| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1124/Э |
| Дугаар | 1143 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Д.Ариунжаргал,
шүүгдэгч О.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 1906 03296 1492 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.Д, 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн эрэгтэй, 23 настай, дээд боловсрлтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Таван богд ХХК-нд мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Хужир булан 15-906 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч О.Д нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 29 дүгээр гудамжны 726 тоотод хохирогч Б.Хишигдуламтай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай хадам ээж өөрийн эд зүйлээ аваад яв гээд байсан. Тэгээд очоод хаалгаа тогшсон чинь онгойлгохгүй байсан. Тэгээд нохойгоо аваад гараад явах гэтэл араас гарч ирээд хэл амаар доромжлоод би маргалдаад, үсдээд ийм зүйл болсон. Надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Хийсэн хэргтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.Хишигдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Д нь нохойгоо авах гээд ирсэн юм чи бид нарын амьдралд оролцох хэрэггүй, дагавар хүүхэдтэй авгай гэх мэтээр намайг доромжлоод байхаар нь би О.Дорж руу дайрсан, гэтэл өөдөөс миний үснээс гарандаа ороогоод үсдэж дараад нүүр лүү цохих гээд байхаар нь би нүүрээ 2 гараараа дарж хаасан. Миний нүүр рүү цохих гээд өшиглөөд өвдөглөөд байсан. Би хүргэн О.Д-н толгой нуруу руу 1-2 удаа цохисон..." /хх-ийн 5/,
Гэрч Т.Маралцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...ээж Хишигдуламын үснээс үсдээд доош нь тонгойлгож дараад нүүр лүү нь өшиглөөд байсан. Ээж болохоор нүүрээ 2 гарныхаа шуу хэсгээр хамгаалсан. ...хэрэг явдал болсоноос хойш бараг 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Тйми болохоор биеийн байдал хүртэл эдгэрч хэвийн болсон байх тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Яллагдагч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би Маралцэцэгийг хүүхдээ тэврээд зогсож байхыг харсан бөгөөд юу гэж түлхэж унагааж зодох билээ дээ. Тухайн үед би хадам ээж Хишигдуламтай маргалдаж, үсдэж доош дарж унагаасан. Тэрнээс бол өөр хэн нэгийг зодсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6348 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч О.Д нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 29 дүгээр гудамжны 726 тоотод хохирогч Б.Хишигдуламтай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Хишигдуламын: "...Дорж нь нохойгоо авах гээд ирсэн юм чи бид нарын амьдралд оролцох хэрэггүй, дагавар хүүхэдтэй авгай гэх мэтээр намайг доромжлоод байхаар нь би О.Д руу дайрсан, гэтэл өөдөөс миний үснээс гарандаа ороогоод үсдэж дараад нүүр лүү цохих гээд байхаар нь би нүүрээ 2 гараараа дарж хаасан. Миний нүүр рүү цохих гээд өшиглөөд өвдөглөөд байсан. Би хүргэн О.Доржийн толгой нуруу руу 1-2 удаа цохисон..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Д-йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Хишигдулам нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч О.Д-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Д нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР