5. Анхан шатны шүүх ******* ХХК, ******* нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

6.   ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 сарын 21-ний өдөр 11 тоот Орон сууц захиалах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

7.  Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийг баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:

7.1.  ******* ХХК-ийн 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 9 тоот албан бичигт ******* ад уг 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан ба төлбөр тооцоо бүрэн дууссан болно гэж, мөн ******* ХХК, ******* нарын байгуулсан 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 11 тоот Орон сууц захиалах гэрээ-ний 2.1-д Цонхны бартерт 100% төлөгдсөн болно гэж тус тус дурджээ.

Иймд, ...******* аас *******т 60,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх ******* ыг ******* ХХК-д 109,798,000 төгрөг төлсөн гэж буруу дүгнэсэн... гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.2.  Ийнхүү, ******* нь маргаан бүхий орон сууцны үнийг ******* ХХК-д төлж, улмаар ******* ХХК-ийн хүсэлт, *******ХХК-ийн зөвшөөрлөөр тус компанитай 2021 оны 09 сарын 21-ний өдөр 11 тоот Орон сууц захиалах гэрээ-г байгуулсан байх тул ...******* нь *******ХХК-д орон сууцны үнэ 109,798,000 төгрөгийг төлөөгүй тул тус компани орон сууцны өмчлөлийг түүнд шилжүүлэх үүрэг хүлээхгүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.3.  ******* нь ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, 2021 оны 08 сарын 23-ны өдөр 08/23 тоот Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний нэг тал биш тул ...******* ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 08/23 тоот Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тухай ******* ад мэдэгдсэн... гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.4.  2021 оны 08 сарын 23-ны өдрийн 08/23 тоот Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-нд ******* ХХК-ийн захирал *******гийн өмнөөс ******* гэх этгээд гарын үсэг зурсан эсэх асуудал нь 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 11 тоот Орон сууц захиалах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл биш.

Түүнчлэн, ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудал нь нэхэмжлэгч ******* ад хамааралгүй.

Иймд, ...******* ХХК-ийн захирал ******* мэтээр өөрийгөө танилцуулж Бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан ******* гэгч этгээдийн хууль бус үйлдэл, бусдыг хуурч мэхлэн, бусдын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан асуудлын талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.5.  Хариуцагч талын гаргасан ******* ХХК-ийн захирал *******-ийг гэрчээр асуулгах, *******ХХК-ийн захирал *******ын бичсэн мессежинд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой болох нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Түүнчлэн, хамтран хариуцагч татах эрх нь нэхэмжлэгч талын эдлэх эрх тул хариуцагч талын гаргасан ******* ХХК, ******* нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийг хуульд заасан хугацаанд албажуулаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл гэж үзэхгүй.

Иймд, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1-д ...өмчлөгчөөр... гэхийг ...өмдлөгчөөр... гэж, ...хэлцэлд... гэхийг ...хэлцэлт... гэж алдаатай бичсэн, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг тус тус давж заалдах шатны шүүхээс залруулж, холбогдох өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/03701 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ыг Хан-Уул дүүргийн *******хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны *******давхрын 302 тоот хаягт байршилтай 42.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч *******ХХК-д даалгасугай гэж өөрчилж,

тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч ******* ад холбогдуулан гаргасан *******ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 11 тоот Орон сууц захиалах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 болгон өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 706,940 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР