Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, 

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02437 1522  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б.Ч, 1998 оны 09 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засварчин мэргэжилтэй, ам бүл 7 аав ээж, эгч, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Тарагт сум Хүрэмт баг 3-4 тоотод оршин суух хаягтай, урьдчөмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, 

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан талс” худалдааны төвийн харуулын байранд иргэн Б.Дашнямтай маргалдан түүний гуя болон мөрөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Дашням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Ч Ууганбаяр бид 3 хөзөр тоглож байгаад би би тоглохоо болиод Ч намайг охин шиг зантай гэж хэлэхээр нь бид 2 барьцалдаж аваад зодолдоод…бид 2-ыг Ууганбаяр салгаад байж байтал Ч цонхны тавцан дээр байсан хутга над руу шидээд хутга нь миний зүүн мөрөнд хүрээд газар унасан. Ч газар байсан хутгыг аваад над руу далайгаад би хариу үйлдэлгаргаж дийлээгүй тэр хутгаар миний гуя руу дүрсэн…оёдол тавиулсан …шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ...” гэх мэдүүлэг /хх 13-16/,

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч уурлаад хоол хийдэг хутга аваад Дашнямын зүүн гуя руу хатгахаар нь би хутгаа бариад яахын бэ гээд болиулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/;

Яллагдагч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал нийлж байна. Би дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг эхнэр Б.Дашнямын биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх 39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7281 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Дашнямын биед зүүн мөр, гуяанд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн 2019.04.18-ны өдөр үүссэн гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хх-ийн 19/, Иргэн Б.Дашнямын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-4/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-5/, эд мөрийн баримтаар 1 ширхэг хутгыг тооцсон тогтоол /хх-10/, эд зүйлд тэмдэглэл хөтөлсөн баримт /хх-11/, эмнэлэгт үзүүлсэн бүртгэлийн баримт /хх 27-28/, оролцогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-34/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан талс” худалдааны төвийн харуулын байранд иргэн Б.Дашнямтай маргалдан түүний гуя болон мөрөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Дашнямын: “...Ч намайг охин шиг зантай гэж хэлэхээр нь бид 2 барьцалдаж аваад зодолдоод…бид 2-ыг Ууганбаяр салгаад байж байтал Ч цонхны тавцан дээр байсан хутга над руу шидээд хутга нь миний зүүн мөрөнд хүрээд газар унасан. Ч газар байсан хутгыг аваад над руу далайгаад би хариу үйлдэл гаргаж дийлээгүй тэр хутгаар миний гуя руу дүрсэн…” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Дашням нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Ч-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Ч-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ч нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтож, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.