| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1085/Э |
| Дугаар | 1121 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 1121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1906 01281 1320 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.М, 1997 оны 08 дугаар сарын 04-нд өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал мэргэжилтэй, Бор-Өндөр хотын УБҮ-н гражид селесер ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын 49-46 тоотод'оршим суух, урьд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15-ийн 5 дугаар байрны 25 тоотод оршин суух хохирогч Б.Энхнямын амьдрах өрөөний цоожийг хөшин хаалгаар нууцаар хууль бусаар нэвтрэн орж монетан 2 ширхэг хос ээмэг, кулонтой монетан гинж 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутайд маргахгүй” гэв.
Хохирогч Б.Энхням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Ээмгээ зүүх гээд толины урд байдаг шургуулганд үзээд байхгүй байсан. Тэгсэн 21-н цагийн орчимд манай нөхөр бурханы доод талд байсан дайлантай жижиг гарын манан хөөрөг нь алга болчихсон байсан. Тэгээд манай нөхөр Нямхүүрүү залгаад танай найз чинь хөөрөг, ээмэг, гинж авсан байна гэж хэлээд Нямхүүгээр дамжуулж Мягмарсүрэнтэй ярихад Мягмарсүрэн маргааш юмнуудыгчинь өгье гээд өглөө нь надад миний монетан ээмэгийг өгсөн. Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан..., Манайх 3 өрөө байртай 1 өрөөг нь Нямхүү гэгчид түрээсээр суулгасан. Хэрэг болдог өдөр гэрээ цоожпоод явсан. Орой намайг гэртээ ирэхэд гэрийн цоож бол хэвээр цоожтой байсан гэхдээ цоож нь жаахан хөшигдсөн байсан...’’гэх мэдүүлэг /хх 10-11/,
Хохирогч Б.Энхнямаас дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би хоёр ширхэг хос ээмэг алдсан нэг хос ээмэгийг нь болхоор гинж
кулонтой цуг буцаагаад өгсөн. Нөгөө ээмгийг нь алга болгочихсон гэж хэлээд
200.000 төгрөг өгсөн..., М худлаа мэдүүлэг мэдүүлсэн байна. Хоёр ээмэг
алдаад нэгийг нь ээмгээр нь өгөөд нөгөөг нь мөнгийг нь өгсөн..." гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч Ц.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 02 дугаар сарын 11-ний орой манай эхнэр Энхням миний ээмэг гинж олдохгүй байна чи олоод өгөөч гэхээр нь би ээмэг гинжийг нь хайж байтал миний хөөрөг алга болчихсон байсан. Тэгээд хажуу өрөөний Нямхүүрүү залгаад танайд өдөр хэн байсан бэ? гэрээс эхнэрийг ээмэг гинж алга болсон байна бас миний хөөрөг байхгүй байна гээд асуухад манай найз Мягмардорж гэрт үлдсэн гэхээр нь М-той нь утсаар ярисан чинь эхнэрийн ээмгийг авчирж өгсөн маргааш нь гинж хөөрөг авчирж өгсөн..." гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Э.Нямхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Ажил дээрээ байсан чинь Энхням эгчийн нөхөр нь надруу залгаад гэрээс юм алга болсон байна. Намайг тэр найзтайгаа холбоод дахь гэхээр нь би Мягмардорж руу холбогдоод юмыг нь авсан юм уу гэж асуухад аваагүй гэхээр нь би чи манай хажуу айлын ахтай яриа тэгээд учраа ол гэж хэлсэн. Тэгсэн Энхням эгч Мягмардоржтой холбогдоод алга болсон эд зүйлсээ Мягмардоржоос авсан байсан..." гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч Б.Тунамалтаж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...М бол миний төрсөн дүү байгаа юм. Зан байдал төлөв даруу зантай архи дарс хэрэглэдэггүй. Миний үгэнд сайн ордог, золлеж төгссөн мэргэжилтэй. Ажилсаг хүүхэд байгаа юм. Одоогоор бол эхнэр хүүхэд аваагүй. Манайд надтай амьдардаг. Хотод ирээд мөнгө төгрөггүй болоод ийм хэрэг үйлдсэн байхаа. Урьд нь зодооны хэргээр шүүхээр нэг удаа орсон өөр ямар нэг ял шийтгэлгүй..." гэх мэдүүлэг /хх 21/,
Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Мөнгөтэй болох зорилгоор хулгай хийсэн. Надтай хамт хулгай хийсэн хүн байхгүй. Би ганцаараа хулгай хийсэн..." гэх мэдүүлэг /хх 41/, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Тод үнэлгээ ХХК-ийн 03/155 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23/, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Тод үнэлгээ ХХК-ийн 6/221 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15-ийн 5 дугаар байрны 25 тоотод оршин суух хохирогч Б.Энхнямын амьдрах өрөөний цоожийг хөшин хаалгаар нууцаар хууль бусаар нэвтрэн орж монетан 2 ширхэг хос ээмэг, кулонтой монетан гинж 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 1.210.000 төгрөгний хохирол учруулсан болох нь,
Хохирогч Б.Энхнямын: “…Ээмгээ зүүх гээд толины урд байдаг шургуулганд үзээд байхгүй байсан. Тэгсэн 21-н цагийн орчимд манай нөхөр бурханы доод талд байсан дайлантай жижиг гарын манан хөөрөг нь алга болчихсон байсан. Орой намайг гэртээ ирэхэд гэрийн цоож бол хэвээр цоожтой байсан гэхдээ цоож нь жаахан хөшигдсөн байсан...’’ гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.М-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрха орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР