Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 125/2019/0017/З |
Дугаар | 221/МА2020/0039 |
Огноо | 2020-01-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2020/0039
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А” ХХК-ийн XV-014696 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Хариуцагч тал нэхэмжлэгч “А” ХХК-ийг Ховд аймгийн Мянгад сумын байгаль орчны байцаагчаар ажиллаж байгаа Ө.Х-той үгсэн хуйвалдаж, хийгээгүй ажлаа хийсэн болгож, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулсан байдлыг таслан зогсоохоор “2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй” байгаа юм. Энэ талаар Ө.Х-ыг гэрчээр оролцуулж асуух нотлох баримтыг бүрдүүлсэнгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг заасан бөгөөд 12.1.2-д “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох’’, 12.1.3-д “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих" гэж Засаг даргын эрхийг заасан. Хуульд заасан эрхийн хүрээнд Сумын засаг дарга “А” ХХК-ийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн шаардлагатай бөгөөд энэхүү хэрэгт нотлох баримтаар дугтуйг нотариатаар батлуулан нотлох баримтаар хавсаргасан нь хууль зөрчиж байна. Түүнчлэн хавтаст хэрэгт “А” ХХК-ийн зөвхөн 2014 оны нөхөн сэргээх төлөвлөгөөг нотлох баримтаар гаргуулсан. Харин “А” ХХК-ийн 2015, 2016, 2017, 2018 онуудын Байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөө хавтаст хэрэгт байхгүй байгаа бөгөөд энэ нь шүүхээс нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Тухайн хайгуулын зөвшөөрөл олгогдсон гэх газрууд нь багийн иргэдийн өв удмаараа он удаан жил амьдарч, нутаглаж ирсэн газар бөгөөд энэхүү газрыг эзэмшигчдийг гэрчээр оролцуулж хэргийг тал бүрээс нь нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Хариуцагч талаас гэрч нарыг шүүхэд оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд энэ талаар шүүхээс хүсэлтийг тодруулах ажиллагаа хийсэнгүй хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлсэн, үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч “А” ХХК нь “Хайгуулын XV-014696 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар төлөвлөгөөг батлахыг тус сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга эс зөвшөөрч, үндэслэлээ “сумын ард иргэд нутаг дэвсгэртээ хайгуулын ажил явуулахыг зөвшөөрөхгүй байгаа тул тэдний шаардлагад нийцүүлэн хайгуулын лицензтэй 17 компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа” гэж тодорхойлон маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заасныг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь анх тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлэх үүрэгтэйг, хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн анхны болон төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгасан төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг дарга батлах үүрэгтэйг тус тус зохицуулсан зохицуулалт гэж ойлгоно.
Түүнчлэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно” гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй гэж ойлгохоор бөгөөд ийнхүү шинэчлэн боловсруулж ирүүлсэн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга батлах үүрэгтэй байна.
Хариуцагч сумын Засаг дарга нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12-т “Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 38 дугаар зүйлийн 38.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, биелүүлээгүй бол дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй боловч “А” ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйгээ “тухайн нутаг оронд уул уурхайн лиценз олгуулахгүй байх ард иргэдийнхээ санал бодолд нийцүүлсэн” гэж тайлбарлаж байгааг хуульд нийцсэн гэж үзэхгүй, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн гэж ойлгох боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн “хуульд заасан эрхийн хүрээнд Сумын засаг дарга “А” ХХК-ийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа огт дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэл болгоогүй атлаа давж заалдах шатны шүүхэд “Ховд аймгийн Мянгад сумын байгаль орчны байцаагчаар ажиллаж байгаа Ө.Х-той үгсэн хуйвалдаж, хийгээгүй ажлаа хийсэн болгож, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулсан байдлыг таслан зогсоохоор 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа” гэж гомдол гаргасныг дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлвэл анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг давж заалдах гомдолд дурдах эрхгүй гэж ойлгохоор байх тул гомдлын энэ үндэслэлд тус шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН