| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/01777/И |
| Дугаар | 210/МА2025/00257 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00257
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/04836 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, *******, *******, *******нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 63,163,078 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ...******* ХХК, *******, ******* нар 2018 оны 08 сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Мөн өдрийн ипотекийн гэрээгээр Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 40,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн ******* ХК-ийн ******* тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний графикт заасан хугацааг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн ЗГ-2018/49 тоот гэрээний хүүнд 3,958,534 төгрөг төлсөн. 2018 оны 11 сарын 20-ны өдөр ЗГ-2018/49-1 тоот зээлийн гэрээг нэмэлтээр байгуулж, хугацааг 6 сараар сунгасан. Гэрээний хугацаа 2019 оны 05 сарын 20-ны өдөр дуусахаар хугацааг тохирсон. Хариуцагч ******* ХХК, ******* нар 2021 оны 03 сарын 10-ны өдөр ЗГ-2018/49-2 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2021 оны 08 сарын 10-ны өдөр ЗГ2018/49-3 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, зээлийн буцаан төлөх хуваарийг 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл өөрчилж, гэрээний бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Иймд хариуцагч ******* ХХК, ******* нараас үндсэн зээл 39,076,871 төгрөг, зээлийн хүү 23,447,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,505 төгрөг, нийт 63,163,078 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: Анх зээлийн гэрээг ******* ХХК-ийн захирал ******* байгуулсан. Барьцаа хөрөнгөөр тусдаа гэрээ хийсэн. *******, *******нарын байрыг ББСБ-д тавиад 2018 оны 08 сарын 28-ны өдөр ******* ХХК-аас 40,000,000 төгрөг зээлсэн. Үйл ажиллагааны доголдлоос шалтгаалаад зээлээ төлж чадаагүй. ******* ХХК-ийн захиралд хугацаа өгөөч, бид нар хөрөнгө оруулалт орж ирсэн үед зээлээ төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүргүүлдэг. Зээлийг 3 сарын хугацаа өнгөрсөн учраас танай саналыг хүлээж аваад уулзахдаа өөрийн бэлдэж бичсэн тайлбар дээр гарын үсгээ зурчих, бид нар саналыг чинь хүлээж авъя гэсэн. Энэ агуулгаараа хугацааг сунгаж өгөх биш нэмэлт гэрээг байгуулах саналыг хүлээн зөвшөөрүүлсэн байдлаар хоёр удаа гэрээг сунгасан. ******* нийт 60,000,000 гаруй төгрөг төлсөн. Үндсэн зээлийг хариуцагч нар хүлээн зөвшөөрнө. Агуулгын хувьд өөр хэлбэрээр хүчээр өөрийн байгууллагыг ашиглаж, хууран мэхэлж гарын үсэг зуруулдаг. Хариуцагч нарын хүсэл сонирхол нь гэрээг сунгахгүйгээр хугацаа өгөөч гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ 2018 оны 08 сарын 28-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрдөг.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 39,076,870 төгрөгийг хувь тэнцүүлэн (******* ХХК-аас 19,538,435 төгрөг, *******гээс 19,538,435 төгрөг) гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 24,086,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан *******, *******нарын өмчлөлийн *******, ******* тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 423,534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн, хариуцагч талын эрх ашгийг хамгаалсан байх тул гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн үндсэн зээл 39,076,871 төгрөгийг *******" ХХК, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэж зээлийн хүү 23,447,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,505 төгрөг, нийт 24,086,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хуульд заасан, хуулиар хориглоогүй үндэслэлээр гэрээний хоёр тал харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсний нотолгоо болгож зээлийн гэрээний хугацааг сунгаж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
4.2. Зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд хүрсэн нөхцөл байдал нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэснийг ойлгосонгүй. Зээлдэгчээс болж хугацаа хэтрээгүй гэдгийг нотолсон баримтгүй.
4.3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* ХХК нь маргаан хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
4.4. Нэхэмжлэгч нь анх 2024 оны 03 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл тодорхой шалтгаангүйгээр хуульд заасан хугацааг хэтрүүлсэн 8 сарын хугацаанд хариуцагч тал ямар ч тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй. Мэтгэлцэх зарчим үйлчлэх боломжгүй байсан.
4.5. Шүүх хурал хийхгүй, шүүхийн шийдвэрээ гардуулан өгөхгүй удсан, шүүхийн шийдвэрт заасан үндэслэлүүдээс нь харж дүгнэлт хийхэд шүүгч хэт нэг талыг баримталсан, хариуцагч талд төлбөрөө төлөхгүй байх хугацааг олгож байсан, үндэслэлгүйгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн зээлийг ******* ХХК авсан байхад зээлийн төлбөрийг ******* ХХК, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн хүү 23,447,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,505 төгрөг, нийт 24,086,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Үйл ажиллагааны доголдлоос болж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж чадаагүй нь үнэн. Гэвч манай зүгээс үндсэн зээлийн төлбөрийг төлье гэж хэлсэн учраас зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээнд төлсөн. 2018 онд талуудын хооронд 6 сарын хугацаатай гэрээ байгуулагдаж, 2019 оны 05 сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн зүгээс гэрээний хугацааг сунгах хүсэлтийг гаргасан учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацааг сунгасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ******* ХХК нь ******* ХХК-д 80,000,000 гаруй төгрөг төлсөн. Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 03 сарын 10-ны өдөр 5 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг. Гэвч 2021 онд ******* ХХК-ийн захирал ******* нь өөрөө манай байгууллагын тендерийн үйл ажиллагаа зогсож, санхүүжилт орж ирэхгүй байгаа учраас төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгээ ******* ХХК-ийн захирал *******-д мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн саналыг хүлээн авъя, нотариат дээр хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед ******* ХХК-ийн захирал *******г очиход талуудын хооронд байгуулагдсан гэрээг сунгах боломжтой гэж хэлсэн. Мөн ******* ХХК-ийн захирал ******* өөрөө гэрээний хугацааг сунгах хүсэлтийг бичсэн атлаа хариуцагчаар гарын үсэг зуруулж авсан. Хариуцагчийн зүгээс нэмж 24,000,000 төгрөгийг төлөх эрх зүйн зохицуулалт байхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39,076,871 төгрөг, зээлийн хүү 23,447,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,505 төгрөг, нийт 63,163,078 төгрөгийг гаргуулах шаардлага, хариуцагч *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулах тухай шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.*******ХХК болон ******* ХХК, *******, ******* нар 2018 оны 08 сарын 28-ны өдөр ЗГ-2018/49 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 40,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* ХХК, *******, ******* нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.
Мөн өдөр ******* ХХК болон *******, *******нар БГҮ-2018/49 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Улмаар, талууд 2021 оны 03 сарын 10-ны өдөр ЗГ-2018/49-2 тоот, 2021 оны 08 сарын 10-ны өдөр ЗГ-2018/49-3 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-г тус тус байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2022 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл сунгажээ.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Зээлдүүлэгч ******* ХХК нь 2018 оны 08 сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгч, үүргээ гүйцэтгэсэн, зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 923,129 төгрөг, зээлийн хүү 67,466,791 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,089,928 төгрөг, нийт 80,479,850 төгрөгийг буцаан төлсөн, нэхэмжлэл гаргах үед буюу 2024 оны 03 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 39,076,871 төгрөг, зээлийн хүү 23,447,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,505 төгрөг, нийт 63,163,078 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн Зээлийн тооцоолол-оор тогтоогдсон.
6. Хариуцагч нар дээрх Зээлийн тооцоолол-ын талаар маргаагүй, уг Зээлийн тооцоолол-ыг няцаах өөрийн тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй.
7. Анхан шатны шүүх ...зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсаар байсан... гэж, мөн ...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй бол зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан... гэж тус тус дүгнэн, улмаар нэхэмжлэгчийн шаардсан зээлийн хүү 23,447,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,505 төгрөг, нийт 24,086,207 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
8. Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 1-д Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж, 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалт нь зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон зэргээс үл хамаарч зээлдэгч нь гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх агуулгатай байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулна.
9. Өмнө дурдсанчлан, ******* ХХК болон *******, *******нарын хооронд байгуулагдсан БГҮ-2018/49 тоот Баталгаат ипотекийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн байна.
10. Зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч ******* ХХК, *******, ******* нарыг айлган сүрдүүлж, хуурч мэхлэн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн ЗГ-2018/49-2 тоот, 2021 оны 08 сарын 10-ны өдрийн ЗГ-2018/49-3 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-нүүдэд тамга даруулж, гарын үсэг зуруулсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаарх хариуцагч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй.
11. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн шаардаагүй байхад хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан мэтээр бичсэн зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/04836 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 63,163,078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...423,534 төгрөгийг... гэснийг ...543,965 төгрөгийг... гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 278,381 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР