Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0149/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                       Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Шүүгдэгч Ц.Бгийн 

хууль ёсны төлөөлөгч Н.Үүрийнтуяа,

Шүүгдэгч                                                Ц.Б, Б.Ннарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Б.Н нарт холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нары биеийн байцаалт: 

1976 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай. 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан.  Ц.Б.  /РД: .../

1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 23-11 тоотод оршин суух хаягтай. Б.Н /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух Т.Түвшинбаярын гэрт түүнийг галын хайчаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг 4-р цэцэрлэгийн хашаанд иргэн Б.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

2. Яллагдагч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг 4-р цэцэрлэгийн хашаанд иргэн Ц.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух Т.Түвшинбаярын гэрт түүнийг галын хайчаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг 4-р цэцэрлэгийн хашаанд иргэн Б.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан.

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг 4-р цэцэрлэгийн хашаанд иргэн Ц.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Т.Түвшинбаярын: ... Болдмаа бид хоёр манайд үлдээд хоол хийж иднэ гээд галаа түлээд мах гал дээр тавиад нөгөө 2 литр нэрмэлээ ууж байсан тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Эмчилгээний зардал, мөнгө гаргуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61-63 тал/

Хохирогч Б.Нын: ... Би 2019 оны 03 дугаар сарын 26-ны орой ажлаа тараад гэр рүүгээ явж байсан. Би Андууд караокед хамгаалагч ажилтай. Тэр өдөр шөнийн 01 цаг болж байхад би ажлаасаа гараад найз Дээгийг 04 дүгээр сургууль хүртэл хүргэж өгөөд, өөрөө гэр рүүгээ харьсан. Харьж байх замдаа 04 дүгээр цэцэрлэгийн зүүн талаар гараад урагш явж байхад 2 танихгүй ах сууж байсан. Тэр хоёр ах ерөөл нэртэй архи аваад явж байсан надад архи хийж өгөхөд нь би уугаагүй. Би тухайн өдөр найз Дээгийтэй архи уусан байсан юм. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд би ёолоод ахаа намайг аллаашдээ гэж байснаа санаж байна. Тэгээд нэг сэрэхэд Улаанбаатар хотод эмнэлэгт байсан. Одоо миний толгой, цээжээр өвдөлттэй, хотод эмнэлэгт нүүрэндээ шарх авсан байсан, хэд хэдэн оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 56-58 тал/

Хохирогч Ц.Бгийн: … 2019 оны 03 дугаар сарын 26-ны орой би Дорнод аймгийн нэг залуутай “Цэцэн хаан” нэртэй цайны газар танилцсан. Би тухайн үед архи уучихсан байсан. Тэр танихгүй залуу чамд мөнгө байна уу хоёулаа архи авч ууя гэж хэлсэн. Тэгээд Цэцэн хаан цайны газраас 500 гарммтай архи аваад баруун хойд зүгт явж 4 цэцэрлэгийн зүүн урд талын гудамжинд суугаад архиа уух гэж байхад, нэг танихгүй залуу ирээд надаас тамхи асуухад нь би нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд бид гурав 500 граммтай архиа хувааж уусан. Архи ууж байхад нөгөө залуу агсраад байсан. Тэгээд би тэр залуугийн баруун шанаанд 2 удаа цохисон. Тухайн үед Дорнод аймгийн танихгүй залуу намайг хүнтэй зодолдуулахгүй гээд бариад авсан. Тэгтэл нөгөө танихгүй залуу намайг дахиад өшиглөж, цохисон. Тэгэхээр нь би тэр Дорнодын залууг холдуулж байгаад нөгөө танихгүй залуутай зодолдсон. Тэр танихгүй залуу надаас зугтаж, цэцэрлэгийн хашаан дотор ороход нь би араас нь очиж бид хоёр зодолдсон. Дорнодын танихгүй залуу тэгээд яваад өгсөн байх цэцэрлэгийн хашаанд орж ирээгүй. Тэгээд цэцэрлэгийн хашаан дотор танихгүй залуу бид хоёр нэг нэгнийгээ цохиж, тэр залууг газар унахад нь би хэд хэдэн удаа толгой, цээж, гуя руу нь өшиглөсөн. Би уурлахаар өөрийгөө хянах чадваргүй болчихдог юм. Намайг хүн уурлуулж, айлгаж сүрдүүлэхгүй бол би уурлаад ухаан санаагаа алдаад байдаггүй юм. 2000 оноос хойш миний ухаан санаа муудаж эхэлсэн. 2001, 2003 оонд Шар хадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Би уг нь эмээ уугаад уурлахгүй бол зүгээр тайван байдаг юм. Хавар намар хоёр миний өвчин хөдлөх гээд байдаг юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-53 тал/

Гэрч Д.Сэнгэдоржийн: ... 2019 оны 03 дугаар сарын 01-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Баянмөнх гэх хүн манайд орж ирээд Түвшинбаяр хүнд зодуулаад гэртэй ухаангүй хэвтэж байна гэж хэлсэн....Тэгээд Баянмөнх бид хоёр цуг Түвшинбаярын гэрт очход Түвшинбаяр хүнд зодуулсан байдалтай хамаг хувцас нь цус болсон хамар чихнээс нь цус гарсан, нүүр нь цус болж хавдсан, ухаангүй хэвтэж байсан тэгээд Түвшинбаярыг татхад ах та ирсэн үү би амьсгалж чадахгүй байна гэж хэлсэн тэгээд би эмнэлэгт мэдэгдээд, цагдаа руу залгаж мэдэгдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 69-70 тал/

Гэрч Т.Сарангийн: ... 2019 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг өнгөрч байхад Түвшинбаяр ах, Болдмаа, Бат-Орших энэ гурав манай хашаанд орж ирээд Түвшинбаяр ах Бат-Оршихийг гэрт нь хүргээд өгөөч гэсэн тэгээд би машиндаа тэр гурвыг суулгаад Бат-Оршихийг гэрт нь хүргэж өгөөд буцаад Болдмааг гэрт нь хүргэж өгье гэхэд Түвшинбаяр ах Болдмаа бид хоёр цуг Түвшинбаяр ахынд бууна гээд буугаад үлдсэн. Тэгээд өглөө 7 цаг өнгөрч байхад манай эгч болох Одмаа над руу утсаар залгаад чи ахыгаа гэрт нь хүргэж өгсөн юм уу, архи уусан байсан уу, Түвшинбаярыг хүн зодсон байна гэнээ Сэнгэдорж сая гэр лүү нь явлаа гэж хэлсэн тэгээд Сэнгэдорж ах над руу утсаар залгаад чи хурдан эмнэлэг дээр ирээ ахын чинь бие муу байна шүү гэж хэлсэн тэгээд би эмнэлэг дээр ирэхэд эмч нар эмчилгээ хийгээд байж байсан манай ахын нүүр ам, чихнээс нь цус гарч, хөхөрч хавдсан, хоёр гарын булчин хөхөрсөн, баруун гарын алганы ар хэсэгт үзүүртэй юмаар хатгасан байдалтай өөх нь гарчихсан байсан тэгээд эмч нар манай ахын баруун гаранд мөн чих болон хөмсөгөнд оёдол тавьсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 71-72 тал/

Гэрч Ө.Сэргэлэнгийн: ... Би 2019 оны 03 дугаар сарын 01-ны шөнө 01 цагийн үед Өлзийгийн хашаанд машинтайгаа зогсож байхад гаднаас Түвшинбаяр, Бат-Орших, Болдмаа нар ирээд хүргээд өгөөч гэсэн тэгээд энэ гурван хүнийг суулгаад, Саран гээд Өлзийгийн эхнэрийг хоёр хүүхэдтэй нь буулгаж өгөөд Түвшинбаяр, Болдмаа нартай яваад Өлзийжаргал гэх айлаас 2 литр нэрмэл Болдмаа аваад тэгээд Түвшинбаярын гэрт тэр хоёрыг хүргэж өгөөд Түвшинбаярын гэрт ороод нэрмэлээс нь амсаад тэгээд гараад гэртэй очсон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 73-74 тал/

Гэрч С.Цэнд-Аюушийн: ... 2019 оны 03 дугаар сарын 01-ны өглөө 08 цагийн үед эмнэлгээс над руу утсаар залгаад хүн зодуулсан дуудлага ирээд байна гэсэн тэгээд би хаягаар нь яваад очиход Төмөрбух гэх айлын хүү Түвшинбаяр гэртээ хүнд зодуулсан байдалтай Д.Сэнгэдорж гээд хүн хажууд нь байж байсан Түвшинбаярын гар, нүүр хувцас энэ тэр цустай, ухаангүй байсан гэрийнх нь шалаар цус болсон байдалтай байсан тэгээд би Сэнгэдорж гэх хүнтэй цуг машинд суулгаад ЭМТ дээр авч ирээд Түвшинбаярын хувцасыг хайчаар хайчилж тайлаад хүчил төрөгч залгаад, хордлого тайлах, цус тогтоох, дэмжих шингэн дусал хийсэн мөн өвчин намдаах эм тариа хийсэн Түвшинбаярын биеийг үзэхэд дух нь зулгарсан, зүүн талын чих хоёр газарт язарсан, баруун талын чих сэтэрсэн, хоёр нүд хөхөрч улайж хавдсан, уруулын дээд тал хавдсан, хоёр гарын бугалга хэсгээрээ няцарч, хавдсан, хөхөрсөн, мөн хоёр гарын алганы ар талын хэсэгт няцарсан шархтай, нурууны ар талын хэсэгт хавдсан, хоёр хөл шилбэ хэсгээрээ хавдаж, няцарсан байдалтай байсан. Тэгээд хоёр чихэнд 11 оёдол, хөмсгөнд 3 оёдол, зүүн гарын алганы ар хэсэгт 1 оёдол гээд нийт 15 оёдол тавьсан. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад 10 цагийн үед Түвшинбаяр ухаан орсон юм ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 80-81 тал/

Гэрчээр Ц.Бгийн өгсөн мэдүүлэгтээ: ... Тэгээд бид гурав тэр архийг ууж дуусгаад биллярднаас гараад Түвшинбаярын дүү болох Сарангийн хашааны гадаа очиход Сэргэлэн гээд залуу машинтайгаа байсан тэгээд Сэргэлэнг хүргээд өгөөч гээд Сэргэлэнгийн машинд би Түвшинбаяр, Бат-Орших, Саран хүүхдүүдтэйгээ суугаад Бат-Оршихийг хүргэж өгөөд эргэж ирээд Саранг хүүхдүүдтэй нь буулгаж өгөөд Түвшинбаяр бид хоёр Өлзийжаргал гэх айлаас 2 литр нэрмэл аваад Сэргэлэнгээр хүргүүлээд Түвшинбаярынд очоод Сэргэлэн Түвшинбаярынд орж ирээд гарсан Түвшинбаяр бид хоёр хоол хийж иднэ гээд  галаа түлээд мах эвдэж тогоонд хийгээд гал дээр тавиад нөгөө хоёр литр нэрмэлээ ууж сууж байгаад би гэртээ очьё гэхэд Түвшинбаяр та байж бай гэсэн тэгээд ууж сууж байгаад Түвшинбаяр би барилддаг энэ тэр гээд намайг толгой руу 1 удаа гараараа цохисон, тэгээд миний баруун талын хөл рүү 1 удаа өшиглөсөн юмаа тэгээд би босож ирээд бид хоёр зодолдоод зуухны тэнд байсан галын хайч аваад Түвшинбаярыг цохиж зодсон юмаа тэгээд би гэнэт сэргээд хүн алах нь гэж бодоод Түвшинбаярынхаас шууд гараад явсан юмаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-79 тал/

Гэрч А.Мягмарсүрэнгийн: … 2019 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчимд манай нөхөр Ганзориг надад агсам тавиад гэрээс гараад явчихсан. Тэгээд би нөхрийгөө гараад явахаар нь араас нь гараад гэрийн баруун зүгт явахад 4 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор хүн аллаа гээд хашгираад байсан. Бас нэг нэгнийгээ цохих чимээ гараад байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө зодуулж байна гэж бодоод очиход нэг хүн хэвтцэн болиочээ гээд байсан. Тэр хэвтэж байгаа хүнийг зодож байгаа хүн нь босоо, хөлөөрөө  өшиглөөд байсан. Манай нөхөр биш байхаар нь хажуугаар нь өнгөрч явахдаа цагдаад дуудлага өгсөн юм. Тэр зодоод байсан хүн нь улаан гадуур хувцастай хүн байсан. Тухайн үед тэр хоёр хүнээс өөр хүн тэнд харагдаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18,  22-23, 28-29, 36 тал/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 141, 179, 170 дугаартай дүгнэлт. /хх-ийн 99, 118, 184 тал/ 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт  /хх-ийн 189-190 тал/

Ц.Бгийн ял шалгах хуудас /хх-ийн 226 тал/

Б.Нын ял шалгах хуудас /хх-ийн 225 тал/

Шүүгдэгч Ц.Бгийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “..:Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Наранболдын хохиролд нэхэмжилсэн 760.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Сардаа 200.000 төгрөгийг өгч байгаад төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Нын : “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Бгийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух Т.Түвшинбаярын гэрт түүнийг галын хайчаар зодсон, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг 4-р цэцэрлэгийн хашаанд иргэн Б.Ныг зодсон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, 

Б.Нын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг 4-р цэцэрлэгийн хашаанд иргэн Ц.Бг зодсон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Б, Б.Ннарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Б.Ныг Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б, Б.Ннарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.Болдмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөн ялыг хүндэд нь багтаан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах. Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Бд ял оногдуулахдаа хохирогчид эмчилгээний төлбөр 760.970 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг прокурор болон шүүгдэгчийн саналаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч усгах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Б-д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Б-н нийтэд тустай ажил хийх ялын хугацааг 720 цагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Дадал сумын төвд, шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсүгэй. 

5. шүүгдэгч Н.Б, Б.Н нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-аас 760.970 /долоон зуун жаран мянга есөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д олгож, уг хохирлыг 4 сарын хугацаанд сар бүр 190243 /нэг зуун ерэн мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Б-д даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА