Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,                            

улсын яллагч Э.Намуун,

хохирогчийн өмгөөлөгч Б.Батжаргал,

шүүгдэгч Г.З /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З-д холбогдох эрүүгийн 1806 09982 1396 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.З, 1977 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 34 дүгээр байрны 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

Шүүгдэгч Г.З нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 34 дүгээр байрны 2 тоотод иргэн Б.Тунгалагтуултай маргалдаж улмаар түүний нүд рүү гараараа цохиж, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шинэ жилийн өмнө Ганзориг над руу залгаад манай найз Солонгос явах гэж байгаа гэхээр нь би Солонгост сурдаг охиндоо юм өгч явуулах гээд гэртээ дуудсан. Тэгээд Ганзориг Тунгалагтуул болон түүний найз бас нэг эмэгтэй хамт ирсэн. Тэгээд архи, виски зэрэг уух юм авсан. Би угаалгын өрөө ороод гараад ирсэн чинь тэд нар уугаад сууж байсан. Тэгээд би танихгүй байж яагаад хамаагүй айлд уугаад суугаад байгаа юм гэж бодсон. Тэгээд нөгөө найз охин нь гарч клуб оръё гэж байсан. Ганзориг, Тунгалагтуул хоёр цаад өрөөнд ороход Тунгалагтуул нь доогуураа нүцгэн гарч ирсэн. Би тэр үед их гайхсан. Нөгөө өрөөнд орж бэлгийн ажил хийгээд, тэрийгээ надаас нууж байсан. Би нөгөө эмэгтэйд нь Солонгос явж ажил хийх талаар ах хүний хувьд зөвлөгөө өгч байсан. Тэгээд Ганзориг гараад явсан байсан. Сүүлд бид хоёр үлдээд маргалдаад бос гээд цохисон нь үнэн. Өмдийг нь тайлсан нь худлаа өөрөө доогуураа шалдан нөгөө өрөөнөөс гарч ирсэн. Манай охины өрөөнд орон дээр нь бэлгийн ажил хийсэн байсан. Тэр эмэгтэйн биеийн юм нь ирсэн байсан. Манай орны даавуун дээр цус болон үрийн шингэн асгарсан байсан. Тэгээд миний сэжиг хүрсэн” гэв.

Хохирогч Б.Тунгалагтуул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... тэгээд З, Ганзориг бид 3 үлдээд пиво уугаад юм яриад сууж байгаад З нь 1 шил виски задалсан. Тэгээд гурвуулаа виски ууж эхэлсэн. Харин би бага зэрэг уусан. Тухайн үед намайг ариун цэврийн өрөө орчихоод гараад ирэхэд Ганзориг байхгүй байсан. Тэгээд би Ганзоригийг дэлгүүр явсан байх гэж бодоод Золзаяагийн гэрт суугаад хүлээгээд үлдсэн. Тэгээд би Ганзоригийн 91990952 дугаарын утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд Г байхгүй байсан болохоор би Золзаяагийн гэрээс гарах гэсэн. Гэтэл Золзаяа намайг явуулахгүй гэж уурлаж маргалдсан. Тэгээд би гадуур хувцас куртикаа өмсөн гэсэн чинь Золзаяа нь миний хувцсыг өмсүүлэхгүй буцаад тайлаад бас миний өмдийг, дотуур өмдийг, дотуур өмд, дотоожтой цуг тайлсан. Тэгээд намайг газар унагаагаад хоолойноос хүчтэй багалзуурдаж амьсгал боосон. Тэгээд гараараа миний толгой руу маш олон удаа цохиж эхэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Яллагдагч Г.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Тунгалагтуулын биед учирсан гэмтлийг би учруулсан. Түүнийг гэрээс гарахгүй болохоор нь түлхэж, цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №330 дугаартай дүгнэлт:

  1. Б.Тунгалагтуулын биед тархи доргилт, баруун талын нүдний  ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус руоалт, хүзүү, баруун мөрний цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №416 дугаартай дүгнэлт:

  1. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан 2018.12.20-ны өдрийн №330 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Б.Тунгалагтуулын биед тархи доргилт, баруун талын нүдний  ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус руоалт, хүзүү, баруун мөрний цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт гэмтэл учирчээ.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.З нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 34 дүгээр байрны 2 тоотод иргэн Б.Тунгалагтуултай маргалдаж улмаар түүний нүд рүү гараараа цохиж, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Тунгалагтуулын: " ... Тэгээд Газориг байхгүй байсан болохоор би З-ийн гэрээс гарах гэсэн. Гэтэл З намайг явуулахгүй гэж уурлаж маргалдсан. Тэгээд би гадуур хувцас куртикаа өмсөн гэсэн чинь З нь миний хувцсыг өмсүүлэхгүй буцаад тайлаад бас миний өмдийг, дотуур өмдийг, дотуур өмд, дотоожтой цуг тайлсан. Тэгээд намайг газар унагаагаад хоолойноос хүчтэй багалзуурдаж амьсгал боосон. Тэгээд гараараа миний толгой руу маш олон удаа цохиж эхэлсэн....” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Тунгалагтуул нь хохирол төлбөрт хавтаст хэрэгт нийт 153.000 төгрөгийн эмчилгээний зардлын нотлох баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс 153.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тунгалагтуулд олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батжаргал нь хохирогч Б.Тунгалагтуул нь Солонгос улсад байгаа бөгөөд тэрээр сэтгэл санааны хохирол гэж 8.000.000 төгрөгийг шүүхэд нэхэмжилж байгааг уламжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба шүүх сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байна.

Харин хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.   

Шүүгдэгч Г.З-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.З-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.З нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.       

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.З-с 153.000 / нэг зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тунгалагтуулд олгосугай.

            6. Хохирогч Б.Тунгалагтуул нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР