Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 141

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2016/01263/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч О.Нарангэрэл,  С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 779 дугаар шийдвэртэй,    

         Нэхэмжлэгч Сартуул овогт Б-ын Б-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний  политехник коллежид холбогдох         

          “Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б-27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий” иргэний хэргийг

          Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба,шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

          Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Миний бие 2004 онд тус байгууллагад үйлчлэгчээр ажилд орж, 11 жил ажиллаж ирсэн бөгөөд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, тус сургуулийн захиргаатай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, үр бүтээлтэй ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн захирал Ш.Мөнгөндуулга Б-27 дугаар тушаал гаргаж, намайг захиргааны санаачлагаар үйлчлэгчийн ажлаас халсанд гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Намайг ажлаас халсан тушаалын үндэслэлдээ тус сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, үйлчлэгчийн орон тоо цөөрсөн тул үйлчлэгч ажилтай Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн  гэрээг  2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэжээ. Тус сургуулийн үйлчлэгчийн орон     тоог     цөөрүүлсэн   тухай  Хөдөлмөрийн  яамны   тушаалыг надад танилцуулаагүй бөгөөд ажлаас халах тухай мэдэгдэл өгөхдөө  таны ажлын   үзүүлэлт муу

байгаа тул ажлаас халах мэдэгдэл өгч байна гэж хэлсэн. Хэрэв миний бие үүрэгт ажлаа муу гүйцэтгэж байсан бол надад сар бүр ур чадварын нэмэгдэл олгохгүй байсан бөгөөд миний ажлын үзүүлэлтийг ямар шалгуураар шалгаад муу гэж үнэлэн ажлаас халсныг надад тайлбарлаж өгөөгүй. Тус сургуульд 10 үйлчлэгч ажиллаж байхад ямар шалтгаанаар намайг сонгож цомхотгосныг надад тайлбарлаж өгөөгүй. Тус сургуульд 10 үйлчлэгчийн орон тоотой ажиллаж байсан ч нэг үйлчлэгч 250-300 м.кв талбай цэвэрлэх нормтой боловч сургуулийн цэвэрлэх талбай том байснаас нэг үйлчлэгч 750 м.кв талбай цэвэрлэж, 2 дахин их талбайг цэвэрлэдэг байсан. Гэтэл цэвэрлэгчийн орон тоог хассан нь хууль журам зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Энэ заалтаар одоо батлагдсан орон тоонд орсон байгаа надтай адил ТҮ-1 зэрэглэлээр цалинждаг гал тогооны туслах ажилтны орон тоон дээр намайг ажиллуулах боломжтой байсан. Энэ орон тоо хүн ажиллаагүй сул орон тоо байгаа болно. Захирал Ш.Мөнгөндуулга үйлчлэгчийн орон тоог цөөрүүлэх санал хүсэлтийг өөрөө санаачлан Хөдөлмөрийн яаманд санал тавьсны дагуу Хөдөлмөрийн яамнаас захирлын саналыг үндэслэн үйлчлэгчийн орон тоог цөөрүүлсэн гэж байгаа бөгөөд захирал 77 орон тоотой ажиллахаас одоо 68 орон тоотой болгон ажилтны тоог цөөрүүлж, төсвөө хэмнэсэн атлаа сургууль дотроо өөр ажилд шилжүүлэн ажиллуулах орон тоо, цалин төсөв хангалттай байхад ажилтны тоог цөөрүүлсэн нэрийдлээр зөрчил дутагдал гаргаагүй мөрөөрөө ажлаа хийж байсан цалингийн өндөр зээлтэй, ар гэрийн амьдрал хүнд, эдийн засгийн хямралтай үед эрх ашгийг минь хохироож үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Уул уурхай, эрчим хүчний Политехникийн коллежийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б-27 тоот тушаалыг хүчингүй болгож, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, А.Гандиймаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч талаас орон тоо цөөрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч анх хэдэн орон тоо байсныг Б/126 тоот тушаалаар 7 орон тоотой болгосон талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэнэ, ажилтнуудыг бөөнөөр нь халж байгаа тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэж хэлэлцээр хийнэ гэж заасан байгаа. Тус байгууллагын хурлын тэмдэглэлээс үзэхэд бүтэц орон тоондоо нийцүүлж 8 хүн халахаар хурлаар хэлэлцсэн байгаа бөгөөд үүнийг бөөнөөр нь ажлаас халж байгаа гэж үзэж байна. Гэтэл дээрх хуулийн заалтыг биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацааны өмнө ажилтнуудад мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 09 сарын 02-ны өдөр мэдэгдэл өгсөн гэж байгаа боловч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн байна. Иймээс дээрх хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгөөгүй, хууль зөрчсөн байна. Мөн ажлын үзүүлэлтээр хамгийн муу үнэлгээ авсан гэж Б.Б- ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч Б.Б- нь ажлын үзүүлэлтээр 96-аас доош оноо нэг ч удаа аваагүй бөгөөд үүнийг нь үнэлээд сар бүр ур чадварын нэмэгдэл 25 хувиар авч байсан. Үүнийг ч хариуцагч тал зөвшөөрсөн байгаа. Гэтэл хамгийн дээд үнэлгээгээр үнэлж байхад ажлын үзүүлэлт муу гэж үзээд халж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн тайлбараар сүүлийн 3 жилийн хугацаанд сахилгын шийтгэл авч байсан гэж байгаа боловч хуульд зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдсон, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байгаа. Хөдөлмөрийн яамнаас ирсэн тушаалыг үзэхэд орон тоо цөөрсөн, цалин багассан талаарх баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл 2015, 2016 онд батлагдсан нийт орон тоо нь 77 хэвээрээ байна. Одоо тус байгууллага батлагдсан орон тооноос бага буюу 65 орон тоотойгоор ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд төсөв хэмнэнэ гэсэн нэрийн доор батлагдсан орон тооноос багасгаж, хүмүүсийг ажлаас нь халж хохироож болохгүй. Батлагдсан орон тоондоо тохирсон цалин, төсөв батлагдсан байгаа. Мөн тус байгууллагын нийт цэвэрлэх талбайн хэмжээний хувьд маш том, нэг үйлчлэгчид оногдох талбай нь 150-400 м2-аар илүү болсон байгаа. Норм хэмжээ хэтэрчээд байхад халаад байгааг зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлүүдээр тус байгууллагын захирлын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн Б-27 дугаар тушаал нь үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна. Орон тоо цөөрөөгүй, цөөрүүлэх үндэслэл байхгүй байна. Иймээс Б.Б-г үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажлаас халагдсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж байна. Б.Б- нь 7, 8 дугаар саруудад ээлжийн амралттай байсан учраас цалин бага бичигдсэн байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг 4, 5, 6 сарын дунджаар тооцож, ажилгүй байсан хугацааны цалинг тооцоход 4,430,720 төгрөг болж байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Б.Б- нь Монгол улсын  2015 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2014 оны 70 дугаар тогтоол,  Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/126 дугаар тушаалын дагуу тус сургуулийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, үйлчлэгчийн албан тушаал цөөрсөн тул ажлаас чөлөөлөгдсөн. Урьд нь тус сургуульд 10 үйлчлэгч ажиллаж байсан ба Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/126 тоот тушаалаар орон тоо цөөрч 7 болсон тул ажилтны тоог цөөрүүлэхээс өөр арга байгаагүй. Ингээд тус сургуулийн захирлын 2015 оны А/49 тоот тушаалаар орон тооны цомхотгол орж буй албан тушаалтны ажлын үр дүнд үнэлгээ өгөх ажлын хэсгийг байгуулан бүтцийн өөрчлөлтөнд орох гэж байгаа ажилчдын ажлын үзүүлэлт, сүүлийн 3 жил сахилгын шийтгэл авч байсан эсэх гавъяа шагнал, ажилласан жил зэрэг үзүүлэлтээр дүгнэн авч хэлэлцээд, захирлын дэргэдэх зөвлөлд танилцуулсан. Захирлын дэргэдэх зөвлөлийнхөн хэлэлцээд 9 сарын ажлын үнэлгээгээр хамгийн муу оноотой дүгнэгдсэн 2 үйлчлэгчийг оноогоор тэнцсэн үйлчлэгч нараас 1 үйлчлэгчийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Ингэхдээ тус сургуулийн 4 үйлчлэгч өрх толгойлсон эмэгтэйчүүд байдгийг ч мөн харгалзан үзсэн. Мөн Б.Б- нь урьд ажиллаж байхдаа ажлаа хангалтгүй биелүүлсэн тул 1 удаа сахилгын арга хэмжээ, 2 удаа ажлаас халагдах мэдэгдэл авч байсан байна. Бид энэ хүнийг гэнэт ажлаас халаагүй ба 2015 оны 09 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар үйлчлэгч нарын орон тоо цөөрсөн тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдах болсныг албан бичгээр мэдэгдсэн. Бид ажилчдын сар бүрийн ажлыг дүгнэн ур чадварын нэмэгдлийг 96-100 оноо авсан бол 25 хувийн нэмэгдэл олгодог. Манай үйлчлэгч нарын цалин бага тул аль болох ур чадварын нэмэгдлийг нь бүтэн олгож, уян хатан ханддаг байсан. Гал тогооны туслах ажилтнаар томилох боломж байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч энэхүү орон тоо нь цалингийн санд байхгүй, андуурагдан батлагдсан орон тоо бөгөөд энэ нь 2016 оны орон тоон дээр хасагдаж ирсэн байгаа. Тиймээс байхгүй орон тоон дээр шилжүүлэн ажиллуулах боломжгүй юм. Мөн бид яамнаас батлагдсан орон тоонд багтаан ажиллуулах үүрэгтэй бөгөөд Б.Б-гийн мэргэжилд тохирсон сул орон тоо байхгүй тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлсөн. Мөн хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж, 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон байгаа. Иймд захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 779 дугаар шийдвэрээр:   

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б-27 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б-г тус коллежийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежоос 4,011,392 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний политехник коллежиос улсын тэмдэгтийн хураамжид нийт 149,332 /79,132+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдсан гомдолдоо:

 Үйлчилгээний орон тоо цөөрсөн нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот болон 2016оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тоот мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн байгуулах тухай тушаалууд, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 тоот тушаал, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехник коллежийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/49 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар бүтэц орон тоонд өөрчлөлт орж байгаатай холбоотой багш, ажилтан ажилчдын ажлын үр дүнд үнэлгээ өгөх, ажлын хэсгийг байгуулан үнэлгээ гаргасан болон 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын материал, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын мэдүүлэг, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбарууд, Батлагдсан үйлчлэгч нарын орон тоо, төсөв, санхүүжилт зэрэг нь тодорхой байхад өмнөх бүтэц, орон тоо ач холбогдолтой биш бөгөөд шүүх Хөдөлмөрийн яамнаас  тушаал материал гаргуулахдаа шаардлагатай байсан бол хамт авчих боломжтой байсан. Шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 288 тоот захирамжийн 8-д 2015, 2016 оны орон тоог баталсан сайдын тушаал түүний хавсралтууд гаргуулах гэсэн нь шүүх өөрөө захирамжийн заалтыг бүрэн хангаагүй байгааг анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч тал нь өөрөө зөвшөөрч ажилгүйдлийн тэтгэмжээ авсан учраас ажлаас халагдсан асуудал дээрээ маргалдаагүй  харин өөр адил төрлийн  “туслах тогооч”-ийн ажилд тавьсангүй гэдэг боловч Хөдөлмөрийн сайдын 2016 оны а/30 тоот тушаалаар үгүйсгэгддэг бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/126 тоот тушаалын алдаа нь залруулагдсан болно. Үйлчлэгч байсан Б.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 19-нд 2015 оны 10, 11, 12 сарын цалин болох нийт 1.558.100 төгрөгийн цалинг тэтгэмж хэлбэрээр авсан. Мөн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан учир дундаж цалинг тооцохдоо 7, 8 сарын цалингийн дунджаар тооцох боломжгүй юм. Б.Б-гийн нэхэмжилж байгаа 154 хоногийн цалингаас 10 сар 22 хоног, 11 сар 20 хоног, 12 сар 22 хоног, нийт 64 хоногийн цалингаа авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 779 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн  гаргасан давж  заалдсан гомдолд  дурдсан  үндэслэлүүд  хуулийн үндэслэлтэй  байх тул гомдлыг   хангах нь  зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б-  хариуцагч  Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний  политехник  коллежид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  шаардлага  гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч “үйлчлэгчийн  орон тоо  цөөрсөн тул  захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр Б.Б-г ажлаас чөлөөлсөн, захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй”  гэж   мэтгэлцжээ.

Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник  коллежийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар   үйлчлэгч ажилтай Б.Б-тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

Тушаалд “Хөдөлмөрийн тухай  хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Хөдөлмөрийн  сайдын  2015 оны А-126 тоот тушаал, захирлын дэргэдэх зөвлөлийн  шийдвэрийг тус тус үндэслэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг   хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т  заасантай нийцээгүй байна.

Хөдөлмөрийн сайдын  2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А\126 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Политехник  коллежийн бүтэц орон тоог батлан ирүүлж тус  сургуулийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 28-ны  өдрийн А-49 тушаалаар  ажилтан, ажилчдын ажлын үр дүнд үнэлгээ өгөх ажлын хэсэг  байгуулагдаж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  Захирлын дэргэдэх  зөвлөл  хуралдаж   Б.Б-г ажлаас нь чөлөөлсөн  байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар тус сургуульд 10 үйлчлэгч ажиллаж байсан, Хөдөлмөрийн сайдын тушаалаар  6  үйлчлэгч  байхаар  орон тоог  цөөрүүлсэн нь тогтоогдож байна.

Орон тоо  цөөрсөнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан ажлын хэсгийн үнэлгээ дүгнэлт зэргийг захирлын зөвлөл хэлэлцэж гаргасан шийдвэр  хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журамд  нийцсэн  тул  буруутгах  боломжгүй.  

Б.Б-д  хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг  2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  өгч,  ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015 оны 10  дугаар срын 01-ний өдөр гаргаж, 30 хоногийн  дотор буюу 1 өдрийн  өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалж халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ялимгүй зөрчсөн тул ажилтаныг ажилд  буцаан тогтоох үндэслэл болохгүй.

 Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо цөөрсөн үндэслэлээр цуцалсан нь  Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй байна.

Иймд Б.Б-гийн “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид давж  заалдах гомдол гаргахдаа төлсөн мөнгийг  буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн  167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 779 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Б-гийн “ Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежоос / итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр / улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 149.332  төгрөгийг төрийн сангийн орлогоос  шүүгчийн  захирамжаар гаргаж, буцаан олгосугай.    

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА                      

                            ШҮҮГЧИД                                                    О.НАРАНГЭРЭЛ                     

                                                                                                 С.ЭНХЖАРГАЛ