| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/04109/И |
| Дугаар | 210/МА2025/00334 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00334
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04230 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Комбайны үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, түлшний үнэ 405,000 төгрөг, нийт 18,405,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Комбайны доголдлыг арилгахад гаргасан зардал 7,105,500 төгрөг, комбайны үнэд төлсөн 48,000,000 төгрөг, нийт 55,105,500 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь *******тэй 2021 оны 07 сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн комбайныг 60,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт 48,000,000 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 12,000,000 төгрөг, комбайн ачихад тухайн комбайны банкийг дүүргэж өгсөн түлшний хөлс 405,000 төгрөгийг хариуцагч 2021 оны 11 сарын 01-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг шилжүүлэлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, түлш хийж өгсөн 405,000 төгрөг, нийт 18,405,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Миний бие *******тай 2021 оны 07 сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, John Deere маркийн хуучин комбайныг 60,000,000 төгрөгөөр үнэлэн худалдаж авсан. Тухайн комбайныг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум хүртэл 300-400 км зайтай газар аваачих байсан тул том машинд ачиж өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд авчирсан. ******* нь комбайны кольц сольсон, асуудалгүй гэж худал хэлж, надад итгүүлсэн тул би 48,000,000 төгрөгийг төлсөн. Комбайныг 2021 оны 09 сар хүртэл ашиглаагүй ба намрын ургац эхлэхэд ажиллуулахаар асаахад асахгүй байсан. Тухайн үед *******т энэ талаар хэлэхэд комбайн зүгээр байх ёстой гэсэн хариулт өгсөн. Комбайны талаар удаа дараа түүнтэй утсаар холбогдож комбайн ажиллахгүй тул ирж ав гэж хэлсэн. Гэтэл ******* нь 2021 оны 10 сарын 07-ны өдрөөс хойш утсаа авахгүй болсон тул ажлаа бодоод комбайныг яаралтай ажиллуулахын тулд сэлбэх запаасыг БНХАУ-Эрээн хот, Улаанбаатар хот руу захиж, тээврийн зардлыг оруулаад нийт 7,435,500 төгрөгийн сэлбэг хэрэгсэл худалдан авсан. Засварчин хөлсөөр ажлуулсан боловч хугацаандаа амжилгүй нийт ургацын 60 хувийг алдсан. Аргагүйн эрхэнд хүнээс комбайн түрээсэлж ургацаа хурааж авсан. Комбайн түрээсийн нэмэлт зардал мөн гарсан. ******* надад эвдэрхий, ажиллагаагүй комбайн худалдсан, комбайны эвдрэлтэй, чанарын шаардлага хангахгүй байгааг мэдэгдэж байсан ч тэрээр сураг тасарсан тул комбайны үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй учраас алданги шаардсаныг зөвшөөрөхгүй. Комбайн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч өөрөө биелүүлж чадаагүй тул энэ гэрээнээс миний бие татгалзаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: *******ын худалдсан комбайн нь анхнаасаа эвдрэлтэй, ашиглах боломжгүй, асахгүй байсан тул энэ талаар түүнд мэдэгдэж, арга буюу өөрийн зардлаар засварчин хөлсөлж, засуулсан. Түүнчлэн шаардлагатай сэлбэг, хэрэгслийг БНХАУ-аас захиалж авчруулсан хэдий ч Ковид 19-ийн хөл хорионы улмаас БНХАУ-Эрээний хил дээр сэлбэг хэрэгсэл удаан хугацаагаар гацаж, бидний ургац хураах хугацаа тэр хэмжээгээр хойшилсон. Ийнхүү эвдрэл, гэмтэлтэй комбайны улмаас ургац хураалт хойшилж, хугацаанд нь хурааж аваагүйн улмаас алдагдалтай ажилласан. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох комбайныг *******т эргүүлэн өгч, харин комбайны төлбөрт төлсөн 48,000,000 төгрөгийг *******д буцаан шилжүүлэх үндэслэлтэй. Түүнчлэн ******* нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа бөгөөд талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаадаг тул 2021 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэн эвдрэл, гэмтэлтэй комбайныг *******ын өмчлөлд эргүүлэн өгөхийг даалгах, комбайныг засахад шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдан авах, тэдгээрийн тээвэр, засварын ажил зэрэг комбайны доголдлыг арилгахад гаргасан зардалд зарцуулсан нийт 7,105,500 төгрөг гарсан болно.
Иймд эвдрэл, гэмтэлтэй комбайныг *******ын өмчлөлд эргүүлэн өгөхийг даалгах, комбайныг засахад шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдан авах, тэдгээрийн тээвэр, засварын ажил зэрэг комбайны доголдлыг арилгахад гаргасан зардалд зарцуулсан нийт 7,105,500 төгрөг, комбайн худалдан авахад *******т шилжүүлсэн 48,000,000 төгрөг, нийт 55,105,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: ******* нь тухайн комбайныг 2021 оны 07 сарын 25-ны өдөр шалгаж асааж үзээд аваад явсан. ******* уг комбайныг шинээр нь худалдан авч, жолооч ******* гар дамжуулалгүй барьж байгаад *******д зарсан. ******* нь эвдрэл гэмтэлгүй комбайн хүлээлгэн өгсөн. *******гийн эзэмшилд очоод эвдэрсэн эвдрэлийг ******* хариуцахгүй юм.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 18,405,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******гийн гаргасан 55,105,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,975 төгрөг, 433,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлж, дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:
6.1. Шүүх дүгнэлт хийхдээ зөвхөн нэхэмжлэгч талаас оролцуулсан гэрч *******ын мэдүүлгээс шүүхийн шийдвэрт тусгаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүрэн няцааж байгаа гэрчийн мэдүүлгүүд болон үзлэгийн тэмдэглэлээс шийдвэрт тусгаагүй орхигдуулсны улмаас шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт нийцсэн, түүнд үйлчилсэн шийдвэр боллоо гэж үзэж байна.
6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-р талын доороосоо 3 дахь мөр, 7-р талын дээрээсээ 2 дахь мөрөнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 15,000,000 төгрөг гэж илт ихэсгэж бичсэн нь уучилж болшгүй ноцтой алдаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Доголдолтой комбайныг худалдан борлуулсан гэж тайлбарлаад байна. Гэхдээ комбайныг худалдаж авснаас хойш 6 сарын дотор ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй. Хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Комбайн эвдэрснээс болоод Өвөр Монголд байдаг ******* гэдэг хүнээс комбайны сэлбэг, запаас аваад комбайныг босгосон гэж тайлбарлаж байна. ******* гэдэг хүнээс авсан сэлбэг комбайных гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Комбайн эвдэрсэн байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан комбайны үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, түлшний үнэ 405,000 төгрөг, нийт 18,405,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, комбайны доголдлыг арилгахад гаргасан зардал 7,105,500 төгрөг, комбайны үнэд төлсөн 48,000,000 төгрөг, нийт 55,105,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Талууд 2021 оны 07 сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* нь John Deer маркийн комбайныг *******гийн өмчлөлд шилжүүлэх, ******* нь хэлэлцэн тохирсон үнэ 60,000,000 төгрөгийг *******т төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэргийн 5-р талд авагдсан гар бичмэлээр тогтоогдсон.
Мөн уг гар бичмэлд ******* нь 48,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 08-ны өдөр *******т төлсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 01-ний өдөр төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох нөхцөлийг тусгажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4. Харин анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтын зөв тогтоогоогүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
4.1. *******гээс 2021 оны 09 сарын 29-ний өдөр ******* руу чи цохисон мотортой комбайн өгчээ надад гэсэн мессеж илгээсэн болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр;
4.2. ******* нь 2021 оны 08 сарын 12-ны өдөр комбайн сэлбэг *******д гэсэн гүйлгээний утгатай 3,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 19-ний өдөр ******* гэсэн гүйлгээний утгатай 200,000 төгрөг, 2021 оны 09 сарын 12-ны өдөр сэлбэг форсунк гэсэн гүйлгээний утгатай 180,000 төгрөг, 2021 оны 09 сарын 13-ны өдөр форсунк гэсэн гүйлгээний утгатай 890,000 төгрөг, мөн өдөр юаны шилжүүлэг гэсэн гүйлгээний утгатай 170,000 төгрөг, 2021 оны 09 сарын 14-ний өдөр сэлбэг сэлэнгэ эрээнээс гэсэн гүйлгээний утгатай 328,500 төгрөг, 2021 оны 10 сарын 03-ны өдөр мотор сэлбэг гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөгийг тус тус бусдад шилжүүлсэн болох нь ******* дахь ******* тоот дансны хуулгаар;
4.3. Гэрч ******* ...дээр форсунк нь алдсан байсан тэрийг солиорой гээд өөрсдөд нь үзүүлээд явсан... гэсэн мэдүүлэг, гэрч ******* ...засварчин залуу ******* мотор нь болохгүй байна гээд дээд кришкийг авсан. Форсунк нь болохгүй байна гээд зэс шайбанд нь силикондоод хийсэн байна. Нөгөөх нь ачаалал өгөөд халаад ирэхээрээ ус масло холилдоод байсан юм байна лээ... гэсэн мэдүүлэг, гэрч ******* ...Мотор нь цохисон дугараад дуу орсон байсныг аргалаад явуулсан байсан... гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн болох нь холбогдох гэрч асуусан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтыг харьцуулан үзвэл худалдагч ******* нь худалдан авагч *******д доголдолтой комбайн худалдсан, мөн худалдан авагч ******* нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд худалдагч *******т гомдлын шаардлага гаргасан гэж тус тус дүгнэхээр байна.
6. Иймд, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээх тул хариуцагч *******гээс комбайны үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй.
6.1.2. Комбайны үлдэгдэл төлбөр төлөх хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь худалдан авагч *******гийн буруугаас болоогүй буюу худалдагч ******* нь доголдолтой комбайн шилжүүлэн өгсөнтэй холбоотой байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт алданги 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
6.1.3. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ талууд комбайнд хийх түлшийг худалдан авагч хариуцахаар тохиролцоогүй тул түлшний үнэ 405,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт түлшний үнэ 405,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
6.2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.2.1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т тус тус зааснаар худалдан авагч ******* нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, эсхүл доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг буруулахаар шаардах эрхтэй тул нотлох баримтаар нотлогдож буй 5,768,500 төгрөгийг (магадлалын хянавал хэсгийн 4.2-т дурдагдсан) нэхэмжлэгч *******аас гаргуулан хариуцагч *******д олгох нь зүйтэй.
Харин мотор хэвийн ажиллагаатай эсэхээс үл хамаарч моторын тос ашиглах тул масло комбайн, мотор масло сэлэнгэ гэсэн гүйлгээний утгатай бусдад шилжүүлсэн нийт 337,000 төгрөгийг доголдлыг арилгахад гаргасан зардал гэж үзэхгүй.
6.2.2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т ...эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан тул худалдан авагч ******* нь комбайны моторын доголдолтой холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээнээс бүхэлд нь татгалзах эрхгүй.
Иймд, нэхэмжлэгч *******аас комбайны үнэд төлсөн 48,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон үнийн дүнгийн холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04230 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч *******гээс 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******аас 5,768,500 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,405,000 төгрөгт холбогдох шаардлага, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 49,337,000 төгрөгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 249,975 төгрөг, хариуцагчаас төлсөн 433,478 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 206,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******аас 107,246 төгрөг гаргуулж хариуцагч *******д тус тус буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 433,478 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР