| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2024/01098/И |
| Дугаар | 210/МА2025/00256 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00256
******* ХХК, ******* ХХК-иудын
Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05063 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* ХХК-иудын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* улсад бүртгэлтэй ******* компани,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг даалгах, 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 157/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 157/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 02/01 дугаар Анхны албадан дуудлага явуулах тухай тогтоол, 2024 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК нь МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний арбитрын 2010 оны 04 сарын 09-ний өдрийн 22 тоот шийдвэрийн дагуу 1,764,052 ам.долларыг ******* улсын хуулийн этгээд ******* ХХК-д төлөх төлбөртэй. Тус арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжлэгдэж, хураагдсан хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах 827.9 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө болон 144 м.кв талбайтай гарааш нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрладаг. ******* ХХК нь нэгж талбарын ******* дугаартай газрыг *******-ын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн А/226 дугаартай захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшдэг. ******* ХХК-ийн уг эзэмшлийн газар нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хамт битүүмжлэгдэж, хураагдаж, дуудлага худалдаагаар худалдагдсан байна. Гэтэл *******-аас ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, худалдах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг явуулахдаа газрын эзэмшигч ******* ХХК-ийг оролцуулаагүй, мэдэгдээгүй. Мөн ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах 827.69 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг гараашийн хамт хурааж, 2024 оны 02 сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар 2024 оны 01 сарын 19-ний өдөр буюу 17 хоногийн өмнө нийтэд зарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан хугацааг зөрчин 17 хоногийн өмнө нийтэд мэдээлсэн нь дуудлага худалдаа зарлах, зохион байгуулах эрх бүхий албан тушаалтнууд нь дээрх хөрөнгийг ямар ч аргаар хамаагүй худалдан авахаар санаархсан, үл хөдлөх хөрөнгийн ченжүүдтэй үгсэн хуйвалдаж, давуу байдал олгосон гэх хардалтыг төрүүлж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа болох гэж байгаа талаар манайд огт мэдэгдээгүй бөгөөд манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 02 сарын 02-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн. Хэрэгт цугларсан баримтаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол мэдэгдэлд 2024 оны 01 сарын 23-ны өдөр ******* гэж хүнд хүлээлгэж өгсөн баримт үйлдсэн байдаг. ******* нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж оролцох эрх бүхий этгээд болох талаарх баримт авагдаагүй. Энэ талаар *******т 2024 оны 02 сарын 02-ны өдөр хууль бус албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгон дуудлага худалдааг цуцлахыг хүссэн гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэхгүйгээр 2024 оны 02 сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулж, дээрх үл хөдлөх хөрөнгийг 14 тэрбум гаруй төгрөгөөр худалдан борлууллаа. Дээрх хөрөнгийн үнэлгээг 2020 онд шинжээчээр тогтоосноос хойш 4 жил өнгөрч, тухайн үед 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан боловч 2020 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 6,098,470,823 төгрөг, манай хөрөнгийн өнөөгийн зах зээлийн ханш 7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бөгөөд 2020 онд үнэлэгдсэн үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулснаар хөрөнгө үнэгүйдэж байна. Тухайлбал, манай байгууллагаас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэлийг 3 шатны шүүх шийдвэрлэснээс хойш буюу 2021 оны 09 сараас 2022 оны 09 сар хүртэл бүтэн жилийн хугацаанд шийдвэр гүйцэтгэгчийн буруугаас ажиллагаа хийгдээгүй нь ажиллагаа удаашрахад нөлөөлсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг үндэслэн *******-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчид дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан боловч 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 4-240/8 тоот тогтоолоор татгалзсан хариу өгсөн. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2020-2023 оны хооронд үл хөдлөх хөрөнгийн үнэ нийт 78.4 хувиар өсөж, 50-аас илүү хувь буюу 3/2 дахин өөрчлөлт орсон. Мөн дуудлага худалдаанд орсон үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар бөгөөд газрын зах зээлийн үнэлгээ нь дангаараа 40 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэтэл уг барилгыг хурааж, үнэлгээ тогтоолгохдоо доорх газрыг битүүмжилж, хураасан эсэх нь тодорхойгүй, газар эзэмшигчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй, дээрх үнэ цэнтэй газрыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсаар байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг хариуцагчид даалгаж, *******-ын 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 157/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 157/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 02/01 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон уг тогтоолын дагуу хууль зөрчиж 2024 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга: Манай компани нь *******-ын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн А/226 дугаартай захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 4,257 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Дээр дурдсан газар дээр ******* ХХК-ийн өмчлөлийн 827.9 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, 144 м.кв талбайтай гарааш байрладаг. ******* нь арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ ******* ХХК-ийн газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчиж, төлбөр төлөгч бус гуравдагч этгээдийн эд хөрөнгөд бүдүүлгээр халдаж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Албадан дуудлага худалдаа явуулах зарын талаар фэйсбүүк цахим хуудсаар 2024 оны 01 сарын 22-ны өдөр олж мэдсэн. Тухайн дуудлага худалдаанд орж буй үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь ******* ХХК-ийн эзэмшлийн 4,257 м.кв газрын 762 м.кв газар дээрх барилга юм. Гэтэл *******-ын хууль ёсны эзэмшигч ******* ХХК-аас тухайн барилгын доорх газар дээр үнийн санал аваагүй, албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй. Манай компаниас энэ талаар мэдсэн даруй *******т бичгээр гомдол гаргасан боловч манай компанийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэдэг үндэслэлээр бидний гомдлыг хүлээн авахаас татгалзсан. *******-ын 2019 оны 12 сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол-д үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг, газрын хамт хийхээр зааж, үнэлгээ газрын хамт хийгдсэн байна. Үүнийг хариуцагч үгүйсгэж чадсангүй. ******* тухайн үнэлгээг хийж байгаа бол газрын эзэмшигч ******* ХХК-д мэдэгдэх үүрэг шийдвэр гүйцэтгэх байгууллагад бий болно. Үүний дагуу мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй. Нэгэнт уг ажиллагаа хийгдээгүй учраас дээрх ажиллагаа нь хууль зөрчиж хийгдсэн. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т тодорхой заасан. Газрын бүрдэл хэсэг гэдгийг Улсын дээд шүүхийн Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 1-т заасан. Тухайн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоож байгаа бол газрын эзэмшигчид мэдэгдэх үүргийг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан.
Иймд хариуцагч нь анхнаасаа ******* ХХК-д мэдэгдээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх, эзэмших эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа учраас *******-аас 2024 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ын хариу тайлбарын агуулга: МҮХАТ-ын дэргэдэх Монголын Үндэсний арбитрын 2010 оны 04 сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 1,764,052 ам.доллар буюу 2,420,808,559 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2010 оны 08 сарын 18-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч ******* ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгөхөд төлбөрийг төлөөгүй. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ******* хороо, *******-ын гудамж, *******-р барилгын 827.69 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгийг ******* тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай гараашийн хамт 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 157/01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 157/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хурааж, талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй тул 2019 оны 12 сарын 25-ны өдөр ******* ХХК-ийн шинжээч *******-ийг үнэлгээчнээр томилж, үнэлгээг тогтоолгоход 4,166,224,000 төгрөгөөр үнэлснийг талуудад танилцуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар удаа дараа нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны нийт 19 удаагийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хураагдсан хөрөнгийг 2024 оны 02 сарын 05-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2024 оны 01 сарын 19-ний өдөр нийтэд зарласан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар төлбөр авагч талаас дахин үнэлгээг тогтоолгох талаар хүсэлт ирүүлээгүй, уг асуудлаар төлбөр төлөгч ******* ХХК нь 3 шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 2762 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 1992 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал ******* нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргаж, Улсын дээд шүүхийн хуралдаанаар хүсэлтийг мөн хангахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Манайх үл хөдлөх эд хөрөнгийн доор газрыг дуудлага худалдаанд оруулаагүй. Уг газартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй. Харин ч дуудлага худалдаа явуулж, 14 тэрбум төгрөгийн үнэд хүргэж, худалдан борлуулсан. Мөн ******* ХХК-ийн ямар эрх ашиг, хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхойгүй. Газрын бүрдэл гэдэг нь тухайн газарт ажиллагаа явуулсан тохиолдолд дээр нь байгаа объектын эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэнэ гэж зааснаас бие даасан объектод ажиллагаа явуулж байгаа бол заавал газар эзэмшигчид мэдэгдэх шаардлага байхгүй. Газар ашиглах, эзэмших тухай асуудлын хувьд эзэмшигч солигдлоо ч тухайн гэрээ хэлцэл хийгдээд явна. *******-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар баталгаат шуудангаар хүргүүлж, холбогдох утсаар ярих, төлбөр төлөгчийг дуудаад ирэхгүй тохиолдолд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа компани дээр очоод ******* гэх хүнээр дамжуулан ******* гэх хүний утас руу залгуулж, ******* нь манай захирал ийм хаягт байдаг гэх мэдээллийг өгсөн нотлох баримт нь хэрэгт авагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу баталгаажуулах арга хэмжээний дагуу хуульд заасан ажиллагааг хийж, талуудад мэдэгдсэн. Талуудад уг ажиллагааг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээж аваагүй бол 14 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. Хүлээж аваагүй бол шүүхэд хандаж болохоор хуульд заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тухай бүр мэдэгдэж явсны үндсэн дээр нэхэмжлэгч нэг асуудлаар удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, 14 жилийн хугацаанд 19 шүүхийн шийдвэр гарсан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, үүнийг мэдээгүй гэдэг тайлбар үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* компанийн тайлбарын агуулга: ******* ХХК нь 2010 онд арбитрын шийдвэр гарснаас хойш бүтэн 14 жилийн хугацаанд төлбөрийг сайн дураар төлөхөөс зайлсхийж, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулан, үндэслэлгүй нэхэмжлэл гомдол удаа дараа гаргаж байна. *******-аас 2020 онд үнэлгээ хийгээд 4 жил өнгөрсөн. ******* ХХК-ийн хувьд албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмнө удаа дараа гаргаснаас шалтгаалж, ******* дараагийн ажиллагааг хийж чадахгүй, хуульд заасан хугацаа тасалдаж явсаар 2024 оны 02 сарын 05-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа болсон. Нэхэмжлэгч эрхээ хамгаалж, шүүхэд удаа дараа гомдол гаргаж байсан учраас 4 жилийн хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 17 хоногийн өмнө мэдэгдсэн, эрх ашиг зөрчсөн гэж маргаж байна. Харин эрхийг нь хамгаалж, боломж олгоод 17 хоногийн өмнө мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Дуудлага худалдааны талаар мэдэгдсэн ******* гэх хүн бол ******* ХХК-ийн хувь эзэмшигч, ажилтан. Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан тушаалтанд мэдэгдээд, гарын үсэг зуруулсан бол тухайн хүн холбогдох этгээдэд мэдэгддэг журамтай. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч тал аль хэдийн энэ асуудлын талаар мэдсэн байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* ХХК бидэнд албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэж нэхэмжлэл гаргаад Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан зүйл, заалтыг гуйвуулан тайлбарлаж байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д бие даасан объект гэдэг зүйлийг хуульчилсан. Дуудлага худалдаа явагдаад бие даасан газар дээрх объектыг зарчихлаа, тэр газар дээр байшин байна, дараагийн эзэмшигч нь ашиглана. Үүнд ямар ч эрхийн зөрчил байхгүй. ******* ХХК, ******* ХХК нар хоорондоо маргах ямар ч зүйл байхгүй. Нэхэмжлэгч нарын мөн гуравдагч этгээд ******* ХХК-ийн ямар ч эрх зөрчигдөөгүй. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох *******-ын 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 157/1 тогтоол, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 157/2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ газрын эзэмшигчид мэдэгдээгүй гэж тайлбарлаж байна. ******* ХХК нь бусдын эрхийн төлөө нэхэмжлэл гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-д энэ асуудлаар бусдыг төлөөлөх эрх олгогдоогүй учраас энэ шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тодруулахад 2019 онд гарсан тогтоолын талаар мэдсэн атлаа 2024 онд буюу 5 жилийн дараа яагаад нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тэгэхээр тогтоол хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өмнө удаа, дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбарын агуулга: ******* ХХК-ийн гаргасан албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч тал өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж 2020-2024 оны хугацаанд гомдол нэхэмжлэл гаргаж байсан байна. Эрх нь зөрчигдсөн этгээд эрхээ хамгаалах зорилгоор удаа дараа гомдол гаргаж болно. Энэ хугацааг та нар өөрсдөө гомдол гаргасан учраас энэ 4 жилийн хугацаа хамаагүй гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал гомдол гаргаад явсан ч зах зээлийн үнэлгээ зогсохгүй. Тэгэхээр хөрөнгийн үнэлгээ тогтоолгосноос хойш үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 3/1-ээс илүү өссөн, дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж маргаж байгаа нь үндэслэлтэй. Албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* гэж хүнд мэдэгдсэн талаар хариуцагч тайлбарлахдаа ******* нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч, ажилтан гэдэг. Тэгэхээр бид ажилтанд мэдэгдэж гарын үсэг зуруулсан учраас мэдэгдсэн гэж тайлбарласан. Гэтэл хуульд тухайн компанийн төлөөлөгч нь тухайн маргаанд төлөөлж байгаа этгээдэд дуудлага худалдааны талаар мэдэгдэж, гарын үсэг зуруулах ёстой. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал асуудал учраас ажилтан, хувь эзэмшигч гэдэг үндэслэлээр ямар нэг итгэмжлэл, төлөөлөх эрх тодорхойгүй этгээдэд танилцуулах нь мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлд хамаарна. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өмнө нь хэд хэдэн удаагийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, нэг асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа учраас нэхэмжлэл үндэслэлгүй гэх тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан 2024 оны 01 сарын 17-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 02 сарын 05-ны өдөр болсон дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагуудыг шүүх өмнө шийдвэрлээгүй. Нотлох баримт шинжлэн судлах, асуулт, хариултын шатанд *******-аас 2019 онд гаргасан шинжээч томилох тухай тогтоолд газрыг хамт үнэлнэ гэсэн байна. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад үнэлгээчин нь тухайн газрыг хамт үнэлээгүй нь харагдаж байна. Үүнээс үзэхэд *******-аас 2019 онд гаргасан шинжээч томилох тухай тогтоол хэрэгжээгүй нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр 2019 оны тогтоолын дагуу ажиллагаа хийгээгүй, газрыг үнэлээгүй, өөрсдөө ч гэсэн газар хамаагүй гэж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. *******-аас зохион байгуулсан 2024 оны 02 сарын 05-ны өдрийн дуудлага худалдаа нь энэ үнэлгээг үндэслэж зохион байгуулагдсан. Үнэлгээ, тогтоол нь дутуу хэрэгжсэн, бүрэн гүйцэт бус үнэлгээний тайланд үндэслээд дуудлага худалдаа явагдсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, үндэслэлгүй учраас хүчингүй болгуулах үндэслэлтэй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлэхгүй.
Иймд ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох, 2024 оны 02 сарын 05-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. *******т үнэлгээ дахин тогтоолгох талаар удаа дараагийн хүсэлтийг хангаагүй нь тогтоогдсон учраас ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 63 дугаар зүйлийн 63.4-т заасныг баримтлан *******т холбогдох төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг даалгах, *******-ын 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 157/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 157/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 02/01 тоот Албадан дуудлага явуулах тухай тогтоол, 2024 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан *******т холбогдох 2024 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөг, нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна.
7.1. Анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж байна. Хэрэгт авагдсан *******-ын 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 4-240/8 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол-д нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтийг *******т гаргасныг нотолж байна.
7.2. Нэхэмжлэгчээс Үндэсний статистикийн хорооноос гаргасан барилга орон сууцны өртөг үнэ ханшийн өөрчлөлтийн талаарх шаардлагатай мэдээ лавлагааг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Нэхэмжлэгч нь Үндэсний статистикийн хорооны албан ёсны www.1212.mn сайтад байршуулсан орон сууцны бус барилгын 2020-2024 оны өртөг үнэ ханшийн өөрчлөлтийн талаарх албан ёсны QR код бүхий баталгаатай мэдээллийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх тэр мэдээллийг нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлэхээс татгалзсан нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан явдал болж байна.
7.3. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж, үнэлгээчин *******аас гэрчийн мэдүүлэг авахуулсан. Гэрч ******* нь өөрийн хийсэн хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ашиглах боломжгүй гэсэн тул нэхэмжлэгчээс шинжээч томилуулж, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг зөрчсөн.
7.4. Анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг үндэслэлгүйгээр, дур зоргоороо тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч нь 17 хоногийн өмнө нийтэд зарлаж, хуулиар тогтоосон журам зөрчсөн байхаас гадна үүгээрээ бусдад давуу байдал ч олгосон байж болзошгүй юм.
7.5. Хариуцагч нь албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******-д гардуулсан бөгөөд түүнийг төлбөр төлөгчид албан ёсоор мэдэгдсэн гэж үзэж, үүнийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Гэтэл ******* нь ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөх эрхгүй этгээд байна. Компанийн хувьцаа эзэмшигч компанийг итгэмжлэлгүй төлөөлнө гэсэн үг биш. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд төлбөр төлөгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд эсвэл түүнээс эрх олгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй албан ёсоор харилцах ёстой.
7.6. Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрладаг бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд газрын эзэмшигч ******* ХХК-ийг оролцуулаагүй нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа. Хариуцагч нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасны дагуу ******* ХХК-ийн өмчлөлийн барилга доорх газрыг битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг заавал хийх ёстой тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд ******* ХХК-ийг заавал оролцуулах ёстой. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн энэ үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийж шийдвэртээ тусгаагүй байна.
Иймд анхан шатны шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
8.1. Хариуцагч ******* ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд 2019 оны 12 сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол-д үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт үнэлгээ тогтоолгохоор заасны дагуу албадан дуудлага худалдаанд газрын хамт худалдан борлуулах ажиллагаа хийсэн бөгөөд дуудлага худалдааны ялагчаар ******* ХХК ялсан нь өөрөө дээрх нэхэмжлэлийн шаардлага болох газарт үнэлгээ тогтоож худалдан борлуулсан болохыг нотолж байна. Гэтэл анхан шатын шүүхээс дээрх үйл баримтыг огт үнэлээгүй явдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
8.2. Шүүхийн шийдвэрийн 11-д "...хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь ******* ХХК-ийн эзэмших эрхтэй газрын бүрдэл хэсэгт хамаарч байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа үйл баримт нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг улам дордуулж Монгол Улсын Үндсэн хууль, газрын тухай хуульд заасан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхтэй хэмээн хуульчлан тогтоож өгснийг зөрчсөн үйлдэл болж байна.
8.3. Нэхэмжлэгч нь 2024 оны 06 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гэрчээр хөрөнгийн үнэлгээчин *******-ийг оролцуулах хүсэлт гаргасныг хангалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа хэргийг нэг мөр шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй буюу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг үгүйсгэсэн үйлдэл бөгөөд үүнээс шалтгаалан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Төлбөр төлөгч ******* ХХК нь 2016 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгдсөний дараа үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг эхлүүлсэн. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг эхлүүлснээс хойш 3 шатны шүүхэд нийт 21 удаа нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны тухайн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг баримталж, нэг агуулгаар нийт 21 удаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсонги байдалд оруулж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
10. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд ******* компанийн гаргасан тайлбарын агуулга: Анх ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд 20 жилийн өмнө гэрээ байгуулагдаж, төлбөрийг төлүүлж чадаагүй учраас арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлсэн. Мөн нэхэмжлэгч нарын хэн аль нь хуулийг өөрсдийн үзэмжээр тайлбарлаж байна. ******* ХХК, ******* ХХК-иудын үүсгэн байгуулагч ******* бөгөөд нэг хүний эзэмшлийн компаниуд байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх зорилгоор 13 жилийн турш үндэслэлгүй нэхэмжлэл, гомдлыг гаргаж байсан. Мөн дуудлага худалдаанд оролцуулсан объект нь нэг объект биш бөгөөд дотроо 3 тусдаа эзэнтэй, салангид гэж үзэж байна. Тухайн объектуудын дэвсгэр газар нь ******* ХХК-ийн эзэмшилд байдаг. Мөн уг 3 давхар барилгын баруун, зүүн хэсгүүд нь өөр өөр эзэдтэй бөгөөд гол хэсгийг ******* ХХК эзэмшдэг. Тухайн газрын дуудлага худалдаанд оролцуулах болсон материалуудаас харахад уг объект, конторын зориулалттай барилгыг дуудлага худалдаанд оролцуулсан. ******* ХХК-ийн зүгээс гомдол гаргаагүй гэх боловч 2023 оны 09 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн материалд нотлох баримтаар авагдсан. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн зүгээс 150 гаруй хуудас баримтыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж хавсаргасан. 2023 оны 09 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн ******* хороо, *******-ын гудамж, *******-р барилга, 827 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 144 м.кв талбайтай гарааш зэрэгт дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, 2023 оны 09 сарын 13-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг даалгах, 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 157/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 157/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 02/01 дугаар Анхны албадан дуудлага явуулах тухай тогтоол, 2024 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч ******* бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд ******* компани нь хариуцагчийн байр суурийг, гуравдагч этгээд ******* ХХК нь нэхэмжлэгч нарын байр суурийг тус тус дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
3. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2010 оны 04 сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас 1,764,052 ам.доллар (1,600,000+135,200+28,852) гаргуулж нэхэмжлэгч ******* улсад бүртгэлтэй ******* компанид олгож шийдвэрлэжээ.
4. Дээрх хүчин төгөлдөр арбитрын шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны хүрээнд *******-ын 2010 оны 08 сарын 14-ний өдрийн 154 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай 827.69 м.кв талбайтай 3 давхар барилга, ******* тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай гаражийг 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 157/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 157/02 дугаар тогтоолоор хурааж, 2019 оны 12 сарын 25-ны өдрийн тогтоолоор ******* ХХК-ийн үнэлгээчин *******-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.
5. Нэхэмжлэгч ******* ХХК нь дээр дурдсан 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 157/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 157/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан 7 хоногийн хугацаанд ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан 7 хоногийн хугацаанд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй байна.
Иймд, ...нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн... гэсэн үндэслэлээр ******* ХХК-ийн холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.
Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 10-т үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
6. Шинжээч ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь өмнө дурдсан 827.69 м.кв талбайтай 3 давхар барилга, 144 м.кв талбайтай гараашийн зах зээлийн үнэ цэнийг 4,166,224,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг 2020 оны 01 сарын 06-ны өдөр гаргажээ.
7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01114 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн 1772 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01009 дугаар тогтоолоор дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 210/МА2023/01992 дугаар магадлалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд, хариуцагч байгууллагаас явуулсан үнэлгээ тогтоолгох ажиллагаа хуульд нийцсэн байхаас гадна хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан нөхцөл байдал бий болсон болох нь тогтоогдоогүй тул ******* ХХК-ийн холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.
Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 9-д үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
8. *******-ын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 02/01 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 02 сарын 05-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, энэ талаарх мэдэгдлийг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******-д 2024 оны 01 сарын 23-ны өдөр гардуулан өгчээ.
Түүнчлэн, *******-аас дээрх тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч ******* ХХК-ийн оршин байгаа газрын хаягаар, мөн захирал *******-ын оршин суугаа газрын хаягаар хүргүүлэхээр баталгаат шууданд 2024 оны 01 сарын 24-ний өдөр хийж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.
Иймд, хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлсэн гэж үзнэ.
Улмаар, *******-аас 2024 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдааны талаар 2024 оны 01 сарын 19-ний өдөр буюу 17 хоногийн өмнө нийтэд мэдээлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д ...дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө ... нийтэд мэдээлнэ гэж заасан нь 14 хоногоос доошгүй хугацаанд гэж ойлгогдож байна.
Иймд, хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлсэн гэж үзнэ.
Иймд, ******* ХХК-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 11-т үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийжээ.
9. Өмнө дурдсан арбитрын шийдвэрээр ******* ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй, үүнтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан ажиллагаа явуулаагүй, түүнчлэн өмнө дурдсанчлан, эд хөрөнгийн үнэлгээ, дахин үнэлгээтэй холбоотой маргааныг шүүх өмнө нь шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй... гэсэн агуулгатай тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.
Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 12-т үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2010 оны 04 сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэр 15 дахь жилдээ биелэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй.
11. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК-иудын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-аас 2025 оны 01 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 351,000 төгрөг, нэхэмжлэгч ******* ХХК-аас 2024 оны 12 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР