| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06170/И |
| Дугаар | 102/ШШ2016/05004 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2016/05004
| 2016 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2016/05004
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран, 11 дүгээр гудамж, 45б тоот хаягт оршин суух, 56 настай, эмэгтэй, регистрийн дугаар ХБ59102008, Даваа овогт Эрдэнэ-Очирын Отгонтуяагийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон цалингийн хэмжээ тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1982 онд Политехникийн дээд сургуулийг инженерээр төгсөөд Улсын барилга зургийн төв институтэд инженерээр хувиарлагдаж, ангиараа очсон. Ажилд авсан тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолт байхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 1982 онд Барилгын зургийн төв институтаас Инженер хайгуулын товчоо нь Барилгын инженер хайгуул үйлдвэрлэл шинжилгээний институт болж салсан. Тэгээд 1985-1990 он хүртэл институт нь ажиллаж байгаад 1990 онд татан буугдсан. Миний бие Э.Отгонтуяаг 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд инженер геологичоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Цалингийн хэмжээ тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Отгонтуяа нь ажиллаж байсан байдал, авч байсан цалингийн хэмжээг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Түүний нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг болох нь хорооны тодорхойлолтоор нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн нь нэхэмжлэгчид ажиллаж байсан байдал, цалин хөлсөө шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь цалин хөлс тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Отгонтуяа нь 1982 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улсын Барилгын Хорооны харъяа Барилгын Инженер, Хайгуулын Үйлдвэрлэл, Шинжилгээний Институтэд инженер, геологичоор ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгчийн тайлбар, Улсын Барилгын Хорооны харъяа Барилгын Инженер, Хайгуулын Үйлдвэрлэл, Шинжилгээний Институтийн захирлын 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 36 тоот цалин батлах тушаал, 1 дүгээр хавсралтад Э.Отгонтуяагийн цалинг 500 төгрөгөөр тогтоосон, Улсын Барилгын Хорооны харъяа Барилгын Инженер, Хайгуулын Үйлдвэрлэл, Шинжилгээний Институтийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 160 тоот ажлаас чөлөөлөх тушаал, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 336206 тоот 1978-1987 оныг дуусталх бичилт бүхий бат илэрхийлэхийн хуулбар, Барилгын инженер-хайгуул, гидрогеологийн Буурь хөрс ХХК-ийн тодорхойлолт, гэрч Ж.Батцэцэгийн 1982 онд сургуулиа төгсөөд ангиараа Барилгын зургийн Төв институтэд ажиллахаар ирсэн. Э.Отгонтуяа бид 2 инженерээр ажиллаж байсан. 1982 онд Барилгын зургийн институтээс Инженер хайгуулын товчоо нь Барилгын Инженер, Хайгуулын Үйлдвэрлэл, Шинжилгээний Институт болж салсан. 1990 онд татан буугдсан. Тэр болтол Э.Отгонтуяа бид хоср хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Дамдинсүрэнгийн Би 1976 онд цэргээс халагдаж ирээд Барилгын зургийн төв институтэд өрмийн ажилтан хийдэг байсан. Э.Отгонтуяа нь 1982 онд геологийн инженерээр ажилд орсон. Бид хоёр 1990 он хүртэл буюу зах зээлийн нийгэмд шилжих хүртэл хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч нарын Улсын Барилгын Хорооны харъяа Барилгын Инженер, Хайгуулын Үйлдвэрлэл, Шинжилгээний Институтэд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж, нэхэмжлэгч Э.Отгонтуяаг 1982 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 19990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын Барилгын Хорооны харъяа Барилгын Инженер, Хайгуулын Үйлдвэрлэл, Шинжилгээний Институтэд инженер геологичоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Даваа овогт Эрдэнэ-Очирын Отгонтуяаг 1982 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын Барилгын Хорооны харъяа Барилгын Инженер, Хайгуулын Үйлдвэрлэл, Шинжилгээний Институтэд инженер геологичоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан ажиллаж байсан хугацааны цалин хөлсний хэмжээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргээс түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ