Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/04957

 

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/04957

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол 1, Энхтайвны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Барилгын 7-1 байр, 50 тоот хаягт хаягт оршин суух, 39 настай, эрэгтэй, Харваач овогт Ганбаатарын Жаргалмагнай /РД: АЭ76100816/,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Жаргалмагнайг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийг төлөөлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч А.Идэр, гуравдагч этгээд Г.Жаргалмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн төлөөлөгч А.Идэр шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хорооны оршин суугч Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-1 дүгээр байр, 55 тоот хаягт оршин суудаг Ганбаатарын Жаргалмагнай нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн 1 жилийн хугацаанд архидан согтуурч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд түүний эхнэрийн гаргасан өргөдлийн дагуу архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэв.

Гуравдагч этгээд Г.Жаргалмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг архины албадан эмчилгээнд битгий явуулаач гэж хүсч байна. Миний бие удахгүй Эрдэнэт хотын Гокын үйлдвэрт ажилд орох гэж байгаа бөгөөд банканд өртэй учраас архины эмчилгээнд явах боломжгүй байна. Сая эрүүлжүүлэхэд орох болсон шалтгаан нь том хүү маань машин барьж яваад 500,000 гаруй төгрөгөөр торгуулсан. Би хүүдээ мөнгө олж өгөх зорилгоор найзуудтайгаа 3 хоног архи уусан. Би байнга архи уудаггүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь гуравдагч этгээд Г.Жаргалмагнайг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд Г.Жаргалмагнай нь байнга архидан согтуурдаг, архинд донтох эмгэгтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна.

Гуравдагч этгээд нь архи байнга хэрэглэдэг, архидан согтуурсан үедээ зөрчил гаргасан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан нь эхнэр Р.Мөнхнарангийн болон өөрийн тайлбар, цагдаагийн байгууллагын АСАП сангийн бүртгэл, зөрчлийн лавлагаагаар 2011 онд 2 удаа, 2013 онд 1 удаа, 2016 онд 2 удаа эрүүлжүүлэгдсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Мөн Г.Жаргалмагнай нь өөрөө сайн дураар эмчилгээнд хамрагдахаас татгалзаж байна.

Иймд Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн  шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэсэн нөхцөл байдал бий болсон байх тул гуравдагч этгээд Г.Жаргалмагнайг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 134 дүгээр зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Харваач овогт Ганбаатарын Жаргалмагнай /РД: АЭ76100816/-г албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр тогтоосугай.

2. Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Г.Жаргалмагнайг архины албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3. Гуравдагч этгээд Г.Жаргалмагнайн албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд шийдвэр гарсан, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ