| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2024/05933/И |
| Дугаар | 210/МА2025/00342 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00342
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/05223 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 41,910,418 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Тус банк нь *******, ******* нартай 2014 оны 03 сарын 17-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 71,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8%-ийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 03 сараас эхлэн хэтрүүлсэн ба 2024 оны 04 сараас төлөлт хийгдээгүй. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч зээлдэгч ******* нас барсан тул төлөх боломжгүй гэсэн хариу өгч, зээлээ төлж барагдуулаагүй. Зээлдэгч нарын зээл 2024 оны 09 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 39,232,471 төгрөг, зээлийн хүү 2,632,233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,713 төгрөг, нийт 41,910,418 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 41,910,418.19 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс, *******гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 56.52 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* миний бие нөхөр *******ын амь нас, эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлбөр гаргуулахаар *******д хандсан боловч цаг хугацаанд нь мэдэгдээгүй шалтгааны улмаас нөхөн төлбөр олгохгүй гэсэн хариу өгсөн. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараа зээлийн асуудлыг шийдвэрлүүлмээр байна. Зээлийн тооцоололд маргахгүй, зээлээ төлөх нь үнэн. Тухайн үед *******анд даатгалын нөхөн төлбөрийн талаар хөөцөлдөхөөр очсон боловч ******* ХХК даатгалгүй гэж буруу мэдээлэл өгснөөс хугацаа алдсан тул гомдолтой байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 41,410,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, *******гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 56.52 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 437,703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Хариуцагч ******* нь хуульд заасны дагуу ******* ХХК-тай холбоотой даатгалын асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд ******* ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг *******д олгох нь зүйтэй гэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийг ******* ХХК-д хүргүүлсэн боловч өнөөдрийг болтол ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ асуудалтай холбоотой тэргүүн ээлжинд даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байхад анхан шатны шүүх үүнд ямар нэгэн тайлбар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.2. Анхан шатны шүүх хуралд хариуцагч нь өмгөөлөгчгүй орсон ба ******* ХХК-ийн нөхөн төлбөртэй холбоотой маргааныг тэргүүн ээлжинд шийдвэрлэсний дараа иргэний хэргээ шийдвэрлүүлэх хариуцагчийн хүсэлтийг хянан авч үзээгүй нь процесс ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
4.3. Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд ******* ХХК-тай холбоотой нөхөн төлбөрийн асуудал, ******* ХХК нь даатгалын гэрээний талаар буруу мэдээлэл өгсөн талаарх тайлбарыг ямар үндэслэлээр хангаагүй талаар тусгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт зөвхөн нэхэмжлэгч талын нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжтой байна.
Иймд хариуцагч *******д ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах, ******* ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тохиолдолд зээлийн хүүг нэмэгдүүлэх буюу танай талд төлбөрийн нэмэгдэл гарах эрсдэлтэй болохыг хэлмээр байна. Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх хуралдааны үед ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй учир шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан болсон 2 сар гаруй хугацаанд хариуцагч тал өмгөөлөгч авах эрх нээлттэй байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл 39,232,471 төгрөг, зээлийн хүү 2,632,233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,713 төгрөг, нийт 41,910,418 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, *******гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 56.52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлаа ...зээлдэгч ******* нас барсан, үүнтэй холбоотойгоор ******* ХХК-аас амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлсний дараа зээлийн гэрээний маргааныг шийдвэрлүүлэх боломжтой... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.
3. ******* ХХК (хуучнаар ******* ХХК) болон *******, ******* нар 2014 оны 03 сарын 17-ны өдөр 14/8/06 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 71,000,000 төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.
Мөн өдөр талууд 14/8/06 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба уг гэрээгээр *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, *******гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 56.52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг дээрх 14/8/06 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулж, барьцаалжээ.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга-ас үзэхэд зээлдүүлэгч ******* ХХК нь 2014 оны 03 сарын 20-ны өдөр 71,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгч, үүргээ гүйцэтгэсэн, зээлдэгч нар нь 2022 оны 04 сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн, 2024 оны 04 сараас хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй болох нь тогтоогдож байна.
Мөн зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж байсан талаар баримт хэрэгт авагджээ.
Иймд, зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 14/8/06 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэл гаргах үе буюу 2024 оны 09 сарын 10-ны өдрийн байдлаар 14/8/06 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч нарын хүлээх үүрэг үндсэн зээл 39,232,471 төгрөг, зээлийн хүү 2,632,233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,713 төгрөг, нийт 41,910,418 төгрөг байгаа талаар хариуцагч тал маргаагүй.
Иймд, хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 41,910,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтад тус тус нийцнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан алдаа гаргасныг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
7. Өмнө дурдсанчлан, талуудын хооронд байгуулагдсан 14/8/06 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ.
8. Хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
8.1. Анхан шатны шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлд 2024 оны 09 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч *******д 2024 оны 10 сарын 03-ны өдөр эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулж, улмаар 2024 оны 11 сарын 14-ний өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Хариуцагч ******* нь дээрх хугацаанд өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргаж байгаагүй байна.
Иймд ...шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8.2. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан ******* ХХК-аас даатгалын гэрээний эх хувийг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Учир нь, нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэх амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нэг тал биш бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь даатгалын гэрээний үүргийг шаардаагүй.
Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээс өмнө зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Иймд, ...тэргүүн ээлжинд даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/05223 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...452.1... гэснийг ...452.2... гэж өөрчилж, ...453 дугаар зүйлийн 453.1... гэснийг хасаж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 367,502 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР