| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2023/05037/И |
| Дугаар | 210/МА2025/00333 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00333
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04729 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 114,177,270 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК нь *******тай 2017 оны 02 сарын 02-ны өдөр ЗГМ17/17 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 1.5%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай 154,700,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2017 оны 02 сарын 02-ны өдөр ФГМ17/17 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу фидуцийн гэрээ байгуулж, Toyota Land Cruiser-200 маркийн ******* улсын дугаартай автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчсөн тул фидуцийн гэрээний 4.3-т заасны дагуу барьцаа хөрөнгө болох Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг 2019 оны 10 сарын 10-ны өдөр хураан авч, 2019 оны 11 сарын 04-ний өдрөөс худалдан борлуулах ажиллагааг эхлүүлэн ******* ХХК-тай автомашин худалдах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2020 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл Вест авто худалдааны төвд байршуулан заруулахаар болсон. Удсаны эцэст 2020 оны 08 сарын 21-ний өдөр 134,000,000 төгрөгөөр зарж борлуулан, барьцааны эрхээ хэрэгжүүлсэн. Зээлийн гэрээний 2.9-д заасны дагуу автомашиныг худалдсан 134,000,000 төгрөгөөс фидуцийн зүйлийг худалдан борлуулах болон хадгалан хамгаалахтай холбогдон гарсан бусад зардал 9,092,311 төгрөг (автомашины зогсоолын төлбөр 660,000 төгрөг, автомашины засвар, угаалга, шатахууны төлбөр 3,150,000 төгрөг, автомашины түлхүүр хувилуулсны төлбөр 405,000 төгрөг, мөн хариуцагчийн өмнөөс барьцаа автомашин ашиглалтын явцад үүссэн автомашины татвар, торгуулийн төлбөр 3,099,899 төгрөг, автомашины даатгалын хураамж 1,777,412 төгрөг), нэмэгдүүлсэн хүү 8,516,587 төгрөг, зээлийн хүү 55,342,159 төгрөг, үндсэн зээл 61,048,941 төгрөгийг тооцон төлүүлсэн. Гэвч барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан мөнгөн дүн нь хариуцагчийн зээлийн үлдэгдлийг хаахад хүрэлцээгүй бөгөөд 2020 оны 08 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс 70,982,769 төгрөг үлдсэн. Хариуцагч фидуцийн зүйлийг худалдан борлуулж, төлбөрийг тооцсоны дараа үлдсэн төлбөр 70,982,769 төгрөг дээр төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргээ анх зөрчиж эхэлснээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 2,063 хоног, фидуцийн зүйлийг худалдан борлуулснаас олсон мөнгийг зээлийн гэрээний төлбөрт 2020 оны 08 сарын 21-ний өдөр суутган тооцсоны дараа үлдсэн төлбөр 70,982,769 төгрөгийг төлөлгүй нийт 1,063 хоног хоцроод байна. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаардлага тавьсан боловч үр дүн гараагүй. Хамгийн сүүлд буюу 2022 оны 11 сарын 08-ны өдрийн ШМ22/02 тоот мэдэгдлээр хариуцагч *******д зээлийн гэрээний үүргээ биелүүлж 108,004,269 төгрөгийг төлүүлэх талаар мэдэгдсэн. Гэвч, төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн байна. Фидуцийн зүйлийг худалдан борлуулж, зээлийн гэрээний төлбөрт суутган тооцсон 2020 оны 08 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 70,982,769 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 37,245,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,838,867 төгрөг, нийт 114,067,170 төгрөгийн зээлийн төлбөрийн үүрэг үүссэн байна.
Иймд *******тай байгуулсан ЗГМ17/17 тоот зээлийн гэрээг 2023 оны 07 сарын 21-ний өдрөөр цуцалж, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 70,982,769 төгрөг, 2020 оны 08 сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл бодогдсон зээлийн хүү 37,245,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,838,867 төгрөг, нотариатын хөлс 54,100 төгрөг, орчуулгын хөлс 56,000 төгрөг, нийт 114,177,270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч *******д 154,700,000 төгрөгийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан автомашины үнийг хариуцагчийн өмнөөс гуравдагч этгээдэд шилжүүлсэн ба хариуцагч тус автомашины үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна. Тиймээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул тус гэрээний дагуу үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2017 оны 02 сарын 02-ны өдөр фидуцийн гэрээний дагуу улсын ******* дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан ба 2019 оны 10 сарын 10-ны өдөр тухайн автомашиныг нэхэмжлэгч хураан авсан. Хариуцагч нь 2018 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл нийт 57,610,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн ба нэхэмжлэгч уг төлбөрөөс 22,668,289 төгрөгийг үндсэн зээлд, 34,941,710 төгрөгийг үндсэн хүүд тус тус тооцон авсан. 2019 оны 10 сарын 10-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч тал хураан авахад тэдний тооцсон үндсэн зээл 132,031,710 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч тал тус автомашиныг хэдэн төгрөгт үнэлэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа талаар ямар нэгэн баримт үйлдээгүй бөгөөд хэрэгт авагдсан ******* даатгалын баримтаар тус автомашин нь 2019 онд 147,420,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан болох нь нотлогдож байна. Тодруулбал, тус автомашины үнэлгээ нь нэхэмжлэгчийн тооцоолсон 132,031,710 төгрөгийн үндсэн дүнг хаахад хүрэлцэхээр байсан. Тиймээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар тус гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч нь автомашиныг хураан авч өөрсдийн эзэмшилд шилжүүлсэн цагаас үүргийн гүйцэтгэлийг тооцохгүй, тухайн хөрөнгийг хадгалан зээлийн гэрээний хүүг тооцсоор байсан нь үндэслэлгүй. Мөн өөрийн эзэмшилдээ шилжүүлсэн хөрөнгийг зарж борлуулахтай холбоотой болон бусад зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 70,982,769 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,194,501 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 728,836 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 512,864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.
4.1. Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацаанд хамаарах хүү, мөн нэмэгдүүлсэн хүү төлөх нь Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1-д заасан зохицуулалтын зорилгод нийцэх бөгөөд анхан шатны шүүх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг фидуцийн зүйлийг бодитоор зарж борлуулсан өдөр хүртэлх хугацаагаар тасалбар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Фидуцийн зүйл буюу барьцаа автомашиныг худалдан борлуулж, зарагдсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан үйл баримт, нөхцөл нь зээлдэгчийг гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болох ёсгүй. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т тус тус заасныг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглээгүй байна. Уг хуульд зааснаар гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой байна.
4.2. Нэхэмжлэгч нь 2020 оны 08 сарын 21-ний өдөр фидуцийн зүйл болох автомашиныг зарж борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан боловч зээлийн нийт өрөнд хүрэлцээгүй, зээлийн үндсэн дүнгээс төлбөр үлдсэн байдаг. Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах хүртэлх хугацаанд хамаарах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасан үндэслэлийн дагуу төлөх ёстой бөгөөд энэ нь зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2023 оны 07 сарын 21-ний өдрөөр тасалбар болох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
4.3. Мөн, анхан шатны шүүх нотариатын үйлчилгээний хөлс 54,100 төгрөг, орчуулгын хөлс 56,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй, эдгээр зардал гарсан эсэх нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэвч, нэхэмжлэгч талаас дээрх нотариатын үйлчилгээний хөлс болон орчуулгын хөлстэй холбогдох төлбөр төлсөн баримтуудыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 43,194,501 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Маргааны гол зүйл нь фидуцийн зүйлийг худалдан борлуулаад өр үлдсэнээс үүссэн. Өр үлдсэн шалтгаан нь хурааж авснаас хойш 10 сарын дараа зарсан бөгөөд энэ хугацааны хүү тооцож, 2019 оны 10 сарын 10-ны өдөр хаагдах байсан зээлийг 2020 оны 08 сар хүртэл хүү тооцоод өр үлдээснээс болоод үндэслэлгүй шийдвэр гарсан. Нэхэмжлэгч талын зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэх боловч гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тусгаагүй учир нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Мөн автомашинтай холбоотой баримтуудыг харахад маргаан бүхий автомашинтай холбоотой зардал биш байсан. Зарим баримтууд нь ******* ХХК гэж бичсэн, зарим нь өөр зарлагын баримтууд байдаг. Уг баримтуудыг автомашинтай холбоотой баримт гэж үзэхгүй. Анхан шатны шүүхэд хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэсэн байр суурьтай байсан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.
6.1. ******* ХХК болон ******* нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулсан ба 2019 оны 10 сарын 10-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч тал хураан авснаар талуудын байгуулсан 2017 оны 02 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэж дуусгавар болсон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.2-т Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар фидуцийн гэрээний харилцаа л зөвхөн дуусгавар болсон гэх агуулга бүхий дүгнэлт хийн фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан ч гэсэн зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй гэж үзсэн. 2019 оны 10 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч тал фидуцийн зүйл болох автомашиныг хураан авах үедээ ямар нэгэн баримт үйлдээгүй ба хэдэн төгрөгөөр үнэлж хурааж авч байгаа болох, зээлийн гэрээний үлдэгдэл хэд үлдэж байгаа талаар хариуцагчид ямар ч ойлголт өгөөгүй ба хариуцагчийн зүгээс өөрийн автомашиныг шилжүүлэх замаар зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан гэж ойлгож байсан. Талуудын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай (фидуци) гэрээний 2.3-т заасны дагуу талууд фидуцийн зүйлийг худалдан борлуулах үнийг хавсралтаар тохиролцох ёстой байсан боловч гэрээний хавсралтад энэ талаар тусгагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх тус гэрээг зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчээс хамаарах хугацаатай холбоотой үүрэг хариуцлагыг хариуцагчид ногдуулан зээлийн хүүг тооцсоор байсныг зөвтгөн шийдвэрлэсэн. Хариуцагч нь фидуцийн зүйлийг худалдан борлогдох хүртэл зээлийн хүү тооцогдож байгаа талаар мэдсэн бол өөрөө уг автомашиныг хурдан хугацаанд борлуулан зээлээ хаах талаар хүчин чармайлт гаргах байсан. Гэтэл энэ талаар ямар ч мэдээлэл өгч байгаагүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.
6.2. Хариуцагч фидуцийн зүйлийг хураалган, бодитой шилжүүлэн фидуцийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр тус гэрээ дуусгавар болсон тул 2019 оыы 10 сарын 10-ны өдрөөс хойш тус гэрээтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Тиймээс нэхэмжлэгч фидуцийн зүйлийг хураан авснаас хойш 10 сарын дараа худалдан борлуулсан нь хариуцагчтай ямар ч холбоогүй. Нэхэмжлэгч тал фидуцийн зүйлийг хураан авснаас хойш 2023 оны 07 сард нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч утсаар шаардаж байсан гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн, нотлох баримтгүй бөгөөд хариуцагчаас утсаар шаардаж байгаагүй болохыг мэдүүлсэн. Түүнчлэн, нэхэмжлэгчээс зээлийн гэрээтэй холбоотой шаардлагуудыг бичгээр мэдэгдэж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 07 сарын 25-ны өдөр зээлийн гэрээг цуцлан, фидуцийн зүйлийг хураах тухай мэдэгдсэн ба нэхэмжлэгчээс үүнээс хойш ямар нэгэн шаардлагыг хариуцагчид гаргаж байгаагүй. Тиймээс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс тооцох нь хуульд нийцэх бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзсан нь үндэслэлтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 70,982,769 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар фидуцийн зүйлийг бодитоор гаргуулж авснаар фидуцийн гэрээ дуусгавар болно. Фидуцийн гэрээ дуусгавар болсон гэдэг нь тухайн үүргийн гүйцэтгэл болсон зээлийн гэрээг давхар дуусгавар болгох, зээлийн гэрээ цуцлагдах үндэслэл болохгүй бөгөөд тусдаа бие даасан гэрээний харилцаа юм. Зээлийн төлбөр төлөгдөөгүй, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан, фидуцийн эрхээ хэрэгжүүлсэн боловч фидуцийн зүйл зээлийн төлбөрт хүрэлцээгүй өр үлдсэн учраас зээлийн гэрээний харилцаа цааш үргэлжилсэн. Үүнд фидуцийн зүйлийг хурааж авсан учраас фидуцийн гэрээг дуусгавар болгоод үүнийг дагаад зээлийн гэрээ дуусгавар болсон тул тухайн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Мөн 2019 оны 07 сард гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөр зээлийн гэрээ дуусгавар болсон гэж гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Хариуцагч ******* 2017 оны 02 сард зээлийн гэрээ байгуулснаас хойш тогтмол зээлийн хоцролттой байсан. Нэхэмжлэгчээс анхааруулах, сануулах байдлаар зээлээ төлж, зээлийн зөрчлөө арилгахгүй бол гэрээг цуцалж, фидуцийн зүйлийг хурааж авах талаар сануулга, анхааруулга бүхий шаардлагыг хүргүүлдэг байсан. Тухайн шаардлага нь гэрээ цуцлах мэдэгдэл бус төлбөр төлөхийг шаардсан агуулгатай. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 02, 03, 07 сард хүргэгдсэн байдаг. 2019 оны 07 сард гэрээ цуцлагдсан учраас энэ хугацаанаас 3 жилийн хугацаа тоолно гэх тайлбар үндэслэлгүй. Барьцааны гэрээг хэрэгжүүлсний дараа 2022 онд мэдэгдэл шаардлага хүргүүлсэн, утсаар байнга шаардлага тавьж байсан. Утсаар ярьсан талаар тэмдэглэл хэрэгт авагдсан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн мэдэгдэл, шаардлага өгөөгүй гэх тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх агуулгыг гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Хариуцагчаас 2019 оны 12 сард барьцаа хөрөнгийг хурааж авсан учраас гэрээний хугацаа дууссан, тухайн үед барьцаа хөрөнгө нь ******* ХХК-ийн үнэлгээгээр 147,000,000 төгрөг байсан ба тэр үед үндсэн зээлийн үлдэгдэл 132,000,000 төгрөг байсан учраас зээл хаагдсан гэх байдлаар тайлбарласан. Бодит байдалд ******* даатгал ХХК-ийн үнэлгээ нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт бөгөөд даатгалын үнэлгээ болохоос барьцааны эрхийг хэрэгжүүлэх үнэлгээ биш юм. 2019 оны 10 сард барьцаа хөрөнгийг хурааж аваад 2019 оны 12 сараас худалдах ажиллагаа явагдсан. 2019 оны 11 сар, 2020 оны 02 сард дилертэй гэрээ байгуулсан боловч амжилтгүй болж, 2020 оны 08 сард автомашиныг зарсан. Тухайн 10 сарын хугацаанд хуримтлагдсан өрийг суутгаагүй байсан бол зээлийг хаахад хүрэлцэх байсан гэж тайлбарласан. Гэтэл барьцаа хөрөнгөөс суутгасан хүү, нэмэгдүүлсэн хүү нь 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс өмнөх буюу 2017 оны 02 сараас хойш хуримтлагдсан хүү байсан.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,982,769 төгрөг, зээлийн хүү 37,245,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,838,867 төгрөг, нотариатын зардал 54,100 төгрөг, орчуулгын зардал 56,000 төгрөг, нийт 114,177,270 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...фидуцийн зүйлийг нэхэмжлэгч бодитоор гаргуулан авснаар үүрэг дуусгавар болсон, тухайн үед фидуцийн зүйлийг худалдан борлуулсан үнэ нь зээлийн гэрээний үүргийг хаахад хүрэлцэхүйц байсан, фидуцийн зүйлийг нэхэмжлэгч бусдад худалдах гэж удсаны улмаас зээлийн гэрээний үүрэг өссөнийг хариуцах үндэслэлгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Талууд 2017 оны 02 сарын 02-ны өдөр ЗГМ17/17 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь (хуучнаар ******* ХХК) 154,700,000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, зээлдүүлэгч ******* ХХК нь 2017 оны 02 сарын 02-ны өдөр 154,700,000 төгрөгийг зээлдэгчийн нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгсөн;
3.2. Мөн өдөр талууд Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ******* улсын дугаартай автомашиныг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцож, фидуцийн зүйлийг 2017 оны 02 сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн;
3.3. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 03 сарын 07-ны өдрөөс 2018 оны 11 сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 22,668,290 төгрөг, зээлийн хүүнд 34,941,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,530,375 төгрөг, нийт 61,140,375 төгрөгийг төлсөн;
3.4. Зээлдүүлэгч ******* ХХК нь фидуцийн зүйл болох Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ******* улсын дугаартай автомашиныг 2019 оны 10 сарын 10-ны өдөр бодитоор гаргуулан авч, улмаар 2020 оны 08 сарын 21-ний өдөр бусдад 134,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан;
3.5. Зээлдүүлэгч ******* ХХК нь 2020 оны 08 сарын 21-ний өдөр фидуцийн зүйлийг бусдад худалдан борлуулсан 134,000,000 төгрөгөөс фидуцийн зүйлийг хадгалах, хамгаалах болон бусад зардалд 9,092,311 төгрөг, үндсэн зээлд 63,858,747 төгрөг, зээлийн хүүнд 42,582,939 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,516,587 төгрөг, нийт 124,907,688 төгрөгийг суутган тооцсон.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан гэж зөв дүгнэж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.
5. Магадлалын хянавал хэсгийн 3.4-т дурдсанчлан нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, бусдад 134,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний онцлог нь уг гэрээ байгуулагдмагц үүргийн гүйцэтгэл хангагддагт оршино.
Үүнтэй холбоотойгоор зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах сонголтын аль нэгийг хэрэгжүүлэх боломжтой юм.
6. Нэхэмжлэгч ******* ХХК нь ийнхүү фидуцийн зүйл болох Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ******* улсын дугаартай автомашиныг 2019 оны 10 сарын 10-ны өдөр бодитоор гаргуулан авч, улмаар 2020 оны 08 сарын 21-ний өдөр бусдад 134,000,000 төгрөгөөр худалдан борлуулснаар хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан байна.
Түүнчлэн, хэргийн 23-р талд авагдсан Эргэн төлөлтийн хуулга гэсэн баримтаас үзвэл фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, бусдад 134,000,000 төгрөгөөр худалдан борлуулах үед үндсэн зээлийн үлдэгдэл 132,031,710 төгрөг байсныг дурдах нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04729 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 114,177,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 373,922 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 513,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР