| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1121/Э |
| Дугаар | 1122 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 1122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Т.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02038 1520 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т.Д 1966 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэн, ажилгүй, группт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 40 гудамж 619 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн өргөн чөлөө, Гарден ресидэнс хотхоны 70-73 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд нь Ардын армийн шүүхийн 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125, 1686, 1696, 886, 1096, 174.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хорих ял авч, 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №100 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энхээтэй маргалдан улмаар зүүн гаран тус газар нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь “зүүн богтос ясны доод 1/3-н хөндлөн, хэлтэрхийт, бага зэргийн зөрөөтэй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжпэгч С.Энхээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13:30- 14:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Улаанхуарангийн эцсийн буудлын ертөнцийн зүгээр ар талд нь өөрийн эзэмшлийн Honda Civic маркийн 70-20 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явах гээд машин дотроо сууж байтал 30-35 орчим насны 3 залуу машинд орж ирж суугаад ойрхон ломбард явъя гэсэн. Тэгэхээр нь би явахгүй та нар ямар мөнгөө өгөх биш, урьд нь таксинд явчихаад мөнгөө өгөөгүй биздээ гэж хэлсэн. Тэгтэл гаднаас тэр 3 залуутай хамт явж байсан нэг залуу жолооч талын цонхоор та нээрээ явахгүй юм уу? гэж асуухаар нь би та нарт машинаар үйлчлэхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь цонхоор ярьж байсан залуу “чи юундаа айгаад байгаан, машинтай чинь хамт шатаагаад булчиж чадна шүү” гэж хэлсэн Миний уур хүрч машинаасаа буугаад намайг хэл амаар доромжилсон залууг чи яасан олон үгтэй гөлөг вэ гэж хэлээд түлхсэн, тэгтэл өнөөх залуу яасан овоо юм бэ гэж хэлээд миний нүүр лүү 1 удаа гараараа самардсан, тэгэхээр нь би зөрүүлээд гараараа хамранд нь 1 удаа цохьсон, тэгтэл хамарнаас нь цус гойжоод надруу дайрсан, машины хойно сууж байсан 3 залуу бууж ирээд надруу дайрч байсан залууг цаашаа аваад явсан. Тэгээд би машиныхаа хажууд тайвшраад зогсож байтал хүмүүс хүүе араас чинь гээд орилоход эргээд хартал надруу дайрч байсан залуугийн гар нь эргэлдээд ороод ирсэн. Тэгэхээр нь би гараараа хаасан чинь тоосгоны булангаар зүүн гарын шуу хэсэгт 1 удаа цохьсон байсан. дахиад дайрахаар нь гудамжинд явж байсан залуучууд боль гэж хэлээд салсан...миний зүүн гарын шуу хэсэг хугарсан...надад гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй...” /хх 13-15/ гэх мэдүүлэг,
Яллагдагч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр Энхээ ахын гарыг тоосгоор цохиж хугалсан нь үнэн. Өөрийн гэм буруугаа хүлээнэ...Надад сүйдтэй гэмтсэн зүйл байгаагүй. Тэгээд ч миний буруугаас болж хамраа цохиулсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж шийдсэн юм...С.Энхээ ахын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна...” /хх 25/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3680 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энхээтэй маргалдан улмаар зүүн гаран тус газар нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь “зүүн богтос ясны доод 1/3-н хөндлөн, хэлтэрхийт, бага зэргийн зөрөөтэй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч С.Энхээгийн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13:30- 14:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Улаанхуарангийн эцсийн буудлын ертөнцийн зүгээр ар талд нь өөрийн эзэмшлийн Honda Civic маркийн 70-20 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явах гээд машин дотроо сууж байтал ...Миний уур хүрч машинаасаа буугаад намайг хэл амаар доромжилсон залууг чи яасан олон үгтэй гөлөг вэ гэж хэлээд түлхсэн, тэгтэл өнөөх залуу яасан овоо юм бэ гэж хэлээд миний нүүр лүү 1 удаа гараараа самардсан, тэгэхээр нь би зөрүүлээд гараараа хамранд нь 1 удаа цохьсон, тэгтэл хамарнаас нь цус гойжоод надруу дайрсан, машины хойно сууж байсан 3 залуу бууж ирээд надруу дайрч байсан залууг цаашаа аваад явсан. Тэгээд би машиныхаа хажууд тайвшраад зогсож байтал хүмүүс хүүе араас чинь гээд орилоход эргээд хартал надруу дайрч байсан залуугийн гар нь эргэлдээд ороод ирсэн. Тэгэхээр нь би гараараа хаасан чинь тоосгоны булангаар зүүн гарын шуу хэсэгт 1 удаа цохьсон байсан. дахиад дайрахаар нь гудамжинд явж байсан залуучууд боль гэж хэлээд салсан...миний зүүн гарын шуу хэсэг хугарсан...надад гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч С.Энхээ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Т.Д-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Д-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Д нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР