Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 405

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Т.Ч нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Т.Ч

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/17 тоот захирамжийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Г нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...миний бие Налайх дүүргийн Засаг даргын Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилт хариуцсан орлогчоор ажиллаж байсан ба Налайх дүүргийн засаг дарга Ч.Р нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/17 тоот захирамж гарган, надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан болно. 

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р нь захирамжиндаа “...Налайх дүүргийн Засаг даргаар томилогдсон өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажил үүргээ орхин, ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн Засаг даргын Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилт хариуцсан орлогч Т.Ч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил, албан тушаалаас нь халсугай” гэжээ.

Т.Ч миний бие дээрх хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд намайг ажлаас тасалсан мэтээр гүтгэж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсанд гомдолтой байгаа бөгөөд ажлаас халсан захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч, хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Улаанбаатар хотын захирагчид гомдол гаргасан боловч “Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу авсан.

Энэ дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хандан гомдол гаргасан боловч “...дээрх асуудал нь тус зөвлөлийн хүлээн авч, хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. 

Иймд хууль зөрчин, үндэслэлгүйгээр ажлаас халсан Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/17 тоот захирамжийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байхад ажил тасалсан гэх үндэслэлгүй шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлийн үндэслэл болсон ажил тасалсан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил тогтоогдоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргахад нотлох баримт цуглуулах үйл ажиллагааг явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актын шууд чиглэж буй этгээдийн оролцоог хуульд заасан хэмжээнд хангаагүй юм. Ажлаас халах үр дагаврыг бий болгосон маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан шийдвэрийн хувийн хэргийн дагалдах хуудсыг бүрдүүлж архивлаагүй. Дээрх хувийн хэргийн дагалдах хуудас нь сахилгын шийтгэл ногдуулах гол харгалзан үзэх үндэслэл болох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны акт хуульд нийцсэн байх, бодит нөхцөлтэй тохирсон байх шаардлагыг бүрэн хангаагүй. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн албан хаагч бөгөөд Засаг даргын бүрэн эрхийн хугацаагаар нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа тодорхойлогддог албан тушаалтан байсан. Хэдийгээр дараагийн Засаг дарга томилогдоод нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хуулийн нөхцөл байдал үүссэн хэдий ч энэ хугацаанаас өмнө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хууль ёсны ээлжийн амралт эдэлж байсан. Ээлжийн амралт эдэлж байгаа ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдан үлдэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчиж ажлаас буруу халсан юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл, 55 дугаар зүйл, 69 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү“ гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас буруу халагдсан нь тогтоогдсон бол ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний орлогийг авах эрх нээлттэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү“ гэв.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.Ч нь Налайх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Х.Болдбаатарын бүрэн эрхийн хугацаанд түүний Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилт хариуцсан орлогчоор улс төрийн шийдвэрээр томилогдон ажиллаж байсан улс төрийн албан хаагч юм.

... Засаг даргын Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилт хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Ч нь улс төрийн албан тушаалтны хувьд улсын төрийн хариуцлагаа хүлээж, хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ ухамсарлан ойлгож байсан боловч, тэртэй тэргүй ажлаас чөлөөлөгдөх юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандаж, ажлаас чөлөөлсөн тухай Засаг даргын албан ёсны шийдвэр гаргаагүй байхад төрийн ажлын залгамж чанарыг умартан алдагдуулж, засаг дарга томилогдон ажил, албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөөс ажлаа сайн дураараа орхин, ажил тасалж, Засаг даргыг үл хүндэтгэсэн байдал гаргасан учир Засаг дарга захирамж гарган хууль, тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Хэрэв Т.Ч нь Засаг даргын Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилт хариуцсан орлогчийн хувьд Засаг даргад ажлаа танилцуулан, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор нь ажиллаж байсан бол сахилгын шийтгэл, ногдуулах шаардлага байгаагүй.

Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.5.-д “Ажлаас хоцорсон, ажил хийдүүлсэн шалтгааныг тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна. 

Гэтэл энэ үеэр Тамгын газрын ажилтан, албан хаагчид амралтын хоногуудад ч гэсэн өдөр, шөнөгүй ажиллаж байсан шүү дээ. 

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан тушаалд ... хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны ... албан тушаал хамаарна” гээд 6.1.12 дахь заалтаар бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийг хамааруулсан байна. 

Тэгэхээр дүүргийн Засаг даргын орлогч бол сонгуулийн үр дүнгээр томилогдож, чөлөөлөгдөж байдаг улс төрийн албан тушаалтан юм. 

Нөгөөтэйгүүр дүүргийн Засаг дарга зөвхөн нэг орлогчтой байх байтал Т.Ч нь хууль бусаар томилогдон ажиллаж байсан байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх” гэж заасан байна. 

Тэрбээр нэхэмжлэлдээ “Т.Ч миний бие дээрх хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд намайг ажил тасалсан мэтээр гүтгэж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж ... “ гэжээ. 

Гэтэл Т.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 18-наас ээлжийн амралтын тушаалаа гаргуулж, ээлжийн амралтын олговроо авч, амралтаа биеэр эдэлсэн байна. Гэтэл ажил тасалсан гэдгээ хаацайлах худал шалтаг заан харин өөрөө гүтгэж байна. 

Дүүргийн Засаг даргын захирамжийг хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гаргасан тул Т.Чийн шүүхэд гаргасан 

нэхэмжлэлийн шаардлагыг ханган биелүүлэх боломжгүй юм. Иймд, иргэн Т.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн ээлжийн амралт хэднээс эхэлж, хэд хоног амарч, хэд хоног дутуу байсан гэдэг нь тодорхойгүй байна. Сонгуультай холбоотойгоор 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бүх удирдлагуудын ээлжийн амралтыг хойшлуулаад төрийн албаны үйл ажиллагааг жигд хангах үүргийг дээд шатны байгууллагаас өгсөн албан бичиг хавтас хэрэгт байгаа. Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгууль дууссаны дараа дараагийн ажиллах хүмүүст ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр дур мэдэн ажлаа хаяад явсан. Хэрэв амарсан байсан бол хавтастай баримтууд байх ёстой байтал юу ч байхгүй зөвхөн сандал ширээ нь үлдсэн байсан. Мөн өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тайлангаа гаргаж өгөөгүй. Ингээд нэхэмжлэгч ээлжийн амралт эдэлж байсан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй юм.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/03 тоот захирамжаар бүх дүүргийг эдийн засаг, нийгмийн хөгжил хариуцсан нэг орлогч, нийтийн аж ахуй, тохижилт хариуцсан нэг орлогчтой байхаар заасан. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Засаг даргын гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуйн тохижилт хариуцан орлогчийн орон тоог Нийслэлийн Засаг дарга баталж өгөөгүй. Иймд Налайх дүүргийн Засаг дарга бүтцээр батлагдаагүй орон тоог бий болгож, нэхэмжлэгчийг ажиллуулахдаа ямар ч гэрээ хийгээгүй юм. Одоо Налайх дүүрэг эдийн засаг, хот байгуулалт хариуцсан 1 орлогчтой, 2 төслийн менежертэй байгаа ба нэхэмжлэгчийн албан тушаалын статус байхгүй байгаа учир буцааж ажилд авах боломжгүй юм. Нэхэмжлэгч нь 2012 оны орон нутгийн сонгуулиар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болсон бөгөөд 2016 оны сонгуульд сонгогдоогүй юм.

Өмнөх Налайх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийг ажилд томилсон хирнээ ажиллаач чөлөөлөлгүй өөрөө ажлаа хаяад яваад өгсөн. Шинэ Засаг дарга эдгээр хүмүүсийг хүлээгээд ирэхгүй, ажлын тайлангаа өгөхгүй 7 хоног байсан тул сахилгын арга хэмжээ авч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар санал оруулж хуучин ажиллаж байсан Засаг даргын орлогч нарын ажлыг дүгнэж, хариуцлага тооцсоны үндсэн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад чиглэл өгч ажлаас халсан. Нэхэмжлэгч ээлжийн амралтаа эдэлсэн ч эдлээгүй ч эргэж ажиллахгүй байсан тул нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй тул нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Дээд шатнаас ирүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч биелүүлээгүй. Ямар нэг захирамж гарахад эрх зүйн мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хянаад Тамгын дарга болон Засаг дарга гарын үсэг зурдаг. Тэр үед ажиллаж байсан эрх зүйн мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн нь одоо ч ажиллаж байгаа. Энэ хүмүүс өөртэйгөө хамт ажиллаж байсан хүнийг амарсан гэж хэлдэг. Гэтэл амарсан гэж ярьдгаас бус түүнийг нотлох баримт байдаггүй юм. Нэхэмжлэгч нь өмнөх Засаг даргыг орлох эрх бүхий этгээд болохоос шинээр томилогдсон Засаг даргыг орлох, түүнээс итгэмжлэл авсан эрх бүхий этгээд биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Налайх дүүргийн Засаг даргын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын “Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилт хариуцсан орлогч”-оор ажиллаж байсан Т.Чийг “ажил, үүргээ орхин ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас халж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Т.Чийг ээлжийн амралттай буюу ажил, албан тушаал нь хадгалагдаж байх үед нь түүнд Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон баталгааг алдагдуулж, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, нотлох ажиллагаа хийлгүй гарснаараа маргаан бүхий акт нь хууль бус юм” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т.Ч нь ажлаа хаяж явсан бөгөөд ээлжийн амралттай байсан нь нотлогддоггүй, маргаан бүхий акт нь улс төрийн шийдвэрийн үндсэн дээр гарсан тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй” гэж тус тус маргажээ. 

1. “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/17 тоот захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/06 дугаар  захирамжаар тус дүүргийн Засаг даргын дэргэдэх төсөвт болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нарын 2016 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч Т.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс амрах хуваарьтай байсан боловч тухайн хугацаанд биечлэн амарч чадаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнд:

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын “...байгууллагын удирдлагууд ээлжийн амралт эдлэх асуудлыг түр хойшлуулахыг мэдэгдье” гэсэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04/2503 тоот албан бичиг ,

- Гэрч Т.Э “...Амарч байсан. Гэхдээ хэзээнээс хэднийг хүртэл амрах байсныг мэдэхгүй байна. Тухайн ирсэн бичиг бүгдэд хамааралтай. Т.Ч ажилдаа дуудагдаж орсон” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Х.Б “...орлогч нар 7 дугаар сард амрах ёстой байдаг. Нийслэлээс бичиг ирж амралттай байгаа хүмүүсийг ажилд нь оруулах, сонгуулийг дуустал сонгуулийн үйл ажиллагаанд оруулах ийм бичиг ирсэн. Тийм болохоор эдгээр хүмүүс нь амарч чадаагүй”  гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Ч.О “...Нийслэлийн Засаг даргын албан тоот ирсэн. Тухайн албан бичиг нь удирдах албан тушаалтнуудыг амрааж болохгүй гэсэн утга бүхий байсан. Тийм болохоор нөгөө 2 орлогч даргыг дуудаж ажилд нь оруулсан  гэсэн мэдүүлэг, 

- Гэрч О.З “...Хувиарийн дагуу ээлжийн амралтын мөнгөө авсан байгаа. Амарч байх хугацаанд нийслэлээс буцаад ажилд нь оруулах тухай албан бичиг ирсэн байдаг. ...ээлжийн амралтаа гүйцэд эдлэхгүйгээр 16 хоног дутуу байхад ажилдаа буцаж орсон. Олгогдсон ээлжийн амралтын олговроос 8, 9, 10 дугаар сард би суутгаж авсан” гэсэн мэдүүлэг.

Мөн Т.Ч нь ээлжийн амралтын батлагдсан хуваарийн дагуу 2017 оны 07 дугаар сард бодуулан авсан бөгөөд ээлжийн амралтаа биечлэн эдлээгүйгээс амралтын олговрыг 2017 оны 8, 9, 10 сард буцаан суутган авсан боловч маргаан бүхий акт гаргах үеийн тооцооллоор ээлжийн амралтын олговрын тооцоогүй байх бөгөөд нэхэмжлэгчээс энэ тухайд маргахгүй байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий актыг гаргах үед Т.Ч нь ээлжийн амралтаа биеэр эдэлж байсан” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Т.Ч ажлаа хаяж явсан” гэж тус тус тайлбарлан маргаж байх боловч эдгээр нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдохгүй байна. 

Тодруулбал, гэрч Х.Б “...Би 11 дүгээр сарын 02, 03-ны үед эдгээр орлогч нарыг зохицоод амраарай гэж хэлсэн” гэж, гэрч Ч.О “...2016 оны 11 дүгээр сарын 04,05-ны үед хариуцсан хэлтэс рүү чиглэл өгөөд амарсан. Т.Чийн хувьд мөн адил” гэж, гэрч Ч.З “...Т.Ч ээлжийн амралттай байсан” гэж, гэрч Б.Э“...Ээлжийн амралт нь дуусаагүй байсан учраас зөрүүлээд амарч байсан байх гэж бодож байна” гэж, Т.Э “...Ажил хүлээлцэхэд орлогч нар байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Орлогч нартай холбогдож чадаагүй. Хаана байсныг сайн мэдэхгүй байна...Т.Ч орлогч ээлжийн амралтаа нөхөж амарч байгаа гэсэн мэдээлэлтэй байсан”  гэж, гэрч О.З “...Шинэ Засаг дарга 11 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн. Т.Ч ажиллаж байсныг сайн мэдэхгүй байна”  гэсэн зөрүүтэй мэдүүлж байгаа, мөн ээлжийн амралтын хуудас бичигдээгүй, ажлын цагийн бүртгэл хийгдээгүй, 2016 оны 11 дүгээр сарын 01-09-ний хоорондох захирамжийн төслүүдэд Засаг даргын орлогч нар санал өгөөгүй зэрэг баримтууд нь нэхэмжлэгч Т.Ч нь дээрх хугацаанд ажлын байрандаа байгаагүй, албан үүргээ гүйцэтгээгүй болохыг илэрхийлж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “Т.Ч нь ээлжийн амралтаа биечлэн эдэлж байсан” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Т.Ч нь ажлаа хаяж явсан” гэсэн тайлбаруудыг аль алиныг нь нотолж чадахгүй байх тул Т.Чийн ажил, албан тушаал хадгалагдаж байсан, эсхүл ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм.

Харин хариуцагч нь маргаан бүхий Б/17 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг сонсох ажиллагаа хийлгүйгээр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй буруутай байна. Тодруулбал, 

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “...захиргааны акт, гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд”-ийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж ойлгохоор байх ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг ...хүргүүлнэ” гэж заасны дагуу Т.Чийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий “Т.Чд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/17 дугаар шийдвэрийг гаргах ажиллагаанд Т.Чийг татан оролцуулж шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргийг хариуцагчид ногдуулсан байна.

Гэтэл хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь  маргаан бүхий актыг гаргахдаа Т.Чд урьдчилан мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “утсаар холбогдох гээд чадаагүй” гэсэн тайлбар, гэрч Ч.О “Шинэ Засаг даргатай уулзах боломж гараагүй, маш их хүнтэй байсан болохоор хэлэх боломж байхгүй байсан”  гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримталж ажиллаагүйгээс нэхэмжлэгчид хуулиар олгогдсон “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдээлэл авах, тайлбар, санал гаргах, нотлох баримттай танилцах, нотлох баримт гаргаж өгөх, хууль зүйн бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах” эрх нь зөрчигдсөн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх эрхийг хангаагүйгээс Т.Чийг ээлжийн амралттай байсан, эсхүл ажлаа хаяж явсан эсэхийг нь тодруулалгүй маргаан бүхий актыг гаргасан нь мөн хуулийн 4.2.1-д хуульчилсан “Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ.

Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/17 тоот захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т.Ч нь хуульд заасны дагуу төрийн улс төрийн албан тушаалыг эрхэлж байсан тул орон нутгийн сонгуулийн үр дүнд улс төрийн хариуцлага хүлээлгэсэн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий Б/17 дугаар захирамж нь энэ үндэслэлээр гараагүй байх тул хариуцагчийн энэхүү тайлбарт шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүйг тэмдэглэе.

 

2. “Ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах...дараах албан тушаал хамаарна:” гээд 6.1.1-д заасан “...дүүргийн Засаг даргын орлогч” гэж зааснаас үзвэл дүүргийн Засаг дарга болон түүний орлогчоор хэн томилогдон ажиллах нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээс шууд хамаарахаар байх ба Т.Чийн тухайд төрийн улс төрийн албан тушаалыг эрхэлж байсны хувьд төрийн жинхэнэ албан хаагчид эдлүүлэхээр хуульчилсан тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах баталгаагаар хангагдахгүй бөгөөд мөн Т.Чийг Засаг даргын орлогчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь тухайн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудал юм.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын хувьд орлогчоороо Т.Чийг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг үүсэхгүй байх бөгөөд хариуцагчаас маргаан бүхий Б/17 дугаартай актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь буруу боловч шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь улс төрийн албан тушаалтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохооргүй байна.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг ажил, албан тушаалаас халсан шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтны хувьд түүнийг үргэлжлүүлэх ажиллуулах үүрэгтэй байсан нь тогтоогдсон тохиолдолд төрийн албан хаагчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргах боломжтой. 

Учир нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар “Дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” эрхийг Дүүргийн Засаг дарга эдлэхээр байх ба Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон дүүргийн Засаг даргын орлогч нарыг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх саналыг шинээр томилогдсон Засаг дарга Ч.Р танилцуулж “Засаг даргын орлогч нарт хийсэн ажлын үр дүнг дүгнэж, хариуцлага тооцох, ...орлогчийг томилон ажиллуулах саналыг танилцуулж зөвшилцөхийг дэмжиж” шийдвэрлэсэн  байхад уг эрхэд шүүхээс халдаж “Т.Чийг дүүргийн Засаг даргын орлогчоор томилох”-ыг даалгаж шийдвэрлэх нь зохисгүй.

Иймд нэхэмжлэлийн “Ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...-ыг олгоно” гэж заасны дагуу Т.Чийн “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Чийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, “ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.МӨНХЗУЛ