Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00332

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 27,223,608 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн шийдвэрээр *******г Баянзүрх дүүргийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг Нийслэлийн боловсролын газрын дарга 2024 оны 01 сарын 16-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар биелүүлсэн.

Иймд, 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны олговор 27,223,208 төгрөг гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас өмнөх байдлаар буюу 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс хугацааг тооцож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Мөн 2023 оны 07 сарын 07-ны өдөр Улсын Их хурлаас баталсан Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийг нийслэлийн боловсролын газрын дарга томилж, чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай болсон. Иймд дүүргийн Засаг даргад хамаарахгүй. Гэтэл нэхэмжлэгч нь 2024 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалинг дүүргийн Засаг даргаас нэхэмжилж байгаа нь хууль бус. Нэхэмжлэгч нь өөрийн биеэр хүрэлцэж ирээгүй тохиолдолд ажил олгогчоос ажил үүрэг, ажлын цаг болон хөдөлмөрийн хөлсийг тооцох зэргээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бүрдээгүй.

Иймд, Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гарснаар *******г ажилд нь эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн шийдвэр биелэгдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан *******аас 27,223,608 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д болон ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг *******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 294,069 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: "Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Монгол Улсын Их хурлаас 2023 оны 07 сарын 07-ны өдөр баталсан Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийг Нийслэлийн боловсролын газрын дарга томилж, чөлөөлдөг болсон нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй болсон байна.

4.2. Нийслэлийн боловсролын газрын дарга 2024 оны 01 сарын 16-ны өдөр *******г ******* цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон байхад шүүх ...******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ хугацаанд аймаг, Нийслэлийн боловсролын газрын дарга нь цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилж, чөлөөлөхөөр 2023 оны 07 сарын 07-ны өдөр Боловсролын хуульд өөрчлөлт орсон нь хариуцагч биш гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчиж, алдаа гаргасан.

4.3.*******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 12 сарын 06-ны өдөр гарсан байхад шүүх ...нэхэмжлэгчийн 2022 оны 10, 11, 12 сарын дундаж цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацааг хууль бусаар оруулан тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ажил олгогч нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаар нэмж хэлэх тайлбар байхгүй, хариуцагч нь ******* мөн. Түүнчлэн 2012 оны 10, 11, 12 сарын ажилгүй байсан хугацааны цалинг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус гэх боловч давхцал үүсээгүй. Мөн ажил олгогч *******-ын зүгээс өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүн, хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 27,223,608 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/05128 дугаар шийдвэрээр *******г Баянзүрх дүүргийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, *******аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,354,992 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

3.2. Улмаар, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 01 сарын 16-ны өдрийн Б/18 тоот тушаалаар *******г Нийслэлийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

4. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

4.1. Өмнө дурдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/05128 дугаар шийдвэрээр 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон тул нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан нь үндэслэлтэй.

Иймд, ...нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өмнөх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардаж байгаа нь үндэслэлгүй... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2. 2023 оны 07 сарын 07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д ...нийслэлийн боловсролын газрын дарга ... төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч ...-ыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Иймд, 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 24,551,352 (1,753,668 төгрөг х 14 сар) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

4.3.*******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 12 сарын 06-ны өдрөөс Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2024 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ...хуульд зааснаар Нийслэлийн боловсролын газрын дарга нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилох эрхтэй учир ******* нь хариуцагч биш... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд ******* нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх эрхгүй болсныг анхаараагүй, нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр хөтлөгдөхгүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзээгүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүн, хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05248 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч *******аас 24,551,352 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 2,672,256 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч *******д даалгасугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР