Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00098

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04111 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******-д холбогдох,

 

Ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* хаягт орших 0,7 га талбай бүхий газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2023 оны ******* тоот газар ашиглах эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшиж ашиглаж байна.

Анх ******* нь 2004 оны 1/51 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу ******* дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 4 солбицол бүхий 2,8 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд маргаан бүхий газар нь уг 4 солбицол бүхий газрын нэг газар нь юм.

1.2. *******-ийн 50/50 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн *******, ******* нар байсан. Улмаар 2012 оны 12 сарын 14-ний өдөр ******* нь өөрийн охин компани болох *******-ийг үүсгэн байгуулж, дээрх 4 солбицол бүхий 2,8 га газраас өөрийн охин компани *******-ийн нэр дээр маргаан бүхий 0,7 га газрыг шилжүүлсэн байдаг. Улмаар 2015 онд *******-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан ******* нь *******-ийг өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан ба *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* байна.

1.3. ******* нь 2017 онд өөрийн ашиглах эрх бүхий газар дээрээ хөрөнгө оруулалт татаж аялал жуулчлалын зориулалттай үйлчилгээний төв барихаар төлөвлөж 2017 оны 05 сарын 27-ны өдөр *******-аар кадастрын зураглал хийлгэж газар дээр нь хэмжилт хийлгэхэд ******* нь манай компанийн ашиглах эрх бүхий газарт дур мэдэн дулаан дамжуулах төвийн барилга барьж, уг барилга дээр иргэн ******* нь давхар нэмж барин хууль бусаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч улмаар дахин хууль бусаар *******-д шилжүүлсэнээс шалтгаалан манай компани өөрийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон.

1.4. 2018 оны 03 сарын 22-ны өдөр манай компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 0167 дугаар шийдвэрээр ******* дүүргийн ******* хороо, ******* тоот ******* давхрын хэсэг болох 210,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг иргэн *******гийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 04 сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх байрлалд байрлах ******* м.кв талбайтай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн ******* дугаарт *******-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 427 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.5. Манай компанийн зүгээс удаа дараа газар чөлөөлж өгөхийг хариуцагчаас шаардсан боловч өнөөдрийг хүртэл газар чөлөөлөхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдэл юм. ******* нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа этгээд бөгөөд өөрийн эзэмших ашиглах эрх бүхий газраа чөлөөтэй эзэмшиж, ашиглах бусдын хууль бус үйлдлээс хамгаалах, таслан зогсоох, эрх зөрчигчөөс хууль бус ажиллагааг зогсоохыг шаардах эрхтэй.

Иймд *******-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн ******* дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа ******* болон *******-ийн эзэмшлийн барилга болон түшиц ханыг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани нь иргэн ******* өөрийн газар гэж хэлж өөрийн хамаатан болох *******тэй 2008 онд 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр ******* буюу ******* өөрийн эзэмшил газраар хөрөнгө оруулах үүрэг хүлээж, манай компани дулаан дамжуулах төв /ДДТ/, цахилгаан халаалттай ТП-ийн барилга /ХТП/, тоног төхөөрөмж, гадна шугам сүлжээг барьж гүйцэтгэн 2009 онд ашиталтад оруулж гэрээний биелүүлж ажилласан.

2.2. Иргэн ******* /*******/ ДДТ, ХТП-ийн барилга барьсан газрыг өөрийн эзэмшлийнх гэж 678 тоот гэрчилгээг хавсралтын хамт холбогдох байгууллагуудад үзүүлж байсан тул бид түүнд итгэж барилга барьсан. Гэвч манай гүйцэтгэгч ******* ХХК-д *******-аас 2016 оны 08 сарын 29-ний өдөр газар чөлөөлөх тухай 2016/13 тоот албан бичиг, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байсан. Материалд хавсаргасан гэрчилгээний хавсралтад бичигдсэн солиболцолоор тухайн газар нь *******-д олгогдсон газар болохыг олж мэдсэн.

2.3. Манай компанийн хувьд анхнаасаа энэ тухай мэдээгүй хамтран ажиллаж байсан ******* /*******/-ийн гэж ойлгож байсан. Манай компани дулаан дамжуулах тоног төхөөрөмжүүдээ өөр газарт шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаа зургаан жил байна гэж заасан. Хариуцагч нарын хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан ******* дүүргийн 11 дүгээр хороонд Зайсан толгойн баруун талд байрлалтай газарт баригдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2008 оноос 2009 оны хооронд баригдсан. Сүүлийн 2 давхар нь улсын бүртгэлд 2013 онд бүртгэгдсэн байдаг. Анх барилга барих үед ******* нь нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодорхойлох хэсэгт дурдсан байдаг. Анх мэдсэн үеэс буюу 2008 оноос хойш тоолоход хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

3.2. Мөн тухайн маргаан бүхий газрын эрх нь *******-д 2004 онд олгогдсон ба 2009 онд цуцлагдсан. Барилга барих үед тухайн газрын эрх цуцлагдсан байсан ба нэхэмжлэгч тал тухайн газар дээр сүүлд 2013 оноос гэрчилгээг шинээр авсан байдаг. Газрын эрх цуцлагдсан цаг үед маргаан бүхий барилга баригдсан байдаг тул цаг хугацааны холбоо хамаарлыг анхааран үзэх зайшгүй шаардлагатай юм.

3.3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 сарын 15-ны өдөр 183/ШШ2017/02504 тоот захирамжаар *******-тай нэхэмжлэгч тал эвлэрч тухайн маргаан бүхий дулаан дамжуулах төвийн барилгыг хүлээн зөвшөөрч өөрийн барьж буй барилга руу үнэ төлбөргүй дулаан хангамж татуулж, 500,000,000 төгрөг гаргуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн үйл баримтыг баталгаажуулсан байдаг. Анх барилга баригдахаас эхлүүлэн ******* нь иргэн *******тэй хамтран барилга барьж байгаа талаар мөн ******* нь 1 дүгээр давхрыг бариад иргэн *******д худалдсан үйл баримт болон 2-р давхрыг ******* нь барьж тус хөрөнгө 2013 онд бүртгэгдсэн бүх үйл баримт нэхэмжлэгч талд ил тод нээлттэй байсан.

3.4. 2008-2016 он хүртэл нэхэмжлэгч ямар нэг маргаан үүсгэж асуудал хөндөөгүй өөрт ашиг бүхий нөхцөл байдлыг сайн дураар үргэлжлүүлсээр ирсэн болох нь илэрхий байна. Хариуцагч ******* болон нэхэмжлэгч компани нь ямар эрх ашиг сонирхол дээр нэгдэж уг эвлэрлийн захирамжийг хүчингүй болгон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрийг дахин хянуулах шаардпага гаргаж тухайн шаардлага хангуулж буй нь онцгой анхаарал татаж байна.

3.5. Маргаан бүхий барилгаар Зайсангийн хэд хэдэн барилга буюу *******-ийн барьсан ******* орон сууцыг дулаанаар хангаж байгаа, Голден будда төв зэрэг нь бүгд төвийн дулаанаар хангагддаг. Хариуцагч ******* нь тус дулааны төвийн барилгын 1 болон 2 давхрыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан шударга өмчлөгч. Мөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн ******* дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа *******, ******* нарын эзэмшлийн барилга болон түшиц ханыг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж,

Улсын тэмдэпгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.11-5.13 дахь хэсэгт маргаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэсэн ба шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгч тал нь *******-аар хэмжилт хийлгэсэн зорилго нь хөөн хэлэлцэх хугацааг тогтоох буюу анх мэдсэн гэх тайлбарыг дэмжих баримт бүрдүүлэх байсан талаар дурьдсан буюу хэмжилт хийлгэхээсээ өмнө барилга баригдаж буй талаар тус барилгын зарим хэсэг нь маргаж буй газрын эрхийг хөндсөн талаар мэдэж байсан талаараа дурьддаг боловч шүүх анхаарч үзэлгүй өмнөх шүүхийн дүгнэх хэсгийг баримталж шийдсэн нь үндэслэлгүй.

Шинээр гарч ирж буй тайлбар, маргааны үйл баримтууд илүү тодорхой болж байгаа хэсгүүдэд ач холбогдол өгөх бус өмнө нь шийдсэн хүчинтэй шийдвэрийг ач холбогдолтойд тооцож үзэх нь хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлэхгүй бүтээлч бус хандлагатай байгааг онцолмоор байна.

Хариуцагч нарын хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан ******* дүүргийн ******* хороонд ******* байрлалтай газарт баригдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2008-2009 оны хооронд баригдаж, сүүлийн 2 давхар нь улсын бүртгэлд 2013 онд бүртгэгдсэн байдаг. Анх барилга барих үед ******* нь нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан талаараа 2018 оны 03 сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байдаг. Анх мэдсэн үеэс буюу 2008 оноос хойш тоолоход хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан байдаг.

5.2. Нэхэмжлэгч тал ашиг харсан сэдлээр өөрт илэрхий үйл явдлыг үргэлжлүүлсээр, үнэгүй дулаан хангамж татуулж үндэслэлгүй хөрөнгөжиж байсан нь баримтаар нотлогдож байхад шүүх нэхэмжлэгч талыг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 8, 9 жилийн дараа өөр компани буюу ******* нь маргаан үүсгэж эхэлсэн нөхцөл байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Анхнаасаа мэдэж байсан, зөвшөөрч бариулсан, бариулсны хариуд үнэгүй дулаан авсан, нэг л өдөр нэг хувьцаа эзэмшигчтэй өөр компанийн зүгээс нураалгая гээд нураалгадаг байж болохгүй. Энэ мэт хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашиглаж бусдад илэрхий дарамт хохирол учруулан эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэхгүй нь нэхэмжлэгч талын үйлдэлд шударгаар зохих дүгнэлт хийгээгүй тул тус шийдвэр Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт нийцэхгүй.

5.3. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн 62.1.5, 62.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 63.1.6-д заасан дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11-т заасан үндэслэлээр татгалзах үндэслэл байсаар атал дүгнэлгүй орхигдуулж хэргийг шийдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдахдаа маргаан бүхий барилгыг нураах, түшиц ханыг нураах, газар чөлөөлүүлэх гэх 3 тусдаа шаардлага гаргасан байдаг. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д төлөхөөр буюу маргаан бүхий барилгыг нураах, газар чөлөөлөх 2 шаардлага тус бүрд барилгын үнээр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөх нь хуульд нийцнэ. Хэргийн 5 дахь талд 70,200 төгрөг тушаасан байдаг. 2008 оноос хойш цаг хугацаа асар их хөрөнгө зарцуулагдсан тус барилгыг нураах асуудалд 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь үндэслэлгүй бөгөөд шүүх энэ үйл баримт дээр огт дүгнэлт хийлгүй мөн л өмнөх шүүхийн шийдвэрийг дагасан тайлбар өгсөн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт хариуцагч нар хөрш зэргэлдээ газар эзэмшдэггүй учраас гомдолд дурдсан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан нь үндэслэлгүй. Шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

6.2. Мөн барилга руу үнэгүй дулаан татуулсан 500,000,000 төгрөг авсан гэх тохиролцоо хэрэгжээгүй. Тухайн үед ингэж тохиролцоод эвлэрсэн ч энэ талаарх захирамж хүчингүй болсон. Тухайн газарт баригдсан дулаан дамжуулах төв нь үйл ажиллагаагаа зогсоосон үйл баримт байдаг ба энэ талаар анхан шатны шүүхэд хэлэлцэгдээд тогтоогдсон.

6.3. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь маргаан бүхий газрыг чөлөөлүүлэх учраас тухайн газарт юу байгаа гэдгийг тодорхойлуулж, байгаа зүйлийг газраас холдуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гарсан. Тухайн газарт одоогоор нэг нь барилга, нэг нь түшиц хана гэх хоёр объект байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг зөв тогтоож шийдвэрлэсэн. Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

6.4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардлага гаргах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан өөрийн ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, дулаан дамжуулах төвийн шугамнаас ******* зэрэг нь обьектууд дулаанаар хангагддаг, ******* нь тус дулааны төвийн барилгын 1 болон 2 давхрыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан шударга эзэмшигч... гэж тайлбарлан, маргасан байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ ... газрыг *******-ийн эзэмшлийн газар гэдгийг мэдээгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ *******гийн нэр дээр байсан тул *******тэй 2008 онд 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр ******* буюу ******* өөрийн эзэмшил газраар хөрөнгө оруулах үүрэг хүлээж, манай компани дулаан дамжуулах төв /ДДТ/, цахилгаан халаалттай ЦТП-ийн барилга, тоног төхөөрөмж, гадна шугам сүлжээг барьж гүйцэтгэн 2009 онд ашиглалтад оруулж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, одоо тухайн барилгаас тоног төхөөрөмжөө нүүлгэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрнө... гэж тайлбарлажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хоорондох маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Монгол улсын Байгаль орчны яам нь 2004 оны 06 сарын 22-ны өдөр ******* дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газрын 2,8 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 1/51 дугаартай, 2010 оны 01 сарын 02-ны өдөр 2010/26 дугаартай тус тус гэрчилгээ *******-д олгожээ. /хх117, 129/

******* дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нар нь *******-тай 2004 оны 06 сарын 04-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 101 дугаартай, 2011 оны 01 сарын 26-ны өдөр 2010/18 дугаартай гэрээ тус тус байгуулсан байна. /хх118-128/

3.2. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 сарын 03-ны өдрийн А-138 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар *******-ийн ******* газрын ашиглах эрхийг цуцалж, 2 дугаар хавсралтаар *******-д дээрх газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон болох нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 сарын 03-ны өдрийн А-138 дугаартай тушаал, Улсын тусгай хамгаалалтай газар, нутаг дэвсгэрт газар ашиглах 2013/07 дугаартай гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-132-135/

3.3. Мөн ******* нь газар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан, ******* дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нартай 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 2019/347 дугаартай 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 29 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ тус тус байгуулсан үйл баримт Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 06 сарын 07-ны өдрийн А/270 дугаартай тушаал, мөн сайдын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн А/409 дугаартай тушаал, 2023 оны 12 сарын 07-ны өдрийн ******* дугаартай газар ашиглах гэрчилгээ, гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-9-13,135-137, 162-164/

3.4. ******* нь *******-ийн захиалгаар *******-ийн барьсан ЦТП буюу дулаан дамжуулах төвийн барилгад хэмжилт хийж, тус барилга нь *******-ийн газарт байрласан болохыг тодорхойлжээ. /хх-7-8/

3.5. Үүнтэй холбогдон ******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нарт холбогдуулан ******* дүүргийн ******* оршин 0.7 га ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн ******* дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 0167 дугаар шийдвэрээр ...иргэн ******* нь бусдын ашиглалтад байгаа газар дээр барилга барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн үүргээ зөрчсөн, улсын бүртгэгч уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2022 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9 захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэсэн үндэслэлд хамаарч байна ... гэж дүгнэн *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн ******* тоот ******* м.кв үл хөдлөх эд хөрөнгийг иргэн *******гийн нэр дээр 2013 оны 04 сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ******* дугаарт *******-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 сарын 15-ны өдөр 0.012 га нэмэгдэв гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 427 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. /хх-16-41/ Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

3.7. Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал *******, иргэн *******, ******* нар төрөл садан буюу хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэхэд, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийг эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ******* нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар газар ашиглах эрх нь зөрчигдсөн гэж үзэн, уг зөрчлийг арилгуулахаар хариуцагч ******* болон *******-аас тус тус шаардах эрхтэй.

 

4. Хариуцагч *******-ийн маргаан бүхий дулааны дамжуулах төвөөс хэд хэдэн барилга буюу ******* тоот орон сууц, Голден будда төв зэрэг обьектууд төвийн дулаанаар хангагддаг ... гэсэн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий барилгын суурийн давхарт байршуулсан дулаан дамжуулах тоног төхөөрөмжийг өөр газарт нүүлгэсэн, Дулаанаар хангах үйл ажиллагаа уг барилгад байхгүй гэсэн тайлбар гаргажээ. Мөн хэргийн 146 дахь талд авагдсан Зайсан скай ХХК-ийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 21/119 тоот албан бичигт манай байгууллага ...Зайсан толгойн зүүн талын хэрэглэгчдийг дулаанаар хангаж ирсэн, ...2016-2017 оны халаалтын улирлаас эхлэн Танктай хөшөөний баруун талд байрладаг хуучин дулаан дамжуулах төв ажиллагаанаас салгагдаж, хэрэглэгчдийг шинэ дулаан дамжуулах төвөөс дулаанаар хангах болсон ... гэсэн байна. Иймд шүүхийн шийдвэр гарснаар гуравдагч этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж үзэхгүй.

Хэрэгт ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2008 оны 09 сарын 04-ний өдрийн Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээтэй холбогдон талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтууд авагджээ. /хх-91-95, 138-145/ Эдгээр нотлох баримтууд талуудын маргаанд хамааралгүй тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй нь зөв.

Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч *******-ийн ашиглах эрх бүхий Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй, 7399.08 м.кв талбайтай газар дээр баригдсан барилга болон түшиц ханыг буулгаж, газрыг чөлөөлөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймээс ...барилгын ажлыг анхнаасаа мэдэж зөвшөөрч бариулсан, нэхэмжлэгч талын үйлдэлд шүүх шударгаар дүгнэлт хийгээгүй, шийдвэр Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт нийцээгүй гэсэн агуулга бүхий хариуцагч *******-ийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй гэжээ.

6.1. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч *******-ийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь зөв боловч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 0167 дугаартай шийдвэрийг үндэслэл болгосон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэлээ.

6.2. ******* нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд оруулсан өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, ******* дүүргийн ******* тоот 2 давхрын хэсэг болох 210,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг иргэн *******гийн нэр дээр 2013 оны 04 сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг бүртгэлийг үндэслэж, 2015 оны 12 сарын 16-ны өдөр дээрх байршилд баригдсан ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ******* дугаарт *******-ийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* гуравдагч этгээдээр оролцож, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргасан байна.

6.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг анх 2018 оны 03 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаар шалгаж эхэлсэн байх ба шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахин шийдвэрлүүлэхээр ирсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэж байгаа ... гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 427 дугаартай магадлалд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар илт бус хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй ... иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй ... гэж тус тус дүгнэсэн байна. Дээрх дүгнэлтүүд нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай холбоотой шаардах эрхэд хамаарахгүй.

6.4. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан өөрийн газар ашиглах эрхийг зөрчсөн бусдын хууль бус үйлдлийг зогсоож, уг зөрчлийг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил үйлчилнэ.

6.5. ******* нь маргаан бүхий газрыг ашиглах эрхийг эрх бүхий байгууллагаас 2013 онд авсан үйл баримт тогтоогдсон. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэж буй үндэслэлээ *******-ийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 17/т/122 дугаартай тодорхойлолт, кадастрын зураглал зэрэг баримтаар нотлохоор шүүхэд гарган өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тухай мэдсэн өдрийг 2017 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт нийцнэ.

6.6. Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 10 сарын 02-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч *******-д холбогдуулан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн барьсан дулаан дамжуулах шугам болон цахилгаан дамжуулах төвөөс *******-ийн барьж буй барилга руу дулаан хангамж, цахилгаан хангамжийг үнэ төлбөргүй холболт хийлгүүлж, нөхөн төлбөрт 500,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, уг шаардлагын хүрээнд талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02504 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-75-77/

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 183/ШТ2020/00233 дугаартай Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтсон байна. /хх-142-143/

6.7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал дээрх хэргийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 09-ний өдөр шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байсан, ******* ... шийдвэрийг гардаж аваад гомдол гаргах хугацааг сэргээлгэж Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан, шүүх хэргийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ... бид захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан учраас шүүх хэргийг хүлээн авахаас татгалзсан, ... захиргааны хэрэг шийдвэрлэж дууссаны дараагаар дахиж нэхэмжлэл гаргасан нь энэ хэрэг гэж тайлбарлаж байна.

Дээрх нотлох баримтуудаар, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, шүүх иргэний хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон гэж үзэх нь үндэслэл тогтоогдож байна. Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлцэх хугацаа тасалдана. гэж, мөн зүйлийн 79.3-т ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулах сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь 2024 оны 04 сарын 23-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох нь хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дэх хэсэгт заасантай нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр, 63.1.6-д заасан үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тодорхойлох зохицуулалтад хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг төлнө гэж заасны дагуу нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж, нэхэмжлэлд хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04111 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ч.ЦЭНД