Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/01055

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 69 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

“Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэгийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, мангиртын 2-4а тоот, Г-2003001191 дугаарт бүртгэлтэй 1105 мкв талбайтай газрыг 19 448 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.Миний өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 1494 шийдвэрээр Б.Тогтохсүрэнгээс 44 430 142 төгрөг гаргуулж Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч Б.Тогтохсүрэнгийн өмчлөлийн Ү-2003013259 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг,Дархан сумын 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг 2-4 тоот 144 мкв талбайтай 2 давхар хувийн орон сууц, 859 мкв талбайтай газрын хамт, Б.Э-ын өмчлөлийн Ү-2003007686 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг 4а тоот 72 мкв талбайтай хувийн орон сууц 1105 мкв талбайтай газрын хамт тус тус 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар эд хөрөнгө битүүмжлэн хураах авах тухай тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй, банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал өгөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө газрыг нийт 260 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн.Үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан Б.Э-ын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 69 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Б.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шинжээч томилж, үнэлгээ хийлгэх эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хариуцагч болох Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа тул нэхэмжлэгч дур мэдэн өөр үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар өөрийн өмчийг үнэлүүлэх боломжгүй юм.Үнэлгээний тайлантай танилцсан даруйдаа уг үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул өөр газраар дахин үнэлгээ хийлгүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хууль хэрэглэлгүйгээр мөн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаагүйд гомдолтой байна.

Иймд Б.Э- миний өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн Үнэлгээний тайлан гарсан гэж үзэж байх тул “Капитал зууч” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 дүгээр захирамжаар Б.Тогтохсүрэн ХААН банкинд 44 430 142 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шүүгчийн захирамжид тусгагдсан байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оны 05 дугаар сарын 20-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар барьцаа эд хөрөнгийн өмчлөгч Б.Э- шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сум дундын 7 дугаар шүүх 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр эд хөрөнгийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дахин томилогдсон шинжээч “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг Б.Э- эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог байна. Хариуцагч Шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээч томилох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байх ба уг ажиллагааг хууль зөрчсөн гэх гомдлыг нэхэмжлэгч гаргаагүй ажээ.

Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хууль зөрчиж тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, уг үнэлгээ зах зээлийн бодит үнээс доогуур тогтоогдсон, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шинжтэй гэх нэхэмжлэлд тусгагдсан байдал баримтаар нотлогдоогүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан урмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 69 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН