| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2017/0011/Э |
| Дугаар | 332 |
| Огноо | 2017-05-11 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 091.2.12, |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 332
А.Төмөрт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Байгалмаа,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 103 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Байгалмаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр, А.Төмөрт холбогдох эрүүгийн 201625031422 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Чулуу овогт Алтанцэцэгийн Төмөр, 1976 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Капитал банкны Толгойтын “Велл март” салбарт хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-247 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сургуулийн буудлын Христийн сүмийн хашаанд оршин сууж байсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 141 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 2 дугаар сарын 4-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ХК76081818/;
А.Төмөр нь архи ууж, согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-99 тоотод иргэн Я.Халиуныг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан 28 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар: А.Төмөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Төмөр нь шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгон, холбогдох ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй гэж үзэн А.Төмөрт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Байгалмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэрэг гарах үед амь хохирогч Я.Халиунаа болон яллагдагч А.Төмөр нараас өөр хүн хэргийн газарт байгаагүй бөгөөд тухайн үед А.Төмөр, амь хохирогч Я.Халиунаа нарын хооронд ямар асуудал болсон, түүнийг алах ямар шалтгаан байсан зэргийг харсан шууд нотолсон гэрчүүд байхгүй. Харин хэрэг болж өнгөрсний дараа буюу амь хохирогч Я.Халиунааг гэртээ нас барсан байхыг анх олж харсан насанд хүрээгүй гэрч Э.Анужин, А.Ариун-Эрдэнэ нараас ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар гэрчээр асуусан байдаг. А.Төмөрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “... Дамбын постны хойно гэр нь байдаг, манай эхнэртэй эгч дүүсийн хүүхдүүд болох Янжмаатай уулзахаар явган явсан. ...Би Халиунаагаас архины мөнгө өгчих гэтэл “байхгүй, манайх архины мөнгө өгдөг айл юм уу” гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь баруун талынх нь ор луу түлхэж унагаатал өндийх гээд босоод ирэхээр нь айлгая гэж бодоод халаасандаа байсан хутгаар хүзүүнийх нь тэр хавьруу олон хатгасан. Тэрнээс хойш юу болсноо санахгүй байна” гэж мэдүүлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад А.Төмөр нь “...архи уусан байсан учир нэмж архи уух гээд мөнгө нэхсэн байх...” гэхээс өөрөөр тодорхой зүйл мэдүүлдэггүй, болсон үйл явдлыг санахгүй байна гэж тайлбарлаж ирсэн. Гэтэл шүүх зөвхөн “архины мөнгө нэхэхэд өгөхгүй байсан” гэх мэдүүлэгт дүгнэлт хийж шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нэмж зүйлчилж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд, тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдсон байвал .... яллагдагчаар татах тухай заасан байна. Шунахайн сэдэлт гэдэг нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн байх бөгөөд өөртөө болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах гэсэн санаа зорилгыг агуулсан байдаг. Мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүнийг санаатай алсан гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл А.Төмөр нь иргэн А.Янжмаагийн гэрт дээрэмдэх зорилгоор очоогүй бөгөөд амь хохирогч Я.Халиунаагаас архины мөнгө нэхсэн үйлдлийг шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ гэж ойлгож зүйлчлэх боломжгүй юм. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэдэг ойлголтод бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ. Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэг нь бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээд хамаарахыг тайлбарласан. Гэтэл амь хохирогч Я.Халиунаа нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд, мөн биеийн хөгжлийн хувьд илтэд сул дорой гэсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд насанд хүрсэн биеийн хөгжил зөв, эрүүл саруул, 156 см өндөртэй, эмэгтэй болох нь хохирогч А.Янжмаагийн мэдүүлэг болон задлан шинжилгээний акт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүхийн 103 дугаар тогтоолд “бие жижиг, эсрэг хүйсний буюу хүч чадлын хувьд сул дорой байсан” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч А.Төмөр гэмт хэрэг үйлдэхдээ амь хохирогч Я.Халиунааг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг урьдаас ухамсарлаж, төлөвлөсөн шинжгүй, үүнийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй юм. Иймд А.Төмөр архины мөнгө өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг 28 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 103 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүгдэгч А.Төмөрт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 103 дугаар шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
А.Төмөр нь архи ууж, согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-99 тоотод иргэн Я.Халиуныг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан 28 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих ажиллагаануудыг бүрэн шалгасан байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “...Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана...” гэж заасны дагуу А.Төмөрт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Б.Байгалмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 103 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, А.Төмөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. А.Төмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ОЮУНЧУЛУУН