Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 43

 

                                         П.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар магадлалтай, П.Д-д холбогдох эрүүгийн 2225000000267 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1982 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, З овогт П-ын Д.

П.Д нь согтуугаар, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хохирогч Д.Б-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр рүү нь өшиглөж, нуруу болон хөл рүү нь арматурын төмрөөр цохиж, биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан,

2021 оны 6 дугаар сарын 10, 8 дугаар сарын 07, 8 дугаар сарын 10, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр согтуугаар Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.П байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.П өшиглөж, арматурын төмрөөр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор прокуророос П.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

П.Д-г хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 20 жилийн хорих, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар П.Д-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцон 3 сар хорих ялыг 20 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж 98 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Д гаргасан гомдолдоо:“...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ хэрэгт ач холбогдолтой ба хэргийг хамтран үйлдсэн 2 хүн болох Э, П нарыг шалгаагүй дан ганц намайг буруутгаж байгаад гомдолтой байна.

Би тус хүмүүсийг шалгуулах талаар мөрдөн байцаалт болон бусад шатуудад удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн байхад түүнийг огт шалгаагүй. Хэрэг анх гарахад Э, П нарыг тусгаарлаж хоорондоо харилцахгүй байх талаар арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан миний эсрэг үгээ найруулсан тус мэдүүлгээр намайг буруутгасан нь буруу гэж үзэж байна.

Би 3 удаа л талийгаачийг нуруу бөгс рүү нь цохисон бөгөөд бусад гэмтлийг дээрх Э, П нар үүсгэсэн юм. Гэтэл хохирогчид учирсан бүх гэмтлийг намайг учруулсан гэж үзэж ялласанд гомдолтой байна.

Иймд тус хэргийг хянаж надад оноосон ялаас багасгаж өгнө үү. Өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөн ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн нээлттэй хорих байгууллагад эдлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувьд гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, би хохирогчид энэ гэмтлийг учруулаагүй гэсэн байр суурьтай оролцсон. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оногдуулсан ялаас багасгаж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэхдээ энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд хоёр хүн холбоотой учир шалгуулах хүсэлтэй байна гэсэн агуулгаар гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар хүндрүүлж зүйлчилсэн байдаг. Хохирогчид учирсан шарх гэмтлүүдийг П.Д учруулсан гэж үзэх юм бол хохирогчийг зовоон тарчлаах, удаан хугацаанд өвдөж шаналгах санаа, зорилготой байсан уу гэдгийг хангалттай шалгаж тогтоох ёстой байсан. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан гэх хүндрүүлэх шинжийн тухайд хохирогч хүнд зэргийн согтолттой байсан буюу 3.7 промиль процент илэрсэн. Харин П.Д-ийн хувьд дунд зэргийн согтолттой байсан буюу 2.2 промиль процент илэрсэн байдаг. Өөрөө согтолттой байгаа хүн бусдын биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдгийг мэдэх боломжтой байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хохирогчийг хүнд зэргийн согтолттой байсан учир биеэ хамгаалах чадваргүй байсан байна гэж үзээд хэргийг хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй юм. Мөн тухайн өдөр байсан гэх П, Э гэсэн хоёр яригддаг. Хохирогчийн толгойнд учирсан шарх гэмтлийг Э учруулсан гэдэг. Гэхдээ энэ хоёр хүн хэрэгт шалгагдаагүй, харин гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчүүдийг тусгаарлах арга хэмжээ аваагүй. П-ийн хувьд Э-ыг зодоон эхлэхээс өмнө гараад явсан гэдэг боловч Э үнэхээр гараад явсан уу, үйл явдал болоод дуустал байсан уу гэдэг асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. П.Д-ийн хувьд гэрчийг тусгаарлаагүйн улмаас эдгээр хоёр хүн үгээ нийлүүлж, гэм буруугаас зугтчихлаа гэсэн зүйлийг дурдаад хяналтын шатны шүүхээр хянуулъя гэсэн агуулгаар гомдол гаргасан гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Шүүгдэгч П.Д нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд хохирогч Д.Б-ийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр алсан. Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.П зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэсэн байна. Мөн хоёр шатны шүүхээс П.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх шинжийн тухайд согтолтын зэрэг, хохирогчийн насны байдал, өмнө нь удаа дараа зодож, айлган сүрдүүлж байсан зэрэг нөхцөл байдлаар бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч П.Д-д оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх шүүгдэгч П.Д 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах улаан тоосгон худагт, хохирогч Д.Б-ийн нүүр лүү нь өшиглөн, арматурын төмрөөр цохиж, олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр, согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн үед дээрх хохирогчийг өмөөрсөн Ц.П өшиглөх, арматурын төмрөөр цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэж, түүнийхээ үндэслэлийг холбогдох нотлох баримтын хамт шийтгэх тогтоол, магадлалд тодорхой заасан байна.

Тухайлбал, шүүгдэгч П.Д нь Ц.П, Б.Э нарыг хохирогч Д.Б-ийг зодсон гэж мэдүүлсэн бөгөөд хяналтын журмаар гаргасан гомдолдоо энэ талаар дурдсан боловч тэрээр хохирогч нарт хэрхэн, яаж хүч хэрэглэн халдсан тухай гэрч, хохирогч Ц.П, гэрч Б.Э нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн хоёр шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал болон уг хэргийг хэн үйлдсэнийг сэргээн тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул “энэ хэргийг хамтран үйлдсэн 2 хүн болох Б.Э, Ц.П нарыг шалгаагүй ганц намайг буруутгаж байгаад гомдолтой” гэсэн түүний гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Түүнчлэн хоёр хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээ болон амь хохирогч Д.Б-ийн үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан хоёр шатны шүүх нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол болон энэхүү үр дагавар нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг үндэслэлтэй тогтоосон байна.

Шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар (хэргийн 1 дэх хавтас, 209-210 дахь тал) амь хохирогчийн цусанд 3.7, шээсэнд 4.8, ходоодны агуулагдахуунд 2.2 промиль спирт илэрснийг шинжээч согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж тодорхойлсон, П.Д-ийн зүгээс хүч хэрэглэн халдах үед хохирогч Д.Б ямар байдалтай байсан, эсэргүүцэл үзүүлсэн эсэх талаар гэрч, хохирогч Ц.П-ийн мэдүүлэг зэрэгт үндэслэн хохирогч нь хүчтэй согтуурсны улмаас бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт халдлагын эсрэг идэвхтэй эсэргүүцэх чадваргүй байсан гэж хоёр шатны шүүх дүгнэж энэ шинжээр нь шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр (хэргийн 1 дэх хавтас, 215-220 дахь тал) талийгаачийн биед олон тооны шарх, гэмтэл учирсныг тогтоож, үхлийн шалтгааныг “...гэмтлийн шок, уушгины уналт” хэмээн тодорхойлсныг үндэслэн хоёр шатны шүүх нь шүүгдэгч П.Д олон тооны шарх, гэмтэл үүсгэн хүнийг алсан гэж үзэж, түүний хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Хоёр шатны шүүх нь дээр дурдсан хуулийн зүйл хэсэгт заасан үндэслэл, зарчмуудыг болон дотоод итгэлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан 12-оос 20 жил хүртэл, эсхүл бүх насаар нь хорих ялуудаас 20 жил хорих ялыг шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон гэж дүгнэж, сонгон хэрэглэснийг хүндэдсэн хэмээн үзэх үндэслэлгүй байна.

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэм, нөхөн төлүүлэх эдийн хохирлын хэр хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон тул шүүгдэгчийн ялын хэмжээг багасгаж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж тунхаглан тогтоосныг тус улсын Эрүүгийн хуулийн 1, 3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” хэмээн тодотгон хуульчилжээ.

Уг зарчмын дагуу тухайн этгээдэд холбогдуулан өмнө нь шалгагдаж шийдвэрлэгдсэн хэргийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4-т заасан бол тухайн хэргийг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох тухай мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т зохицуулсан байна.

Гэтэл өмнө нь прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон (хэргийн 2 дахь хавтас, 168-169 дахь тал) болон шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож ял оногдуулсан (хэргийн 2 дахь хавтас, 240-243 дахь тал) хэргүүдийн хувьд прокурор дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчин мөрдөн шалгах ажиллагааг явуулж, П.Д Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

Харин ийнхүү шийдвэрлэхдээ шүүх холбогдох хуулийн заалтуудыг дутуу болон буруу баримталсныг, түүнчлэн ял нэгтгэхдээ оновчгүй томьёолол хэрэглэснийг тус тус зөвтгөхөөр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4, 34.19 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасныг баримтлан П.Д-д прокуророос Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.”, мөн хэсгийн 4 дэх заалтын “...20 жил хорих ял дээр нэмж нэгтгэн ...” гэснийг “...20 жил хорих ялд нэгтгэн ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

                           ДАРГАЛАГЧ                                           Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН